| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0504/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1003 |
| Огноо | 2022-11-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Сарантуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1003
2022 10 27 2022/ШЦТ/1003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
улсын яллагч Д.Сарантуяа,
шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Р.Баярхүү нарыг оролцуулан эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Э, /регистрийн дугаар/, 19.. оны 4 дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хот... дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суудаг,
урьд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Э.Э нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн .. хорооны нутаг дэвсгэр А.. хойд тал Сэлбийн голын орчим иргэн Т.Эын халааснаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох ай фон ... загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.625.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Э.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.Э нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн .. хорооны нутаг дэвсгэр ... хойд тал Сэлбийн голын орчим иргэн Т.Эын халааснаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох ай фон загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.625.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Э.Э нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Т.Эд 1.625.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн прокурорын тогтоолтой танилцлаа. Би өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа... Би 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 08 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн .. хорооны нутаг дэвсгэр “А...”-ний хажуу талаар явж байх үед миний урд талд хар өнгийн куртиктэй эмэгтэй хүн явж байсан ба би тухайн эмэгтэйн баруун талын халааснаас нь Ай фоне .... загварын гар утсыг аваад “...”-ийн автобусны буудлаас 3, 4 дүгээр хороолол орох автобусанд суугаад “...” кино театрын автобусны буудал дээр бууж “ө...” кино театрын урд байрлах “Ө” гэх нэртэй утас засварын газар ороод гар утас засдаг үл таних эрэгтэй хүнд хулгайлан авсан гар утсаа 380,000 төгрөгөөр зарсан. Тэгээд гараад хоолны газарт хоол идээд гэртээ харьсан. Хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан... мөнгөний хэрэг болоод тухайн эмэгтэйн гар утсыг халааснаас нь нууцаар авсан. Тухайн иргэний хохирлыг барагдуулаагүй байгаа. Одоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /xx-ийн 49/,
хохирогч Т.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 08 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн ... хороо ... хойд талд Сэлбийн голын баруун талаар алхаж явах үедээ өөрийн... рго маркийн шаргал өнгийн гар утсыг халааснаасаа алдсан. Тухайн үед гар утсаа алдсанаа мэдээд эргэж харахад шаргал өнгийн куртиктэй залуу ... доогуур гүйж байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,
иргэний нэхэмжлэгч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие ... хороололд байрлах “Ө” гар утас худалдааны төвд гар утасны засварын лангуу ажиллуулдаг. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үл таних 20 гаруй насны эрэгтэй хүн орж ирээд ... маркийн шаргал өнгөтэй гар утсыг 400.000 төгрөгт сэлбэгт зарахаар орж ирсэн. Тухайн гар утас Ю кодтой байсан бөгөөд ямар учиртай хэний утас болохыг асуухад нөгөө залуу “Хулгайн утас биш. Олсон утас” гэж хэлсэн. Би тэгээд тухайн гар утсыг 380,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.э. над руу залгаж “Хулгайн утас авсан байна” гэж хэлээд түр хураан авсан... Тиймээ надад гар утас зарсан хүн мөн байна. Би тухайн залууг нүдээр нь таньж байна... Би тухайн утсыг худалдаж авсан 380.000 төгрөг нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35, 46, 49/,
Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-39/,
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 36-37/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Э.Эы 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэр ... хойд тал ...ын орчим иргэн Т.Эын халааснаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох ай фон 11 про (phone 11 рго) загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.625.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Э.Э өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 8 дугаар сарын 29-ний өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял болон энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар тус тусад нь эдлүүлэхээр тогтов.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.Э нь хохирогч Т.Эд эд зүйлийг хүлээлгэн өгсөн ба иргэний нэхэмжлэгч Б.Х нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгийг бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Эд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болон өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны 8 дугаар сарын 29-ний өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хугацаатай хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Э.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ялтан Э.Эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР