Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/793

 

   

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч А.Алтангэрэл, хохирогч Э.Төгөлдөр, шүүгдэгч П.Эрдэнэбаялаг, түүний өмгөөлөгч Г.Нямдалай, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Харчин овогт Пунцагийн Эрдэнэбаялагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210020841139 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58-20 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Харчин овогт Пунцагийн Эрдэнэбаялаг/ РД: ИУ84101119/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.Эрдэнэбаялаг нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 10 дугаар гудамжны 221 тоот хашааны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Төгөлдөртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зодож, бүсэлхий, баруун өгзөгт шарх, нуруунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Хохирогч Э.Төгөлдөр: “...Тухайн өдөр машин аваад гаръя гэснээс болж маргаан үүссэн. Эрдэнэбаялагт машинаа холдуулж бай, би том машинаа тавиад жижиг машинаа аваад гаръя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж зодолдоод бид хоёр салаад намайг цааш явж байхад араас ирээд хоёр гурван удаа хатгасан. Би хутга гэж мэдээгүй, цаашаа явж байхад нил цус болсон байсан. Хутгаар хатгасан гэдгийг эмнэлэг дээр очиж мэдсэн. Одоо биеийн байдал хэвийн байгаа. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

          Шүүгдэгч П.Эрдэнэбаялаг: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлын 200,000 төгрөг төлөхөөр бэлэн аваад ирсэн байгаа, хохирол өгмөөр байна...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Э.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн хувийн 30-81 УБР улсын дугаартай Субару загварын тээврийн хэрэгслээ урд нь хамт ажиллаж байсан Эрдэнэбаялаг ахын хашаанд тавьсан байсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай найзын төрсөн болоод би тэнд хоёр лааз пиво уусан, ...орой 19 цаг өнгөрч байхад ганцаараа тэндээс гараад явсан. Том автомашинтай таньдаг ах тааралдаад хүргэж өгөөд шууд буцаад явсан. Эрдэнэбаялаг ахын хашаанаас өөрийн машиныг авахаар очсон, би бага зэрэг пиво уусан байсан болохоор дуудлагын жолооч дуудаад явна гэж бодож байсан. Намайг очиход Эрдэнэбаялаг ах хашааныхаа гадаа өөрийнхөө машины жолоочийн суудал дээр суучихсан согтуу утсаар яриад байсан. Тэгэхээр нь ахаа та машинаа холдуулчхаач гэхэд утсаар яриад байсан, ...хүлээгээд зогсож байсан чинь удалгүй утсаар ярьж дуусаад машинаасаа бууж ирээд үгийн зөрүүгүй над руу дайраад байхаар нь “та яагаад байгаа юм” гээд намайг зуураад авахаар нь би хоёр гараараа тэврээд газар унагаасан чинь биеийнхээ зүүн талаар машин шүргээд газар унасан. Тэгээд бид хоёр газар дээр доороо ороод зууралдаад нэг нэгнийгээ гараараа цохисон. Би шууд босоод “ахаа, та одоо боль оо” гээд алхаад явж байсан чинь араас ирээд 2-3 удаа цохих шиг болохоор нь эргээд харахад Эрдэнэбаялаг ах байсан бөгөөд “та яагаад байгаа юм бэ” гэхэд “чамайг ална шүү” гээд дайраад байхаар нь би гүйгээд холдоод явсан. Алхаад явж байсан чинь халуу дүүгээд байхаар нь харсан чинь өмд цус болсон байсан бөгөөд нэг танихгүй эрэгтэй хүн тааралдаад “ахын дүү чи зүгээр үү, цус алдаад байгаа юм биш үү” гэсэн. ...Миний өгзөгт хоёр газарт нийт 10 оёдол тавилаа гэж эмч хэлсэн, эмнэлэгт 7 хоноод гарсан, одоо миний биеийн байдал гайгүй, эмчилгээгээ хийлгээд явж байгаа юм...” /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ц.Тунгалаг мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 16-ны өглөө гэрээсээ гараад явсан бөгөөд өдөр над руу манай хүү Төгөлдөр залгаад Яармаг гараад Баялаг ахын хашаанаас жижиг машинаа аваад очно гэж хэлсэн. Тэгээд манай хүү ирээгүй бөгөөд би гэртээ амарч байгаад 22 цагийн цагийн орчим хүү Төгөлдөр рүү залгаад ирэх болж байгаа юм уу гээд асуусан чинь хутгалуулсан байдалтай Цэргийн төв эмнэлэг дээр байна гэсэн бөгөөд бид нар шууд очоод эмнэлэгт хэвтүүлсэн юм...” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Т.Отгон мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ “...Нөхөр хэлэхдээ хашааны гадна машиндаа айраг ууж байсан, бага зэрэг согтоод сууж байсан Төгөлдөр Гантөмөрийн машиныг унаж ирээд “ах машинаа холдуулчих Гантөмөрийн машиныг оруулаад хашаанаас чинь өөрийнхөө машиныг авъя” гэж хэлсэн гэсэн. Нөхөр “машин асахгүй хүлээж бай” гээд утсаар яриад сууж байхад “хурдал аа ахаа” гэхээр нь “байж байгаач” гээд бид хоёр маргалдаад хоорондоо зодолдсон. Тэгээд би Төгөлдөрийг нэг юмаар бөгс рүү нь хатгасан чинь зугтаад явсан. Төгөлдөр Гантөмөрийн машины багажийг ухаж байгаад нэг төмөр шиг юм гартаа барихаар нь булааж аваад бөгс рүү нь хатгасан гэж хэлсэн...” /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.Гантөмөр мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ “...2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ...Төгөлдөр бид хоёр 0,5 литрийн нэг шил архи 1 ширхэг 2,5 литрийн савлагаатай пиво аваад голын эрэг дээр 11 цагийн үед миний автомашинтай очсон. ...Тэгээд би архи дарс уугаад хоол унд идээд сууж байсан чинь согтоод машины арын орон дээр унтсан байсан. Унтаж байхад хүн орилоод байхаар нь гайхаад босоод ирсэн чинь Эрдэнэбаялаг ахын хашааны гадаа машинтайгаа унтаж байсан, ...би машинаас буугаад ирсэн чинь Эрдэнэбаялаг ах “би Төгөлдөрийг хутгалчихлаа” гэхээр нь, би гайхаад та юу яриад байгаа юм бэ гээд сайн харсан чинь хоёр гар нь цус болсон байдалтай, гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан. Би өөрийн утсаар Төгөлдөрийн гар утас руу залгасан чинь би гудамжинд явж байна гэхээр нь машинаа үлдээгээд араас гүйгээд очиход хувцас нь цус болсон байхаар нь би 103-т дуудлага өгөөд эмч ирээд би хамт Цэргийн эмнэлэг рүү хамт явсан юм...” /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч П.Эрдэнэбаялаг мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би 20 литр айраг худалдаж аваад ганцаараа машиндаа ууж байсан чинь 14 цагийн үед танил дүү Төгөлдөр том оврын Гантөмөрийн автомашиныг барьчихсан бага зэргийн халамцуу ирсэн. Төгөлдөр намайг “та машинаа холдуулчих, энэ машиныг оруулчихъя” гэхээр нь би “утсаар ярьж байна, хүлээж бай” гэж хэлсэн. Тэгсэн уурлаад “машинаа холдуулчхаач” гээд миний хувцаснаас татахаар нь би машинаас түлхүүрээ бариад буугаад бид хоёр зууралдаад газар унаад нэг нэгнийгээ гараараа цохисон, миний зүүн хөмсөг бага зэрэг шалбарсан. Бид хоёр зууралдаж байгаад босоод ирсэн чинь Төгөлдөр том оврын автомашин руу алхаад явсан, араас нь дагаад харсан чинь Гантөмөрийн машины жолооч талын гадна багаж хэсгийг ухаад зогсож байхаар нь дөхөж очиход гартаа нэг зүйл барьчихсан байсан, сайн анзаараагүй, би тэрийг нь аваад бөгс хэсэг рүү нэг, хоёр удаа хатгасан. Тэгсэн Төгөлдөр зугтаад явсан юм. Тэгээд би Гантөмөрийг сэрээгээд “бос энэ машин тэргээ аваад эндээс яв. Төгөлдөр намайг зодлоо” гэхэд бараг эрүүл шахуу болчихсон машинаа унаад явсан. Ийм зүйл болсон...” /хавтаст хэргийн 140 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №11452 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Э.Төгөлдөрийн биед бүсэлхий, баруун өгзөгт шарх, нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, зулгаралт цус хуралт гэмтэл нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл.

3. Шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зулгаралт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 42-43 дахь тал/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №2463 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 2. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цамцны ар талд 25мм, хөх алаг богино өмдний ар талд 62мм, хөх өнгийн дотоожны урд талд 38х35мм, ар талд 12 мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд үүссэн 25мм, дотоожинд үүссэн 12мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд, дотоожинд үүссэн 38х35мм хэмжээтэй гэмтэл нь гогодож татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гогдолт, хөх алаг богино өмдөнд үүссэн 62мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна. Богино өмдөнд үүссэн урагдалт хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй.

4. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй...” /хавтаст хэргийн 55-60 дахь тал/ гэсэн, 

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн №4083 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн хутгалуулах үедээ өмсөж байсан гэх хувцаснууд нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Дээрх хувцаснууд дээр цус илэрсэн, шүлсний ул мөр илрээгүй. “D&C under wear” гэсэн бичигтэй, хөх цэнхэр өнгийн дотоож дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн, бусад хувцаснууд дээр үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй.

3. Хохирогчийн хутгалуулах үедээ өмсөж байсан гэх “EVISU” гэсэн шошготой, цагаан өнгийн урт ханцуйтай цамц, номин ногоон цагаан өнгийн оруулгатай, хөх өнгийн богино шорт, “D&C under wear” гэсэн бичигтэй, хөх цэнхэр өнгийн дотоож дээр цус илэрсэн. “D&C under wear” гэсэн бичигтэй, хөх цэнхэр өнгийн дотоожны урд хэсгээс үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн.

4. Дээрх хувцаснууд дээр илэрсэн цус, үрийн шингэн эр бэлгийн эс нь хүнийх байна.

5. Хохирогчийн хутгалуулах үедээ өмсөж байсан гэх хувцаснууд дээр үүссэн биологийн ул мөр хэзээ үүссэн болохыг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй.

6. Хохирогчийн хутгалуулах үедээ өмсөж байсан гэх “EVISU” гэсэн шошготой, цагаан өнгийн урт ханцуйтай цамц, номин ногоон цагаан өнгийн оруулгатай, хөх өнгийн богино шорт, “D&C under wear” гэсэн бичигтэй, хөх цэнхэр өнгийн дотоож дээр илэрсэн цус нь A(II) бүлгийн харьяалалтай байна. Илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харьяаллыг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй...” /хавтаст хэргийн 69-72 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, 

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,

- Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

- Хохирогч Э.Төгөлдөрийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

- Шүүгдэгч П.Эрдэнэбаялагийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

- Шүүгдэгч П.Эрдэнэбаялагийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/, шүүгдэгчийн садан төрлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 80-82 дахь тал/, шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 126-128ж  дахь тал/,шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хавтаст хэргийн 89 дэх тал/, жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 90 дэх тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 91 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 94 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 96-98 дахь тал/, зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч П.Эрдэнэбаялаг нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 10 дугаар гудамжны 221 тоот хашааны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Төгөлдөртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зодож, бүсэлхий, баруун өгзөгт шарх, нуруунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Төгөлдөрийн “...2022 оны 08 дугаар сарын 16-ны орой ...19 цаг өнгөрч байхад ганцаараа Эрдэнэбаялаг ахын хашаанаас өөрийн машиныг авахаар очсон. Би бага зэрэг пиво уусан байсан болохоор дуудлагын жолооч дуудаад явна гэж бодож байсан. Намайг очиход Эрдэнэбаялаг ах хашааныхаа гадаа өөрийнхөө машины жолоочийн суудал дээр суучихсан согтуу утсаар яриад байсан. Тэгэхээр нь ахаа та машинаа холдуулчхаач гэхэд утсаар яриад байсан, ...хүлээгээд зогсож байсан чинь удалгүй утсаар ярьж дуусаад машинаасаа бууж үгийн зөрүүгүй над руу дайраад байхаар нь “та яагаад байгаа юм” гээд намайг зуураад авахаар нь би хоёр гараараа тэврээд газар унагаасан чинь биеийнхээ зүүн талаар машин шүргээд газар унасан. Тэгээд бид хоёр газар дээр доороо ороод зууралдаад нэг нэгнийгээ гараараа цохисон. Би шууд босоод “ахаа, та одоо боль оо” гээд алхаад явж байсан чинь араас 2-3 удаа цохих шиг болохоор нь эргээд харахад Эрдэнэбаялаг ах байсан бөгөөд “та яагаад байгаа юм бэ” гэхэд “чамайг ална шүү” гээд дайраад байхаар би гүйгээд холдоод явсан...” /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ гэсэн, гэрч Т.Отгоны “...Нөхөр хэлэхдээ ...Төгөлдөр Гантөмөрийн машины багажийг ухаж байгаад нэг төмөр шиг юм гартаа барихаар нь булааж аваад бөгс рүү нь хатгасан гэж хэлсэн...” /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ гэсэн, гэрч Г.Гантөмөрийн “...2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ...унтаж байхад хүн орилоод байхаар нь гайхаад босоод ирсэн чинь Эрдэнэбаялаг ахын хашааны гадаа машинтайгаа унтаж байсан, ...би машинаас буугаад ирсэн чинь Эрдэнэбаялаг ах “би Төгөлдөрийг хутгалчихлаа” гэхээр нь, би гайхаад та юу яриад байгаа юм бэ гээд сайн харсан чинь хоёр гар нь цус болсон байдалтай, гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан...” /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ гэсэн, шүүгдэгч П.Эрдэнэбаялагийн “...2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ...бид хоёр зууралдаж байгаад босоод ирсэн чинь Төгөлдөр том оврын автомашин руу алхаад явсан араас нь дагаад харсан чинь Гантөмөрийн машины жолооч талын гадна багаж хэсгийг ухаад зогсож байхаар нь дөхөөд очиход гартаа нэг зүйл барьчихсан байсан сайн анзаараагүй, би тэрийг нь аваад бөгс хэсэг рүү нэг, хоёр удаа хатгасан. Тэгсэн Төгөлдөр зугтаад явсан юм. Тэгээд би Гантөмөрийг сэрээгээд “бос энэ машин тэргээ аваад эндээс яв. Төгөлдөр намайг зодлоо” гэхэд бараг эрүүл шахуу болчихсон машинаа унаад явсан. Ийм зүйл болсон...” /хавтаст хэргийн 140 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №11452 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Э.Төгөлдөрийн биед бүсэлхий, баруун өгзөгт шарх, нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, зулгаралт цус хуралт гэмтэл нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зулгаралт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хавтаст хэргийн 42-43 дахь тал/ гэсэн дүгнэлт, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8 дахь тал/, хохирогч Э.Төгөлдөрийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Э.Төгөлдөрийн эрүүл мэндэд учирсан “...бүсэлхий, баруун өгзөгт шарх, нуруунд зулгаралт, цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч П.Эрдэнэбаялагийн түүнийг цохисон, ир үзүүртэй зүйлээр хатгасан үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.Эрдэнэбаялагийн хохирогч Э.Төгөлдөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Эрдэнэбаялагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч П.Эрдэнэбаялагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай нагийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх ялыг багасгаж хуульд заасан хамгийн багаар буюу 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож өгнө үү гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч П.Эрдэнэбаялаг нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Төгөлдөрийн эрүүл мэндэд бүсэлхий, баруун өгзөгт шарх, нуруунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, шүүхийн шатанд шүүгдэгч П.Эрдэнэбаялаг 200,000 төгрөг төлсөн, хохирогч Э.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилнэ гэсэн боловч өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлээсээ татгалзаж, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210020841139 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.Эрдэнэбаялаг энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Төгөлдөр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харчин овогт Пунцагийн Эрдэнэбаялагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пунцагийн Эрдэнэбаялагийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч П.Эрдэнэбаялагт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эрдэнэбаялаг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210020841139 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.Эрдэнэбаялагт энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Э.Төгөлдөр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Эрдэнэбаялагт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эрдэнэбаялагт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР