Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 685

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дунд дарь эхийн 12-1090 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧО82120164, Шараваа овогтой Андрейгийн Отгонзулыг төлөөлж Н.Энхтуяагийн гаргасан нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 22-р байрны 33 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ТА80092775, Баавай овогтой Доржсүрэнгийн Ерөөлт,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 22-р байрны 33 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр НЮ84102202, Хүүлэн хаан овогтой Нармандахын Ариунсүх нарт холбогдох түрээсийн гэрээ цуцалж, хохирол 2 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийгхянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, хариуцагч Н.Ариунсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж Н.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: А.Отгонзул нь 2018 оны 10-р сарын 02-ны өдөр цайны газар түрүүслүүлнэ гэсэн онлайн зарын дагуу Н.Ариунсүх, Д.Ерөөлт нартай уулзаж, Баянзүрх дүүргийн 19-р хорооны Цайз захад цайны газар түрээслэхээр болсон. Ингээд 2018 оны 11-р сарын 22-ны өдөр түрээсийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. Энэ өдрөө Н.Ариунсүхийн ХААН банкны 5720600106 тоот дансанд 2 400 000 төгрөгийг өөрийн 5009754260 тоот данснаас шилжүүлсэн. А.Отгонзул нь Н.Ариунсүхээс цайны газрын эд зүйлийг хүлээн авч акт үйлдсэн. Н.Ариунсүх цайны газар ажиллуулах зөвшөөрөлтэй гэсэн боловч бэлтгэлээ хийгээд ажиллуулж эхлэхэд зөвшөөрлөө өгөөгүй, мөн агааржуулагчгүйгээс уур савсаж, үйл ажиллагаа явуулахгүй боломжгүй болсон. Ингээд түрээслүүлэгчтэй ярьж 2018 оны 11-р сарын 30-ны өдөр эд зүйлсийг нь буцааж хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш түрээсийн төлбөрийг удахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 288-р зүйлийн 288.1.1 дэх хэсэгт хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас гэрээгээ цуцалж,А.Отгонзулд учирсан хохирол 2 400 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Н.Ариунсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11-р сарын 22-ны өдөр цайны газар түрээслүүлэх онлайн зар тавьсны дагуу А.Отгонзул эгчтэйгээ ирж үзсэн. Миний цайны газар шинэ, тоног төхөөрөмж нь шинэ, харин агааржуулагч хийгээгүй байсан, энэ тухайгаа А.Отгонзулд хэлсэн, өөрөө агааржуулагч тавьчихъя гэсэн. Би тухайн үед А.Отгонзулаас барьцаа мөнгө нэхэж байсан. Гэтэл 2 400 000 төгрөгөөс өөр мөнгө байхгүй гээд өгөөгүй. Гэтэл жижигхэн агааржуулагч тавьсан байсан бөгөөд цайны газарт тохирохгүй, уур сорохгүй байсан. Гэтэл намайг Япон явсан хугацаанд мессеж бичсэн, нөхөр лүү ярьж цайны газрыг чинь түрээслэхээ болилоо гэсэн байсан. Нэхэмжилж байгаа 2 400 000 төгрөгөөс тогны мөнгө, газрын түрээст төлсөн 900 000 төгрөг зэргийг хасна. Мөн цайны газрын нэг ханыг шатаасан байсан. А.Отгонзулд гарсан зардлыг хасч 1 000 000 төгрөг өгөх боломжтой гэв.

 

Хариуцагч Д.Ерөөлт шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүрэг, Цайз модны захад байрлах цайны газар түрээслэх гэрээнд оролцоогүй болно. Миний гэр бүлийн хүн болох Н.Ариунсүх болон А.Отгонзул нар 3 сарын гэрээ хийж, гарын үсэг зурсан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  А.Отгонзулыг төлөөлж Н.Энхтуяа нь Н.Ариунсүх, Д.Ерөөлт нарт холбодох түрээсийн гэрээ цуцалж, хохирол 2 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

А.Отгонзул нь Н.Ариунсүхтэй 2018 оны 11-р сарын 22-ны өдөр Түрээсийн гэрээ /хх 3/ байгуулж, Баянзүрх дүүргийн нутаг Цайз захад цайны газар 3 сарын хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөрт сард 800 000 төгрөг төлөхөөр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 318-р зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

 

Түрээслэгч нь түрээсийн төлбөр 2 400 000 төгрөгийг 2018 оны 11-р сарын 22-ны өдөр түрээслүүлэгчид шилжүүлсэн, энэ өдөр цайны газрын эд хогшлыг баримтаар /хх 4, 6-7/ хүлээн авчээ.

 

Түрээслүүлэгч нь гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй.

Харин түрээслүүлэгч нь агааржуулагчгүй, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зөвшөөрөлгүй павильон шилжүүлснээс талуудын хооронд маргаан гарч, улмаар түрээслэгч 2018 оны 11-р сарын 30-ны өдөр гэрээгээ цуцалж, эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж байгаа үндэслэлээ ...хэрэглэсэн цахилгааны мөнгө, газрын түрээст төлсөн 900 000 төгрөгийг хасч 1 000 000 төгрөг өгөх боломжтой гэж тайлбарладаг боловч цайны газрын зориулалттай байрыг шилжүүлэхдээ түрээслэгч тоолуурын заалтаар тооцоо хийх, газрын түрээсийн төлбөрийг төлөхөөр тохироогүй, нөгөө талаас, хариуцагч Н.Ариунсүх нь өөрөө Цайз захын захиргаатай газар түрээслэх гэрээ байгуулсан бол гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлж гарсан зардлыг түрээслэгчээр төлүүлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Д.Ерөөлт гэрээ байгуулахад оролцоогүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байх ба харин түүнд цайны газрын эд зүйлийг хүлээлгэн өгсний хувьд хариуцагчаар татсан нь буруу, хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт нотлох баримтаар гаргасан, шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан СД бичлэг, гар утасны мессэж нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл, нөгөө талын зөвшөөрөлгүйгээр бичлэг хийсэн, гар утаснаас бичсэн гэх мессэж нь хэнээс хэнд бичсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326-р зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нармандахын Ариунсүхээс 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж Андрейн Отгонзулд олгож, хариуцагч Доржсүрэнгийн Ерөөлтөд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53 350 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Н.Ариунсүхээс 53 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА