Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баясгалангийн Баттулга |
Хэргийн индекс | 165/2022/0074/Э |
Дугаар | 2022/ШЦТ/77 |
Огноо | 2022-11-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч О.С, О.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ын С, О овогт О-ийн Т нарт холбогдох эрүүгийн 2217000000086 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт О-ын С /РД:ЕЙ/, Г аймгийн С суманд ....-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Г аймгийн Ш сумын 1 дүгээр баг, ..... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, О овогт О-н Т /РД: /, Г аймгийн С суманд ...-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн тэсэлгээчин мэргэжилтэй, “Ш” ХК-нд уулын нэгдсэн хэсэгт тэсэлгээчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Г аймгийн Ш сумын 1 дүгээр баг, .... тоотод оршин суух, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан гэх,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө Г аймгийн Ш сумын 1 дүгээр баг, Хөгжил дэлгүүрийн гадна буюу сумын төв талбайд О.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар өөрийн зүүж явсан тэлээг гартаа ороон түүний толгойн хэсэгт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь толгойд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч О.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө Г аймгийн Ш сумын 1 дүгээр баг, Хөгжил дэлгүүрийн гадна буюу сумын төв талбайд О.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт толгойгоороо мөргөх, тонгорч газар унагах, хацар хэсэгт нь гараараа алгадах, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 2 дугаар шүдний уналт, дээд уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр О гэх найзтайгаа Наран дэлгүүрээс Нийслэл нэртэй 2 пиво аваад Ш сумын зүүн талд байдаг балгасанд очиж уугаад гарч ирээд Хөгжил дэлгүүрийн гадаа найз нартайгаа уулзаад явах гэтэл Ц намайг дуудаад тамхи асуухаар нь байхгүй гэхэд олоод ир гэсэн. Би өөрийн чинь тамхийг бэлдэх ёстой юу гэхэд намайг алгадахаар нь би зүгээр байгаараа гээд Ц ахыг зөрүүлээд нэг алгадсан. Тэгээд байж байтал Т гээд ах ирээд намайг хавирч унагаагаад алгадсан. Тухайн болсон үйл явдлыг бүгдийг нь сайн санаж байна. Миний тухайд Т-тэй муудах ямар ч шалтгаан байгаагүй. Анх мөрдөн шалгах ажиллагааны явцад Т-ийг тэлээгээр цохиогүй гэж мэдүүлсэн, тухайн үедээ үнэнээ хэлэхээс айгаад байсан юм. Би мөргүүлж унахдаа тэлээгээ гартаа ороож байгаад Т-ийг тэлээний төмрөөр цохисон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид ийм асуудал гаргахгүй Ш сумынхаа уурхайд мэргэжлээрээ ажиллана гэв.
2. Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай ээж дэлгүүрээс юм захиад би Хөгжил дэлгүүр орох гэж байхад Н гэх залуу дэлгүүрийн гадаа тамхи татаад сууж байсан. Хэдэн залуучууд зодолдож байхаар нь түрүүнээс хойш хараад сууж байхаар салгахгүй яасан юм бэ гэсэн чинь яахын яахын гэсэн. Би очих гэсэн чинь намайг хэрэггүй гэж хэлсэн. Би Хөгжил дэлгүүр ороод гарч ирэхэд зодолдохоо больсон байсан. Дэлгүүр орохын өмнө Ц-ыг доороо хийгээд 3, 4 талаас өшиглөж байсан. Би амьхандаа нэг, нэгнийгээ хэрэгт хийчих байх гэж бодоод очиж салгая гэж бодсон. Хөгжил дэлгүүрээс гарахад С, О, А нар пиздаг өнөөдөр ална, өнөөдөр бүгдээрээ саагъя гээд төв талбайн голоор Ц-г хөөхөд Ц 9, 10 дугаар байр руу зугтаасан. Би юу болоод байгаа юм, яагаад байгаа юм гээд очиход О нь Т ахаа Ц манай найзыг эхлээд тамхи нэхээд цохисон гэсэн. Би болиоч та нар архи дарс уучихаад хүн аллаа ш дээ гэсэн чинь С цаанаас нь гарч ирээд пизда намайг Шд хүн зоддог болчихож гээд орилоод байхаар нь чимээгүй бай, гудамжаар орилоод тэнэг юм уу гэхэд яадгийн гэсэн. Би чи яах гээд далжигнаад байгаа юм гэхэд над руу орилоод дайраад байсан. Би С-ыг цааш нь түлхтэл С гартаа тэлээгээ ороогоод шавхуурдахад арлын төмөр нь миний толгойг цохиод толгой хагалсан. Би өмнө нь спортоор хичээллэдэг байсан болохоор С-н нүүр хэсэгт нь шулуун цохиход О намайг хориод болиулсан. С-ыг босоод ирэхээр нь замдаад хавсарч унагаад зүүн гараараа дахиад цохисон. С-ын шүдийг нь унагаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйл болбол хол байя гэж бодож байна гэв.
3. Хохирогч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ гэмт хэргийн улмаас нэг шүд хугарч, нэг шүд хөдөлсөн байгаа, шүдээ хийлгэмээр байна. Шүдний эмчилгээнд хэдэн төгрөг болохыг судалж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Одоо надад гомдол, санал байхгүй гэв.
4. Хохирогч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ гэмт хэргийн улмаас толгой хагарч 3 оёдол хийлгэсэн. Идээлээд хавдаад эмнэлэгт очиж цэвэрлүүлж дахиж 3 оёо хийлгэсэн. Улам идээлээд оёдлынхоо завсраар ангайгаад байхаар нь Улаанбаатар хот руу явж нийт 670 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Би өөрөө эцэггүй өссөн, энэ хүүхэд бас эцэггүй өссөн, ээж дүүтэйгээ хамт гурвуулаа амьдардаг. Ээж нь ажил хийдэггүй бие муутай хөгшин байдаг. Энэ залуу өөрөө бас ажил хийдэггүй. Хоногийн хоолноос нь хороогоод яахав гэж бодоод эмчилгээ хийлгэсэн 670 000 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй гэв.
5. Насанд хүрээгүй гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн үед С, О, С нарыг хайж байгаад Хөгжил дэлгүүрийн урд талд таарах үед цагтай хөшөөний доод талд Ц, Э нар сууж байсан. Ц хөөе дүү нар нааш ир гэхээр нь бид нар очтол С-с тамхи байна уу гэж асуухад нь байхгүй гэтэл Ц намайг Шд мэдэх үү, С-ыг чи ямар хэгжүүн бацаан бэ гээд гараараа нэг удаа хацар хэсэгт нь цохисон. Бид нар манай найзыг яаж байна гээд түлхэж унагаад дээрээс нь нэг хоёр удаа бөгс хэсэг рүү нь өшиглөхөд Ц зугтаад явсан. Тэгээд С, О бид гурав явж байтал Т ах ирээд та нар яагаад байгаа юм бэ чи хүн зоддог болсон юм уу гээд С-ыг заамдаж аваад чи дээрээс хойш давраад байгаа шүү гэхэд С та яг яах гээд байгаа юм гээд гараа тэлээгээр ороотол Т ах шууд С-ын ам хэсэг рүү нэг удаа мөргөсөн. С амаа бариад суутал О салгахад Т ах С-ыг хавирч унагаад дээрээс нь нэг удаа цохисон. Тэгээд цагдаагийн машин ирэхээр нь би айсандаа зугтсан. Тухайн үед С, О, Ц, Э нар согтуу байсан. Би болон Т ах архи уугаагүй байсан. Т-ийг хэн нэгэн цохиж зодоогүй. С нь мөргүүлэх үед амнаас нь цус гарсан. Т нь мөргөсний дараа дух хэсгээс нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-34 хуудас/
6. Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр С бид хоёр дэлгүүр ороод Сэнгүр нэртэй 2,5 литрийн савалгаатай хоёр пиво аваад нэгдүгээр байрны балгасанд ууж дуусаад 21 цагийн үед Хөгжил дэлгүүрийн гадаа нөгөө хэдтэйгээ таараад сууж байтал цагтай хөшөөний доод талд Ц, Э нар сууж байснаа бид хэд рүү Ц нь хөөе дүү нар нааш ир гээд дуудсан. Бид нарыг очиход С-аас тамхи байна уу гэхэд нь байхгүй гэтэл Ц намайг Шд мэдэх үү, С-ыг чи ямар хэгжүүн бацаан бэ гээд гараараа нэг удаа хацар хэсэгт нь цохисон. Бид нар манай найзыг яаж байна гээд түлхэж унагаад нэг хоёр удаа бөгс хэсэг рүү нь өшиглөхөд Ц зугтаасан. Тэгээд С, А бид гурав явж байтал Т ах ирээд та нар яагаад байгаа юм бэ, хүн зоддог болсон юм уу гээд С-ыг заамдаж аваад чи дээрээс хойш давраад байгаа шүү гэхэд С та яг яах гээд байгаа юм гээд гараа тэлээгээрээ ороотол Т ах шууд С-ын ам хэсэг рүү нэг удаа мөргөхөд С амаа бариад суухаар нь би салгасан. Тэгтэл Т ах С-ыг хавирч унагаагаад дээрээс нь нэг удаа цохисон. Т-ийг хэн нэгэн цохиж зодоогүй. С нь мөргүүлэх үедээ амнаас нь цус гарсан. Т нь мөргөний дараа дух хэсгээс нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35-36 хуудас/
7. Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 09 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн үед би Г аймгийн Ш сумын нэгдүгээр байр луу алхаж байтал цагтай хөшөөний доод Ц согтуу зогсож байгаад намайг дуудсан. Бид хоёр юм яриад зогсож байгаад Хөгжил дэлгүүрийн үүднээс хэдэн залуучууд ирэхэд нь Ц нааш ир гээд дуудсан. Тэгээд С, О, А нар ирээд Ц та нар яагаад байгаа юм гэх мэтээр хэрүүл маргаан эхлээд Ц С-н хацар хэсэгт нь нэг удаа гараараа алгадсан. Би гэр лүүгээ шууд явж байгаад эргээд хартал Ц газар хэвтчихсэн байж байгаад босоод зугтаасан. Тэгтэл Т ирээд та нар хэзээ хүн зоддог болчихсон юм бэ, хэзээ тийм том болчихсон юм, юу болоод байгаа юм гэтэл С яасан ах юу болсон гэтэл Т С-ыг нэг удаа толгой хэсгээрээ мөргөхөд С амаа дарж суусан. С гартаа хар өнгийн тэлээ ороочихсон арал буюу үзүүрийн төмөр хэсгийг нь ил гаргаад атгачихсан байж байгаад Т-ийн толгой хэсэгт нэг удаа цохитол Т С-ыг хавирч унагаагаад нэг удаа хацар хэсэгт нь алгадсан. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37-39 хуудас/
8. Шинжээч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Т-ийн биед учирсан толгойд няцарсан шарх гэмтэл гэдэг нь мохоо зүйлээр үүсгэгдсэн мохоо зүйлийн гадаргууд цохигдож шарх үүсэхийг няцарсан шарх гэж нэрлэдэг. Т-ийн биед үүссэн гэмтэл нь С-ын гартаа ороочихсон байсан гэх тэлээний үйлчлэлээр үүсэх боломжтой. Хохирогч С-ын биед үзлэг хийхэд зүүн дээд хоёрдугаар шүд сууриараа унасан, баруун дээд нэгдүгээр шүд урагшаа, хойшоо болон хоёр хажуу тийшээ сул хөдөлсөн бүх чиглэлд чөлөөтэй ганхаж байсан учраас уг шүд нь буйл хэсгээс суларсан унах нь тодорхой гэж үзээд нэгдүгээр шүдний уналт гэж дүгнэсэн. Шүдний уналт гэдэг нь уг шүд хүзүүвч хэсгээрээ хугарах буюу буйланд суусан уг хэсгээрээ бүрэн мултарч унахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл шүүх эмнэлэгт тухайн хүний шүд нүдэнд үзэгдэхгүй буюу бүх чиглэлд чөлөөтэй ганхсан унах нь тодорхой шүдийг унасан гэж авч үзнэ. Т-ийн биед учирсан шархны гүн, хэмжээ, байрлал зэрэг нь хүний шүдийг мөргөх үед үүссэн байх боломжгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 48-51 хуудас/
9. Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 194 дүгээр дүгнэлтэд: О.Сын биед баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 2 дугаар шүдний уналт, дээд уруулын салстанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022 оны 09 дүгээр сарын 03-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын
2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 2 дугаар шүдний уналт гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулна.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Ж гэжээ. /х.х-ийн 61-62 хуудас/
10. Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 195 дугаар дүгнэлтэд: О.Тийн биед толгойд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022 оны 09 дүгээр сарын 03-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Ж гэжээ. /х.х-ийн 68 хуудас/
11. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 10-13 хуудас/
12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 71-78 хуудас/
13. Г аймгийн Ш сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /х.х-ийн 79-80, 83, 86 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч О.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн орчимд Г аймгийн Ш сумын 1 дүгээр багт байрлах сумын төв талбайд О.Ттэй маргалдаж, улмаар өөрийн зүүж явсан тэлээг гартаа ороон түүний толгойн хэсэгт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь толгойд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч О.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн орчимд Г аймгийн Ш сумын 1 дүгээр багт байрлах сумын төв талбайд О.Стай согтуугаар бусадтай хэрүүл маргаан үүсгэж зодлоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт толгойгоороо мөргөх, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 2 дугаар шүдний уналт, дээд уруулын салстанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус болсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.С, О.Т нарын үйлдэл нь тус бүртээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс тэдгээрийг тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч О.С, О.Т нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй гэрч Г.А, гэрч С.О, М.Э, шинжээч Л.Ж нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 194, 195 дугаар дүгнэлтүүд, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгч О.С, О.Т нар нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон, шүүгдэгч О.С, О.Т нар нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч О.Сын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамж талбайд бусадтай хэрүүл маргаан үүсгэж халдаж зодсон үйлдлээс үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч О.С, О.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Т.Түмэнжаргал шүүгдэгч О.С, О.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч О.С, О.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч О.Ст 2 сарын хугацаагаар, шүүгдэгч О.Тт 2 сарын хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Зорчих эрхийг хязгаарлахдаа О.Сыг Ш сумаас гарахгүй байх хязгаарлалтыг, шүүгдэгч О.Тт Ш сумаас ажилдаа явах буюу Шивээ-Овоо уурхай орох, Ш суманд байх хязгаарлалтыг тус тус тогтоох нь зүйтэй гэж үзэж байна гэсэн саналыг,
Шүүгдэгч О.С саяхан манай аав ажил хийж байгаад осолд ороод хавиргануудаа хугалчихсан. Аавыг манай дүү асарч үлдээд би Улаанбаатар хотод ажил хийх учир мөнгөн торгууль оногдуулж өгнө үү гэсэн саналыг,
Шүүгдэгч О.Т зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сар болгож өгнө үү. Би 12 дугаар сард Эрдэнэтийн уурхай руу солилцоогоор явна гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч О.Сыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан, шүүгдэгч О.Тийг хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарч байгаа ба тэдгээрт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч О.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэрч О.О, Д.Б нарын шүүгдэгчийн хувийн байдлын талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч О.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд нь гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгэл хүлээж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, “Шивээ-Овоо” ХК-нд тэсэлгээчин ажилтай, гэрч Ө.Г, Б.О нарын шүүгдэгчийн хувийн байдлын талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргийг тус тус харгалзан 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч О.Ст оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч О.Тт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус шийдвэрлэлээ.
Гэм хорын нэхэмжлэлийн талаар: Хохирогч О.Т нь шүүх хуралдаанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч О.Сыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.
Харин хохирогч О.С нь шүүх хуралдаанд гэмтэл авсан 2 шүдээ эмчлүүлэхэд гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтуудаа шүүхэд гаргаагүй тул эмчилгээ хийлгэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгөтэй, төмөр арал хэсэгтэй, нийт 100 см урттай, 3.2 см өргөнтэй 1 ширхэг тэлээг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч О.С нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ын С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О овогт О-ийн Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч О.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ст оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч О.Тт оногдуулсан 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, О.Т нарт шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгөтэй, төмөр арал хэсэгтэй, нийт 100 см урттай, 3.2 см өргөнтэй 1 ширхэг тэлээг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч О.С, О.Т нар нь цагдан хоригдоогүйг, шүүгдэгч О.С нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүйг, хохирогч О.Сыг 2 шүдэнд учирсан гэмтэлд эмчилгээ хийлгэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С, О.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА