Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/269

 

                           

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,                     

              Улсын яллагч Э.Уламбаяр,

              Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х, /онлайн/

              Иргэний нэхэмжлэгч М.М,         

              Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бийн Эд холбогдох эрүүгийн 2238000000554 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ш овогт Бийн Э, 1996 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав ээж дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 19-07 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн РЭ96082319 дугаартай.

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 08 сарын 16-ны өдөр иргэн ****улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийж байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зөрчиж, Ч.Аг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000554 дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ****улсын дугаартай “Приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийж байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйл, 10.1 дүгээр зүйл, 10.14 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчсөний улмаас Ч.Аг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эгийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хгийн өгсөн: “...Гомдол санал байхгүй. Э гэдэг хүн цаашид гарах эмчилгээний зардлыг төлж байх юм бол би гомдолгүй гэж хэлсэн. Энэ талаараа бид хоорондоо тохиролцож бичиг хийсэн. Хол газар байсан учраас гэрээ хийж чадаагүй утсаар ярьж бичиг хийсэн. Цаашид тусалж явах юм бол гомдол санал байхгүй гэв ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Мын өгсөн: “..Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 464.000 төгрөгийг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газрын үзлэг хийсэн: “.. Уг хэрэг учрал болсон гэх газар нь Мөрөн сумын 4 дүгээр багийн 28 дүгээр гудамжны ертөнцийн зүгээр үзүүрийн цагаан өнгийн банзан хашаатай ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны гадаа үйлдэгдэн гарсан. .. Б.Э нь хүүхэд мөргөсөн гэх газрыг заалгуулахад хашааны урд хэсэгт байх шороон зам хэсгийг заасан ба уг заасан хэсгийг А үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав.  Уг заасан газрыг харахад тухайн хэсгийн шороо нь ямар нэгэн нойтон зүйлээр норж хатсан байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12 тал/,  

Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 8 дугаар сарын 16-нs өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13 тал/,

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 тал/,

Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал /хх-ийн 16 тал/,

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 17 тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 18 тал/,

Насанд хүрээгүй хохирогч Ч.Агийн өгсөн: “...Өнөөдөр өглөө намайг хашааны гадаа ах **** бас ****, **** гэдэг хоёр хүүхдүүдтэй тоглож байхад нэг машин намайг ухарч ирээд мөргөсөн. Тэгээд нэг мэдсэн чинь эмч надад тариа хийж байсан. Одоо миний гэдэс хөл, гуя хэсгээр өвдөөд байна...Зүгээр л тэр машиныг тойроод гүйгээд тоглож байсан...Мэдээгүй...Би мэдэхгүй байна...миний бие өвдөөд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хгийн өгсөн: “...тэр айлын гадаа ирээд нөгөө запас дугуйг нь манай нөхөр машиндаа хийж үзэх гээд машинаа оролдож байсан. Харин тухайн үед манай хүүхдүүд болох ****, А болон хадам эгчийн хүүхдүүд болох ****, **** нар нь хашааны гадаа байсан машин тойроод хөөцөлдөж тоглож байсан. Тухайн үед бас тэр айлын гадаа цагаан өнгийн Пруис-30 маркийн машин зогсож байсан. Тэгээд намайг харж байхад манай хүүхдүүдийг тоглож байхад тэр цагаан өнгийн Приус-30 маркийн машин нь ухарч байгаад миний хүүхэд Аг мөргөөд газар унагаасан. Тухайн үед би хүүхдээ унахаар нь хашхирсан чинь тэр машин зогсохгүй байсаар байгаад манай хүүхдийн бүсэлхий хэсгээр нь хойд дугуйгаараа гараад зогссон. Тэгэхэд нь манай хадам эгч **** нь хүүхэд дээр гарчихлаа чи урагшлаач ээ гээд цонхыг нь цохисон чинь тэр машин урагшаа болоод зогссон. Үүний дараа би хүүхэд дээрээ очоод харсан чинь дээгүүрээ бөөлжөөд доогуураа өтгөнөө гаргасан байсан. Тэгээд нөхөр бид хоёр хүүхдээ аваад эмнэлэг рүү явсан. .. Хүүхдүүдэд бол анхааруулж хэлээгүй. Уг нь тэр жолооч хүүхдүүдэд анхааруулж хэлсэн бол өөр байх байсан...Гомдолтой байна. Эмчилгээний зардалтай холбоотой мөнгө төгрөгийг нь нэхэмжилнэ... Би охинтой Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хэвтэж эмчлүүлсэн. Хэвтэх хугацаанд уураг болон дусал тарианууд хийлгэсэн Надад бүх холбогдох баримт бичгүүд нь байгаа...Анх мөргүүлснээ бодвол гайгүй дээрдэж байгаа...Надад 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэмтээд зөөлөн машинд Улаанбаатар хот руу хэвтүүлээд авч явна гээд машин хөлсөлсөн. Тэрний зардал болох 950.000 төгрөгийг гаргаж өгсөн. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад 3.500.000 мянган төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 28-29 тал/,

Иргэний нэхэмжлэгч М.Мын өгсөн: “...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Ч.Аг даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 464.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байсан...Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 464.000 төгрөгийг буруутай хүнээс нь нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

Иргэний хариуцагч Ж.Бийн өгсөн: “...Өчигдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 17-нд намайг хөдөө явж байхад миний төрсөн хүүхэд Э над руу залгаад таны машиныг унаж явж байгаад хүн мөргөчихлөө гэсэн. Тэгэхээр нь би юу болсон юм бэ гэхэд ухарч байхад хойгуур хүүхэд ороод мөргүүлчихлээ гэсэн. Тэгээд би хөдөөнөөс өчигдөр орж ирээд юу болсон талаар нь асуухад надад утсаар хэлж байсан зүйлээ л хэлж байсан. Нөгөө мөргүүлсэн хүүхдийн ар гэрийн хүмүүст нь 700.000 төгрөг өгсөн гэж байсан. ... Би машинаа 2022 оны 06 сард хувь хүнээс 16.000.000 төгрөгөөр авч байсан. Одоо би машинаа 16.000.000 төгрөгөөр нь үнэлж байна. Миний машин 2010 онд үйлдвэрлэж, 2017 оны 11 дүгээр сард Монгол улсад орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

Гэрч Л.****ын өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд би өөрийн нөхөр **** хүүхдүүд ****, Намуун, төрсөн дүү ****, эхнэр Х, ****ын хүү ****, охин А нарын хамт айлаас машины дугуй авахаар очоод байж байтал манай төрсөн дүү **** машины дугуйг сольж байж байтал гадаа зогсож байсан ****улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн машин ухрахдаа дайрсан байсан. ..бид нар машин доороос хүүхдээ гаргаж аваад эмнэлэг рүү явсан. Эмнэлэг рүү явахаас өмнө дуудлага өгсөн боловч хурдан ирэхгүй байсан тул өөрсдөө аваад очъё гэж бодоод хүүхдээ аваад эмнэлэг явсан. Эмнэлэг ороод цагдаагийн газарт дуудлага өгсөн.....” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Гэрч Л.****ын өгсөн: “.... Тухайн үед бид хэдийг очиход үзүүрийн ногоон хашааны гадаа цагаан өнгийн **** гэсэн улсын дугаартай Пруис-30 маркийн машин ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан зогсож байсан. Тэгээд намайг тэр айлаас запас дугуй үзэж байхад манай хоёр хүүхэд болох ****, А хоёр болон эгчийн хүүхэд ****, **** хоёр хашааны гадаа тоглоом барьсан хоорондоо тоглож байсан. Тэгээд намайг дугуйгаа сольж байх хооронд хүмүүс орилолдоод явчхаар нь би эргээд харсан чинь нөгөө цагаан өнгийн Приус-30 маркийн машин чинь ухраад харин манай охин болох А нь машины ард нь мөргүүлээд дээшээ хараад унасан байсан. Уг нь тухайн үед манай хүүхэд тэр машины арын дугуйтай 20 орчим см зайтай байхад нь манай эгч болиоч гээд тэр машины цонхыг тогшоод байхад л ухарсаар байгаад манай хүүхдийн бүсэлхий хэсгээр нь дугуйгаараа гарсан. Тэгээд тэр машиныг урагшлуулж байгаад хүүхэд дээрээ очоод харахад баас, шээс нь гараад бас бөөлжсөн, нүд нь сонин болсон байсан. Тэгээд би хүүхдээ аваад шууд эмнэлэгт очоод үзүүлэхэд манай охины сүүж нь гэмтэлтэй яаралтай явж ГССҮТ-д очиж нарийн шинжилгээ өг гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 451 дугаартай: “...Агийн биед зүүн сүүжний дэлбэнд хугарал, ууц, нуруунд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ. Агийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хх-ийн 48 тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 151 дугаартай: “...Иргэн Б.Эгийн биеэс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 55 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ХӨА:1001145 дугаартай: “...Ж.Бийн эзэмшлийн 59-98 ХӨВ улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд Монголд Улсад орж ирсэн приус-30 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 16.300.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 57-58 тал/,

Мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт 2022 оны 08 сарын 16-ны өдөр иргэн Б.Э нь ****улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухарч байх үедээ Ч.Аг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэх хэрэгт жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино... гэх заалт, Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасан “...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэх заалт, мөн дүрмийн 10.14 дүгээр зүйлд заасан “...Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...гэх заалтуудыг тус тус зөрсөн байна...” гэх магадалгаа /хх-ийн 63-64 тал/,

 Шүүгдэгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж “...Би тухайн үед тэр охины дээгүүр нь машинтайгаа гараагүй. Яллагдагчаар татсан тогтоол дээр намайг машинтайгаа тэр охины дээгүүр гарсан гэж бичсэн байна. Тухайн үед би тэр охиныг ухарч байхдаа мөргөөд шууд зогссон...Надад В ангиллын жолооны үнэмлэх байдаг. Одоо миний жолооны үнэмлэх хүчинтэй байгаа. Жолоо бариад 4 жил болж байна... Би машиндаа суугаад хоёр талын толиндоо харсан. Тэгэхэд юу ч байгаагүй. Миний машины ухрахын камер бол бүдэг бараг юм хардаггүй. Тэгээд яг ардаа юу байгааг хараагүй. Тэгэхдээ би аяархан ухарсан дөнгөж хөдөлгөөн эхэлж байсан. Бараг 2 м явсан байх хальт ухраад хөдлөхөд тэр охиныг мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 71 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч болон  гэрч нарын  мэдүүлэг нь шүүгдэгч Б.Эгийн гэм буруугаа  хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Э нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний  улмаас уг зам тээврийн осол гарсан болохыг шууд болон шууд бусаар гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзлээ.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрх бүхий албан тушаалтны 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч Ч.Агийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х, иргэний нэхэмжлэгч М.М, иргэний хариуцагч Ж.Б, гэрч Л.****, Л.**** нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 451 дугаартай гэх дүгнэлт, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 151 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ХӨА:1001145 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн магадалгаа зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч Б.Э нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ****улсын дугаартай “Приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийж байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх , мөн дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх, мөн дүрмийн 10.14 дүгээр зүйлд заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас Ч.Аг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан шүүгдэгч Б.Эгийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

              Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Ч.Агийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд хатуу мохоо зүйлд цохигдох байдлаар гэмтэл авсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Эгийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

              Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Э жолоодож явсан, тэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

              Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

               Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

              Шүүгдэгч Б.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Э нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4.450.000  төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

              Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х нь “2022 оны 09 дүгээр сарын  17-ны өдөр ... боломжийн хэмжээнд  мөнгөн дэмжлэг үзүүлсэн тул гомдолгүй гэдгээ илэрхийлж байна. Миний охины эмчилгээ болон үзүүлэх хугацаа дуусаагүй  байгаа тул цаашид ..шаардлагатай зүйлээр тусалж, холбоотой  байна гэдэгт итгэж байна” гэх хүсэлтийг хэрэгт хавсаргаж /хх-ийн 100-р тал/ ирүүлжээ. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлүүлнэ гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Эг энэ шийтгэх тогтоолоор насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

              Харин насанд хүрээгүй хохирогч Ч.А, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Х нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

              Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 464.000 төгрөгийг шүүгдэгч Б.Эгөөс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Э нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 464.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Эрдэнтүвшингөөс 464.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Б.Эг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Б.Эгийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

              Хавтаст хэргийн 75-78, 81-83  дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Э нь ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Хөвсгөл  аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 19-07 тоотод оршин суудаг,  хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, группд байдаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснөөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 145 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Эгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн 2238000000554 дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 27 дугаартай тогтоолоор Приус-30” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц  иргэний хариуцагчид олгох нь зүйтэй байна.

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, иргэний бичиг баримтгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Бийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Бийн Эг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Б.Эд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн 2238000000554 дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 27 дугаартай тогтоолоор Приус-30” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч Ж.Бт буцаан олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнтүвшингөөс 464.000 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Эгөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4.450.000  төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 


 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ДӨЛГӨӨН