Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 346

 

 “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02936 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “И” ХХК,

Хариуцагч ШГ-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ШГнаас Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар дөчин мянгат, 40 дүгээр байрны 02, 03 тоот 5 өрөө үйлчилгээний зориулалттай 110.38 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 398 000 000 төгрөгөөр үнэлүүлсэн талаарх 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3/4292 тоот албан бичгийг дээр дурдсан үйлчилгээний төвд түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа “Ловен Хат” цагаан хоолны газар ирүүлснийг манай байгууллага 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан. Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 360 дугаар шийдвэрт дурдсан төлбөрийг төлөхөөр төлбөр төлөгч нь өөрийн өмчлөлийн дээрх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилготой байгаа тул хөрөнгийг өөрийн зүгээс үнэлүүлэх ажиллагааг хийсэн.

Гэтэл ШГнаас гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрт хураагдсан манай өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202001920 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар дөчин мянгат, 40 дүгээр байрны 02, 03 тоот 5 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу үнэлүүлэхдээ хөрөнгийн үнийг үндэслэлтэй үнэн зөв тогтоолгох нөхцөл боломжоор хангаж ажиллаагүйгээс үүдэн зах зээлийн үнээс хэт доогуур буюу 398 000 000 төгрөгөөр үнэлүүлсэн. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч буюу “И” ХХК-д мэдэгдэлгүй, үнийн санал авалгүйгээр үнэлүүлсэн, мөн үнэлгээ хийхэд төлбөр төлөгч байгууллагын төлөөлөгчийг байлцуулалгүй хийснээс үүдэж зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн.

Иймд эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 360 дугаар шийдвэрээр “И" ХХК-иас 250 703 975 төгрөг гаргуулж “Бичил санхүүгийн хөгжлийн сан”-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “И” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд энэ төрлийн нэхэмжлэл гаргаж байсныг шүүхээс хангаж шийдвэрлэж, ажиллагааг зөвтгөн дахин үнэлгээ тогтоолгосон. Төлбөр төлөгч “И” ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202001920 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар дөчин мянгат, 40 дүгээр байр 02, 03 тоотод байрлах “Ловен Хат” нэрээр үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний зориулалтаар тохижуулсан 110.38 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 127/01 тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 127/01 тоот хураах тогтоолоор хураасан.

“И” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3/534 дугаар албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч үнийн санал өгөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоолоор шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-г томилсон бөгөөд шинжээч тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээг 398 000 000 төгрөгөөр үнэлсэн. Иймд тус албаны 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3/4292 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч “И” ХХК-ийн захирал Д.Алтанхуягт 98113699 дугаарын утсаар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхуягт 99114376 дугаарт залгаж үнэлгээг мэдэгдсэн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргах хугацаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд гаргаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт үнэлгээ гарснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд хандахаар заасан байдаг. Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж саад болдог бөгөөд үнэлгээ хэзээ гарсан, ямар ажиллагаа хийгдэж байгааг өөрийн санаачлагаар мэдэх ёстой. Гэтэл төлбөр төлөгч нь байнга дуудуулж, олдохгүй байх зэргээр ажиллагаанд байнга саад болдог.

Мөн нэхэмжлэлдээ үнэлгээ хийхдээ байлцуулаагүй гэжээ. Аль ч талыг байлцуулахгүй хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэж байгаа нь нөлөөнд автуулахгүй байх зорилготойгоос гадна үнэлгээг хийхэд төлбөр авагч, төлбөр төлөгч нарыг заавал оролцуулна гэсэн зохицуулалт байхгүй. Мөн м.кв-ыг 5 000-7 000 ам.доллараар үнэлнэ гэжээ. Энэ үнэлгээ огт үндэслэлгүй. Энэ гомдол нь ажиллагааг удаашруулах гэсэн зорилготой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар ШГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “И” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дээрх хөрөнгийг үнэлүүлсэн талаарх 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3/4292 тоот мэдэгдлийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гардаж авснаар мэдсэн бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу 7 хоногийн дотор гомдол гаргасан. Гэтэл шүүх гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу үнэлүүлэхдээ хөрөнгийн үнийг үндэслэлтэй үнэн зөв тогтоолгох нөхцөл боломжоор хангаж ажиллаагүйгээс үүдэн зах зээлийн үнээс хэт доогуур буюу 398 000 000 төгрөгөөр үнэлүүлсэн. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч буюу “И” ХХК-д мэдэгдэлгүй үнэлүүлсэн, мөн үнэлгээ хийхэд төлбөр төлөгч байгууллагын төлөөлөгчийг байлцуулалгүй үнэлгээ хийснээс үүдэж зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэж үзэж байна.

Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүгчийг хэрэг маргааныг шударгаар хянан шийдвэрлэж чадахгүй гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ байна гэж үзэж татгалзсан боловч шүүгч тус татгалзлыг өөрөө шийдвэрлэн, энэ талаараа шийдвэртээ “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн” үндэслэлээр шүүгчийг татгалзах хүсэлт гаргаж байгаа боловч дээрх хүсэлтийг хуульд заасан дэг журмын дагуу хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргаагүй тул хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй гэж дүгнэсэн нь илтэд хууль зөрчсөн шийдвэр болсон.    

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 360 дугаар шийдвэрийн дагуу дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа тул “И” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлэн шийдвэрлэх ёстой байсан. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “И” ХХК нь ШГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үнэлгээ тогтоолгох ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

             “И” ХХК-иас 250 000 000 төгрөгийг гаргуулж, “ББСБ” олгуулахаар шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 360 дугаар шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг явуулж буй хариуцагч ШГны ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.1.5, 34.1.6, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг зөрчөөгүй байна.

Төлбөр төлөгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт заасан Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар дөчин мянгат 02, 03 тоот 110 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасанд нийцэх ба үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3/38813, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3/534 дүгээр мэдэгдэлд төлбөр төлөгч санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх нөхцөл бүрдсэн байна.

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчийн үнийн санал өгөх хугацааг хойшлуулахыг хүсч байсан гэсэн тайлбараар мэдэгдлийг хүлээн аваагүй гэх түүний татгалзал няцаагдаж байх ба мэдэгдлийг хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж үзсэн болон 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаа хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй гэсэн шүүхийн  дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Улмаар барьцаа хөрөнгийг шинжээч 398 000 000 төгрөгөөр үнэлсэн талаарх 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3/4292 дугаартай мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч компанийн албан ёсны хаягаар хүргэж, энэ талаар захирал Д.Алтанхуягт мөн оны 02 дугаар сарын 01-ний өдөр утсаар мэдэгдэхэд мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсаныг тэмдэглэлээр баталгаажуулсан нь хэрэгт авагдсан байх тул мэдэгдлийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан журмаар хүргүүлсэн гэж үзэх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

Төлбөр төлөгч үнэлгээний мэдэгдлийг хүлээн авсан 02 дугаар сарын 1-ээс хойш хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар 7 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд бүртгэгдсэн нэхэмжлэлийг хуулиар тогтоосон хугацаанд гаргасан гэж үзэхгүй. 

Мөн шүүх хуралдааны шатанд шүүгчийг татгалзан гаргах талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаагүй талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. “Хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон” шалтгаанаар шүүгчийг татгалзан гаргахаар шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан шүүгчийг татгалзах үндэслэлд хамаарахгүй. Иймээс шүүгч хүсэлтийг хуульд заасан журмаар гарсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь буруу биш бөгөөд шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6, 92.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                     А.ОТГОНЦЭЦЭГ