| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2022/0285/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/283 |
| Огноо | 2022-10-12 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/283
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гын Хт холбогдох эрүүгийн 2238000000562 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Х нь 2022 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн Бургуулийн гол гэх газраас Т.Бын эзэмшлийн 1 тооны хээр зүсмийн морийг хулгайлан 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000562 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Х нь 2022 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн Бургуулийн гол гэх газраас Т.Бын эзэмшлийн 1 тооны хээр зүсмийн морийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хулгайлан авч Мөрөн сумын Хилэнгийн гүүрэнд цагдаад шалгагдан баригдсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт Г.Хын өгсөн: “..Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Бын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 05-ны орой би өөрийн унадаг халтар хээр зүсмийн сартай гурван нүдэн чандмань тамгатай морио Бүрэнтогтох сумын 1 дүгээр багт байдаг гэрийнхээ гадаа ойролцоогоор 200 метрийн зайтай аргамжиж тавьсан. Тэгээд гэртээ унтаж амраад маргааш өглөө нь буюу 09 дүгээр сарын 06-ны өдөр сэрээд харахад миний аргамжаатай морь байхгүй байсан. Тэгэхээр нь аргамжсан байсан газар дээр очоод харахад миний аргамжаа байхгүй болсон байсан. Ингэхээр нь би өөрийн адуун дээрээ очоод халтар хээр зүсмийн морио байна уу гэж харахад байхгүй байхаар нь тэр өдөржингөө нутгаараа морио хайгаад олдохгүй байсан. Тэгээд өнөө өглөө буюу 09 дүгээр сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад Бүрэнтотох сумын төлөөлөгч над руу залгаад халтар зүсмийн хээр морь Мөрөнгийн зах дээр орж ирсэн байна танай морь мөн үү ирж үзээрэй гэж хэлэхээр нь би яваад очтол миний алдсан морь мөн байсан. Миний морийг цагдаагийн хашаан дотор уясан байсан. Би өөрийнхөө морийг зүсээр нь болон тамгаар нь таньсан. Миний морийг нутгийн хүн болох Х гэдэг хүн авсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 14 тал/,
Гэрч Б.Бын өгсөн: “...Б 2022 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн нутаг “Бургуул” гэх газраас гэрийнхээ гадаа байсан аргамжаатай байсан хүрэн халтар зүсмийн морь, зөв гуяндаа саран дэвсгэртэй нүдтэй чандмань тамгатай морио алдсан гээд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрийнхээ ойр орчмоор бүтэн өдөр хайсан нь үнэн. Бт ганц унадаг морьтой, энэ морио алдсан байгаа. Халтар зүсмийн морь зөв гуяндаа саран дэвсгэртэй нүдтэй чандмань тамгатай байдаг нь үнэн. Быг ганц унадаг морьтойг манай багийн бүх хүмүүс мэдэх байхаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Гэрч Д.Сгийн өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд Бүрэнтогтох сумаас Мөрөн сумын чиглэлд явж байтал Хилэнтийн гүүрэн дээр эмээл хазааргүй, бараан зүсмийн морь хөтөлсөн хүн явж байхад нь сэжигтэй санагдаад зогсоогоод шалгахад өөрийгөө Бүрэнтогтох сумын 1 дүгээр багийн иргэн Г овогтой Х гэдэг хүн байна. Өөрийнхөө адуу хөтөлж явна гэж танилцуулахаар нь би юун морь хаанаас хаана хүртэл авч байгаа юм гэхэд миний морь байгаа юм гэж хэлэхээр нь та надад адууныхаа гарал үүслийн болон холбогдох бичиг баримтыг шалгуул гэхэд Х нь үзүүлэх гарал үүслийн юм алга гэхээр нь сэжигтэй санагдаад цагдаагийн газарт аваачиж шалгахад саран дэвсгэр дээр нүдтэй чандмань тамгатай хүрэн халтар зүсмийн морь байсан тул уг морийг алдсан хүн байвал холбогдоно уу гэж Бүрэнтогтох сумын фэйсбүүкт тухайн өдөр зар оруулахад өөрийгөө Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн иргэн “Бургуул” гэх газарт оршин суух Сийн Б гэдэг хүн байна гэж 98906488 дугаараас надтай холбогдож би 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө гэрийн гадаа аргамжаатай байсан морио алдсан аргамжаа ч байхгүй гадас ч байхгүй олдохгүй байна миний хайгаад байгаа морь наад морьтой чинь ижилхэн байна гэхээр нь би аймагт орж ирээд үзээрэй гэж хэлэхэд 09 дүгээр сарын 07-ны орой 16 цагийн орчим Б нь аймгийн Цагдаагийн газарт ирж уг морийг хараад миний алдсан морь мөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №ТХҮ-922/4508 дугаартай: “...Үнэлэгдэж буй морины зах зээлийн үнэ цэнийг одоогийн байдлаар 1.500.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 23-25 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/
Маланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 тал/,
Шүүгдэгч Г.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг нэг бүрчлэн уншиж танилцууллаа. Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ ухамсарлаж ойлгосон. Цаашид дахин ийм асуудал гаргахгүй... Бын морийг номхон болохоор нь би унаад Мөрөн рүү явсан юм. Тэгээд Мөрөн ороод буцаад би өөрт нь өгье гэж бодсон... Би авсан морио буцаагаад Бт өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.Бын мэдүүлэг, гэрч Б.Б, Д.С нарын мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №ТХҮ-922/4508 дугаартай дүгнэлт, маланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Г.Х нь 2022 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн Бургуулийн гол гэх газраас Т.Бын эзэмшлийн 1 тооны хээр зүсмийн морийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хулгайлан 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Х нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.
Хуульд тайлбарласнаар “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Г.Хын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Хын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Бт нэг тооны морь буюу 1.500.000 төгрөгийн шууд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Г.Х нь морийг биет байдлаар нь хохирогчид буцаан өгч, эрж хайсны зардал 100.000 төгрөгийг төлсөн гэм хорын хохирлыг арилгасан байна. Хохирогч Б.Бт шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “Морио буцааж авсан тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Г.Хыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Хыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Хын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 38-42, 46-57 талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Х нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 1 дүгээр багт оршин суух, мал маллаж, ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй ба шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Гын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Гын Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Г.Хт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Хт сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН