Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0692

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А м б ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б 

Нэхэмжлэгч: “А м б ” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 376 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0653 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0060/3

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:                                    

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0653 дугаар шийдвэрээр:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 56.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А м б ” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 376 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1. ... шууданч, гэрч С.С нь Б.Б руу залгаад албан тоот ирсэн тухай мэдэгдэхдээ аль байгууллагаас ямар тоот ирснийг хэлээгүй, харин залгахад нь “ах нь Улаанбаатар хот руу эмчилгээнд явж байна” гэж хэлсэн, мөн гэрч О.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр албан тоотыг шууданчаас авсан, маргааш өглөө нь Б.Б ах ажилдаа ирэхдээ албан тоотыг авсан” гэж мэдүүлсэн байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж, дээрх цаг хугацаанд өвчтэй байсан нь нотлогдоогүй, албан тоотыг мэдсэн атлаа авах идэвхтэй үйлдэл гаргаагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Б.Б миний бие 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/4839 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотыг хүлээн авч, танилцаад шууд тухайн газрын мэргэжилтэн Н гэх хүнтэй 51263942 дугаарын утас руу залгаж холбогдоод “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас мэдэгдлийг өнөөдөр гардсан авсан, ямар дансны дугаар луу төлбөрийг шилжүүлэх вэ” гэж асуухад танай тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр 2023 оны 11 сарын 03-нд гарчихсан, удахгүй хариу мэдэгдэх тоот очих байх гэж хэлээд тасалсан. Өөрөөр хэлбэл, надад тайлбар өгөх, төлбөрийг төлөх боломж олдоогүй байхад энэ үйл баримтыг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

2.2. Шүүхийн шийдвэрт “...алдангийн хамт төлөх боломжит хугацаа нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр юм” гэж дүгнэсэн атлаа 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10/4839 дугаартай албан бичгээр мэдэгдлийг явуулсан, ингэснээрээ нэхэмжлэгчид үүссэн хуулийн зөрчлийг арилгах буюу үүргээ биелүүлэх боломжийг олгосон...” гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх ба түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг заана” гэсэн заалт нь цуцлах үндэслэл бүрдсэн үйл баримт болох 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг ойлгох байтал энэ талаар огт мэдэгдэлгүйгээр, өмнөх 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдлийг ч хүлээн аваагүй байх цаг хугацаанд буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр цуцлах тухай шийдвэр гаргасан байгааг шүүх анхаарч үзэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн.

2.3. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ”, гэсэн хуульд заасан журмыг зөрчиж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тайлбар гаргах, нотлох баримт /хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж, зөрчлийг арилгах/ гаргах эрхээр хангаагүй байгаад зөв дүгнэлт хийсэнгүй. Ашигт малтмалын тухай хуульд шийдвэр гаргах ажиллагааны журмыг тусгайлан зохицуулсан байх ба дээрх журам зөрчигдсөн байгаа нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 376 тоот шийдвэрийг хүчингүй болох үндэслэл болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсгийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

                                                          

                                                           ХЯНАВАЛ

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “А м б ” ХХК-аас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 376 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан.

2.1. Маргаан бүхий 376 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “А м б ” ХХК-ийн XV-021930дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан байна.

2.2. Нэхэмжлэгчээс “...захирал Б.Б миний бие 2023 оны 09 дүгээр сараас эхлэн өвдөж, 1 сар гаруй хугацаанд Улаанбаатар хот, аймаг хоёрын хооронд эмчилгээтэй явж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дэлгүүртээ очоод 10/4839 дугаартай ээлжит гурав дахь жилийн төлбөрийг төлөх талаарх мэдэгдэл ирсэн болохыг анх мэдсэн, ...гэтэл манай компанийн тусгай зөвшөөрлийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 376 дугаар шийдвэрээр цуцалсан байсан, ингэхдээ ...эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдүүдэд мэдэгдээгүй, тайлбар өгөх, эрүүл мэндийн байдлын улмаас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаараа нотлох боломжийг олголгүйгээр тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэр гаргасны улмаас манай компанид маш их хэмжээний хохирол учруулж байна” гэж, хариуцагчаас “...2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн ээлжит төлбөрийг төлөх үүрэгтэй байсан, хариуцагч байгууллагаас 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэх хуудас явуулсан, гэтэл нэхэмжлэгч компани хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй учир 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 376 дугаар шийдвэр гарсан, …захиргааны байгууллагаас авах ёстой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, ямар ч хууль тогтоомжийг зөрчөөгүй. Нэхэмжлэгч өвчтэй байсан гэж тайлбарлах боловч энэ нь төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх, хугацааг хойшлуулах шалтгаан болохгүй, ...интернэт банк, мобайл банкаар төлөх боломжтой байсан” гэж тус тус тайлбарлан маргасан.

3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч А м б ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-021930дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө, харин алдангийн хамт 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө төлөх боломжтой байсан бөгөөд энэ талаар талууд маргаагүй, хариуцагч захиргааны байгууллагаас Ашигт малтмалын хайгуулын XV-0219ХХдугаартай тусгай зөвшөөрлийн цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10/4839 дугаартай албан бичгээр, тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10/5227 дугаартай албан бичгүүдээр хүргүүлсэн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

4. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б нь 2023 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарыг дуустал хугацаанд Улаанбаатар, Бор-Өндөр сумын хооронд эмнэлгээр явсан гэх боловч яг тухайлсан хугацааг тодорхой заагаагүй, хэрэгт авагдсан Амбулаториор эмчлүүлэгсдийн картаас үзэхэд тус картыг нээсэн, хаасан хугацаа байхгүй, мөн уг картаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, хариуцагчийн илгээсэн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10/4839 дугаартай албан бичиг Бор-Өндөр суманд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө мэдсэн атлаа тухайн бичгийг гардан авах талаар идэвхтэй үйлдэл гаргаагүй, .. тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хариуцагчаас явуулсан мэдэгдлийг мэдээгүй гэж үзэх боломжгүй, ...хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн, ...2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэхэд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө алдангийн хамт төлөөгүй байсан тул хариуцагчаас маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 376 дугаартай шийдвэрийг гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй” гэж маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

5. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө”, 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй”,56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ.” гэж тус тус заасан.

6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагчийн мэдэгдлийг хүлээн авснаар нэхэмжлэгчид төлбөр төлөх үүргээ биелүүлэх үндэслэл үүсэхгүй, харин төлбөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7-д заасны дагуу төлсөн талаар нотлох, хариуцагч уг нотлох баримтыг хянаж, мэдэгдлийг хүчингүй болгох, эсхүл тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргахаар байна.

6.1. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах талаар тодорхой заасан тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан “компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдлийг хуульд заасан хугацаанд хүлээн аваагүй учир хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаараа тайлбар өгөх, эрүүл мэндийн байдлын улмаас хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотлох боломжийг олгоогүй, хариуцагч нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасан эрхээр нэхэмжлэгчийг хангаагүй байгаад шүүх зөв дүгнэлт хийсэнгүй” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

7. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 653 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                     Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН