Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 344

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/02515 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “О” ХХК,

Хариуцагч “Д” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33 696 ширхэг бараа бүтээгдэхүүний төлбөр 12 092.33 евро буюу 32 181 197 төгрөг, хугацаандаа төлөөгүйгээс учирсан хохиролд 1 745 020 төгрөг, нийт 33 926 217 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, М.Саруул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч “О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, Ш.Цолмон нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал У.Болд нь тус компанийн ажилтан З.Урангоогоор дамжуулан Польш Улсын витаминжуулсан ундаа үйлдвэрлэн Европын зах зээлд нийлүүлдэг “О” ХХК-ийн спорт ундаа, витаминжуулсан ундааг Монгол Улсад импортлохоор харилцан тохиролцсоны үндсэн дээр  “О” ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн витаминжуулсан ундаа, спорт ундааг үйлдвэрийн нөхцөлөөр нийлүүлж, “Д” ХХК нь бараа бүтээгдэхүүнийг Монгол улс руу илгээхэд шаардагдах зардлыг хариуцаж, харин “О” ХХК нь барааны үнийн дүнгээс 10%-ийн хөнгөлөлт үзүүлж, мөн ямар нэгэн урьдчилгаа төлбөр шаардахгүйгээр барааг шууд нийлүүлэхээр болсон. Ийнхүү эхний ээлжинд нийлүүлэх бараа бүтээгдэхүүн болон түүний төрөл, чанар, тоо, үнэ зэргийг тохиролцож 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тээвэрлэгч “Интеррэйл-Полконд” компаниар дамжуулан 13 435.92 евро буюу тохиролцсон ёсоор дээрх бараа бүтээгдэхүүний нийт үнийн дүнгээс 10% буюу 1 343.59 еврог хассанаар нийт 12 092.33 еврогийн үнэ бүхий 8 нэр төрлийн 33 696 ширхэг барааг “Д” ХХК-ийн хаягаар илгээсэн.

“Д” ХХК нь барааг 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээж авснаас хойш бараа бүтээгдэхүүнийг тасралтгүй борлуулсаар байсан ба бүтээгдэхүүний үнэ болох 12 092.33 еврог 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр “О” ХХК-тай тохиролцсон. “О” ХХК-ийн зүгээс бараа бүтээгдэхүүний төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа явуулж, утсаар холбогдох гэж оролдсон ч ямар нэг хариу, захиа болон мэдэгдэл ирүүлээгүй ба худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг одоо хүртэл төлөөгүй. Бидний зүгээс дээрх хэргийг бусдын хөрөнгийг санаатайгаар залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгуулахад “Д” ХХК нь дээрх барааг хүлээн авч, сүлжээ дэлгүүрүүдээр 29 694 818 төгрөгийн борлуулалт хийсэн нь “Д” ХХК-ийн санхүүгийн баримт болон захирал У.Болд, менежер З.Урангоо, нягтлан бодогч Д.Нэмэхжаргал нарын тайлбараар тогтоогдсон.

Иймд “Д” ХХК-иас 8 нэр төрлийн 33 696 ширхэг бараа бүтээгдэхүүний төлбөр болох 12 092.33 евро буюу нийт 32 181 197 төгрөг, тохиролцсон хугацаандаа төлөөгүйн хохиролд 655.70 евро буюу 1 745 020 төгрөг, нийт 33 926 217 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Польш улсын “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг гардан аваад хариуцагч “Д” ХХК-ийн төлөөлөгчөөс, маргааныг Польш улсын Краков хотын иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр гэрээний заалттай хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн хүсэлт гаргаж, уг хүсэлтэд “О” ХХК-иас 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цахим шуудангаар илгээсэн “Хамтран ажиллах гэрээ”-г “Глобал Индра” ХХК-ийн орчуулгын төвөөр орчуулуулж өгсөн.

Бидний хувьд дээрх гэрээг Монгол Улсад польш хэлээр зохиож шивэх боломжгүй нь тодорхой бөгөөд 30 000 ам.долларын бараагаа танихгүй хүнд гэрээгүйгээр өгөх байгууллага хаана ч байхгүй нь лавтай юм. Уг гэрээний Польш Англи хэл дээрх нэг эх хувийг худалдан авагч тамгалж гарын үсэг зураад буцаан цахим шуудангаар илгээсэн бөгөөд худалдагч талаас тамгалагдсан байдлаар цахим шуудангаар ирсэн. Мөн тус гэрээний долдугаар нүүрэнд дарагдсан тамга, гарын үсэг нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс эрүүгийн болон иргэний хэрэгт гарган өгч байгаа баримтуудад дарагдсан тамгатай яг адил байгаа нь энэ гэрээг Польшоос тамгалж ирүүлсэн болохыг нотолж байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дээрх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан ба гэрээний үүргийн биелэлттэй холбоотой иргэний хэрэг гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд “Ашид Адвокатс” ХХН-ийн зүгээс “Д” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн тоот, түүнд дагалдах Польшоос ирүүлсэн баримтууд дахь тамга нь гэрээнд дарагдсан тамга мөн байгааг харуулах үүднээс дээрх хэргийн баримтаас ирүүлсэн баримтын тамгыг гэрээний тамгатай харьцуулан харна уу гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Д” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32 181 197 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 745 020 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 582 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 318 855 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тунгалаг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд цахим хэлбэрээр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 5 дахь заалтаар талуудын хооронд аливаа маргаан гарсан тохиолдолд "Ошее Полске" ХХК-ийн оффис оршин байгаа газрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тохиролцсон байгааг эс үнэлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчиж шийдвэрлэсэн. Мөн талуудын хооронд үүссэн харилцааг "Худалдаж худалдан авах гэрээ" гэж буруу дүгнэж шийдвэр гаргасан. Хариуцагчийн зүгээс энэ бол "Хамтран ажиллах гэрээ" гэж үзэж байгаа бөгөөд нэг талаас "О" ХХК нь өөрийн бүтээгдэхүүнээ Монгол Улсын хэрэглэгчдэд танилцуулан борлуулалтын зах зээлээ нэмэгдүүлэх зорилгоор "Д" ХХК-г сонгож бараа бүтээгдэхүүнийхээ дээжээс явуулсан. Нөгөө талаас "Д" ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, тээврийн зардлыг төлж, реклам зар сурталчилгааг өөрийн зардлаар явуулж, тээвэрлэлт, хадгалалтын зардлыг гаргаж борлуулалт хариуцсан. Энэ нь талуудын хооронд харилцаж байсан цахим захидлуудаас тодорхой харагдаж байгаа.

Борлуулагч "Д" ХХК-н өөрийн зүгээс хүлээсэн бүх үүргээ зохих ёсоор биелүүлж борлуулалтаа хийж байсан. Харин үйлдвэрлэгч "О" ХХК бизнесийн түншдээ шударга, хүндэтгэлтэй хандаагүй. Монголыг дорой буурай орон гэж басамжилж байгаа мэт хугацаа дуусах дөхсөн бүтээгдэхүүнээ илгээсэн тул бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд хордлого өгч харшилсан талаар тамирчдаас гомдол гарсан тул борлуулагчид цаашид борлуулахаас түдгэлзэх болгоомжлол үүсч, борлуулагдаагүй асар их бүтээгдэхүүн агуулахад хураалттай байдалтайгаар 2016 оны 4 дүгээр сард Цагдаагийн байгууллагаас үзлэг хийхэд дүгнэгдэж, тоологдсон. Тэдгээр бүтээгдэхүүний хугацаа дууссан талаар фото зургаар бэхжүүлсэн үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан.

Хамтран ажиллах гэрээний дагуу үүргээ биелүүлж "Д" ХХК нь зохих ёсоор үйл ажиллагааны зардал гаргаж 40 000 000 төгрөг зарцуулсан боловч ямар ч ашиг олоогүй, бүтээгдэхүүн борлуулж чадаагүй тул нэхэмжилж буй бүтээгдэхүүний үнийг төлөхөөс татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээний зорилгодоо хүрч чадаагүй тул талууд алдагдлаа ч хамтран хүлээх ёстой тул бүтээгдэхүүний үнийг төлөхөөс татгалзах үндэслэлтэй болно.

Түүнчлэн нэхэмжлэгчээс төлөөлүүлэгчид олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан ба сүүлийн итгэмжлэлд зурагдсан гарын үсгүүд нь хэргийн 214, 218 дугаар талд авагдсан гарын үсгийн загваруудтайгаа нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй байхад шүүх төлөөлөгчийн төлөөлөх бүрэн эрхийг сайтар шалгаж нягтлахгүйгээр, гарын үсгийн шинжилгээ хийлгэх тухай хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан нийлүүлсэн барааны төлбөр 12 092,33 евро буюу 32 181 197 төгрөг, төлбөрийг хугацаандаа төлөөгүйн хохиролд 655,70 евро буюу 1 745 020 төгрөг, нийт 33 926 217 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн үндэслэлээ “бараа доголдолтойн улмаас борлогдоогүй, хугацаа дуусч устгалд оруулсан” гэж тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч   “О” ХХК-аас 8 нэр төрлийн 33 696 ширхэг 13 435,92 еврогийн үнэ бүхий спорт ундаа болон витаминжуулсан ундааг тээвэрлэгчээр дамжуулан хариуцагчийн хаягаар хүргүүлсэн нь зохигчдын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдсон ба хариуцагч “Д” ХХК уг барааг хүлээн авснаа үгүйсгэж маргаагүй.

Харин 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 25/03/2015/FEX дугаар үнийн нэхэмжлэхэд заасан 13 435,92 еврогоос 1 343,59 евро төлөгдсөнийг хасч, 12 092,33 еврог 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4/04/2015/KOFEX дугаартай үнийн нэхэмжлэхээр шаардсаныг төлөөгүйтэй холбоотойгоор талууд маргасан байна.

Хариуцагч “Д” ХХК нь 8 нэр төрлийн 33 696 ширхэг ундааг хүлээн авсан, нэхэмжлэхэд заасан үнийн талаар өөр санал гаргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар байгуулагдсанд тооцох бөгөөд гэрээний төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

Шүүх хуралдааны шатанд талууд бичгээр гэрээг харилцан илгээж баталгаажуулаагүй, харин цахим шуудангаар харилцаж байсан гэж хариуцагч тал тайлбарласан нь тэмдэглэлд тусгагдсан, мөн гэрээний саналыг эцсийн байдлаар тохиролцсон гэх 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн цахим шуудангийн мэдээлэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл дэх “гэрээ байгуулагдаагүй, зөвхөн хамтран ажиллах гэрээний төслийг хавсралтаар явуулсан гарын үсэггүй, тамга тэмдэггүй, ...баталгаажуулсан гэрээгээ явуулна уу” танай захиралтай ярилцана” гэсний агуулгыг харьцуулан үзвэл талууд гэрээний заалт бүрийг нэг бүрчлэн харилцан тохиролцож, бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй,  гэрээний саналыг цахим шуудангаар харилцан илгээж, санал солилцож гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцсон гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна

 Иймд бичгээр гэрээ байгуулагдаагүй, гэрээнд өөрөөр заасан гэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар барааг хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбоотой зардлыг худалдан авагч хариуцах үндэслэлтэй бөгөөд тээвэр, гаалийн татвар, ачилтын зардал гарсан гэж барааны үнийг төлөхөөс татгалзаж байгааг хүлээн авах боломжгүй. 

Мөн Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө худалдан авагчид шилжсэнээр эрсдэл мөн адил түүнд шилжих тул барааны хугацаа борлуулах явцад дууссан, эрүүл мэндэд сөрөг нөлөөлсөн талаар хэрэглэгчээс гомдол гарсан гэх үндэслэлээр татгалзал гаргаж байгаа нь үндэслэлгүй. 

Түүнчлэн аж ахуй эрхэлдэг худалдан авагчийн хувьд өөрийн гадаад худалдааны үйл ажиллагааны чиглэлээр эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй нь  Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2.1-т заасан шаардлага гаргах эрхээ алдах үндэслэл болно. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгчийн барааны үнэд шаардсан 12 092,33 еврог нэхэмжлэл гаргах үеийн монгол төгрөгтэй харьцах албан ёсны ханш 2 661,29 төгрөгөөр тооцож 32 181 197 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх худалдагчийн шилжүүлсэн барааг худалдан авагч хүлээн авснаар гэрээ хийгдсэн гэж үзэж, төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Шүүх талуудын хооронд бичгээр гэрээ хийгдээгүй, төлбөр төлөх хугацааг бичгээр харилцан тохиролцоогүй гэж дүгнэн хохиролд нэхэмжилсэн 1 745 020 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь  зөв боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэйг үндэслэн гаргасан уг шаардлагыг гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор шаардаж болох хохирлыг тодорхойлсон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь оновчгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Иймд уг алдааг залруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/02515 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ