Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2021/0062

 

 

 

 

 

2021оны 01 сарын 26 өдөр            Дугаар 128/ШЗ2021/0062                   Улаанбаатар хот 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч:   С яам

Нэхэмжлэлийн шаардлага: С яамны 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 9/2043 дугаар албан тоотыг хүчингүй болгуулах, М ХХК-иас Баянхонгор аймгийн Засаг даргатай 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Спорт цогцолбор, усан бассейны барилга-ын суурийн ажлыг гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн 5 хувь /44,948,542.00 төгрөг/-ийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын зохих төрийн сангийн дансанд шилжүүлэхийг С яаманд даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын спорт цогцолборын барилгын суурийн ажлын төсөв 2014 оны Төсвийн тухай хуульд 900,000,000.00 төгрөгөөр батлагдсан бөгөөд М ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер оролцож гэрээ байгуулах эрх аван, 898,970,612 төгрөгөөр гэрээ байгуулан ажиллаж гэрээнд заасны дагуу барилгын суурийн ажлыг хүлээлгэн өгсөн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат болон зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийг биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно гэж заасан ба гэрээнд үнийн дүнгийн 5-10 хувийг барьцаалахыг тусгаагүй буюу баталгааг 0 гэж талууд тохирсон. 

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжид энэ хуулийн 14.3-д заасан хугацаанд гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацааг дуустал барьцаалах нөхцөлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.6-д заасны дагуу зохицуулна гэж заасан байдаг. 

Гэвч С яам тухайн үед гэрээний үнийн дүнгийн 5 хувийг баталгаа болгон авч үлдэн, бусад мөнгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн санд шилжүүлснийг бид хүлээн авсан. 

Тиймээс манай компани гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл мөнгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн дансанд шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Төлбөр Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын зохих дансанд шилжсэний дараа гэрээнд заасны дагуу гэрээний үнийн дүнгийн үлдэгдлийг тухайн байгууллагаас гэрээнд заасан нөхцөлийн дагуу хүлээн авна. 

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Усан бассейн, спорт цогцолборын барилгын төсөвт өртөг 9,000,000,000 төгрөгөөр 2020 оны Төсвийн тухай хуульд батлагдаж 2020 онд 2,000,000,000 төгрөг, 2021 онд 5,000,000,000 төгрөгөөр санхүүжүүлэхээр 2020, 2021 оны төсвийн Тухай хуульд тусгажээ.

Тиймээс Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Усан бассейн, спорт цогцолборын барилгын санхүүжилтийн төсвийн хэмнэлтээс С яамны баталгаа болгон авч үлдсэн гэрээний үнийн дүнгийн 5 хувийг гарган өгөх санхүүжилтийн эх үүсвэр С яаманд байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Ж.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/2 тоот албан бичгээр Баянхонгор аймгийн Засаг даргатай 2014 онд байгуулсан Спорт цогцолбор, усан бассейны барилга-ын суурийн ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу 5 хувийн гүйцэтгэлийн баталгааг тус компанийн дансанд шилжүүлэхийг хүссэн албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу санхүүжилттэй холбоотой мэдээллийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамаар дамжуулан ирүүлэх, захиалагч байгууллагатай байгуулсан гэрээ дүгнэсэн, тооцоо нийлсэн акт, санхүүжилтийн ямар эх үүсвэрээс санхүүжүүлсэн зэрэг мэдээллүүд шаардлагатай талаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 9/2043 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. 

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд баригдаж байгаа Спорт цогцолбор, усан бассейны барилга-ын суурийн ажлыг гүйцэтгэх ажил нь 2014 оны Төсвийн тухай хуульд төсөвт өртөг 900,000,000 төгрөг, 2014 онд санхүүжүүлэх дүн 900,000,000 төгрөгөөр батлагдаж, М ХХК-тай 898,970,000 төгрөгөөр барилга угсралтын гэрээ байгуулсан бөгөөд 2014 онд нийт 809,970,000 төгрөгийг М ХХК-д олгосон байна. 

Баянхонгор аймгийн Засаг дарга М ХХК хооронд байгуулсан Спорт цогцолбор, усан бассейны барилга-ын суурийн ажлыг гүйцэтгэхэд гэрээнд барьцаа хөрөнгийн баталгаанд гэрээний үнийн дүнгийн 5 хувийг байршуулах бөгөөд баталгаат хугацаа дууссаны дараа буюу барилга байгууламжийг хүлээлгэн өгснөөс хойш 3 жилийн дараа барьцаа хөрөнгийг чөлөөлж М ХХК-д олгохоор заасан байна.

Мөн дээрх арга хэмжээ нь зөвхөн суурь бүтээцийн ажил байсан бөгөөд барилга байгууламжийн ажилд Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуульд төсөвт өртөг 9,000,000,000 төгрөг, 2019 онд санхүүжих дүн2,000,000,000 төгрөг, 2020 онд санхүүжих дүн 2,000,000,000 төгрөг тус тус батлагдсан тул гэрээний дагуу баталгаа хөрөнгийг чөлөөлөх асуудлыг гэрээ дүгнэсэн, тооцоо нийлсэн акт, улсын комиссын акт зэргийг үндэслэн захиалагчид хандан гаргуулах боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М ХХК-иас С яаманд холбогдуулан гаргасан С яамны 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 9/2043 дугаар албан тоотыг хүчингүй болгуулах, М ХХК-иас Баянхонгор аймгийн Засаг даргатай 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Спорт цогцолбор, усан бассейны барилга-ын суурийн ажлыг гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн 5 хувь /44,948,542.00 төгрөг/-ийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын зохих төрийн сангийн дансанд шилжүүлэхийг С яаманд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М ХХК-ийн Баянхонгор аймгийн Засаг даргатай 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан БХ-2014/А-20 дугаар Баянхонгор аймгийн спорт цогцолбор, усан бассейны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-ний 3-д Гэрээний нийт дүн 898,970,852 төгрөг. Үүнээс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 2014 онд 898,970,852 төгрөгийн санхүүжилтийг гэрээнд заасан хуваарийн дагуу олгож уг барилгын ажлыг бүрэн дуусгавар болгоно., 4-д Гүйцэтгэгч нь Монгол Улс Баянхонгор аймгийн Спорт цогцолбор, усан бассейны барилга угсралтын ажил нь газрын ажил, суурийн ажил, төмөр бетон довжоо цутгах, хийцийг арматурчлах, босоо ус тусгаарлагч хийх, зоорины ханын гадна талаар 120 мм-ийн хана өрөх, зоорины шалны төмөр бетон цутгах, төмөр бетон налуу цутгах, хийцийг арматурчлах ажил гэх зэрэг ажлуудыг 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр эхэлж, 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтад оруулна., гэрээний тусгай нөхцөлийн 45.0-д Барьцаа хөрөнгийн хувь 0 төгрөг байна, 49.0-д Гүйцэтгэлийн баталгаа нь гэрээний үнийн 5 хувьтай тэнцүү дүнтэй байна. гэж заажээ.

Спорт цогцолбор, усан бассейны барилгын суурийн ажлыг гүйцэтгэх ажил нь 2014 оны Төсвийн тухай хуульд төсөвт өртөг 900,000,000 төгрөг, 2014 онд санхүүжүүлэх дүн 900,000,000 төгрөгөөр батлагдаж, М ХХК-тай 898,970,000 төгрөгөөр барилга угсралтын гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний нийт санхүүжилт  нь Сангийн яамнаас Баянхонгор аймгийн 030035300 Бх,ССАЖС ЭШХор гэсэн дансанд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 363,915,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 274,895,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 150,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 21,160,000 төгрөгөөр нийт 809,970,00 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

Үүнээс гүйцэтгэгч компани болох М ХХК-ийн 5003005840 дансанд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 358,666,421 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 269,646,150 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 11 дүгээр сарын 13-ны өдөр 168,911,145 төгрөгийг тус тус шилжүүлэн барилгын ажлын техник хяналтын зардалд 12,746,284 төгрөгийн барьцаа хяналтын дансанд суулган тооцсон нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 2/996 дугаар албан бичиг, болон түүнд хавсарган ирүүлсэн баримтуудаар нотлогдож байна.

М ХХК нь Спорт цогцолбор, усан бассейны барилгын суурийн ажлыг гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тул гэрээний нийт үнийн дүн болох 898,970,852 төгрөгөөс гүйцэтгэлийн баталгаа болох гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх төгрөгийг хасаж 95 хувийг авах ёстой байтал С яам гэрээний үнийн дүнгийн 10 хувийг баталгаа болгон авч үлджээ. 

М ХХК-иас С яаманд холбогдуулан гаргасан Спорт цогцолбор, усан бассейны барилгын суурийн ажлын гэрээний үнийн дүнгийн 95 хувиас 5 хувийг шилжүүлэхгүй байгаа сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 259 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Спорт цогцолбор, усан бассейны барилгын суурийн ажлын гэрээний үнийн дүнгийн 95 хувиас 5 хувийг шилжүүлэхгүй байгаа С яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхийг С яаманд даалгаж шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгчид дутуу олгосон 10 хувийн 5 хувьд ногдох хэсгийг олгосон авсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. 

Харин гэрээний дүнгийн үлдэгдэл 5 хувьд ногдох 44,948,542.00 төгрөгийг С яам олгоогүй тул нэхэмжлэгч компани шүүхэд хандаж дахин нэхэмжлэл гаргажээ. 

Барилгын тухай (2008 оны) хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна.,  Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна., 14.8-д Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжид энэ хуулийн 14.3-т заасан хугацаанд гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.6-д заасны дагуу зохицуулна., Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат болон зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно. гэж заажээ.  

Баянхонгор аймгийн Засаг дарга нэхэмжлэгч М ХХК-тай гэрээ байгуулахдаа барьцаа хөрөнгө 0 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа нь гэрээний үнийн 5 хувьтай тэнцүү дүнтэй байхаар тусгаснын дагуу гүйцэтгэлийн баталгаа болох 5 хувийг шилжүүлээгүйг буруутгах үндэслэлгүй боловч нэхэмжлэгч М ХХК гэрээнд заасан үүргээ гүйцэт биелүүлж, барилгыг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Баянхонгор аймаг дахь усан бассейн болох Спортын цогцолборын хүлээж авах ажлын хэсгийн хурлын протокол, Спорт цогцолбор, усан бассейны барилгын оношилгооны тайлангаар нотлогдож байна. 

Ийнхүү хүлээлгэн өгснөөс хойш тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Барилгын тухай  (2008 оны) хуульд заасан чанарын баталгааны 3 жилийн хугацаа 2017 онд дууссанаар М ХХК чанарын баталгаа болох гэрээний үнийн дүнгийн 5 буюу 44,948,542.00 төгрөгийг авах эрхтэй юм. 

Дээрх эрхийнхээ дагуу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/2 дугаар албан бичгээр гэрээний үнийн дүнгийн 5 хувийг авахаар С яаманд хандахад 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 9/2043 дугаар албан бичгээр ...санхүүжилттэй холбоотой мэдээллийг захиалагч байгууллага болох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамаар дамжуулан ирүүлнэ үү гэсэн хариу өгсөн нь үндэслэлгүй байна. 

Учир нь захиалагч талыг төлөөлж гэрээ байгуулсан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар барилгын чанарын баталгааны хугацаа дуусан тул баталгааны 5 хувь болох 44,948,542 төгрөгийг М ХХК-д олгуулахаар 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 7/598 дугаар албан бичгээр С яамны Төрийн сангийн газарт хандсан боловч хариуцагч С яам тус албан бичгийн дагуу шийдвэр гаргаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасан хугацаа дуустал гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг барьцаалах хуулийн зохицуулалтад нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-д Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ: 6/С сайд: -санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал; , Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Яамыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд /цаашид сайд гэх/ тэргүүлнэ. гэж зааснаар төсвийн орлого зарлагын асуудлыг шийдвэрлэх эрх нь хариуцагчийн бүрэн эрх бөгөөд төсөв боловсруулах, батлах асуудал Төсвийн тухай хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх тул  ...Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын зохих төрийн сангийн дансанд шилжүүлэх даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ...Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын зохих төрийн сангийн дансанд шилжүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг С яаманд даалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ. 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12  дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 6, Барилгын тухай (2008 оны) хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-иас С яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С яамны 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 9/2043 дугаар албан бичгийг хүчингүй болгож, М ХХК-иас Баянхонгор аймгийн Засаг даргатай 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Спорт цогцолбор, усан бассейны барилга-ын суурийн ажлыг гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн 5 хувь /44,948,542.00 төгрөг/-ийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын зохих төрийн сангийн дансанд шилжүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг С яаманд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 ШҮҮГЧ                                            Н.ДАМДИНСҮРЭН