Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/275

 

 

 

 

       

   2022        10           07                                      2022/ШЦТ/....

                                

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цгийн Од холбогдох эрүүгийн 2238000000557 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн “Х” гэх газарт хохирогч Д.Бг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь тархинд доргилт, зулайн хуйханд няцралт, зүүн тохойд зулгаралт, зүүн шуу, зүүн тохой, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000557 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн “Х” гэх газарт хохирогч Д.Бг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь тархинд доргилт, зулайн хуйханд няцралт, зүүн тохойд зулгаралт, зүүн шуу, зүүн тохой, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Оы өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй..гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Бгийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн Ч гэх газар 2022 оны 08 сарын 17-ны өглөөний 10 цаг 30 минутаас 11 цагийн хооронд би хонио хашаад гадаа зогсож байхад манай сумын хүүхэн Ц.О гэх хүн цагаан машинтай хүрч ирээд машинаасаа шууд бууж ирээд намайг барьж аваад толгой руу том чулуугаар шууд цохиж, өмсөж байсан цамцнаас татаж ураад, хоолойноос маажсан, хоолой шахаж чамайг ална гүйцээгээд өгнө гэсэн. Тэгээд манай нөхөр Б гүйж ирээд бид хоёрыг салгасан .. Би гэр рүүгээ явах гэж байхад араас чулуу шидэхэд миний тохойг цохисон. Гэртээ ороод тохойгоо үзтэл нэлээн их цус тохойноос гарч байсан. ... 2022 оны 08 дугаар сарын 15-ны шөнө манайд согтуу ирэхээр нь цагдаа дуудаж өгсөн. Тэрнээс л болж намайг ирж цохиж зодсон байх...Тухайн үед манай нөхөр Б, манай нутгийн Ча, О бид хэд байсан юм...Тухайн үед Ц.О толгой руу чулуугаар 1 удаа цохисон, тохой руу чулуу шидсэн, баруун талын гуя руу чулуугаар цохисон ... Тухайн өдөр суманд цагдаагийн хэсгийн гадаа байхад О намайг гүйцээгээд өгнө гээд хөөгөөд байсан.. Надад одоогоор мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Би Ц.Од гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20 тал/,

Гэрч Ц.Бийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн "Ч" гэх газар 2022 оны 08 дугаар сарын 17-ны өглөө малаа хашаад байж байтал цагаан машинтай Ц.О гэх хүүхэн бууж ирээд та хоёрын аль нэгийн заавал ална гээд том чулуугаар манай эхнэр Бгийн толгой руу цохисон. .. Би тэр хоёрыг очиж салгасан. Манай эхнэр Бг гэр рүүгээ буцаад явж байтал араас нь Ц.О чулуу шидээд тохойг нь цохисон. .. Ц.О хоёуланг чинь ална гээд дайраад байсан...Тухайн үед ....Тухайн үед Ц.О манай эхнэр Бгийн толгой руу 1 удаа, зүүн талын гар руу 1 удаа тус тус чулуугаар цохисон. Мөн нуруу, гуя руу чулуу шидсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

Гэрч Н.Члын өгсөн: “...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн Ч гэх газар 2022 оны 8 дугаар сарын 17-ны өглөө Б гэх айлд хонь шүүж явтал О гэх хүн цагаан өнгийн машинтай ирээд Б гэх хүнийг хэл амаар доромжлоод О гэх хүн Бгийн толгой руу чулуугаар цохисон. Тухайн үед хоорондоо маргалдаад тэр хоёр хоорондоо барилцаж аваад О чулуугаар цохиод байсан. Би малаа шүүгээд явсан. О, Б, Б нар малын хашааны тэнд үлдсэн. Тэрнээс өөр юу болсон талаар мэдэхгүй байна...Тэрний талаар сайн мэдэхгүй байна...Тухайн үед О, Б, Б бид хэд байсан...Мэдэхгүй байна...Тухайн үед О Б гэх хүний толгой руу нь нэг удаа цохисон. Тэгээд хоорондоо чулуугаар цохилцоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 452 дугаартай: Д.Бгийн биед тархинд доргилт, зулайн хуйханд няцралт, зүүн тохойд зулгаралт, зүүн шуу, зүүн тохой, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ. Д.Бгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37 тал/,

Шинжээч М.Батмөнхийн  өгсөн: “.... Тархинд доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Биеийн бусад ил харагдах гэмтлүүд нь нийлбэр болон дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

Мөрдөгчийн эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай санал /хх-ийн 9 тал/,

Прокурорын эд мөрийн баримт, эд зүйл, баримт бичгийг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 10 тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 12 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.Оы гэм буруугаа хүлээж өгсөн: “... Д.Б эгч бид хоёр хоорондоо үл ойлголцсоны улмаас би чулуугаар Д.Б эгчийн толгой руу нэг удаа цохисон юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг хэл амаар доромжлоод байсан болохоор л миний шар хөдлөөд чулуугаар цохисон. Би хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...Би бодит хохирлыг нь нөхөн төлөх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Бгийн мэдүүлэг, гэрч Ц.Б, Н.Чл нарны мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 452 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай санал, прокурорын эд мөрийн баримт, эд зүйл, баримт бичгийг хураан авах тухай зөвшөөрөл, эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ц.Оы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч  Ц.О нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн “Х” гэх газарт хохирогч Д.Бг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь тархинд доргилт, зулайн хуйханд няцралт, зүүн тохойд зулгаралт, зүүн шуу, зүүн тохой, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Бгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Оы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Оы үйлдэл идэвхтэй, хохирогч Д.Бгийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ц.Оы гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Оы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт 500.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О нь хохирогч Д.Бгийн нэхэмжилсэн 500.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Оаас 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Од олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Оы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Оы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 48, 51-53 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн Засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.О нь ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт мал маллан оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн 147 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Оы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Цгийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Х овогт Цгийн Од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Ц.Од оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Оаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Бясгаланд олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН