Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 553

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит 3-р баг, 8-р байрны 11 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр УС79070217, Жаран овогтой Чулуунсайханы Баттөрийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, өөрийн байр, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт /регистр 2076675/ холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 4 084 253 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, А.Мөнхбаяр, гэрч Б.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Баттөр нь 2005 онд Төмөр замын тээврийн дээд сургуулийг төгсөж, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн замын 6-р ангид ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2018 онд хөдөлмөрийн аварга болж байсан. Ч.Баттөр нь 2018 онд тус ангийн замын урсгал болон төлөвлөгөөт засварын ажлуудыг хийж гүйцэтгэх ажлыг илүү цагаар ажиллаж гүйцэтгэсэн байдаг. Байгууллага ажилтны илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амраах зохицуулалтын дагуу Ч.Баттөрийг 2018 оны 10-р сарын 22-ноос 30-ны өдрүүдэд нөхөн амарсан. Байгууллагын удирдлага болон ажил олгогчийн зүгээс Ч.Баттөрийг хэд хоног илүү цагаар ажилласныг хэд хоног нөхөн амраах ёстой гэдэг тодорхой шийдвэрийг гаргаагүйн улмаас ажилтан хэд хоног нөхөн амрах ёстой гэдгээ мэдэхгүй амарсан. Хүний нөөцийн менежер нь хэдэн цаг илүү ажилласан, хэд хоног амрахаа өөрөө нотлоорой гэдэг. Үүний дагуу Ч.Баттөр илүү цагаар ажилласнаа тодорхой хэмжээнд нотолсон. 2018 оны 7-р сарын 16-ны өдөр Ч.Баттөр даралт нь ихсэж эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэж ирээд энэ тухайгаа хэлсэн боловч ажил тасалсан гэж сахилгын шийтгэл хүлээлгэсэн байдаг. Ингээд Ч.Баттөр өөртөө итгэл муутай, айдас түгшүүртэй байсан учраас 2018 оны 10-р сарын 31-ний өдөр ажилдаа ирж илүү цагаа тооцоход 12 хоног илүү ажилласнаа тооцож гаргасан. Тэгээд 2018 оны 11-р сарын 01-ний өдрөөс дахин илүү хоногоо нөхөн амарч болох юм байна гэж тооцсон. Ч.Баттөр 2018 оны 10-р сарын 31-ний өдөр архи уусан нь үнэн, үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин 2018 оны 11-р сарын 01-ний ажилдаа ирэхэд урд өдөр нь уусан архи үнэртсэн байсан. Нэгэнт нөхөн амрах боломжтой тул мастер Б.Батболдод хэлж илүү цагаа нөхөн чөлөө авах зорилготой байсан. Чөлөө авахад утсаар ярьж, эхнэр хүүхдээрээ хэлүүлдэг асуудлыг ажил олгогч маш их шүүмжилж хүлээж авдаг болохоор өөрийн биеэр мастер Б.Батболдтой уулзахаар 7 цаг 30 минутад ажил дээрээ очсон. Ингээд согтуу архи уусан байна, ажил хийх боломжгүй байна гэдгээ мастертаа хэлсэн. Гэтэл мастер нь хэл амаар доромжилж, тодорхойлолт бич гэж тулган шаардсан гэдэг. Үүнд нь Ч.Баттөр их гомдсон. Тэгээд би согтуу байна, намайг зодно уу гэж тодорхойлолт бичсэн. Ч.Баттөр чөлөө хүсэж ажлынхаа гадаа нилээн удаан хүлээсэн, тэгээд гэр рүүгээ 11-р байрны гадаа ирж байтал мастер цагдаагийн хамт ирж, цагдаагийн хэсэг рүү ирсэн. Согтуурлын зэрэг тогтоолгоход 1.2 хувь гарсан. Үүний дараа Ч.Баттөр өвчтэй байсан, амралт, бүх нийтээрээ амрах өдрүүд таарсан. Ингээд 2018 оны 11-р сарын 12-ны өдөр шуурхай хурал хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргаж ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд архи уусан гэсэн үндэслэлээр 244 тоот тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ тушаал нь бодит байдалтай нийцээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэдэг нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчил байхыг шаарддаг. Гэтэл ажилтан чөлөө олгож нөхөн амрах эрхээ эдлэх хүсэлтийг гаргаж байхад сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсанд гомдолтой байгаа. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар сахилгын ноцтой зөрчил гэдэгт ажлын байранд архи уух-ыг тооцсон. Энэ нь өөрийгөө болоод бусдад гэм хор учруулж болохуйц ноцтой зөрчил болно. Иймд ноцтой зөрчлийн үр дагаврыг ойлгож байсан учраас ажилд гарах боломжгүй байна, та намайг ойлгооч гэж хэлсэн. Ингэж хэлснээр сахилгын зөрчил гаргахгүй байх нөхцөл гэж үзэж байгаа. Үнэхээр ажлын байранд архи ууж, ажилдаа гарсан зөрчлийг Ч.Баттөр хийгээгүй. 2018 оны 11-р сарын 01-ний өдрийн табельд Ч.Баттөрийг ажил тасалсан гэж бүртгэсэн байна. Гэтэл энэ нь бодит байдалтай нийцэхгүй байгаа. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа цалин хөлсийг олгохгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар түүнд цалин хөлсийг олгох үндэслэл болно гэж заасан. Иймд Ч.Баттөрийг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн замын 6-р ангийн замчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 084 253 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тйалбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...илүү цаг ажилласан, нөхөн амрах илүү цаг авах гэж очсон гэж ярьж байна. Ажлын байранд архи ууж ирснээ хүлээн зөвшөөрсөн, маргахгүй байна гэж ойлголоо. Ч.Баттөр 2018 оны 11-р сарын 01-ний өдөр ажилдаа архи ууж ирсэн нь түүнд сорилоор 1.2 бүхэл гарсан, түүний тайлбар, цагдаагийн дэслэгч н.Шинэхүүгийн тодорхойлолт зэргээр тогтоогддог. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг сахилгын тусгай журмыг мөрддөг. Засгийн газрын 1997 оны 9-р тогтоолоор батлагдсан Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмийн 13Б хэсэгт ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн бол сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр заасан. Өнөөдөр ажлын байранд ажлаа хийж байхдаа согтуу байвал ноцтой зөрчил, харин ажилдаа согтуу ирэх нь зөрчилд хамаарахгүй гэж ойлгож болохгүй. Зам тээврийн сайдын 2008 оны 88-р тушаалын 2-р хавсралтаар батлагдсан Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам-д зааснаар замчны ажил үүрэг нь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил, албан тушаалд хамаардаг. Энэ журмын 5-р зүйлийн 5.3.2 дахь хэсэгт ажлын байранд мансууруулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажилдаа согтуу буюу мансууран ирсэн бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж заасан. Замын 6-р ангийн хөдөлмөрийн дотоод журмын 10-р зүйлийн 10.1.5 дахь хэсэгт ажилдаа согтуу ирсэн буюу мансуурсан зэрэг тохиолдолд ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцална. Мөн хөдөлмөрийн гэрээний 5-р зүйлийн 5.3.4 дэх хэсэгт ажлын байранд архидан согтуурах, ажилдаа согтуу мансуурсан ирсэн бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасан байдаг. Тэгэхээр дээрх эрхийн актуудаар зохицуулагдсан ноцтой зөрчлийг Ч.Баттөр гаргасан тул 2018 оны 11-р сарын 12-ны өдрийн шуурхай хурлаар хэлэлцэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь үндэслэл нь надад илүү цаг байсан, илүү цагийнхаа чөлөөг авах гэж ажилдаа ирсэн гэдэг. Ч.Баттөр нь 2018 оны 10-р сарын 22-ны өдрөөс 10-р сарын 30-ны өдөр хүртэл ажлын 7 хоног илүү цагаа нөхөн амраад 10-р сарын 31-нд ажилдаа ирсэн. Илүү цагаа нөхөж амрахаасаа өмнө даргатайгаа яриад хэд хоногийн илүү цагийн амралт байгаагаа тооцоод 7 хоног амарсан. Ингэхдээ амралтаа бөөнөөр нь авмаар гэсэн хүсэлт гаргасан тул мастер нь зөвшөөрч бөөнөөр нь амраасан. Илүү цагийг тухай бүрт нь биеэр нөхөн эдлэх ёстой. Цагийн бүртгэлийн дэвтэр, баримтуудаас харахад Ч.Баттөр 7 хоног илүү цагаар ажиллаагүй, илүү цаг ажилласан талаараа нэмэлт тайлбар гаргахдаа диспетчер дээр 2018 оны 10-р сарын 06-ны өдрөөс 2018 оны 10-р сарын 19-ний хооронд 80 цаг ажиллах байснаас 96 цаг ажиллаад 2 хоног илүү ажилласан гэдэг зүйлийг ярьдаг. Сахилгын тусгай журмаар өдрийн цагаар ажиллах ажилтан өглөө 8 цагаас орой 17 цаг хүртэл ажлын цаг үргэлжилнэ. Тухайн 2018 оны 11-р сарын 01-ний өдөр нэхэмжлэгч 7 цаг 30 минутад ажилдаа чөлөө авах гэж очсон бол яагаад мастертайгаа уулзаагүй, харин ажлын хувцсаа бүрэн өмссөн, ажлын байрны зааварчилгаа авахаар бусад ажилтнуудтай хамт байсан байх вэ. Хөдөлмөрийн дотоод журмын 14-р зүйлийн 14.6-д ...өглөө бүр ажилд гарахын өмнө ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм зааврыг танилцуулан, зааварчилга өгч, тусгай дэвтэрт гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан. Зөрчил гаргасан тохиолдолд ажилтнаар тодорхойлолт бичүүлдэг. Гэтэл Ч.Баттөр би гадаад архи уусан, намайг зодно уу гэж тодорхойлолт бичсэн байдаг. Тэгвэл яагаад өмнөх өдөр нь архи уусан учир ажилд гарах боломжгүй, чөлөө олгооч гэж бичээгүй юм. Харин ч ажил дээрээ согтуу ирж, ажлын байранд чанга дуугарч, инээлдэж, бусад ажилтнуудад муу үлгэр дуурайлал үзүүлхүйц биеэ авч явж байсан. Ийм зөрчил гаргасан тохиолдолд арга хэмжээ авахгүй бол дараа дараагийн хүмүүст шаардлагаа тавьж чадахгүй, ажилтнууд барьцдаг учир бид харуицлагаа тооцдог. Бид Ч.Баттөрт тодорхой нөхцөл байдлаар уян хатан хандах гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч өөрөө ач холбогдолгүй хандсан. Ч.Баттөрийн хөдөлмөрийн гэрээ цуцласан тушаал хууль зүйн үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11-р сарын 01-ний өдөр миний бие шугам замд томилолтоор ажиллаж байсан. Уг мэдээллийг надад замын ангийн ахлах инженер өгсөн. Мэдээллийн дагуу би хүний нөөцийн менежертэй утсаар үүрэг өгч, Ч.Баттөрийг маргааш өглөө ангийн захиргаан дээр бэлэн байлгаарай, асуудлыг тодруулна гэж хэлүүлсэн. Гэвч Ч.Баттөр нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ирээгүй. Энэ хугацаанд олон асуудал болсон. Ч.Баттөрийг ажилтай байлгах юмсан гэж ойр байсан хүмүүсээс асууж тодруулсан. Ч.Баттөр амрах хугацаа нь дуусаад 10-р сарын 31-нд ажилдаа орж ажлаа хийсэн. Харин маргааш нь чөлөө авах зорилгоор ажилдаа ирээгүй, ажлын хувцсаа өмсөөд ажилдаа гарахаар ирсэн. Хэрвээ чөлөө авах гэж ирсэн бол зааварчилгаа авахаар танхимд орох шаардлагагүй, мастертайгаа уулзаад чөлөө авах боломжтой. Манай зүгээс ажилтнаа илүү цаг ажилласнаа өөрөө нотол гэдэг шаардлага тавьдаггүй, энэ нь шуурхай ажлын тушаал, цагийн бүртгэлээр нотлогдоно. Ч.Баттөртэй холбоотой шуурхай хурлыг 2018 оны 11-р сарын 12-ны өдөр хийсэн, энэ хүртэл түүнийг ажилтай нь үлдээх юмсан гэж бодсон. Манай 2 ажилтан түүнийг ажилтай нь үлдээгээч гэж надтай уулзсан. Энэ хүсэлтийг хүлээн авч түүнийг эхнэр, ээжийнх нь хамт надтай уулзуул, болсон асуудлыг танилцуулна гэж хэлсэн. Яагаад гэхээр ээж нь хүний нөөцийн менежер болон над руу утсаар ярьж хүүхдээ ажилтай нь үлдээ, ганц удаа архи уусан зөрчил гаргасны төлөө ажлаас битгий хал, ажилд нь үлдээхгүй бол заргалдана гэсэн. Ийм учраас болсон асуудлыг тайлбарласан, гэвч ээж нь ойлгохыг хүсээгүй. Миний хувьд Ч.Баттөртэй холбогдох гэж олон удаа оролдсон боловч нэг ч удаа хариу өгөөгүй. 2018 оны 11-р сарын 12-ны шуурхай хурлыг би даргалж, ерөнхий инженер, ахлах инженер, хүний нөөцийн менежер, үйлдвэрчний хорооны дарга нар оролцсон. Хурлын тэмдэглэлд олон зүйл тэмдэглэгдсэн байгаа. Ч.Баттөр 13 жил ажиллахдаа ямар ч зөрчил гаргаагүй гэж байна. Ажлаас халсан тушаалтай нийтдээ 5 удаагийн зөрчил гаргаж, бүгд тушаалаар арга хэмжээ авагдсан. 2015 онд гаргасан зөрчил нь байгууллагын хэмжээнд биш Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн замын аж ахуйн албаны хэмжээнд яригдаж шуурхай хурал хийгдсэн. Ч.Баттөртэй холбоотой дахин ийм маргааны чанартай асуудал гарвал хөдөлмөрийн гэрээг нь цуцлах талаар тэмдэглэлд тусгагдаж байсан. Тэр үед хамт ажилладаг 40 замчин Замын аж ахуйн албаны даргад өргөх бичиг бичиж Ч.Баттөрийн гаргасан зөрчлийг нэг удаа уучлаач, хамт олон нь батлан даая, ганцаараа ар гэрээ тэжээдэг гэж байж үлдээсэн. Өмнө замын ерөнхий инженертэй маргаан үүсгэж, тавьсан шаардлага биелүүлээгүй гээд зэрэг буурч 3-р зэрэгтэй 1 жил гаруй ажилласан. Түүнд миний хувьд олон удаа боломж олгосон боловч ойлгоогүй. Харин өөрийнхөө гаргасан зөрчлийг нуун дарагдуулах гэж оролдсон гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Баттөр нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор 4 084 253 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Ч.Баттөр нь УБТЗ-ын Замын 6-р ангийн замчнаар ажиллаж байгаад ангийн даргын 2018 оны 11-р сарын 12-ны өдрийн Б-244 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ...хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг /хх 48/ цуцалжээ.

 

Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан талаар маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...урьд өдөр нь архи уусан байсан, илүү цаг ажилласан, нөхөн амрах, чөлөө авахаар ажил дээр ирсэн гэж тайлбарлажээ.

 

Ч.Баттөр нь илүү цагаар ажилласан хугацаагаа тооцон 2018 оны 10-р сарын 22-ноос 30-ны өдрүүдэд биеэр амарч, 10-р сарын 31-ний өдөр ажилдаа орсон байх ба 2018 оны 11-р сарын 01-ний өдөр ажилдаа ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь түүнд тавьсан сорилоор согтолтын хэмжээ нь 1.2 бүхэл гарсан, урьд өдөр нь архи уусан байсан гэсэн түүний тайлбар, цагдаагийн тодорхойлолт зэргээр /хх 34-35/тогтоогджээ.

 

Ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5-р зүйлийн 5.3.4 дэх хэсэгт Ажлын байранд архидан согтуурах, ажилдаа согтуу мансуурсан ирсэн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэлийн үндэслэл болохоор заасан /хх 19-21/ байх ба Монгол улсын Засгийн газрын 1997 оны 9 тогтоолоор батлагдсан Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм-ийн 13Б-д ...ажилдаа согтуу ирсэн бол сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ, Зам тээврийн сайдын 2008 оны 88-р тушаалын 2-р хавсралтаар батлагдсан Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам-ын 5-р зүйлийн 5.3.2-т ...ажилдаа согтуу ирсэн бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцно, Замын 6-р ангийн Хөдөлмөрийн дотоод журмын 10-р зүйлийн 10.1.5-д .... ажилдаа согтуу ирсэн тохиолдолд ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцалхаар/хх 24-28/ тус тус зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь ажилдаа согтуу ирсэн нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох ба Ч.Баттөрийн гаргасан зөрчлийг 2018 оны 11-р сарын 12-ны өдрийн шуурхай хурлаар хэлэлцэж /хх 29-33/, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас халсан нь зөв гэж дүгнэлээ.

 

Харин Ч.Баттөр нь надад нөхөн амрах хоног байсан, ажлаа хийх боломжгүй байсан тул чөлөө өгөхийг хүссэн гэх боловч энэ тайлбар нь ажлын байрны зааварчилгаа авч, ажилдаа гарахаар ажлын хувцсаа өмссөн байсан нөхцөл байдал, гэрч Б.Батболдын ...энэ өдөр би 7.30-д ажилдаа ирсэн, миний ажлын өрөө тусдаа, зааварчилгаа өгдөг өрөө тусдаа байдаг, зааварчилгааны өрөөнд Баттөрийн дуу гараад байсан, тэгээд зааварчилгаа өгөх гээд ороход архи үнэртсэн, Баттөр архи уусан байсан, ингээд түүнийг ажиллуулах боломжгүй гэхэд өөрөө ажлаа хийх боломжтой гэсэн, бригад нь ч гэсэн ажиллуулахгүй гэсэн, гэтэл ажиллуулахгүй юм бол чөлөө олго гэсэн, шуурхай ажлын тушаал, амралтын өдөр ажилласан хоног, цагийн бүртгэлээр илүү цагийг тооцож олгодог, Баттөр илүү цагаа тооцуулахад 6 хоног байсан, өөрөө хөөцөлдөх ажил байна гэхээр нь 1 хоног нэмээд бөөнөөр нь амарна гэсэн тул 10-р сарын 22-30 нд амарч 31-нд ажилдаа орсон, Баттөрийн цагийн бүртгэл их засвартай байгаа, энэ нь түүнийг маш олон удаа харж үзсэн, өмнө нь арга хэмжээ авагдаж байсан, зөрчил гаргасан хүнээр тодорхойлолт бичүүлж авдаг, гэтэл би гадаад архи уусан, намайг зодно уу гэж бичсэн гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгчийн тайлбарыг няцаасан байна.

 

Ч.Баттөрийн 2018 оны 2-р сараас 10-р сарын цагийн бүртгэл /хх 6-10, 54-62/, ирц бүртгэлийн дэвтэрийг эх баримтууд, шуурхай ажлын тушаал /хх 73-75/, ажлын цагийн табель хүснэгт /хх 116-119/, шуурхай ажлын тушаал /хх 73-75/ зэрэг баримтууд нь ажил олгогч, ажилтны хооронд илүү цаг ажилласан хугацааг тооцох, нөхөн амрахтай холбоотой бөгөөд ажлаас халагдсан зөрчлийн үндэслэл болоогүй, замын 6-р ангийн даргын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Б-3 тоотр тушаал, тушаалын хавсралт нь /хх 50-51/ ээлжийн амралттай ажилтны эзгүйд орлон ажиллах ажил үүрэгтэй холбоотой, Ч.Баттөрийн 2018 оны 11-р сарын 5-7-нд өвчтэй байсан тухай магадлагаа нь /хх 76/ зөрчил гаргасан хугацаанаа хойшх хугацаанд хамааралтай, хэргийн 85-86, 101, 108, 109-110 талд авагдсан тодорхойлолт нь түүний хувийн байдалтай нь холбоотой байна.

 

Шүүх хуралдааны шатанд цагдаагийн сорил тавьсан тухай камерийн бичлэгийг хэргийн 87-89 талд авагдсан бичгийн хэлбэрт буулгасан тэмдэглэлтэй харьцуулан шинжлэн судлахад бичлэг хийж байгаа тухай мэдэгдсэн байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-рзүйл, 160-р зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг, 69-р зүйлийн 69.1 дэх хэсэг, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Замын 6-р ангийн замчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 4 084 253 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн Чулуунсайханы Баттөрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА