Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2024/0699

 

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2024/0699

Улаанбаатар хот

 

 

                              Н.Э*** нарын нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:                    

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Б***, Н.Э***, Г.С***, Ё.Н***,

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд Ж.Н***, Г.Д***, Ц.Э***, Б.М***,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/121*** дүгээр захирамжийн Ц.Э***, Г.Д***, Б.М***, Ж.Н*** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0641 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э***,

нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ё.Э***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л***,

гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц***,

гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Ч*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***,

Хэргийн индекс: 128/2024/0248/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Э*** нарын нэр бүхий иргэдээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/121*** дүгээр захирамжийн Ц.Э***, Г.Д***, Б.М***, Ж.Н*** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0641 дүгээр шийдвэрээр “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Э***, Ё.Н***, Г.С***, Т.Б*** нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/121*** дүгээр захирамжийн Ц.Э***, Г.Д***, Б.М***, Ж.Н*** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэснийг зөрчсөн, нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, хэрэгт хамааралгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу

3.2 Нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээд нарын газар эзэмших хүсэлт гаргасан байршлууд өөр өөр газруудад байрлалтай байх бөгөөд хоорондоо давхцаж байгаа эсэх талаарх баримтыг цуглуулаагүй

3.3 Нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгсөн талаарх баримтыг цуглуулаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.8-д заасан ажиллагааг хийсэн эсэх талаар хариуцагчаас тодруулаагүй

3.4 Нэхэмжлэгч нар 2022 онд Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны Ж**ын аманд газар эзэмших хүсэлт гаргасан, 2023 онд Хан-Уул дүүргийн 1*** дүгээр хорооны Т*** аманд газар эзэмших хүсэлт гаргасан бөгөөд бид 2022 оны хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн болон гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн асуудлаар шүүхэд хандан маргаж байхад 2023 оны Т*** аманд газар эзэмших хүсэлтийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 19/585, 19/584, 19/586, 19/591 албан бичгүүдээр татгалзаж шийдвэрлэсэн нь уг хэрэгт хамааралгүй

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 641 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                           

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

            3. Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан бидний  “Хан-Уул дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлт”-ийг шийдвэрлээгүй.

            Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 6 дугаар сарын 1***-ний өдрийн албан бичгээр “Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэдэг тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн атлаа бидний хүсэлт гаргасан газрыг гуравдагч этгээдэд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/121*** дүгээр захирамжаар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хууль бус гэсэн агуулгаар маргаж байна.

           

4. Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

4.1. Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан

Бүртгэл хяналтын картад 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн “2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн огноо бүхий Хан-Уул дүүргийн ***-р хороо, Ж**ын ам”-нд 0.07 га газар эзэмших хүсэлтийн зэрэгцээ мөн

2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн огноо бүхий Хан-Уул дүүргийн ***-р хороо, Ж**ын аманд газар эзэмших хүсэлтийг,

мөн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн огноо бүхий Хан-Уул дүүргийн 1***-р хороо Т*** аманд амины орон сууцны зориулалтаар 07 га газар эзэмших хүсэлтийг,

2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өөрсдийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан газар эзэмших өргөдлийн хариуг нэхсэн өргөдлийг тус тус гаргаж байсан.

Ингэхдээ “Л***” ХХК-ийн үйлдсэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн огноо бүхий “Ж**ын ам” гэсэн, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн огноо бүхий “Т*** ам” гэсэн байршил бүхий кадастрын зургийг тухайн хүсэлтдээ хавсарган гаргаж байсан.

4.2. Гуравдагч этгээд нар нь Бүртгэл хяналтын картад 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэгдсэн “Хан-Уул дүүргийн ***-р хороо, Б*** гудамж”-д 0.07 га газар эзэмших хүсэлтийг, “М***” ХХК-ийн үйлдсэн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн огноо бүхий кадастрын зургийн хамт гаргасан. Тухайн хүсэлтийг нийслэлийн Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “зөвшөөрсөн” тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/121*** дүгээр захирамжаар гуравдагч этгээд нарт Хан-Уул дүүргийн *** дугаар хороонд тус бүр 700 м.кв газрыг “амины орон сууц” зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг баримтлана хэмээн тодорхой хуульчилсан.

6. Тухайн тохиолдолд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан “Хан-Уул дүүргийн ***-р хороо, Ж**ын ам”-нд 0.07 га” газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа тухайн байршилд гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн гэх үндэслэлд холбогдох нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулаагүй.

Нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтийг захиргааны байгууллага татгалзаж шийдвэрлэхдээ хуульд заасан ямар үндэслэлээр татгалзсан болох, уг татгалзсан шийдвэрийг хуульд заасан журмын дагуу өргөдөл гаргагч нарт мэдэгдсэн эсэх талаарх нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтыг хариуцагчаас гаргуулан аваагүй атлаа  “...Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*** дүгээр зүйлийн 1***.2-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй эрх сэргэхгүй” гэх дүгнэлтийг хийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч нарын нэр бүхий “Л***” ХХК-ийн үйлдсэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны огноо бүхий “Ж**ы ам” гэсэн бичилт бүхий 4 ширхэг, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн огноо бүхий “Т*** ам” гэсэн бичилт бүхий 4 ширхэг газрын кадастрын зураг,

гуравдагч этгээд нарын нэр бүхий “М***” ХХК-ийн үйлдсэн 2022 оны 5 дугаар сарын 19-ний огноо бүхий “Хан-Уул дүүргийн ***-р хороо, Б*** гудамж” гэсэн бичилт бүхий 4 ширхэг кадастрын зураг болон

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба 2022-10-23 гэсэн огноо бүхий 4 ширхэг кадастрын зураг тус тус авагдсан.

Анхан шатны шүүхээс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/4216 дугаар албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас нэхэмжлэгч 4 иргэний нэр дээр үйлдэгдсэн кадастрын зургийн солилцлын утгыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022-10-23 огноо бүхий 1***4, 1***5, 1***6, 1***7 дугаар нэгж талбарын дугаар бүхий кадастрын зурагтай давхцуулан хил заагийн талаарх мэдээллийг авсан байх боловч нэхэмжлэгч нарын нэр бүхий 2022 оны 01 дүгээр сарын 27-ны огноо бүхий “Ж**ын ам” эсхүл 2023 оны 3 дугаар сарын 30-ны огноо бүхий “Т*** ам” гэх бичилт бүхий 2 өөр нэршилтэй кадастрын зургийн алийг нь хүргүүлсэн болох,

Гуравдагч этгээд нарын нэр бүхий “М***” ХХК-ийн үйлдсэн 2022 оны 5 дугаар сарын 19-ний огноо бүхий “Хан-Уул дүүргийн ***-р хороо, Б*** гудамж” гэх бичилт бүхий кадастрын зургийг дээрх зураг болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022-10-23 огноо бүхий нэгж талбарын дугаар бүхий 4 зурагтай давхцуулан маргаан бүхий газар нь тухайн газар мөн эсэх үйл баримтыг  гүйцэд тодруулаагүй.

Нэхэмжлэгч нарын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлтийнхээ хариуг аваагүй. “...Өргөдөл хүсэлтээ шийдвэрлүүлэх талаар Газрын тухай болон бусад хууль, Үндсэн хуульд заасан эрх зөрчигдсөн, шүүхээр шийдвэрлүүлэх замаар энэхүү эрхээ сэргээлгэхээр маргаж байна” гэх тайлбартай  холбогдуулан хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч нарын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийн хариуг хэрхэн мэдэгдсэн, хүргүүлсэн эсэх талаарх тайлбар, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй хэргийг шийдвэрлэсэн.

8. Энэхүү нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0641 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 1*** хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                    ШҮҮГЧ                                            А.САРАНГЭРЭЛ

                         ШҮҮГЧ                                             Ц.САЙХАНТУЯА

 

                                    ШҮҮГЧ                                             Г.МӨНХТУЛГА