Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 313

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл   

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган

хохирогч Б.Уранцэцэг

иргэний нэхэмжлэгч З.Жавхлан

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа

шүүгдэгч Ш.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Булганууд овогт Ширчмаагийн Түвшинжаргалд холбогдох 201619000551 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Жанжны 29-787 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн Нийтийн үйлчилгээний 3 дугаар газар ачигч ажилтай, 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 383 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Булганууд овогт Ширчмаагийн Түвшинжаргал, /РД:ЗЮ84122592/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Ш.Түвшинжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Самбартай гуанзны урд талд орших Дундговь аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн 123/152 дахь км/шонгийн орчимд төв хатуу хучилттай замд Тоёота Спринтер маркийн 66-49 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, гэсэн заалт мөн 10 дугаар бүлгийн 10.2 дахь заасан “Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Б.Уранцэцэгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Жавхланд 7.101.000 төгрөгний хохирол, насанд хүрээгүй У.Амирлингийн биед махбодид хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Түвшинжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр осол гаргасандаа харамсаж байна. Миний буруу гэв.

 

Хохирогч Б.Уранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид нарын хуулийн мэдлэг дутуугаас болоод хохирлын баримтаа гаргаж өгөөгүй байгаа. Би бага насны хүүхдүүдтэй ажилдаг хүн. Гэмтэлтэй болохоор хөдлөж чадахгүй байгаа. Би хагалгаанд орохдоо даатгалын сангаас мөнгө авч орсон тул эмчилгээний зардал надаас бага гарсан, боолтонд орох үедээ такси барьж явж байсан нилээдгүй хэмжээний мөнгө зарцуулагдсан. Шүүгдэгч Ш.Түвшинжаргал нь надтай нэг ч удаа ирж уулзаж хохирол болон эмчилгээний зардалд нэг ч төгрөг өгөөгүй, тусламж үзүүлээгүй. Хагалгаанд орсноос болоод шөнө унтаж чадахгүй өвчин намдаах эм тариа ууж унтдаг. Би дахин хагалгаанд орох байхаа. Гэхдээ эмчид үзүүлж шийднэ. Би 80 настай ээж, бага насны хүүхэдтэй амьдардаг орлого олдог хүн нь ганц би байгаа тул ажилгүй байсан хугацааны зардлаа нэмж нэхэмжилмээр байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч З.Жавхлан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 16.000.000 төгрөгийг бохироор нэхэмжилсэн. Шүүгдэгч Ш.Түвшинжаргалд хэлэхэд зөвшөөрч 2 долоо хоног хүлээчих гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хохирол төлөөгүй байгаад гомдолтой байна. Одоо машины мөнгө болон эмчилгээний урсгал зардлын нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-11 дүгээр хуудас/

 

Иргэний хариуцагч Б.Хашчулуун мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би хүргэн ах Ш.Түвшинжаргалтай хамт техникийн зах дээр хамт явж Мэндбаяр гэх хүнээс хүргэн ах Ш.Түвшинжаргал өөрөө худалдаж авсан. Тэгээд иргэний үнэмлэх байхгүй хаячихсан байсан учир миний нэр дээр машинаа авсан юм. Тоёота Спринтер маркийн 66-49 УБЕ улсын дугаартай автомашин хүргэн ах Ш.Түвшинжаргалын машин юм. Би машины эзэмшигч биш....гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

 

Гэрч Б.Саранчулуун мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 15-16 цагийн хооронд би Тоёота Спринтер маркийн 66-49 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд суудал дээр унтаж явж байтал гэнэт тормоз гишгээд би сэртэл замын хажуу руу нэг автомашин унаж байсан. Тэгээд нөхөр болох Ш.Түвшинжаргалаас юу болов гээд асуусан чинь осол гарчихлаа гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 374 тоот дүгнэлт: 1.Б.Уранцэцэгийн биед зүүн эгэмний холбоосонд тасарсан гэмтэл, зулайн хуйх, баруун шилбэ, зүүн мөрөнд шарх, баруун эгэм, бугалга, зүүн бугалга, гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн мөр бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийг үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 5. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/

 

              Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №365 тоот дүгнэлт: 1. З.Жавхлангийн биед зүүн бугалга, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/

 

              Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Болдмандахын гаргасан №71 тоот дүгнэлт: 1. Тоёота Спринтер маркийн 66-49 УБЕ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Түвшинжаргал нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2. Тоёота Спринтер маркийн 66-49 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Түвшинжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна 10 дугаар бүлгийн 10.2 “гүйцэж түрүүлэх, үйлдлийг хийхдээ гүйцэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Хавтаст хэргийн материалаас үзэхэд Тоёота Спринтер маркийн 66-49 УБЕ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Түвшинжаргал нь гүйцэж түрүүлэх үйлдлийг гүйцэтгэхдээ гүйцэж байгаа Тоёота Аллион маркийн 80-35 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй...гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/

 

              Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №371 тоот дүгнэлт: 1. У.Амирлангийн биед баруун сарвуунд шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Түвшинжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Самбартай гуанзны урд талд Дундговь аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн 123/152 дахь км/шонгийн орчимд төв хатуу хучилттай замд Тоёота Спринтер маркийн 66-49 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, гэсэн заалт мөн 10 дугаар бүлгийн 10.2 дахь заасан “Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Б.Уранцэцэгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Жавхланд 7.101.000 төгрөгний хохирол, насанд хүрээгүй У.Амирлингийн биед махбодид хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Уранцэцэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, хохирогч З.Жавхлангийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Саранчулууны хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 365 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 364 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 371 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 374 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 00000071 тоот дүгнэлт, Ш.Түвшинжаргал хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр Ш.Түвшинжаргалд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215  дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

              Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болох Ш.Түвшинжаргалын 1051041 тоот дугаартай В ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дөлгөөнд даалгах, 0390870 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг эзэмшигч Л.Гэгээнтуяад, 00451161 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг З.Жавхлан нарт буцаан олгох, энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ш.Түвшинжаргалын эзэмшлийн 5 ханатай монгол гэр, 2х4 хэмжээтэй улаан эрээн өнгийн хивс зэргийг битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Ш.Түвшинжаргалд буцаан олгох, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

           

            Хохирлын талаар: Хохирогч Б.Уранцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэн судалж баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Ш.Түвшинжаргалын нэр хөрөнгөнөөс 567.415 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Уранцэцэгт олгож, цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй,

 

            Харин иргэний нэхэмжлэгч З.Жавхлан нь мөрдөн байцаалтанд шатанд автомашины эвдрэл гэмтэлд 7.101.000 төгрөгийг нэхэмжилсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт 10.000.000 төгрөгийг нэхэмжилнээс нотлох баримтын шаардлага хангасан, баримтаар нотлогдсон 7.866.000 төгрөгийг Ш.Түвшинжаргалаас гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Жавхланд олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 2.134.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Иргэний нэхэмжлэгч З.Жавхлан нь машин ачсан 300.000 төгрөгөө нэхэмжилсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй ч машин эвдэрсэн гэдэг нь нотлогдсон, машинаа ачуулж ирсэн нь тодорхой хохирлыг төлүүлэхээр тооцсон болно.   

 

ТОГТООХ нь

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

1. Шүүгдэгч Булганууд овогт Ширчмаагийн Түвшинжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Түвшинжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.Түвшинжаргалд оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

 

4. Ялтан Ш.Түвшинжаргалд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний 5 ханатай монгол гэр, 2х4 хэмжээтэй улаан эрээн өнгийн хивс зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч Ш.Түвшинжаргалд буцаан олгосугай.

 

6. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар 1051041 тоот дугаартай В ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, шүүгчийн туслах М.Дөлгөөнд даалгаж, 0390870 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг эзэмшигч Л.Гэгээнтуяад, 00451161 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг З.Жавхлан нарт буцаан олгож,  Ш.Түвшинжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Ш.Түвшинжаргалын нэр хөрөнгөөс 567.415 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Уранцэцэгт, 7.866.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Жавхланд олгож, иргэний нэхэмжлэгч З.Жавхлангийн илүү нэхэмжилсэн 2.134.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  хохирогч Б.Уранцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай. 

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Ш.Түвшинжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох 1 жил эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

 

9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ш.Түвшинжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ