Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 345

 

Ц.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03857 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Э,

Хариуцагч Ц-т холбогдох,

 

Өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Ц.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ц.Э нь 1993 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нийт 24 жил бүлгийн багшаар ажилласан. Хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Боловсролын яамны тэргүүний ажилтан болсон бөгөөд 2015 онд ҮЭ-ийн тэргүүлэгчээр сонгогдсон.

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр эрхлэгч Ө.Алдармаа нь өрөөндөө дуудаж “таны 8 дугаар сарын 30-ны өдөр өгсөн шинжилгээний хариугаар тэмбүү өвчин гэсэн хариу гарсан. Шинжилгээ өгөх эсэх нь таны эрхийн асуудал” гэж хэлсэн. Тухайн үед эмч Ш.Мядагмаа эрхлэгч бид хоёрын яриаг бичиж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ажилдаа иртэл 09:00 цагийн орчимд Ш.Мядагмаа дарга дуудаж байна гэсэн. Өрөөнд ортол эрхлэгч Ө.Алдармаа, арга зүйч Ж.Энхзул, эмч Ш.Мядагмаа нар байсан. Эмч Ш.Мядагмаа тэмдэглэл хөтөлж, эрхлэгч Ө.Алдармаа “Ц.Э багшаа өнгөрсөн жил танай туслах багш хүүхэд өшиглөсөн, мөн та хэд хоногийн өмнө бослого хөдөлгөөн удирдсан, түүнчлэн тэмбүү өвчин туссан байгаа учраас таныг ажлаас чөлөөлсөн ч болохоор байна, гэхдээ бид ангид чинь хүн оруулж ажлыг чинь зохицуулна” гэж хэлсэн. Гэтэл би “хүүхэд өшиглүүлсний хувьд би өшиглө гэж хэлээгүй, намайг бие засаад ороод ирэхэд ийм асуудал болчихсон байсан. Би хийгээгүй хэргийнхээ төлөө 3 cap цалингийнхаа 20 хувиа хасуулсан. Бослого хөдөлгөөн гэж та буруу яриад байна. Бид ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа оръё гэсэн шаардлага тавихад, та оруулахгүй 8 дугаар сарын 28-ны өдөр ор гэсэн учраас хуулийн дагуу сул зогсолтын мөнгөө авах гэж түр хороо байгуулан, түүний тэргүүлэгчээр цэцэрлэгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч намайг хурал хийж хамт олон маань сонгосон, тэмбүү өвчний хувьд би гэр бүлийн хүнтэйгээ хамт дахин шинжилгээ өгнө” гэж хэлсэн.

2017 оны 9 дүгээр capын 07-ны өглөө эрхлэгч Ө.Алдармаа болон жижүүр үйлчлэгч н.Дэжидмаа нарт 06:15 цагийн орчимд шинжилгээ өгөх тухайгаа мессеж бичээд гэр бүлийн хүнтэйгээ хамт “Гялс” төвд шинжилгээ өгөхөд бидний шинжилгээ эрүүл гэж гарсан бөгөөд эрхлэгчийн өрөөнд орж шинжилгээний хариугаа өгсөн. Гэтэл маргааш орой нь буюу 9 дүгээр сарын 08-ны өдөр эрхлэгч Ө.Алдармаа ажлаас халах тушаал уншсан. Ө Алдармаа болон мэргэжлийн бус эмч Ш.Мядагмаа нар эмнэлгийн байгууллагын гаргасан шинжилгээний хариуг гуйвуулан өөрсдөө хүн гүтгэчихээд ёс зүйгүй авир гаргасан хэмээн өөрийнхөө эрх мэдлийг ашиглан үндэслэлгүйгээр ажлаас халсанд маш их гомдолтой байна.

            Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц цэцэрлэгийн төлөөлөгч Ө.Алдармаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Э нь тус Ц цэцэрлэгт 1993 оноос хойш олон жил ажилласан, дадлага туршлагатай мэт харагддаг боловч ажпын байрны тодорхойлолтод дурдсан ажил үүргээ хангалтгүй хийдэг, ажлын байранд тавигдах наад захын шалгуур, шаардлагыг хангадаггүй, бакалаврын түвшний боловсрол байхгүй, ноцтой халдварт өвчтэй, шударга бус зантай, өөрийгөө олон жил ажилласан дархлагдсан гэж ойлгож ажлаас хоцрох, ажил таслах өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй байхаас гадна ажлын байрандаа урд өдөр нь уусан архи нь гараагүй мансуурсан байдалтай ирж хүүхдүүдэд болон хамт олондоо маш буруу үлгэр дуурайлал үзүүлдэг.

Ажлын цагаар байнга тамхи татна, хамт ажиллагсадтайгаа бүдүүлэг ёс зүйгүй харьцана, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байх, туслах багшдаа ангийг даатгаж хүүхдүүдийг тараах, өдөрт олон цагаар туслах багшийг ганцааранг нь ажиллуулах, мөн түүнчлэн эцэг эхчүүдээс дур мэдэн үндэслэлгүй мөнгө хураах зэргээр ажил үүргээ хангалтгүй биелүүлдэг болсон нь энэ хүнийг цаашид ажиллуулах боломжгүй байдалд хүргэсэн тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн гэрээний 3.3-т багшийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллана гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 4.27-д багшийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлнэ гэж тус тус заасан байдаг бөгөөд Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 41 дүгээр тушаалаар баталсан “Багшийн ёс зүйн дүрэм”-ийн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан давтан зөрчил болсон гэж үзнэ.  Мөн Багшийн ёс зүйн дүрмийн 2.1.5-д Ном сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлсийг тулган борлуулах, хуульд заагаагүй төлбөр хураамж хандив өгөхийг шаардах... гэж заасныг зөрчиж Ц.Э нь 2017 оны 5 дугаар сард хувиасаа дур мэдэн “Батламж” гэх зүйл хийлгэж эцэг эхчүүдээс 30 000 төгрөг хураасан байсан. Түүнчлэн ёс зүйн дүрмийн 2.3.2-т заасан өөрийн болон хувь хүний нэр төр, сэтгэл санаанд хохирол учруулахгүй байх, мөн дүрмийн 2.1.6-д Багшийн нэр хүндийг ямагт дээдлэн биеэ авч явах гэснийг тус тус зөрчиж Ц.Э нь биеийн тамирын багш Ч.Энхтүвшинг хамт олны өмнө гутаан доромжилсон. Ц.Э нь 2017 оны 5 сард Анги засварын мөнгө ангийнхаа бүх хүүхдүүдээс хураасан атлаа няравт тушаахдаа 30 гаран хүүхдийн мөнгө хүлээлгэж өгсөн. 100 хувь хураасан атлаа зарим хүүхдийн нэрсийг жагсаалтаас хасаж бичсэн зөрчил нь тогтоогдсон тул өөрт нь хэлж арилгуулсан төдийгүй 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр цэцэрлэгийн бүх багш ажилтнууд нэгдсэн шинжилгээнд хамрагдахад Ц.Э +- буюу тэмбүү өвчний халдвартай гэж гарсан. Энэ шинжилгээний хариуг эмч Ш.Мядагмаа болон эрхлэгч Ө.Алдармаа миний бие Ц.Эд зөвхөн өөрт нь танилцуулж, даруй эмчилгээ хийлгэх шаардлагатай, хүүхдээс халдвар илэрвэл яана гэж тайлбарлахад дахин шинжилгээ хийлгэнэ гээд явсан. Би энэ хүнийг өвчтэй гэдэг үндэслэлээр ажлаас халаагүй бас өвчтэй гэж худлаа гүтгээгүй.

Ц.Эд багшлах ямар ч хүсэл сонирхол байхгүй, багшлах ёс зүйгүй, чадваргүй болох нь дээрх зөрчлүүдээс тодорхой харагдаж байгаа. Би энэ хүнтэй ямар нэгэн өс хонзон байхгүй ба хүүхдийн байгууллагад ажилладаг, удирддаг хүний хувьд хамт олны санал гомдол, тухайн хүний гаргаж байгаа зан ааш, үйлдэж байгаа үйлдэл, ажил үүрэгтээ хандаж байгаа хандлага, ёс суртахуун, мэдлэг боловсрол, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасан заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэлд нь нийцүүлэн ажлаас халах тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд Ц.Эын гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эыг хариуцагч Цийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 1 909 004 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 115 694 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Ажлаас халах тушаалын нэгдүгээр үндэслэл болох Ц.Эын ёс зүйн зөрчлийн тухайд шүүхийн шийдвэрт Ц.Эын ёс зүйн зөрчил зөвхөн гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно гэж хариуцагч тайлбарласан мэтээр бичжээ. Гэрчүүдийн мэдүүлгээс гадна 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн багш нарын шуурхай хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгч эцэг эхчүүдээс үндэслэлгүйгээр мөнгө хураасан талаар баримтыг гаргасан. Ц.Эын энэхүү шударга бус үйлдлийн талаар Нийслэлийн боловсролын газарт хандаж эцэг эхчүүд гомдол гаргасны дагуу багш нарын шуурхай хурлаар уг асуудлыг хэлэлцэхэд Ц.Э өөрөө буруугаа хүлээсэн бөгөөд энэ зөрчилд нь арга хэмжээ аваагүй боловч амаар сануулж хурлын тэмдэглэлд тусгасан.

            Ажлаас халах тушаалын 2 дахь үндэслэл болох өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй талаар баримт байхгүй гэж шүүх дүгнэсэн. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн багш нарын зөвлөгөөний хурал хийж багш нарт хугацаатай үүрэг өгсөн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Ц.Э өгсөн үүрэг даалгавраас алийг нь ч хийгээгүй. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б/01 тоот тушаалаар Ц.Эд сахилгын шийтгэлд ногдуулж үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулсан. Учир нь ангийн хүүхдүүдээ туслах багшид байнга орхиж явдаг байсны улмаас туслах багш хүүхдүүдийн бүжгийг давтуулж байхдаа хүүхдийн эмзэг газарт нь өшиглөсөн байсан. Үүнээс хойш туслах багшид хүүхэд хариуцуулахгүй байхыг хатуу анхааруулж сахилгын шийтгэл оногдуулсан. Гэтэл Ц.Э 2017 оны 9 дүгээр сарын 06,07-ны өдрүүдэд ажил тасалж, туслах багш Ц.Нармандах ганцаараа ажилласан. Гэвч энэ зөрчлийг шүүх тогтоогдохгүй гэж үзсэн нь зүйд нийцэхгүй байна.

            Түүнчлэн хариуцагчийн зүгээс туслах багш Ц.Нармандахыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хангаж эмч Ш.Мядагмаа, жижүүр н.Дэжидмаа, туслах багш Ц.Нармандах нарыг гэрчээр асуухаар шүүгчийн захирамж гарсан. Гэтэл Ц.Нармандах мэдүүлэг өгөх гэж дээрх гэрчүүдийн хамт шүүх хуралдаанд ирэхэд шүүгч “таныг гэрчээр асуухгүй, явж байж болно” гэж хэлээд гаргасан. Ингээд хариуцагч талын тайлбарыг батлахад чухал ач холбогдолтой гэрчийг асуухгүйгээр буцаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Мөн түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч миний бие шүүх хуралдаан дөнгөж эхлээд 5 минут ч хүрээгүй байхад хоцроод орох гэсэн боловч шүүгч намайг оруулаагүй, шүүх хуралдаанд мэтгэлцэх боломж нөхцөлөөр хангаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн  гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөх боломжтой байна.

            Нэхэмжлэгч Ц.Э нь эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч Ц цэцэрлэгийн эрхлэгч 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар багш Ц.Эыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн ба сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарлажээ. /хх-4, 75-79/

            Хэрэгт авагдсан баримтаар багш Ц.Эыг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хариуцсан анги танхимыг орхиж явсны улмаас туслах багш хүүхэд өшиглөж гэмтээсэн тул нэхэмжлэгч Ц.Эд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар үндсэн цалинг сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь баримтаар авагдсан байна.

            Мөн эцэг эхчүүдээс захиргааны зөвшөөрөлгүйгээр 30 000 төгрөг хураасан, батламж олгосон талаарх гомдол мэдээлэл гарсныг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр багш ажилчдын хурал дээр хэлэлцэж, 30 000 төгрөг хурааж, батламж олгосноо багш Ц.Э хүлээн зөвшөөрсөн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан, уг тэмдэглэлтэй бүх ажилчид танилцаж гарын үсэг зурагдсан нь хэрэгт баримтаар авагджээ.

Цэцэрлэгийн дотоод журмын “Арван нэг” дэх хэсэгт “захиргаанд мэдэгдэлгүй эцэг эхээс мөнгө төгрөг болон эд зүйл авсан” бол захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхаар заасан боловч тухайн үед буюу 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ц.Эд сахилгын шийтгэл хүлээлгэлгүй, харин дахин ийм зөрчил гаргахгүй байхыг сануулжээ. /хх-61-62/

            Түүнчлэн Дотоод журмын 10.8-д болон Хөдөлмөрийн гэрээний 5 дахь хэсэгт  заасан  сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл буюу захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нөхцөл байдал Ц.Эын хувьд тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Цэцэрлэгийн багш ажилчдын хурлын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурал дээр хамран сургах болон тойргийн бус хүүхдийн судалгааг  9 дүгээр сарын 06-ны өдөр гаргах хугацаатай үүргийг багш нарт өгсөн нь тэмдэглэлд тусгагдсан ба багш ажилчид танилцаж гарын үсэг зуржээ. /хх-65/

Захиргаанаас нийт багш нарт өгсөн дээрх үүргийг Ц.Э багш огт биелүүлээгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй байна. Иймд нэхэмжлэгчийг “өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хэргийн дээрх баримтуудыг нэгтгэн дүгнэвэл багш Ц.Э нь 2107 оны 01 дүгээр сарын 03-наас 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан сахилгын шийтгэл хүлээлгэх 3 зөрчлийг гаргасан нь тогтоогдсон, зөрчлийн хоорондох хугацаа нь сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жил, хүлээгээгүйгээс хойш 6 сараас хэтрээгүй байх тул хариуцагч 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар Ц.Эыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг болон цэцэрлэгийн дотоод журмын 10.8, хөдөлмөрийн гэрээний 7.2-т заасныг зөрчөөгүй  байна.

            Дээрх байдлаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин хариуцагчаас гаргасан зөрчил гэж нэрлэн тоочсон бусдын цалинг харуулахыг шаарддаг, биеийн тамирын багш Ч.Энхтүвшинг хамт олны өмнө гутаан доромжилсон, цэцэрлэгийн эрхлэгчийг 24 000 000 төгрөг идэж шамшигдуулсан гэж гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасан гэх тайлбар нь баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдаж байна.

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэргийн баримтыг маргаж буй үндэслэлд хамааралтай талаас нь зөв үнэлээгүй, хөдөлмөрийн гэрээнд гэрээг шууд дуусгавар болгохоор заасан ноцтой зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдоогүй гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан нь алдаатай болсон ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийдвэрийг зөвтгөх боломжтой байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/03857 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Цт холбогдуулсан эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай Ц.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

А.ОТГОНЦЭЦЭГ