Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1049

 

 

  2022         11            09                                        2022/ШЦТ/1049   

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Э.Уранчимэг,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л ын Б д холбогдох эрүүгийн 2209000001455 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 10, өвөө, эмээ, эгч, 6 дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Л ын Б  /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар.   

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... улсын дугаартай “XIEMAN GOLDEN DRAGON” маркийн автобусны жолооч талын цонхыг чулуу шидэж хагалан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас ... -т 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Л.Б нь ...2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... улсын дугаартай “XIEMAN GOLDEN DRAGON” маркийн автобусны жолооч талын цонхыг чулуу шидэж хагалан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас ... -т 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

 Үүнд:

Хохирогч ... -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... улсын дугаартай “XIEMAN GOLDEN DRAGON” маркийн Санзай чиглэлийн автобусыг жолооч Ц.Б жолоодоод ажлаа гүйцэтгэж явахад нэг мотоциклтой хүн над руу ус цацлаа гэж жолоочтой маргалдаж байгаад явсан. Тэгээд мотоциклтойгоо түрүүлж яваад Санзай Шарга морьтын салдаг уулзвар дээр том чулуу бариад хүлээж байгаад автобусны хажуу талын том шилийг чулуугаар шидэж хагалчхаад зугтаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

 

Гэрч А.Б  ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 8 дугаар сарын 13-ны өглөө ... газрын 2 дугаар бааз дээр өглөөний 04 цаг 50 минутад автобусаа хүлээж аваад Тэнгис кино театраас Санзай зуслангийн чиглэлд хүмүүсээ аваад 06 цаг 58 минутад ажлаа эхэлсэн. Тэгээд 13 цагийн үед байх, би Санзайгаас Тэнгис рүү явж байх замд Санзай Майхан толгойн буудлаас хөдлөхөд зэрэгцээд нэг уралдааны мотоциклтой хүн автобустай зэрэгцээд давхиад байсан. Тэгээд Майхан толгойн буудал өнгөрөөд 200-300 метр орчим явж байхад нүх таараад тухайн мотоциклтой хүн рүү борооны тогтоол ус цацагдсан. Би тэр чигтээ яваад Майхан толгой 2-н автобусны буудал дээр хүн буулгах гээд зогсоход тэр хүн урдуур ирээд дарж зогсоод буугаад ирсэн. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод яасан бэ гэхэд “та над руу ус цацчихлаа шүү дээ" гэхээр нь чи задгай мотоцикл барьж явж байж нийтийн тээврийн хэрэтсэлтэй зэрэгцээд уралдаад давхиад байх юм. Тэгээд ус цацуулчихаар чинь чиний л хохь болно шүү дээ гэж хэлэхэд хохироодог хүнийг харнаа гээд урдаас утсаа бариад зогсоод байсан. Тэгэхээр нь би ухраад тойроод гараад явчихсан. Тэгсэн чинь ардаас дагаж явж байгаад хажуугаар гүйцэж түрүүлээд явсан. Тэгээд намайг Морьтын уулзвар тойроод гараад ирэхэд замын хажууд мотоциклоо тавьчихсан, нэг гартаа чулуу барьчихсан зогсож байгаад жолооч талын том шилэн цонх руу шидээд хагалчихсан. Би автобусаа зогсоогоод буугаад ирэхэд мотоциклоо унаад буцаад зуслан чигтээ зугтаад яваад өгсөн. Тухайн мотоцикл нь улсын дугааргүй байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

 

Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн СБ2-22-978 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29 дүгээр тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 23-25 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Л.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...Тэр өдөр бороо орсон байсан. Би автобусны буудал дээр зогсож байтал автобус зогсохдоо над руу ус цацахаар нь би араас нь явж очоод та ус цацлаа гээд хэлтэл наад сэгээ аваад зайл гөлөг минь гэхээр нь би уурласан. Тэгээд замынхаа нөгөө талд нь гарч зогсож байгаад газраас чулуу аваад автобусны хажуу талын жижиг цонхыг хагалчихсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/, 

 

 Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... улсын дугаартай “XIEMAN GOLDEN DRAGON” маркийн автобусны жолооч талын цонхыг чулуу шидэж хагалан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас Ц.Б д 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Л.Б  нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй ба хохирлын хэмжээг “...бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж диспозицыг заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “...бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ гэх заасан ба хэрэгт “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээгээр “XIEMAN GOLDEN DRAGON” маркийн автобусны жолооч талын бүхээгний цонхны шилийг 1.330.000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг хохирлын үнэлгээ нь гэмт хэргийн зүйлчлэлд тохирсон байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Б гБусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Л.Б нь “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг болохыг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

Дамно ХХК нь хохирогч ... -ын эзэмшлийн GOLDEN DRAGON” маркийн автобусны жолооч талын бүхээгний цонхны шилийг 1.330.000 төгрөгөөр тогтоожээ.

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн Голомт банк-ны ... тоот данс руу 1.330.000 төгрөг шилжүүлж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Л.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.… ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Л.Б нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Л.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Л.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Л ын Б г Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН