| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0843/З |
| Дугаар | 128/ШШ2021/0056 |
| Огноо | 2021-01-22 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2021/0056
2021 оны 01 сарын 22 өдөр Дугаар 128/ШШ2021/0056 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийж,
Гомдол /дүгнэлт/ гаргасан: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Д
Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч А.У
Гомдлын шаардлага: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч А.У-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэл оногдуулсан 0157936 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Прокурор Д.Д, хариуцагч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Д шүүхэд гаргасан дүгнэлтдээ: .Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Д би Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч А.У 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0157936 шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн бүртгэлийн 1449 дугаартай зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянав.
Иргэн Н.Д, Ц.З нараас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандан М СӨХ ажилтнуудынхаа 08 дугаар сарын сүүлийн цалинг дутуу бодож олгосон тул олгуулж өгнө үү гэх гомдол гаргасны дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч А.У зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж тус сууц өмчлөгчдийн холбооны нягтлан бодогч А.У-г ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон гэж зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаад 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 0157936 дугаартай шийтгэлийн хуудсаар Н.Б-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
Материалыг хянахад эрх бүхий албан тушаалтан А.У нь зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад Н.Б-ийг зөрчил үйлдсэн гэж дүгнэн хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ... эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан урмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэж заасан.
Мөн хуулийн 7.1 дүгээр 1 дэх хэсгийн 1.1-д ... эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн хүн хуулийн этгээдийн зөрчил үйлдсэн нотлох баримт бүрдсэн эсэх ийг тогтоож шийтгэл оногдуулна гэснийг зөрчсөн, зөрчил үйлдсэнийг нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй байх тул эрх бүхий албан тушаалтны 0157936 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй, зөрчлийн талаар гомдолд нэмэлт нотлох баримт цуглуулж зөрчлийн нотлох шаардлагатай байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дах хэсгийг удирдлага болгон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч А У-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэл оногдуулсан 0157986 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 27 дугаар байрны М СӨХ-ны ажилтан лифтчин н.Н, н.А, нярав байцаагч н.Т, жижүүр н.Д, н.Б, н.Э, н.Н, н.З нараас бичгээр ирүүлсэн 2020 оны 08 дугаар сард М СӨХ-ны удирдлагууд солигдон 08 дугаар сарын сүүл цалинг дутуу бодож олгосон. Бидний цалинг бүрэн олгуулж хуулийн дагуу шийдэж өгнө үү гэх 08-I201012256 дугаартай гомдол мэдээлэлтэй танилцаад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Хархорины автобусны буудлын ард 27 дугаар байрны 3 дугаар орцны 0 тоотод байрлах /регистрийн дугаар 9092501/ М СӨХ-д захирал Д.Б-г байлцуулан 2020 оны 10-р сарын 16-ны өдөр, нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.А-ийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 413 тоот өрөөнд байлцуулан М СӨХ-ны санхүүгийн баримтыг архивлан бэлдэж үдсэн баримт дээр үндэслэн 2020 оны 10-р сарын 26-ны өдрөөс 27-ны хооронд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаар ажилчидтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасан бөгөөд ажлын байрны тодорхойлолт боловсруулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2 дах заалтыг, 2020 оны 08 дугаар сарын сүүл цалинг 8 ажилтанд дутуу бодож олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалт, 50 дугаар зүйлийн 50 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зөрчлүүд нь биет шалгалт, фото зураг, цагийн бүртгэл, цалингийн баримт бусад холбогдох цалингийн баримтаар нотлогдож байна.
М СӨХ-ны зөрчил нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.16 дугаар зүйлийн 4.3, 9.2-т заасан зөрчил байх тул 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр холбогдох 05-I201012256/1449 дугаартай зөрчлийн хэрэгт Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дүгээр зүйл 3.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон холбогдогчоос мэдүүлэг авахаар 2020 оны 10 дугаар сарын 22, 23, 26, 27-ний өдрүүдэд нийт 4 удаа захирал Д.Б, нягтлан бодогч Н.Б нараас хуульд заасан үндэслэлийн дагуу мэдүүлэг тайлбар өгөх талаар санал, хүсэлт тавихаар залгасан боловч утсаа аваагүй. Н.Б-тэй ярихад бидэнд хамаагүй хуучин удирдлагуудтай ярь. Бид ажлаа гүйцэт хүлээж аваагүй, дутуу хүлээж авсан учраас цалинг дутуу бодож олгосон гэх хариу өгсөн. Д.Б би тэр үеийн асуудлыг мэдэхгүй. Тухай үед би захирал байгаагүй би сүүлд нь томилогдсон. Манай нягтлан бодогч Н.Б мэднэ би очих боломжгүй ажил явдал гараад хөдөө байна гэсэн тайлбар хэлсэн болно. М СӨХ-ны хуучин нягтлан бодогч Э.А бид 08 дугаар сарын сүүл цалинг бүрэн олгохоор цагийн бүртгэл, цалингийн бодолтыг дансандаа мөнгөтэйгөөр ажил хүлээлгэн өгсөн. Би холбогдогчийн мэдүүлэг өгөхгүй харин нотлох баримтуудаа биеэр өгнө гэж М СӨХ-ны 2020 оны санхүүгийн баримтыг архивлан бэлдэж, үдсэн баримт өгч шаардлагатай баримтыг хуулбарлан өгсөн. Мөн Э.А нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр е-майл хаягаар өөрийн тайлбараа ирүүлсэн.
М СӨХ-ны ажилтан лифтчин н.Н, н.А, нярав байцаагч н.Т, жижүүр н.Д, н.Б, н.Э, н.З нарын 2020 оны 08 дугаар сарын сүүл цалинг шинээр томилогдсон нягтлан бодогч Н.Б 2020 оны 8-р сарын 31-ний өдөр бодож олгосон нь цалин бодож олгосон хүснэгтээр нотлогдож байна. Мөн нягтлан н.Б-ийн утсаар хэлсэн бид ажлаа гүйцэт хүлээж аваагүй, гүйцэт хүлээж авч байж ажилчдын цалингийн дутуу цалинг олгоно" гэсэн тайлбар нь ажилчдын цалинг хугацаанд нь олгохгүй байх шалтгаан биш болно. Мөн нягтлан бодогч н.Б-г 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр томилсон байна.
Иймд М СӨХ-ны ажилтан лифтчин н.Н, н.А, нярав байцаагч н.Т, жижүүр н.Д, н.Б, н.Э, н.Н, н.З нарын 8 дугаар сарын сүүл цалинг дутуу бодож олгосон нь дээрх үндэслэл болон зөрчлийн хэрэгт авагдсан материалуудаар нотлогдож байгаа тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол гэж заасныг үндэслэн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзэн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж нягтлан бодогч Н.Б-т Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дах заалтад заасан шийтгэл оногдуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Д-аас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У-д холбогдуулан гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0157936 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлттэй захиргааны хэргийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 27 дугаар байрны М СӨХ-ны ажилтан нэр бүхий иргэдээс ирүүлсэн ...8 дугаар сарын цалингийн зөрүү олгогдоогүй гэх гомдлыг хүлээн авч шалгажээ.
Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх материалд авагдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд ...Шалгалтаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.3 дахь заалт, ажлын байрны тодорхойлолт боловсруулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3.2 дахь заалт, 2020 оны 8-р сарын сүүл цалинг 8 ажилтанд дутуу бодож олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1 дэх заалт, 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд холбогдогч М СӨХ-ны нягтлан бодогч Н овогтой Б-ийн гаргасан 8 ажилтны 8 дугаар сарын сүүл цалинг 8 дугаар сарын 31-ний өдөр цалинг дутуу бодож олгосон зөрчил нь цагийн бүртгэл, цалингийн баримт холбогдох цалингийн баримтаар нотлогдож байх тул зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул гэж дүгнэн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0157936 дугаар шийтгэлийн хуудсаар М СӨХ-ны нягтлан бодогч Н.Б-т Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж /500,000 төгрөг/-ээр торгох шийтгэл оногдуулсан байна.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Д ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4-д Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална., 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;-ийг тогтоож шийтгэл оногдуулна гэснийг зөрчсөн, зөрчил үйлдсэнийг нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй байх тул эрх бүхий албан тушаалтны 0157936 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн талаарх гомдолд нэмэлт нотлох баримт цуглуулж, зөрчлийг нотлох шаардлагатай байна. гэсэн үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0157936 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт гаргажээ.
Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Ажил олгогч: 9.2.ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан; бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ. гэж заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй эсхүл саатуулсан бол учирсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, торгох шийтгэл оногдуулахаар байхад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У М СӨХ-ны нягтлан бодогч Н.Б-ийг ямар үндэслэлээр ажил олгогч буюу холбогдогч гэж үзсэн нь зөрчлийн хэргийн материалд тодорхойгүй байна.
Хариуцагч зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ учруулсан хохирол буюу олгоогүй цалинг олгох эсэх асуудлыг шийдвэрлээгүй, М СӨХ-г хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт боловсруулаагүй, 2020 оны 8-р сарын сүүл цалинг 8 ажилтанд дутуу бодож олгосон гэж буруутгасан боловч шийтгэлийн хуудсаар нэг зөрчилд шийтгэл оногдуулж, үлдэх зөрчлийг шийдвэрлээгүйг дурдах нь зүйтэй.
Хариуцагч шүүх хуралдаан дээр олгоогүй цалинг олгуулахаар улсын байцаагчийн акт бичсэн гэж тайлбарлаж байх боловч Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хохирол нөхөн төлбөр гаргуулах асуудлыг зөрчлийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У цагийн бүртгэл, цалингийн баримт холбогдох цалингийн баримтаар нотлогдож байна гэж дүгнэн зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн боловч гомдол гаргасан иргэдийн хэдэн төгрөгийн цалингаас хэдэн төгрөгийг олгосон, хэдийг олгоогүй болохыг гомдол гаргасан иргэн тус бүрээр нотлох баримтад үндэслэн дүгнээгүй байна.
Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-д Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ., 2-т Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно. гэж зааснаар холбогдогч, хохирогч нарыг тогтоож мэдүүлэг авч улмаар тухайн ажилтнуудын цалинг тогтоосон баримт, ажилд томилсон шийдвэр гэх мэт бусад нотлох баримтыг цуглуулж нэр бүхий иргэдийн гомдлыг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.
Дээр дурдсан нотлох баримтыг цуглуулж, нөхцөл байдлыг тогтоох нь холбогдогч, түүний гэм бурууг нотлох бөгөөд энэ талаарх баримтыг цуглуулж хэргийг шийдвэрлэх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.5.зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах; 1.10.хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах; 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ. гэж зааснаар эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх байна.
Иймд Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Д-ийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, нэмэлт нотлох баримт цуглуулж зөрчлийн хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай дүгнэлтийг хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0157936 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.10, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Д-ийн дүгнэлтийг хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.У-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0157936 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН