Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2019/00312

 

2019 оны 02 сарын 14 өдөр

   Дугаар 183/ШШ2019/00312

         Улаанбаатар хот

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел ... гудамж, ... тоот хаягт байрлах, А овогт Ц.О -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ажилчны гудамж, ... байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Н.О-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                       

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.О миний бие 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн Н.Оюунчимэгийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж 1 300 000 төгрөг, мөн 10 дугаар сарын 17-нд 800 000 төгрөг, 10 дугаар сарын 22-нд 300 000 төгрөг, 10 дугаар сарын 24-нд 1 500 000 төгрөг, 11 дүгээр сарын 07-нд 700 000 төгрөг, 11 дүгээр сарын 18-нд 2 400 000 төгрөг, 11 дүгээр сарын 22-нд 1 700 000 төгрөг тус тус авч нийт 8 700 000 төгрөг 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн гэрээг нийт 3 хувь үйлдэж, нотариатаар гэрчлүүлж 1 хувийг нотариатын товчоонд бид тус бүр 1 хувийг авсан. Миний бие мөнгийг тухай бүр мобайл банкаар шилжүүлсэн. Зээлдэгч нь цалингийн зээл авах гэж байгаа удахгүй гарна гэсэн боловч дахин залгахад өмнөх зээлээ хаачуул гаргах гээд байна гээд дахин дахин мөнгө авч дахин охин хамтран зээлдэгчээр орох гэж байгаан банк зээлээ хаачих гэнээ гэсээр нийт банкны зээл мөн машины зээлээ хаалгасан боловч одоог хүртэл банкны зээл гараагүй байна 3 хоног, 5 хоног, 7 хоног хүлээчих гэсээр 3 сар хүлээлээ. Тусалж мөнгө зээлдүүлсэн боловч миний итгэлийг алдсанд гомдолтой байна. Иймд зээлийн гэрээний үндсэн зээл 8 700 000 төгрөгийг Н.Оюунчимэгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Н.О би нэхэмжлэгч Ц.Оын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Би 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц.Отай мөнгө зээлэх, зээлдүүлэх талаар харилцан тохиролцоод 1 300 000 төгрөгийг авсан. Үүнээс хойш 300 000 төгрөг, 1 500 000 төгрөг, 700 000 төгрөг, 2 400 000 төгрөг тус тус зээлж нийт 6 200 000 төгрөг авсан. Би 2018 оны 3 дугаар сарын сүүлээр 300 000 төгрөгийн зээлийг Ц.Оын данс руу шилжүүлэн төлж, мөн 400 000 төгрөгийн зээлийн хүүг бэлнээр өгсөн. Одоо зээлийн үлдэгдэл 5 900 000 төгрөг байгаа. Иймд Н.О миний бие Ц.О нэхэмжилсэн нийт 8 700 000 төгрөгөөс 5 900 000 төгрөгийг төлнө. Харин үлдэгдэл 2 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримын хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Н.О холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Ц.О нь шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.О 2018.10.13-ны өдөр 1 300 000 төгрөгийг нэг өдрийн 30 000 төгрөгийн хүүтэй, 2018.10.17-ны өдөр 800 000 төгрөгийг нэг өдрийн 50 000 төгрөгийн хүүтэй, 2018.10.22-ны өдөр 300 000 төгрөг, 2018.10.24-ний өдөр 1 500 000 төгрөгийг нэг өдрийн 50 000 төгрөгийн хүүтэй, 2018.11.07-ны өдөр 700 000 төгрөг, 2018.11.18-ны өдөр 2 400 000 төгрөг, 2018.11.22 өдөр 1 700 000 төгрөг, нийт 8 700 000 төгрөгийг Н.Оюунчимэгт  зээлүүлсэн. 2018.11.07-ны өдөр 700 000 төгрөг зээлсэн хүүнд нь 100 000 төгрөг тооцоод ав гэсэн тул хүүг суутган 600 000 төгрөг шилжүүлсэн, 2018.11.18-ны өдөр 2 400 000 төгрөг зээлсэн хүүнд нь 100 000 төгрөг тооцоод ав гэсэн тул хүүг суутган 2 300 000 төгрөг шилжүүлсэн, 2018.11.22-ны өдөр 1 700 000 төгрөг шилжүүлсэн хүүнд нь 50 000 төгрөг тооцоод ав гэсэн тул хүүг суутган 1 650 000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч Н.О нь бэлнээр 210 000 төгрөг, дансаар 300 000 төгрөг нийт 510 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Н.О нь нэхэмжлэгчээс  1 300 000 төгрөг, 300 000 төгрөг, 1 500 000 төгрөг, 700 000 төгрөг 2 400 000 төгрөг нийт 6 200 000 төгрөг зээлсэн. Хариуцагчид дансаар 300 000 төгрөг, зээлийн хүүнд бэлнээр 400 000 төгрөг төлсөн. Зээлийн үлдэгдэл төлбөр 5 900 000 төгрөг төлнө гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.О нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Э.О шаардах эрхтэй байна.

 

 Хариуцагч Н.О нь  2018.10.12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Отай өдрийн 30 000 төгрөгийн хүүтэй, нэг өдрийн хугацаатай, 1 300 000 төгрөгийг зээлж, гэрээг бичгээр хийсэн бөгөөд хариуцагч 1 300 000 төгрөг авсан, маргахгүй байгаа нь хариу тайлбараар нь тогтоогдож байна.

 

 Уг гэрээнээс гадна нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Н.О 2018.10.17-ны өдөр 800 000 төгрөг, 2018.10.22-ны өдөр 300 000 төгрөг, 2018.10.24-ний өдөр 1 500 000 төгрөг, 2018.11.07-ны өдөр 600 000 төгрөг, 2018.11.19-ний өдөр 2 300 000 төгрөг, 2018.11.22-ны өдөр 1 650 000 төгрөг нийт 7 150 000 төгрөгийг зээлүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй  хуулга, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна./хэргийн 4-8 хуудас/

 

Нэхэмжлэгч Ц.О 2018.10.12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү, алданги нэхээгүй, үндсэн зээлсэн мөнгөн хөрөнгөө шаардаж байна гэж шүүхэд тайлбарлаж байх тул зээлийн гэрээний үүрэг 1 300 000 төгрөг, дансаар 7 150 000 төгрөг нийт 8 450 000 төгрөгийг хариуцагч Н.О зээлжээ. Хариуцагч Н.О бэлнээр 210 000 төгрөг, дансаар 300 000 төгрөг нийт 510 000 төгрөг авсан гэж нэхэмжлэгч Ц.О тайлбарлаж байх тул үлдэх  7 940 000 төгрөг /8 450 000 – 510 000/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хүү тооцож авч байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасны дагуу зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй тул хүү шаардах эрхээ алдсан байна. 

 

          Иймд хариуцагч Н.О нийт 7 940 000 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч Ц.Оад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 760 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          

          Шүүх 2019 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 12 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид 2019 оны 2 дугаар сарын 11-ны өдөр мэдэгдсэн, хуралдааны тов мэдэгдсэн баримтад хариуцагч гарын үсэг зурсан байна. Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хариуцагч хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.    

       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.О зээлийн гэрээний үүрэгт 7 940 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Оад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 760 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.О улсын тэмдэгтийн хураамжинд 141 990 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Оад олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                  Ц.О