Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/165

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,                     

              Улсын яллагч Г.Чанцалдулам,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ог,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

              Шүүгдэгч П.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пийн Хт холбогдох эрүүгийн 2238000000131 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Шүүгдэгч П.Х нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах С дэлгүүрийн орчим 13 настай Б.Тгийн цүнхийг авахаар хүч хэрэглэж довтолж, дээрэмдэн авч, хохирогчид 92.150 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000131 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.  

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим  13 настай  Б.Т, Э.Зт, А.Д нар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 15 дугаар гудамжинд байрлах “ус түгээх байр №23” хаягтай худгийн ойролцоо явж байхад шүүгдэгч П.Х нь архи согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ 13 настай Б.Тгийн цүнхнээс барьж авч,  түүний нүүрэн тус  газарт нь  гараараа цохих,  нуруу хэсэг рүү нь хөлөөрөө  өшиглөх зэргээр хүч хэрэглэн довтолж,  улмаар  үүрч явсан цүнхийг нь дээрэмдэн авч, хохирогчид 92.150 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Хын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна...” гэх мэдүүлэг,  

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ог өгсөн: “...Гомдолтой байна. Хүү маань зүгээр байсан. Одоо нуруу нь өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг,

              мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутын үед Гурван-Эрдэнэ сургуулиас гараад Мөрөн сумын 9 дүгээр багийн С дэлгүүрийн хажуу талд байдаг Мөрөн дэлгүүр рүү найз Зт, А.Д нарын хамтаар хурууны боолт авах зорилгоор явж байх замд араас Монгол шовгор малгайтай, цэнхэр өнгийн дээлтэй, мөнгөн бүстэй танихгүй ах араас дуудсан. Тэр ахыг дуудахаар нь урд яваа хүнийг дуудаж байгаа юм байна гэж ойлгоод тоохгүй дэлгүүр рүү явж байхад тэр ах гэнэт миний араас ирснээ цүнхнээс маань бариад авсан. Би тэр ахыг бариад авахаар нь эргээд харсан чинь шууд миний баруун талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би тэр ахад цохиулаад шууд газарт унасан. Намайг газарт унасан байхад тэр ах миний цамцны малгайнаас татаж босгож ирснээ нуруу хэсэг рүү маань хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Ингэж өшиглүүлэх үед би үүрч явсан цүнхээ газарт унагаасан. Би тухайн үед үүрч явсан цүнхээ хаяад тэр чигээрээ цаашаагаа буюу С дэлгүүрийн чигт зугтсан. Тэгэхэд тэр ах миний цүнхийг газраас авснаа намайг зайл гэж хэлээд тухайн гудамжинд байсан хашаа руу орсон. Би тэр ахыг хашаа руу яваад орчихоор нь араас нь дагаж очоод ахаа цүнхээ авъя гэж хашгирахад “цүнхийг чинь өгөхгүй гэж хэлснээ газраас чулуу аваад бид нар руу нүүлгэсэн, мөн тэр ах чулуу шидэж байхдаа З гээд найзыг маань гар утсаа өг” гэж хэлээд араас нь хөөгөөд байсан. Тэр ах миний цүнхийг орсон хашааныхаа гэрийн дээд талд тавьсан байсан. Тэр ах миний цүнхийг өгөхгүй болохоор нь найзуудынхаа хамтаар С дэлгүүрийн тийшээ очсон. Тэгэхэд тэр ах бид нарын араас дагаад л байсан. Тэр ах бид нарыг дагаад байхаар нь айсандаа Мөрөн дэлгүүрийн Үсчинд орж байж байхдаа өөрийнхөө утсаар цагдаагийн газрын 7038102 тоот утсанд дуудлага өгсөн. Бид нарыг Үсчин дотор байхад нөгөө ах Үсчиний урдуур гараад Оргил дэлгүүрийн урд талын гудамжаар ороод явчихсан. Би Үсчин дотор байхдаа хойд аав болох Б рүүгээ залгаж хэлсэн. Аав маань тухайн үед маш хурдан ирсэн. Би аавыг ирэхлээр нь нөгөө ахын явсан газрыг зааж өгсөн. Аав тухайн үед машинтайгаа тэр ахын араас Үсчин дотор байсан нэг эгчийн хамтаар явсан. Аавыг явсан хойгуур цагдаагийн газрын хүмүүс ирсэн. Цагдаагийн газраас хүмүүс ирээд удаагүй байхад аав нөгөө ахыг машиндаа суулгасаар ирсэн.... Цүнхэн дотор байсан зүйлүүд маань бүрэн байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

              Гэрч Н.Огийн өгсөн: “... Би тухайн үед ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан. Намайг ажил дээрээ байхад миний нөхөр Б над руу залгаад: “хүүхэд маань хүнд зодуулаад дээрэмдүүлсэн байна, би тэр хүний араас нь очиж авах гээд явж байна” гэж хэлсэн. Би үүнийг сонсоод тэвдэж сандраад байж байсан. Удалгүй нөхөр Б маань над руу залгаад “би нөгөө хүнийг нь бариад авчихсан, нөгөө хүнийг цагдаагийн алба хаагч нар саатуулаад цагдаагийн газарт авчирсан байна” гэж хэлсэн. Би ажлаасаа шууд цагдаагийн газарт явж очсон. Намайг цагдаагийн газарт ирэхэд нөгөө хүнийг маань эрүүлжүүлэх рүү оруулж байсан. Би тухайн үед хүүгээсээ юу болсон талаар асуухад хүү маань “тэр ах араас дуудаж байснаа гэнэт хүрч цохиж унагаагаад цүнхийг маань булаагаад авсан, нуруу жийсэн” гэж хэлж байсан.. Хүүхдийг маань зодож дээрэмдсэн этгээдэд хуулийн дагуу хариуцлага ноогдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

              Гэрч Г.Бгийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн үед байхаа /яг цагийг нь нарийн сайн санахгүй байна/ би Мөрөн сумын 9-21-02 тоот хашаанд хүний машин янзалж байсан юм. Тэр үед миний хүү Т над руу залгаад: “С дэлгүүрийн энд хүнд зодуулаад цүнхээ дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хийж байгаа ажлаа орхиод Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах С дэлгүүр дээр өөрийнхөө ачааны машинтайгаа явж очсон. Очоод хүү Ттэйгээ уулзаад юу болсон талаар асуухад: “намайг дээрэмдсэн хүн, тэр гудамж руу ороод явчихлаа” гэж зааж өгсөн. Тэгэхээр нь би тэр хүний араас ганцаараа машинтайгаа явсан. Хүүгийнхээ зааж өгсөн гудамжаар ороод явахад тухайн гудамжинд дээгүүрээ ягаан өнгийн дээлтэй, мөнгөн бүстэй, толгойдоо бөхийн шовх малгайтай, 50 орчим настай хүн явж байхаар нь тэр хүнийг зогсоогоод машиндаа суулгаад буцаад С дэлгүүрийнхээ тийшээгээ очсон. Намайг буцаад С дэлгүүр очиход цагдаа нар ирж таарсан. ... Цагдаа нар тухайн хүнээс хүүгийн маань цүнхийг асуухад гэрт байгаа, очоод аваад өгье гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн хүмүүс тухайн хүнээс миний хүүгийн цүнхийг хүлээж аваад, цагдаагийн газарт авчирч үзлэг хийчхээд бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

              Насанд хүрээгүй гэрч Э.Зтын өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутын үед хичээлээ тараад найз Т, Д нарын хамтаар Мөрөн сумын 9 дүгээр багт байдаг Мөрөн дэлгүүр рүү явсан. Дэлгүүр рүү явж байх замд араас монгол шовгор малгайтай, улаан ягаан өнгийн дээлтэй, мөнгөн бүстэй танихгүй ах дуудсан. Тэр ахыг дуудахаар нь урд яваа хүнийг дуудаж байгаа юм байна гэж ойлгоод тоохгүй... дэлгүүр рүү алхаад явсан. Энэ үед Д түрүүлээд явсан. Т бид хоёрыг алхаад явж байхад араас дуудаад байсан дээлтэй танихгүй ах гэнэт Тгийн цүнхнээс бариад авсан. Т хэн бэ гээд эргээд харахад тэр ах Тгийн нүүр рүү гараараа цохисон. Т тэр ахад цохиулаад газарт унасан. Тэр ах Тг газарт унасан байхад босгож ирээд нуруу руу нь нэг удаа өшиглөсөн, ингэж өшиглөх үедээ Тгийн цүнхийг булааж авсан. Тэгээд Т бид хоёр тэр ахаас зугтаагаад С дэлгүүрийн тийшээгээ явсан. Т бид хоёр тэр ахаас цүнхээ авъя гэж гуйсан боловч өгөөгүй, бид хоёрыг ойртох гэхлээр өөдөөс чулуу шидээд байсан. Мөн тэр ах намайг утсаа аваад ир гээд байсан. Т тухайн үед өөрийнхөө гар утсаар цагдаад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

              Насанд хүрээгүй гэрч А.Дийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутын үед хичээл тараад найз Т, Зт нарын хамтаар Мөрөн сумын 9 дүгээр багт байдаг С дэлгүүр рүү явсан. Дэлгүүр рүү явж байх замд араас Монгол шовгор малгайтай, улаан ягаан өнгийн дээлтэй, мөнгөн бүстэй танихгүй ах дуудсан. Би тухайн үед Т, Зт хоёроос салаад түрүүлээд С дэлгүүр рүү явсан. Тэгэхэд тэр ах миний араас дуудаад байхаар нь би тоохгүй дэлгүүр рүү орсон. Намайг дэлгүүр ороод гарч ирэхэд араас дуудаад байсан ах Тг зодоод, цүнхийг нь булаагаад авчихсан. Т уйлчихсан явж байсан. Би Ттэй уулзаад тэр ахаас зугтааж үсчин рүү орсон. Үсчин дотор байхад Т өөрийнхөө гар утсаар цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Мөн Т дуудлага өгснийхөө дараа аав руугаа залгаж хэлсэн. Т бид хоёр тусламж ирэхийг хүлээж байх хооронд тэр ахыг хаашаагаа явахыг нь хараад байж байхад тэр ах С дэлгүүрийн цаад талын гудамжаар ороод явчихсан. Ингээд байж байхад Тгийн аав машинтайгаа ирсэн. Т аавыгаа ирэхээр нь нөгөө ахыг явсан газрыг зааж өгсөн. ... Тгийн аав нөгөө ахыг бариад ирэх үед дуудлагын цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

              Гэрч Б.Мгийн өгсөн: “...Х нь миний хариуцдаг байсан 15 дугаар гудамжинд амьдардаг учраас танина... П.Х нь нэг эмэгтэйгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-15-13 тоотод гэртэй амьдардаг. Хын амьдрал ахуй хүнд, хувиараа хар бор ажил хийж амьдардаг. Х нь архины хамааралтай бөгөөд гэр орноор нь архи уудаг хүмүүс их цуглардаг. Одоогоос 4-5 жилийн өмнө хашаандаа хүмүүстэй хэрүүл маргаан хийж байхад нь цагдаад дуудлага өгч байсан. Архи уусан байдлыг нь харахад догшин, ууртай, хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэх байдалтай болдог. Архины хамааралтай... Сэтгэцийн хувьд эрүүл хүн байгаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ дуу цөөтэй хүнтэй мэнд устай хүн байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаартай: “...Б.Тгийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Б.Тгийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34 тал/,

              Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №2245617200303 дугаартай: “...Б.Тгийн 10 нэрийн эд зүйлийн үнэлгээг 92.150 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-43 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

              Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 тал/,

              Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн: “...Тгийн дээрдүүлсэн гэх газрТгөөр заалгуулан очиж нөхөн үзлэг хийв. Б.Тгийн дээрэмдүүлсэн гэх газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 15 дугаар гудамжинд гарсан байв. Уг гудамжны гол хэсэгт буюу 9 дүгээр багийн 15-06 тоот хашаанд зүүн талд “Ус түгээх байр №23” гэсэн бичигтэй цагаан өнгөтэй, ногоон өнгийн төмөр дээвэртэй худаг байв. Худаг байгаа хэсэг хашаагүй гудамжны хойд урд хэсэгт явах боломжтой байна. Мөрөн сумын 9 дүгээр багийн 15 дугаар гудамж нь давхар айлтай буюу хойд урдаа айлын хашаатай байв. Б.Т  нь намайг гудамжны хажуугаар гараад цэнхэр хашаатай айлын урд талд явж байхад тэр ах намайг барьж аваад цохисон. Тэр ах миний цүнхийг аваад худгийн хажуу талаар хашаа гараад үзүүрийн хашаа руу явж орсон гэж ярьж байв. Б.Тгийн зодуулж дээрэмдүүлсэн газар нь цагаан худгийн ертөнцийн зүгээр зүүн талын эхний хашааны урд хэсэг болсон байв. Б.Тгийн цүнх авч орсон гэх хашаа нь цагаан худгийн ертөнцийн зүгээр зүүн талд хойшоо харсан хаалгатай хашаа байлаа. Үүнийг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-31 тал/,

              Шүүгдэгч П.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг нэг бүрчлэн уншиж танилцлаа. Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би тухйан үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байсан бөгөөд Мөрөн сумын 9 дүгээр багийн 15-13 тоотод байрлах өөрийн гэрээсээ гарч яваад ийм асуудалд холбогдсон байна. Намайг гэрээс гараад явж байхад сургуулийн насны хүүхдүүд шуугилдаад явж байхаар нь уурандаа очоод нэг хүүхдийг нь цохиж унагаагаад унасных нь дараа цүнхийг нь аваад гэр лүүгээ орсон. Гэртээ цүнхийг нь үлдээчхээд буцаад гарсан. Гарч яваад С дэлгүүрээс цаашаагаа гудамжинд ганцаараа явж байхад нэг машинтай эрэгтэй хүн ирээд намайг барьж байсан. Намайг барьж авсан хүн нь надад цохиулсан хүүхдийн аав нь гэж байсан. Намайг барьж авсан хүн намайг цагдаа нарат хүлээлгэж өгсөн. Би цагдаа нарт баригдаад гэр рүүгээ очоод цүнхийг нь гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн мэдүүлэг, гэрч Н.Ог, Г.Б, Б.М, насанд хүрээгүй гэрч Э.Зт, А.Д нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаартай дүгнэлт, Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №2245617200303 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч П.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч П.Х нь архи согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 15 дугаар гудамжинд байрлах “ус түгээх байр №23” хаягтай худгийн ойролцоо  13 настай Б.Тгийн араас дагаж, Б.Тгийн цүнхнээс барьж авч  түүний нүүрэн тус  газарт нь гараараа цохих,  нуруу хэсэг рүү нь хөлөөрөө  өшиглөх зэргээр хүч хэрэглэн довтолж, үүрч явсан цүнхийг нь дээрэмдэн авч, хохирогчид 92.150 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байна.

           Шүүгдэгч П.Х нь насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн эд зүйлийг дээрэмдэх санаа зорилго үүсэж, улмаар гэмт үйлдлээ гүйцэлдүүлэх боломжтой хэмээн тооцож уг зорилгоо бүрэн хэрэгжүүлж хүч хэрэглэж  довтолсон үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг бүрэн төгссөн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч П.Хын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь өөрийн хийж байгаа үйлдлийн хууль бус шинжийг ойлгож ухамсарлаж байсан хэдий ч хийхийг хүсэж үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй учир гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус бүрдээ бүрэн хангаж байна.

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээ хамаардаггүй, гэмт этгээдийн хохирогчийн эд зүйлийг авахаар довтолгоон эхэлж эд зүйлийг авснаар үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой.

Шүүгдэгч дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн нь түүний хохирогчийн бие махбодод халдсан, хохирогчийн эсэргүүцлийг няцаахаар хохирогчийн амь, биед аюултай нөхцөл бий болгосноор илэрхийлэгдэж байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч П.Хыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч маргаж мэтгэлцээгүй оролцсон болно.

Шүүгдэгч П.Хын гэм буруутай үйлдэл нь насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн цүнхийг авахаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдэн авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Х нь бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэн, довтолж  дээрэмдэн  авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Хын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Төсгөөд 92.150 төгрөгийг хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд эд зүйлээ буцаан авсан, шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ог нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч П.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч П.Хын өмгөөлөгчөөс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3зааснаар... ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 26-27, 56-60 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрч Б.Мгийн мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч П.Х нь ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 15-13 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй  зэргийг  харгалзан шүүгдэгч П.Хт Эрүүгийн хуулийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3“...хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо нөхөн төлсөн бол ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Хын гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Хт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  П.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч   шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Х овогт Пийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Х овогт Пийн Хыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

              4. Энэ хэрэгт шүүгдэгч П.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН