| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/03553/и |
| Дугаар | 183/ШШ2019/00097 |
| Огноо | 2019-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2019/00097
| 2019 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 183/ШШ2019/00097 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух Б овогт Э Э /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух Т овогт Б Л /РД:/-д холбогдох
1 000 000 төгрөг буцаан гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Э нь хүүгээ Батлан Хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуульд оруулж өгч чадна гэж Б.Л тэй тохиролцсоны дагуу түүнд 1 000 000 төгрөг өгсөн. Хүүхэд сургуульд оруулж өгөөгүй учир мөнгөө нэхэхэд уг мөнгийг өгөөгүй. Иймд Б.Л гээс 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул миний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч П.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Б.Л д холбогдуулан сургуульд оруулж өгөхөөр амлаж авсан 1 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.Э нь Б.Л тэй утсаар холбогдож Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуульд хүүхдээ оруулж сургах асуудлаар ярилцаж туслалцаа хүсэж байсан нь, түүнчлэн нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1 300 000 төгрөгийг, 2016 оны 10 сарын 07-ны өдөр 200 000 төгрөгийг хариуцагч Б.Л гийн өгсөн түүний охин Л гийн *******ын дансанд шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 4-5 талд авагдсан ХААН банкны орлогын мэдүүлэг гэсэн баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Э.Э нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст гомдол гаргаж, уг асуудлаар хариуцагч Б.Л гээс мэдүүлэг авсан байх ба уг мэдүүлэгт Б.Л нь “...Э.Э аас 1 500 000 төгрөгийг ...2016.10.05-07-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр авсан. ... 2017.11 сард 500 000 төгрөгийг өгсөн. ...одоо 1 000 000 төгрөгийг төлж барагдуулна” гэж мэдүүлжээ./хх-ийн 8,9/
Дээрх байдлуудаас дүгнэхэд талуудын хооронд зээл Э.Э ын хүүхдийг сургуульд оруулж өгөх тохиролцоо хийгдэж, улмаар түүний төлбөрт 1 500 000 төгрөг шилжүүлэн авч, 1 000 000 төгрөгийг буцааж өгөөгүй үйл баримт тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй., хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг нь ...дуусгавар болсон...” тохиолдолд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Б.Л д шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн төлөөлөөгч П.Д нь нэхэмжлэлийн хувийг шүүхэд өөрөө ирж гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар болон нотлох баримтыг ирүүлээгүй байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар ямар нэг тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч Э.Э , хариуцагчийн төлөөлөгч П.Д нар шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгээд хариуцагч Б.Л гээс 1 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Э т олгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Л гээс 1 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Л гээс улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Э т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ