Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/270

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,                     

              Улсын яллагч М.Берикбол,

              Хохирогч Б.Амартүвшин,

              Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

              Иргэний нэхэмжлэгч М.М,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

             Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Нын Гд холбогдох эрүүгийн 2238000000515 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** тоотод хохирогч Б.Мтэй амьжиргааны түвшинтэй холбоотой санал зөрсний улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүзүүний 2, 4, 5, 6, 7-р нугалмын хугарал, нугасны няцрал, дөрвөн мөчдийн саажилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000515 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Н.Г нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Мтэй амьжиргааны түвшинтэй холбоотой санал зөрсний улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүзүүний 2, 4, 5, 6, 7-р нугалмын хугарал, нугасны няцрал, дөрвөн мөчдийн саажилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

              Хохирогч Б.Мгийн өгсөн: “...Би Хөх толгойд гэмтсэн. Одоо 2-3 хоногийн дараа эмчилгээнд явна. Би өмнө нь ямар байдалтай байсан. Тийм байдалтай болгож өгөөч гэж хүсэж байна..” гэх мэдүүлэг,

              Иргэний нэхэмжлэгч М.Мын мэдүүлэг: “..Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 9.204.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Мгийн өгсөн: “....Захаас нэг төлөг аваад манайх руу явж байхад замдаа Есөн-Эрдэнэ гэдэг дэлгүүр рүү ороод ах нь маргааш рашаанд явна баярын юм авч өгнө гээд дэлгүүрээс чихэр, ундаа бас 0.5 литрийн нэг шил архи авсан.  Г бид хоёр манай гэрт очоод хонио буулгаад дараа нь авсан архиа бид хоёр хувааж уусан. Ууж байсан архиа дуусгаад бид хоёр дахиад дэлгүүр яваад 0,5 литрийн нэг шил архи авч хувааж уусан. Архиа ууж байхдаа би авчирсан хонио гаргаад манай эхнэр гэдсийг нь чанаж байсан. ... Ингээд байж байхад хонины гэдэс гаргаад бид хэд идэх болоод тойрч сууцгаагаад гэдсээ идэж байсан чинь  Г нь би чамайг өдий болгосон чам шиг ядуу явж үзсэн гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Гийн хацарт нь гараа нааж байгаад түлхсэн. Тэгсэн чинь босож ирээд чи одоо юу вэ хэний өмнөөс өдий дайтай болчхоод хүн алагдаад байгаа гээд миний нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон. Тэгэхээр нь би босож ирээд Гтэй барьцалдаад авсан чинь намайг багана луу түлхэж байгаад боосон. .. Манай гэрээс гараад хаалга гаднаас нь түлхээд унасан. Тэгэхээр нь хаалгаа дотор талаас нь түлхээд гэрийн гадаа гарсан. Тэгсэн чинь намайг заамдаад гэрийн хаалга руу түлхсэн. .. нэг мэдсэн чинь Гтэй дахиад гэр дотор барьцалдаад авсан байсан. Тэгэхэд манай охин О нь ааваа болиоч гэж орилохоор нь Гтэй барьцалдаж авахаа болиод охин луугаа эргээд харсан чинь Г нь миний шилэн хүзүүнээс базаад доош нь дараад миний дээрээс тээгээд хэвтсэн. Тэгэхэд нь би Гийг даахгүй цээжээрээ толгойгоо дараад унасан. Яг тухайн үед хүзүүний орчмоор яс хугарч байгаа юм шиг чимээ гараад л би мэдээгүй болсон. Тэгээд нэг мэдсэн чинь хадам ээж орж ирээд хүүхэд алчихлаа гээд орилоод байсан. Би тухайн үед хөдлөх гээд чадахгүй байсан. Удалгүй түргэн, цагдаа ирэх болсон...Надад юм авч очсондоо аархаад баян, ядуу яриад бид хоёр маргалдах болсон. Үүнээс болоод болоод миний биед халдах болсон... Барьцалдаж авсан... Би гомдолтой байна. Эмчилгээний мөнгөө би нэхэмжилнэ. Хуучин ямар байдалтай байсан яг тэрэн шигээ болмоор байна...Миний 4,5-р нурууны сэртэнгүүд хугараад мэдрэлийн эсээ дарсан байгаа гэсэн. Одоо миний мөрнөөс дооших бие ямар ч мэдээгүй байна... Би Улаанбаатар хотын ГССХТ-д 2 удаа мэс засалд орсон. Одоо миний биеийн байдал ямар ч дээрдсэн юм алга. Намайг гэмтсэнээс хойш Г  нь нийт 7.000.000 төгрөг гаргасан байх. Онгоцны зардал болон эм тарианы мөнгө гаргасан... Г нь тухайн үед миний ардаас барьж аваад миний толгойг гараараа дарж байгаад намайг унагасан. Тухайн үед би Гийг даагаагүй. Тэгээд газар унахад миний хүзүү сонин болсон. Тэр дороо мэдээгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17,19-20 тал/,

              Гэрч Ч.Угийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 09-ний оройны 18 цаг болж байхад манай нөхөртэй цуг хот хооронд явдаг Г гэдэг хүн манай гэрт ирсэн. Тухайн үед Г нь нэг хонь, чихэр ундаа, зайрмаг, бас 2 шил 0.5 литрийн архитай, 2 том цэвэр устай ирсэн. Тэгээд ундаа чихрүүдээ надад өгөөд харин нөгөө 2 шил архиа манай нөхөртэй хамт баярын юм гээд хувааж уусан. .. Хоолоо идээд байж байхад Г нь манай нөхөрт хандаж чиний гуйлгачин явааг танай хадам ээж мэдэх хэрэгтэй гэхэд нь манай нөхөр та нэлээн согтсон байна хэлж байгаа үгээ мэдэж байгаа юм уу та гэсэн чинь Г нь би мэдэж байна гэсэн. Ингэж хэлэхэд нь манай нөхөр та харьж амар бид нар амарлаа гэж хэлж байсан. Тухайн үед бас гэрийн гадаа гэдэсний шөлөн дээр будаа чанаж байсан болохоор би гадаа гараад хоолоо хийгээд байж байхад манай охин О гарч ирээд ээжээ та хурдан ороорой гэсэн. Тэгэхээр нь би гэртээ яваад ортол Г нь манай нөхрийг гэрийн баганад шахаад хоолойг нь нэг гараараа базаад боож байсан. Тэгэхээр нь би очоод Гийн гарыг нь нөхрөөсөө салгах гэтэл чадахгүй байсан. Харин манай нөхөр тухайн үед Гийн хоёр чихнээс зулгаагаад өөр рүүгээ татаад тавь гэж хэлэхээр нь би Гийн гарыг татаж байгаад энэ хоёрыг хоёр тийш нь салгаж байсан. Салсны дараа энэ хоёр дахиад хэрэлдээд унасан. Г нь манай нөхрийг гуйлгачин би баян гээд унасан. Тэгж байснаа Г нь би цагдаа дуудлаа гээд манай гэрээс гараад яваад өгсөн. Гарч яваад манай гэрийн хаалгыг гаднаас нь түлхээд унасан. Харин манай нөхөр гэрийнхээ хаалгыг онгойлгох гээд дотроос нь гадагш түлхсэн. Тэгээд гэрийнхээ хаалгыг онгойлгоод Г, манай нөхөр хоёр гэрийн гадаа дахиж барьцалдаж авсан. ... Үүний дараа уг нь энэ хоёр больё больё маргааш эрүүлдээ ярья гээд манай гэрийн баганын хажууд хоёулаа зогсож байсан. Тэгж байснаа Г нь дахиад манай нөхрийг ядуу, би чамайг сайран гартай явж байхад чинь өдий зэрэгтэй авч явж байна гэж хэлээд энэ хоёр дахиад барьцалдаад авсан. Энэ хоёрыг барьцалдаад авахаар нь манай охин О нь ааваа та болиоч ээ гэж хэлсэн чинь манай нөхөр барьцалдаж байсан болиод эргээд О руу харсан чинь Г нь манай нөхрийн ардаас нь тэвэрч аваад газарт хоёулаа унаад өгсөн. Үүний дараа Г нь босож ирээд манай нөхрийг зүүн гараараа гэдэс хэсгээс нь татаж босгож ирээд баруун гараараа шилэн хүзүү дээр нь дараад шууд газар унагаасан. Тухайн үед манай нөхөр газарт биеийнхээ цээж хэсгээр толгойгоо дараад унасан. Тэгэхэд нь чаг гээд яс хугарч байгаа юм шиг чимээ гарсан. Тэгээд манай нөхрийг газар унагачхаад Г нь манай нөхрийг гэдэс хэсгээс нь татаж босгож ирж байгаад дахиад дээрээс нь дарж унасан. Тэгээд Г нь манай нөхөр дээрээс босохоор нь би нөхрийгөө хартал хүзүү нь гилжийгээд нүүр хэсэг нь цээжиндээ хүрсэн байсан. Тэгээд л би хүн алчихлаа гээд орилоод түргэн, цагдаа дууд гээд орилсон чинь Г нь би цагдаад дуудсан гээд хэлэхээр нь би түргэн дуудаад эмнэлэгт аваачаад нөхрийгөө үзүүлтэл манай нөхрийг нугас нь тасарсан байх магадлалтай байна гэж байсан....Манай нөхөр ГССҮТ-ийн нуруу нугасны тасагт нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэж байх хугацаандаа 2 удаа хүзүү, нурууны хагалгаанд орсон...ГССҮТ-ийн эмнэлгээс гарахад эмч нар нь физик эмчилгээ, нөхөн сэргээх зүү төөнүүрт яваарай гэсэн. Одоо эдгээр эмчилгээнд нь явна....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 25 тал/,

              Гэрч Ч.Бын өгсөн: “...Тэгээд би ажил дээрээ байж байгаад оройны 21 цаг 30 минутын үед хүргэнийхээ гэрт яваад орсон чинь нөгөө хонийг чинь гаргаад гэдсийг чанаад Ш, М бас хүүхдүүд нь тойроод суусан идэж байсан. Харин У гадаа гэдэсний шөлөн дээр будаа хийгээд чанаж байсан байх. Намайг гэрт яваад ороход Ш нь гэдэс ид гэхээр нь би гэдэснээс амсаад сууж байсан чинь Г нь би ядуу амьдралыг мэднэ ийм ядуу амьдрал хэцүү гээд байсан. Тэгэхэд М нь би ядуу амьдрах нь танд хамаагүй та яах гэж байнга ингэж байдаг юм гээд энэ хоёр маргалдаад унасан. .. хүргэнийхээ гэрт яваад орсон чинь М нь Шд хандаж би таныг дагаж 10 жил жолоо барилаа та намайг шулж байгаа шүү гэж хэлсэн чинь Ш нь Мг нэг удаа алагдаж авж байсан. Тэгээд л Ш нь Мг багалзуурдаж аваад гэрийн багана налуулахад нь М нь Шгийн хоёр чихнээс нь барьж байгаад зулгааж байсан. Ингээд байж байхаар нь У бид хоёр энэ хоёрыг хоёр талаас нь татаж байгаад салгаж байсан. Энэ хоёр салаад гэрийн гадаа гарч зодолдох юм болоод гэрээс гараад дахиад барьцалдаад авахаар нь би дахиад салгах гээд дундуур нь ороход Ш нь миний зүүн талын шилбэ рүү нэг удаа өшиглөөд авсан. Ингэж байснаа энэ хоёр больё гээд овоо гайгүй болоод буцаад манай хүргэний гэр лүү яваад орохоор нь ардаас нь дагаад гэр лүү орсон. Гэр лүү орчоод Ш нь дахиад Мг чамайг би тэжээж байгаа чи муу гуйлгачин сайран гарт гээд доромжлоод байхаар нь энэ хоёр дахиад барьцалдаад авсан. Тэгэхэд нь Мгийн охин О нь ааваа болиоч ээ гэж хэлсэн чинь М нь охин луугаа эргээд харж байх хооронд нь Ш нь Мг тэвэрч аваад газар унаад өгсөн. Тэгснээ Ш нь босож ирээд Мгийн гэдсээр нь нэг гараараа татаж аваад нөгөө гараараа толгойг нь доош нь дараад газар унагаасан. Унахдаа М нь цээжээрээ толгойгоо дараад унасан. Ингэж унагачхаад дахиад Ш нь Мгийн толгойг нь доош нь дараад гэдсэнд хүргэсэн. Тухайн үед Мгийн нуруу юм уу толгой хэсгээс нь байх нурт гээд яс хугарч байгаа юм шиг чимээ сонсогдож байсан. Тэгэхээр нь би хүүхэд алчихлаа гэж орилоод түргэн, цагдаа дуудаач ээ гэсэн чинь Ш нь нэг хүнтэй утсаар яриад байгаа бололтой Түвшин үхэж байна гэнээ гээд утсаар яриад байхаар нь чи ямар сонин юм бэ энд хүн ухаангүй байна гэсэн чинь Ш нь Мгийн хажууд ирээд ам руу нь хиймэл амьсгаа хийгээд байсан. Ингээд хэсэг хугацааны дараа М нь ухаан орсон. Ухаан орохдоо Мгийн гар хөл нь мэдээгүй болсон байсан. Ингээд байж байхад У нь цагдаа, түргэн дуудсан. Удалгүй түргэн, цагдаа нар ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

              Насанд хүрээгүй гэрч М.Оийн өгсөн: “...Би эмээтэй хамт шүүдэргэнэ дээр байж байгаад оройны 21 цаг 40 минутын үед эмээтэйгээ гэртээ яваад очсон чинь хонио гаргаад гэдсээ чанаж байсан. Манай эмээ бид нартай хамт цуг нэг хашаанд амьдардаг юм тухайн үедээ манайд орохгүй шууд гэр лүүгээ орж байсан. Тэгээд хэсэг байж байгаад гэдэс болоод тогооноосоо гаргаад идээд байж байхад гаднаас эмээ орж ирэхэд нь Ш ах хоол ид гэж хэлэхээр нь манай эмээ хоёр гурав огтлоод байж байхад Ш нь ядуу байхаасаа ичих хэрэггүй сайран гартай би бол дундаж амьдралтай гэж хэлсэн. Тэгэхэд нь манай аав та зүгээр хоолоо идээд яв гэж хэлсэн чинь Ш нь босож ирээд манай аавыг багалзуурдаж авахаар нь манай аав салах гээд Ш ахын чихнээс нь татаж байсан. Тухайн үед манай хамгийн бага дүү айгаад орилоод байхаар нь би өвөөгийнхөө гэрт оруулж өгөх гээд явсан байсан. Тэгээд дүүгээ оруулж өгөөд хэсэг байж байгаад буцаад гэртээ яваад орсон чинь манай аав, Ш ах хоёр ноцолдсон байдалтай байж байхаар нь би аав болиоч гэж хэлсэн чинь аав нь болилоо та манайхаас зайл гээд над руу эргэж харах үед нь Ш ах манай аавын хойноос нь татаад толгой дээр нь гараараа 2 удаа дарж байгаад доош нь биеэрээ дараад унагаасан. Тэгэхэд нь нэг сонин чимээ юм хугарч байгаа юм шиг чимээ гарч байсан. Унасных нь дараа аавыгаа харахад манай аавын толгой нь цээжин дээрээ наалдсан байсан. Ингээд байж байхад нь манай ээж дэр аваад аавын толгой доор нь тавьсан. Яг энэ үед Ш ахын утас дуугараад нэг хүнтэй яриад би Түвшинг алчихлаа гээд ярьж байх үед нь манай аав гараа жоохон хөдөлгөсөн чинь өө үхээгүй байна гээд манай аавын хацар луу нь 2 удаа алагдсан. ... Ингээд байж байгаад манай аав надад аавынхаа гарыг хөдөлгөөд өгөөч гэхээр нь би хөдөлгөж өгсөн чинь толгойноосоо доош юу ч мэдрэхгүй байна гэсэн. Ингээд байж байгаад эмнэлэг, цагдаа нар ирсэн.....” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

              Гэрч М.Бийн өгсөн: “...Бид хоёр албан ёсны гэр бүлийн хүмүүс мөн. Г бид хоёр 2004 онд гэрлэлтээ батлуулж байсан. Хамт амьдраад 20 жил болж байна. Дундаасаа 3 хүүхэдтэй...2022 оны 07 дугаар сарын 09-ний оройны 21 цагийн үе өнгөрч байхад манай нөхөр Г над руу залгаад М агсан тавиад байна хурдан Түвшингийн гэрт хүрээд ирээч гэж хэлээд утсаа салгасан. Тэгснээ дахиад над руу залгаад хурдан Түвшингийн гэрт хүрээд ирээч гээд л байсан. Намайг тухайн үед нөхөртэйгэө утсаар ярьж байхад цаанаас нь Түвшин нь хаалга онгойлгооч гээд чанга дуугараад байсан. Тухайн үедээ би нээх их тоогоогүй манай хүүхэд унтаж байсан. ... Тэгээд намайг ирсний дараа 10-20 минутын дараа эмнэлэг, цагдаагийн хүмүүс ирэх болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

              Шинжээч Ц.Оийн өгсөн: “...Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчээр үүсгэгдэнэ...Мохоо зүйл гэдэг нь хурц үзүүртэй болон физик химийн хүчин  зүйлээс бусад бүх зүйл хамаарна... Эдгээр гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн хүчин зүйлээр үүснэ... Нэг удаа хүзүү рүү гараараа цохих үед үүсэх боломж бага. Харин мод, чулуу зэрэг мохоо зүйлийн хүчээр цохивол үүснэ... Унах үед хүзүүний гэмтэл үүсэх магадлал бага. Тэгэхдээ ямар газар унаж байгаагаас шалтгаална. Бас тухай хүний биеийн байдал зэргээс хамаарна... Унахдаа биеийн аль хэсгээрээ унаж байгаа байдлаас шалтгаална. Тэгэхдээ энэ тохиолдолд үүсэх магадлал бага... Энэ тохиолдолд үүсэх боломжтой. КТГ харахад хүзүүний хоёр талын сууриар баруун сэртэн нугалмын нүх рүү дамжсан хугаралтай С4, С5 дээр цөмөрсөн хугаралтай, баруун талдаа ясны сэтэрхий үүсгэгдсэн хугаралтай, нугасны няцрал байгаа зэрэг нь хүзүүн дээр нь дараад унах үед үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10287 дугаартай: “...Б.Мгийн биед хүзүүний 2, 4, 5, 6, 7-р нугалмын хугарал, нугасны няцрал, дөрвөн мөчдийн саажилт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 46-48 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

              Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 тал/,

              Шүүгдэгч Н.Гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ би энэ үйл явдал болсонд маш их харамсаж байна. Мгийн биед учирсан гэмтлийг миний буруутай үйлдлээс болж учраагүй байх гэж бодож байна. Тухайн үед М нь намайг цохих гэж миний ардаас гүйж ирж байхад би толгойгоо дараад тонгойх үед намайг даваад унасан. Би уг нь Мгийн биед ерөөсөө хүрээгүй. Гэрчүүдийн хэлж байгаагаар намайг 2 удаа дээрээс нь дарсан гэж хэлсэн байна. Би энийг бол үгүйсгэж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлж өгөөч гэж хүсэж байна. Бас тухайн үед миний хүзүү, хоёр гарын булчин хөхөрсөн байсан. Өөрийн биедээ шинжээчийн дүгнэлт гаргуулмаар байна. Би тухайн үед амьжиргааны түвшинтэй холбоотой юм яриагүй. Манай аав олон хүүхэдтэй ядуу зөдүү байсан юм шиг байгаа юм. Би ч өөрөө ийм амьдралаар өсөж байсан. Манай аав үе үе нэг цадна үхэр алахаар нэг цадна гээд хонь гаргаж байхдаа ярьдаг байсан. Тэгээд энэ хэлсэн үг нь надад санаад ороод би тухайн үедээ Мгийн гэрт байхдаа манай аав ингэж хэлж байсан гэхэд л миний хэлсэн үгийг өлгөж аваад намайг цохиж аваад миний дээрээс дарж унаад намайг цохисон. Би харин урдаас нь цохиж хариу үйлдэл хийгээгүй. Харин яаж салах уу гэсэн л бодолтой байсан. Ингээд байж байхад Мгийн эхнэр нь орж ирээд юу болоод байна гэхэд М нь энэ намайг ядуугаар маань дуудлаа гээд байсан. Тухайн үед М нь миний дээр гараад намайг цохиж байхад Мгийн эхнэр, хүүхдүүд нь гэрээс гараад гүйсэн. Үүний дараа би арай гэж Мгээс салаад гэрээс нь гараад хаалгыг нь дараад суусан. Тухайн үед би Мд буруу ойлгоод байна ахын дүү гэхэд л ойлгохгүй байсан. Намайг хаалгыг нь дараад сууж байхад Мгийн гар нь гэрийнхээ тотгоор гарч ирээд байсан. Ингээд байж байхад Мгийн эхнэр хүүхдүүд нь ирээд хаалга эвдлээ, аавыг гарга гээд хүүхдүүд нь орилоод миний гараас татахаар нь би босоод ирэхэд М нь гэрээс гарч ирээд намайг цохих гээд байхаар нь би хашаан дотор байсан машин руугаа гүйгээд машиндаа орох гэсэн чинь түгжээтэй байхаар нь эргэж зугтаагаад Мгийн гэр рүү орсон. Би уг нь тухайн үедээ Мгийн гэрт ороод хаалгыг нь дотроос нь түгжинэ гэж бодож байсан ч миний бодлоор болоогүй.  М нь миний ардаас гэрт ороод ирсэн. Тэгээд би М нь намайг цохих гээд хүрээд ирэхээр нь би толгойгоо бариад доошоо суусан чинь М миний дээгүүр давж унаад газарт унахдаа нэг эвгүй чимээ гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64, 66-67 тал/ зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

              Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Мгийн мэдүүлэг, гэрч Ч.У, Ч.Б, насанд хүрээгүй гэрч М.О, гэрч М.Б, шинжээч Ц.Оэ нарын мэдүүлэг, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10287 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Н.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** тоотод хохирогч Б.Мтэй амьжиргааны түвшинтэй холбоотой санал зөрсний улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүзүүний 2, 4, 5, 6, 7-р нугалмын хугарал, нугасны няцрал, дөрвөн мөчдийн саажилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

              Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Гийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон бөгөөд хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх ба энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10287 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Н.Гийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон байх бөгөөд гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

              Шүүгдэгч Н.Гийн хохирогч Б.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

              Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

              Шүүгдэгч Н.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.678.725 төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд эмчилгээтэй  холбоотой зардал 840.060 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Н.Г, Б.М нар нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 18.270.000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан гэх эвлэрлийн гэрээ байгуулж /хх-ийн 207 тал/ хэрэгт хавсарган ирүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Гийг хохирогч Б.Мд төлөх төлбөргүй гэж үзлээ.  

              Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 9.204.000 төгрөг /хх-ийн 200 тал/ нэхэмжилж баримтын хэрэгт хавсарган ирүүлсэн боловч дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  “хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас  үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “ бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж  үзлээ.

              Иргэний нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж  өгсөн  Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Бат-Очирын Мгийн эмчилгээний зардалд даатгалын сангаас 250.000 төгрөг гарсныг тэмдэглэсэн өвчний түүхийг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч Н.Гээс 250.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

               Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь үлдэх 8.954.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн тус бүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

              Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Н.Гийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

              Хавтаст хэргийн 71-79 талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн  Хаан банкны зээлийн гэрээ,  Хоймор нутгийн тээвэрчид Хоршооны тодорхойлолт,  Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Н.Г нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 1 дүгээр хорооны 22-19 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний  хөрөнгө орлого, хувийн байдал тогтоогдсон байна.

              Шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 142 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

              Шүүгдэгч Н.Гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүхээс дүгнэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 312.500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 32 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Г нь хохирогч Б.Мд 18.270.000 төгрөгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч З овогт Нын Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Нын Гийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 312.500 /гурван зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 32 /гучин хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Гд сануулсугай.

              5.       Шүүгдэгч Н.Гд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Гээс 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгож, Хөвсөл аймгийн Эрүүл мэндийн хэлтэс нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 8.954.000 /найман сая есөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол, хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Гээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              7. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Мд 18.270.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              8. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН