Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/164

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,                     

              Улсын яллагч Н.Энхтулга,

              Хохирогч Г.Д,

              Шүүгдэгч Ё.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ёгийн Бд холбогдох эрүүгийн 2238000000145 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Шүүгдэгч Ё.Б нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тэвхэн худалдааны төвд хохирогч Г.Дтай хувийн  таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд нь хамар болон зүүн гайморын хөндийд хугарал, хоолой, хэвлийн хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000145 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Ё.Б нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тэвхэн худалдааны төвд хохирогч Г.Дтай “ажлаа хийхгүй, ажлын байранд архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүр лүү гараараа цохих, хөлөөрөө дэвсэх, цамцаар  хоолойг боох зэргээр түүний  эрүүл мэндэд хамар болон зүүн гайморын хөндийд хугарал, хоолой, хэвлийн хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Бгийн өгсөн: “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,  

              шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Дын өгсөн: “Урд өдөр нь манайд хөдөөнөөс хүмүүс ирээд архи уусан байсан. Өглөө нь ажилдаа очихдоо бага зэрэг согтуу байсан. Б намайг ажлаа хийхгүй хаашаа пизда вэ гэхээр нь урдаас нь маргалдсан. Одоо эмчилгээний зардлаа барагдуулж авна. Тархины хуучин гэмтэл сэдэрсэн, мэдэрлийн эмчийн хяналтад байх шаардлагатай гэсэн. Хавтаст хэрэгт хохиролтой холбоотой баримтыг өгсөн байгаа” гэх мэдүүлэг,  

              мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Дын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 09 цагт ажилдаа очсон. Ажилдаа очиход доод подвалын бүргэд хаалга суулга гэж захирал Ц хэлсэн. Дундуур нь дэлгүүрийн бараа зөөж өдөр өнжөөд, оройн 17 цагийн үед дээшээ гараад бараа зөөгөөд эргээд ороод ирэхэд Б гэдэг хүн ирчихсэн. Ажлаа хурдан хийхэд яадаг пизда вэ гэхээр ажлаа хийж л байна шдээ гэсэн. Тэгсэн шууд намайг зүүн талын хацар хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Шалан дээр унахад толгой руу хөлөөрөө 2 удаа дэвссэн. Намайг цохиход толгой манараад шалан дээр унасан болохоор хэдэн удаа дэвснийг нь сайн санахгүй байна. Лав л хоёр удаа дэвссэн. Тэгээд босоод ирэхэд араас цамцаар хоолой боож татсан. Тэр үед хамраас цус гараад тогтохгүй болохоор нь дэлгүүрээс гадаа гараад өөрийн охин Отгонгоо руу утсаар ярьж намайг ирж аваарай, намайг хүн зодчихлоо, цус тогтохгүй байна гэж хэлсэн. Тэр үед Ц захирал дэлгүүрээс гарч ирээд намайг угаалтуурын өрөө рүү оруулж нүүрний цусыг угаасан. Цустай хувцсыг тайлж аваад энд угаалгаж өгнө гээд ажлын хөх цамц, хувцсыг авч үлдсэн. Таны цус тогтсон одоо зүгээрээ та гэртээ харьж амраад маргааш ажилдаа ирээрэй гэж хэлээд, мөнгө төгрөг хэрэгтэй бол бид нар өгнө гэж хэлсэн. Тэгээд охин ирэхээр нь гэртээ харихад хамрын цус дахиад гарч, толгой эргэж 2-4 минут ухаангүй болсон гэсэн. Тэр үед манай хүүхдүүд эмнэлэгт дуудлага өгсөн байсан. Дуудлагын эмч нь эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь эмнэлэгт очиж үзүүлж шинжилгээ өгөхөд тархи бяцарсан, зүүн талын хацрын яс цөмөрсөн, хамрын яс хугарсан, хамрын сувагт их хэмжээний цус хуралтсан гэсэн онош тавьсан. Одоо эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийнэ гэж хэлсэн... Намайг хаалгаа суулгах гэж байхад хаалгаа хурдан хийсэнгүй гэснээс болж л шууд намайг цохисон. Би цохиулаад шалан дээр унахдаа баруун гар талаараа унасан. Шалан дээр унахад толгой манараад байсан. Одоо санахад толгойн зүүн шанааны дээд хэсэг рүү хөлөөрөө дэвссэн. .. тэгээд босоод ирэхэд араас өмсөж явсан хувцасны захаар боосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

              гэрч Б.Мын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажлын байранд Д ахтай подволын өрөөний агуулахын хаалга янзалж байсан. Д ах хаанаас архи уугаад явсныг мэдээгүй. Үнэртүүлээд л явсан. Д ах бид хоёр тэр хаалгыг тэр өдөртөө дуусгахгуй бол болохгүй байсан. Манай хүн Д ажлаа хийж өгөхгүй тэрүүгээр яваад л архи үнэртүүлээд архи уугаад согтоод яваад байсан болохоор Б ах ирчихсэн нөгөө өрөөний засах хаалгыг янзалж байсан. Ариун цэврийн өрөө орчихоод буцаад ирж байхад Д ах ирчихсэн, Б ахын хажууд нэлээн согтчихсон зогсож байсан. Тэгээд байж байсан чинь Б ах Д ахад хандаж чи яагаад ажлын байран дээр” архи уугаад байгаа юм бэ” гэж хэлэхэд Д ах “чамд ямар хамаатай юм, ална шүү гөлөг минь” гэж хэлэхэд тэр хоёр хоорондоо маргалдсан. Б ах боолт чангалах гээд бахь аваад ир гэхээр нь бахиа аваад буцаад ирэхэд Д ах Б ахыг толгойноос нь татаж байснаа шал руу унагаахад Б ах буцаж босож ирснээ Д ахыг доороо дараад хөдлөхгүй, өчиж байгаа юм шиг суучихсан байсан. Б ах дээрээс нь дараад суучихсан байхдаа эхэлж Д ах цохичихсон болохоор гуя хэсэг рүү нь ганц нэг цохиод байсан. Тэгээд л тэр хоёр босож ирээд хоорондоо хэрэлдээд байсан. Д ах пиздаа минь чи намайг дийлэхгүй шүү, хоёулаа шүүх дээр уулзъя гээд л хэрэлдээд өрөөнөөс гарсан. Тэр хоёр чинь угаасаа хоорондоо барилцаж аваад шалан дээр өнхөрөөд л байсан. Би салгах гэхээр нь салахгүй хоорондоо зууралдаад байсан. Баяндаа ах эрүүл байсан болохоор Б ахыг салгаад авчихаж байгаа юм. Д ах нэлээн согтуу байсан болохоор салж өгөхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/,

              гэрч Д.Угийн өгсөн: “...Би Д гэх хүний төрсөн охин нь байгаа юм. Манай төрсөн дүү Отгонгоо над руу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 18 цаг 20 минутын үед над руу залгаад аав хүнд зодуулчихсан байна. Цус нь тогтохгүй байна гэнээ гэхээр нь дүүтэйгээ Мөрөн сумын 6 дугаар багт уулзаад шууд Тэвхэн худалдааны төв орсон. Тэгээд Тэвхэн дээр очсон чинь манай аав Д хүзүү хоолой руу нь цус урссан байдалтай Тэвхэн худалдааны төвийн гадна талд үүдэн дээр нь зогсож байсан. Би юу болсон талаар нь ааваас асуусан чинь хэн зодсонг дотогшоо ороод асуу гэж хэлсэн. Тэгэхээр нь дотогшоо орсон чинь эмэгтэй захирал Ц гэдэг хүнтэй тааралдсан. Ц захиралаас би аавыг хэн зодчив гээд асуусан чинь нэг эрэгтэй ажилтандаа хандаж Баянааг энэ охинд заагаад өг гэж хэлсэн. Би тэр хүнийг нь дагаад Подваль руу нь ороход 40 гаран насны болтой нэг эрэгтэй хүн байсан. Тэр эрэгтэй хүнээс би манай аавыг та зодсон юм уу, яагаад зодчихвоо гээд асуухад “аав чинь гөлөг пизда” гээд намайг доромжлоод байсан болохоор би өөрийгөө доромжлуулж чадахгүй, аавыг чинь зодсон юм гэж хэлсэн. Тэр хүнийг харахад гар нь шалбараад нэлээн цус болсон байдалтай байсан. Би “та эрүүл байж гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгч болдоггүй юм уу” гэхэд хэнэг ч үгүй дээгүүр хараад юм хийгээд байсан. “Одоо таныг өгдөг газарт чинь өгье, бид нарыг дараад яв” гэж хэлсэн чинь тоохгүй байхаар нь манайд үү Отгонгоо юм өрөмдөж байгаа залгуурыг нь салгаад “та бид нартай яваад цагдаа дээр очоод юу болсон шалтгаанаа тайлбарлаж өгөх хэрэгтэй байна” гэхэд “та 2 одоо барьж идэхнээ над руу дайраад байх шаардлага байхгүй, би явахгүй” гэж хэлээд тоохгүй байсан. Манай дүү бид хоёр подволоос дээшээ гарч ирэхэд захирал тэр хүний мэдээллийг надаас авчих гэхээр нь тэр хүний нэрийг асуухад Баяндалай гэж хэлээд утасны дугаарыг нь өгсөн. Анх очиход Тэвхэн худалдааны төв рүү ороход шалаар нь дүүрэн цус болсон байсан. Ц захирал нь манай аавын цусыг нь угааж өгөнгөө янз бүрийн асуудал гарах юм бол бид нар төлөөд өгчихье, маргааш ажилдаа хүрээд ирээрэй гэж аавд маань хэлсэн байсан. Тэгээд дүү бид хоёр аавыгаа гэр рүүгээ аваад харьсан. Орой толгой өвдөөд унтаж чадахгүй байна гэхээр нь аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр аваачиж үзүүлэхэд хацарны яс цөмөрсөн, хамар нь муруйж цус хурсан, яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 211 дугаартай: “...Г.Дын биед хамар болон зүүн гайморын хөндийд хугарал, хоолой, хэвлийн хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Г.Дын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

              Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 тал/,

              Шүүгдэгч Ё.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцсан. Санал нийлж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Д, гэрч Б.Ма, Д.У нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 211 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ё.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ё.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тэвхэн худалдааны төвд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Г.Дтай “ажлаа хийхгүй, ажлын байранд архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүр лүү гараараа цохих, хөлөөрөө дэвсэх, цамцаар  хоолойг боох зэргээр түүний  эрүүл мэндэд хамар болон зүүн гайморын хөндийд хугарал, хоолой, хэвлийн хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Дын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ё.Бгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч Ё.Бгийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ё.Бгийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ё.Б Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тэвхэн худалдааны төвд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Г.Дтай “ажлаа хийхгүй, ажлын байранд архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүр лүү гараараа цохих, хөлөөрөө дэвсэх, цамцаар  хоолойг боох зэргээр түүний  эрүүл мэндэд хамар болон зүүн гайморын хөндийд хугарал, хоолой, хэвлийн хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ё.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр эмчилгээ, оношилгоо болон ажилгүй байсан үеийн цалинг нэхэмжилж, мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3.298.555 төгрөгийг нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад хохирогч Г.Д нь хэрэгт 1.647.664 төгрөгийн баримтыг хэрэгт хавсарган ирүүлж, ажилгүй байсан хугацааны цалин 500.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад хохирогчийн эмчилгээ оношилгоотой холбоотой зардалд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 203.100 төгрөгийн баримт, Хот хоорондын нийтийн тээврийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Г.Дын 52.800 төгрөгийн НӨАТ-ын баримт, Хөх туг фарм ХХК-ийн 61.500 төгрөгийн НӨАТ-ын баримт, Өлзийдэн ХХК-ийн 98.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Тавин ус ХХК-ийн 52.260 төгрөгийн НӨАТ-ын баримт, Ник ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 61.009 төгрөгийн НӨАТ-ын баримт, Ник ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 75.995 төгрөгийн НӨАТ-ын баримт, Ник ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 37.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Зургаанталт зочид буудлын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 360.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, нийт 1.001.664 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Ё.Бгаас гаргуулах нь зүйтэй гэж  үзэв.

Хохирогч Г.Дын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны цалин 500.000 төгрөгийн хохирол нь нотлох баримтгүй, эм, эмчилгээтэй болон замын зардалтай холбоотой Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 580.000 төгрөг гэх баримт, Хот хоорондын нийтийн тээврийн Д.Наранчимэгийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 52.800 төгрөгийн НӨАТ-ын баримт, Мэрчант гэх 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 13.200 төгрөгийн НӨАТ-ын баримт буюу нийт 646.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирогч Г.Дын Хот хоорондын нийтийн тээврийн Д.Наранчимэгийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 52.800 төгрөгийн НӨАТ-ын баримт, Мэрчант гэх 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 13.200 төгрөгийн НӨАТ-ын баримт буюу нийт 66.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  ажилгүй байсан хугацааны цалин 500.000 төгрөг болон эмчилгээтэй холбоотой Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 580.000 төгрөгийн баримт буюу нийт 1.080.000 төгрөгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ё.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ё.Бгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ё.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ё.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 45-48 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Худалдаа үйлчилгээний “Хөвсгөл тэвхэн” ХХК-ийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч Ё.Б нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 04-09 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Ё.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ё.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ё.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Б.Ханбүргэдэд даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Т овогт Ёгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Т овогт Ёгийн Бг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Бд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай. 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    .      

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Г.Дын нэхэмжлэлийн шаардлагаас 66.000 /жаран зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ё.Бгаас 1.001.664 /нэг сая нэг мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Дт олгож, хохирогч нь олох ёстой орлого 500.000 /таван зуун мянга/ төгрөг болон эмчилгээний зардал 580.000 /таван зуун наян мянга/ төгрөг нийт 1.080.000 /нэг сая наян мянга/ төгрөгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

              6. Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Б.Ханбүргэдэд даалгасугай.

              7. Энэ хэрэгт шүүгдэгч Ё.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              8. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН