Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0573/З |
Дугаар | 221/МА2024/0693 |
Огноо | 2024-10-30 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2024/0693
“Э д ” НҮТББ-ын
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Гомдол гаргагч: “Э д ” НҮТББ
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р
Гомдлын шаардлага: Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р-ын 2024 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 0124607 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 726 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0573/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 726 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.1-д тус тус заасныг баримтлан “Э д ” НҮТББ-ын гомдолтой, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Рын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0124607 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
2.1. ...тус шийтгэх хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасны дагуу “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” гэх зөрчил тогтоогдсон гэж тайлбарладаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар манай байгууллага нь цалин олгох мөнгөн хөрөнггүй байгаа болох нь тогтоогдож байна. Гэтэл шүүхээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй цалинг олгох ёстой гэж дүгнэж байгаа нь хууль ёс, зүй ёсонд нийцэхгүй.
2.2. Тус хуулийн зохицуулалт нь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цалинг хойшлуулсан” гэж тусгайлан зохицуулж байхад зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд нь, прокурор нь, шүүх нь ийнхүү хүндэтгэн үзэх шалтгааны талаар ямар нэгэн байдлаар тайлбар, дүгнэлт хийлгүй байна. Чухамдаа санхүүгийн нөхцөл байдал өөрөөр хэлбэл манай байгууллагын бодит нөхцөл байдал энэ зүйл заалтад хамаарах эсэх асуудлаар эдгээр байгууллагын аль нь ч үнэлэлт, дүгнэлт өгөхгүй байгаад гомдолтой байна.
2.3. Мөн бидний хооронд мөнгө, санхүүгийн маргаан байгаа. Эд хөрөнгийн маргаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагддаг. Шүүхээс тухайн тохиолдолд хэдэн төгрөг яаж олох байсан. Үүнийг ТУЗ нь хариуцах эсэхийг ч мөн тогтоож өгөх учиртай. Гэтэл шүүх шийдээгүй байгаа асуудлаар зөрчлийн хэрэг дээр “цалинг олго” гээд шийдээд байгаа нь иргэний хэргийн шүүх байх шаардлага байгаа эсэхэд ч эргэлзээ төрүүлж байна.
Нэгэнт Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч гээд хүн “цалинг төл, торгууль ноогдуулж” байна гээд шийдчих юм бол иргэний хэргийн шүүх шийдээд байх шаардлага байхгүй. Үнэндээ хэрвээ байгууллагад цалин тавих мөнгө нь байгаад ийнхүү цалинг нь олгоогүй бол ингэж гомдол гаргахгүй. Гэтэл дансанд нь ямар ч мөнгө байхгүй. Ер нь байгууллагын дансны мэдээллийг гаргаж авчих сэтгэлгүй, энэ нөхцөл байдлыг тогтоох нь чухал гэдгийг мэдэхгүй, мэдлэггүй эрх бүхий албан тушаалтан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн нотлох баримт, хүндэтгэн үзэх шалтгааныг үгүйсгэх үйл баримт гаргаж өгөөгүй. Зөвхөн таамаг, өөрийн бодол төдий зүйлсээр л ийнхүү шийтгэл оногдуулж шийдсэн тухай шүүх хурал дээр ч хэлсэн. Ийнхүү эрх бүхий албан тушаалтны үйлдэл нотлох баримтад үндэслээгүй болох нь тогтоогдоод байхад шүүхээс гомдлыг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна.
2.4. Мөн шүүхээс цалин хөлс олгох эрхээс чөлөөлөхгүй гэж дүгнээд байгаа нь маргааны зүйлийг ойлгоогүй, буруу дүгнэлт хийгээд байгааг харуулна. Манай гомдол 1. “Байгууллага цалин олгох боломжгүй байгаа “хүндэтгэн үзэх шалтгаан” байна, 2. Гэтэл эрх бүхий албан тушаалтан үүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүй биднийг торгоод байна, 3. Тиймээс тус шийтгэвэр нь бодит нөхцөл байдал, хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна гэж гомдол гаргасан. Харин цалин олгох үүрэггүй, түүнээс чөлөөлөгдөх тухай ямар ч гомдол маргаан гаргаагүй. Гэтэл шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт хэргийн үндсэн нөхцөлийг дүгнэхдээ “цалин олгох үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж дүгнэж байгаа нь маргааны зүйл, гомдлын агуулгаас зөрөөд байна.
2.5. Өөрөөр хэлбэл шүүхээс байгууллага цалин тавих санхүүгийн чадавхгүй болсон нөхцөл байдалд цалин олгож чадаагүй байгаа нь хүндэтгэн үзэх нөхцөл байдал гэж тооцогдох эсэх тухай ямар ч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Хууль гэдэг үг, үсэг бүр нь нарийвчилсан хэм, хэмжээ биш юм уу, Хуулинд “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” гээд шууд санаатай үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилсан байхад энэ талаар дүгнэлт хийлгүй шийдсэнд үнэхээр гомдолтой байна.
Манай байгууллага цалин олгоогүй нь дансанд ямар ч мөнгө байхгүй болсонтой шууд хамааралтай. Энэ бодит нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгаанд зайлшгүй тооцогдоно. Цалин олгох мөнгө байсан бол Н өөрөө өөртөө цалингаа тавиад ийм нөхцөл байдал үүсэхгүй. Байгууллагаас түүний цалинг олгохгүй байгаа шууд санаатай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй байгаа тухай би эрх бүхий албан тушаалтанд ч, шүүхэд ч тайлбарлаж хэлсэн. Шүүхийн журмаар гаргуулсан байгууллагын дансны мэдээллээс ч энэ тодорхой харагдаж байна.
Иймээс эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас бодит нөхцөл байдал, хуульд заасанд нийцэхгүй, анхан шатны шүүх маргааны зүйлд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй буюу 0726 дугаар шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 заасны дагуу нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Р нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн М.Наас ирүүлсэн “Э д НҮТББ” нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цалин хөлсийг олгохгүй байна” гэх гомдол мэдээллийн дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж, “Э д ” НҮТББ нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Нд 2024 оны 1 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сарын хугацаанд олгох цалин хөлсийг олгоогүй нь хохирогч, холбогдогчдын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна” гэж үзээд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №0124607 дугаар шийтгэлийн хуудсаар “Э д ” НҮТББ-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу оногдуулсан шийтгэлийн 5.000.000 төгрөг, хохирол, шимтгэл, алдангийн нөхөн төлбөрийн 4.500.000 төгрөгийг төлөх шийтгэл оногдуулжээ.
2.2. Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “Э д ” НҮТББ-аас шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлээ “...гомдол гаргасан М.Н нь 2023 оны 6, 8 саруудад төрийн бус байгууллагын орлогоос үндэслэлгүйгээр их хэмжээний ашгийг өөртөө цалин гэж шилжүүлэн авсантай холбоотой маргаантай байгаа, мөн М.Н нь гүйцэтгэх захирал албан тушаалтай гэдгийг эрх бүхий албан тушаалтан зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай байсан, ...гүйцэтгэх захирал нь цалингаа өөрөө тавих, нийгмийн даатгалын тайлан, шимтгэлийг цахимаар илгээж, шилжүүлэх боломжийг удирдах зөвлөлөөс бүрдүүлсэн, ...банкны гүйлгээ хийх эрх бүхий цор ганц этгээд нь М.Н юм, манай ТББ нь ашиг олдоггүй, М.Нын үүсгэсэн асуудлуудаас болж ТББ-ын үйл ажиллагаа доголдон одоо бүрэн зогсчихсон байдалтай санхүү мөнгөгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цалин олгоогүй гэж шийтгэлийн хуудас оногдуулсанд гомдолтой байна” гэж, хариуцагчаас гомдлын шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа “...гомдол гаргагч М.Ныг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус ТББ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон тогтоол байгаа боловч ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гараагүй, албан ёсоор мэдэгдэж баталгаажуулсан зүйл байхгүй, Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлсийг олгоогүй, нийгмийн даатгалын төлөлт тасалдсан, ажлаас чөлөөлөгдөх тухай хууль бус шаардлага тавьсан, ажилтны асуудлыг нэн даруй шийдвэрлэж холбогдох тушаал шийдвэрийг гардуулж өгөөгүйгээс М.Нын нийгмийн байдал дордсон” гэж тус тус тайлбарлан маргасан.
Түүнчлэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...дансны үлдэгдэл болон орж ирж байгаа мөнгөний хэмжээ, хэдэн төгрөгийн цалин олгож байгаа талаарх мэдээллийг М.Наас тайлангаар авдаг учир Удирдах зөвлөлийн гишүүдэд энэ талаарх мэдээлэл байхгүй. М.Наас өөрөөс нь яагаад цалингаа авч чадахгүй байгаа талаар нь асуугаад банкны хуулгыг нь шалгаад өгөөч, ...байгууллага дахь мөнгийг өөрийнхөө данс руу албан тушаалаа хэтрүүлэн цалин болгож авсан талаарх нэхэмжлэлийн шаардлагаар иргэний хэрэг үүсээд, явж байгаа” гэжээ.
3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй зарим үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ..., 32 дугаар зүйлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-т Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 107 дугаар зүйлийн 107.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж тус тус заасантай нийцээгүй байна.
3.1. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус заасны дагуу гуравдагч этгээдээр М.Ныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар байжээ.
4. Тодруулбал, иргэн М.Нын гомдол, мэдээллийн дагуу эрх бүхий албан тушаалтнаас “Э д НҮТББ”-д холбогдуулан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг оногдуулсан тул энэхүү маргаан нь хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч иргэн М.Нын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд түүнд эрх, үүргийг нь тайлбарлах, хариу тайлбарыг авах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
5. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7-д “Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
6. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...М.Н нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд дансны үлдэгдэл болон орж ирж байгаа мөнгөний хэмжээ, хэдэн төгрөгийн цалин олгож байгаа талаарх мэдээллийг Удирдах зөвлөл мэддэггүй, зөвхөн М.Наас тайлангаар авдаг байсан. ...байгууллагын дансанд цалин олгох мөнгө байсан бол М.Н өөрөө өөртөө цалингаа тавиад ийм нөхцөл байдал үүсэхгүй” гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд байгууллагын дансанд цалин олгох мөнгөгүй байсан гэх нөхцөл байдал нь дээр дурьдсан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэх хуулийн зохицуулалтад хамаарах эсэх маргааны гол үйл баримтад анхан шатны шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай.
Учир нь М.Наас өөрт нь олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй гэж маргасан тул тухайн цаг хугацаанд байгууллагын дансанд түүнд цалин хөлс олгох мөнгө байсан эсэх, хэрэв байгаагүй бол ямар учир шалтгаантай болох, тухайлбал, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...банкны гүйлгээ хийх эрх бүхий цор ганц этгээд нь М.Н юм, түүний үүсгэсэн асуудлуудаас болж ТББ-ын үйл ажиллагаа доголдон одоо бүрэн зогсчихсон байдалтай санхүү мөнгөгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цалин олгоогүй гэж шийтгэлийн хуудас оногдуулсан” гэх гомдол үндэслэлтэй эсэхэд холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт хийх нь зүйтэй.
7. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу оногдуулсан шийтгэлийн 5.000.000 төгрөг, хохирол, шимтгэл, алдангийн нөхөн төлбөрийн 4.500.000 төгрөгийг төлөх шийтгэл олгосон нь хуульд нийсэн эсэхэд дүгнэлт өгөхийн тулд хууль тогтоомжийн дагуу М.Нд олговол зохих цалин хөлс, олговрын хэмжээ хэд болох, түүнийг нь ямар хугацаанд олгоогүй, эсвэл тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон зэрэг зөрчил байсан эсэх, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулж нягтлах шаардлагатай.
Мөн хариуцагч улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан дээрх үнийн дүн нь ямар нотлох баримтад үндэслэн хэрхэн тооцоолсон болон эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар тодруулж, гомдол гаргагчийн гомдлын шаардлага, үндэслэлд холбогдох баримтыг бүрэн гүйцэт цуглуулж, талуудын маргаж буй үндэслэл болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Ийнхүү анхан шатны шүүхээс дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах хууль зүйн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 726 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН