Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/285

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бгийн Бд холбогдох эрүүгийн 2238000000502 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн Хээгцэрийн тохой гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгаар тогтоосон газрын нуураас хадран загас 362 ширхэг, зэвэг загас 3 ширхэг, нийт 365 ширхэг загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж, 3.722.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000502 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутгаар тогтоосон газар буюу Хөвсгөл аймгийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн Хээгцэрийн тохой гэх газрын нуураас хадран загас 362 ширхэг, зэвэг загас 3 ширхэг, нийт 365 ширхэг загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтны экологид 1.861.000 төгрөгийн шууд хохирол учруулсан  үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бы өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Агийн өгсөн:  “...2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ... Хөвсгөл нуурын зүүн эрэг дагуу Хээг царын гол гэх газарт хууль бусаар загас агнасан гэх ... мэдээллийн дагуу ... завиар очиж шалгалтын ажлыг явуулахад Хатгал тосгоны иргэн Б.Б, Т.Г, Б.О нар далай эрэг дээр майхан барьсан загас агнасан байдалтай байсан. Нуурын эрэг орчим хөх өнгийн усны сав, шуудай, мөн цагаан өнгийн хийлдэг сэлүүртэй завь, цөөн тооны гэдсийг нь авсан загас байсан. Хөвсгөл нуурт загас агнахаар хориглосон хэрэгсэл тор тавьсан байсан... нуусан байсан загасыг олж хөх өнгийн саванд дүүрэн загас байсан... Хөвсгөл нуураас загас агнахыг хориглоно. Мөн тэд нарын хэрэглэсэн загас агнахад ашигласан торыг хориотой арга хэрэгсэл гэж нэрлэдэг. Загас агнагдсан Хээг царын гол гэх газар нь Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс нутаг учраас ямар нэгэн амьтан агнахыг хориглосон байдаг...Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...Хөвсгөл нуурын Хээг царын тохой гэх газарт хамаарна. Өмнө мэдүүлэгт хээгцарын гол урсаад хээгцарын тохой хэсэгт буюу Хөвсгөл нуур руу цутгадаг учраас хээг царын гол гэдгээр нь мэдүүлсэн байна...Чандмань-Өндөр сумын 3 дугаар багт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 31 тал/,

Гэрч Б.Оын өгсөн: “...Б ах 06 дугаар сарын 27-ны өдөр очсон байсан. 06 дугаар сарын 28-ны өдрийн 01 цагийн үед би хоол унд майхан дөхүүлж өгөхөөр Г ахтай цуг очсон...Бид хоёрыг очиход загас агнасан байсан. Хэдэн ширхэг байгааг нь анзаараагүй...Бид хоёр шөнө очоод маргааш нь буцсан. Бороо ороод хувцас норсон тул хувцсаа хатаагаад буцах гэж байтал тусгай хамгаалалтай газрын байцаагч ирээд зөвшөөрөлгүй загас агнасан гээд байсан Г ах бид хоёр бариагүй, шөнө ирсэн гэдгээ хэлсэн...Агнаагүй, тороо тавьсан гэж байсан. Г ах бид хоёр загас болон торны алинд нь ч хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

Гэрч Т.Гийн өгсөн: “....Би цуг яваагүй. О Бд хоол, майхан, хувцас хүргэж өгөх гэсэн юм. Шөнө байсан болохоор юм сайн мэдэхгүй байна гэхээр нь цуг явсан...Агнасан байсан гэдгийг нь цэвэрлээд саванд хийсэн байсан. Би тоо ширхгийг нь мэдээгүй...Бид хоёр 2022 оны 06 дугаар сарын 28-нд шилжих шөнө очсон. .. Бид хоёрыг очиход бороо их орж байсан тул майхан саваа бариад амарсан. Б тороо тавьсан гэж байсан...Бид хоёр Оын мотоциклиор очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

Гэрч Т.Мийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нуурын зүүн эргийн хяналт шалгалтаар явж байхдаа Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын Хээг цар гэх газар хууль бусаар загасчилж байсан 3 иргэнийг илрүүлсэн...Далайн захад 60 литрийн усны сав, 2 шуудай, загас барихад ашигладаг тор 1 ширхэг байсан. Намайг очиход нэг нь зугтсан, бусад нь зугтах гээд байхаар нь мотоциклийн хажуугаас нь холдоогүй. Би тусгай хамгаалалтын завиар ирсэн. Тэгээд тэр хавиар явж байгаад цагаан өнгийн хийлдэг завь 1 ширхэгийг мөн гэдсийг нь цэвэрлэсэн савтай загас олсон. Тэгээд далай дотор байсан 4 торыг нь татаж гаргаад загасыг нь тоолж хурааж авсан. Нийт 365 ширхэг загас хураасан. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

Гэрч Б.Гийн өгсөн: “... Хөвсгөл нууран дээр завиар хяналт шалгалт явуулж ажиллахад Хээг царын голын ойролцоо мотоцикльтой хүмүүс байхаар нь очиход Хатгал тосгоны иргэн Б майхан барьсан байсан. Манай хяналт шалгалтын бүрэлдэхүүн холбогдох шалгалтыг явуулж ажилласан. Бы байсан газраас хяналт шалгалт явуулж дууссаны дараа миний жолоодож явсан завь руу агнагдсан загасыг мөн хийлдэг завь, мөн загас агнасан торыг нь ачсан. ...Б нь хоёр хүнтэй, хоёр мотоцикльтой майхан барьсан нуурын эрэг дээр байсан, манай хяналт шалгалтын бүрэлдэхүүн холбогдох шалгалтыг явуулж ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

Гэрч М.Мын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтай газрын даргын төлөвлөгөөт хяналт шалгалтаар Хээг цэр гэх газар руу .. бүрэлдэхүүнтэй Хөвсгөл нуур дээр завиар хяналт шалгалт явуулж ажиллахад Хээг цэрын голын ойролцоо мотоцикльтой хүмүүс байхаар нь очиход Хатгал тосгоны иргэн Б майхан барьсан байсан.. Бы байсан газраар хяналт шалгалт явуулж дууссаны дараа завь руу загас болон хийлдэг завь, мөн загас агнасан торыг ачсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,

Гэрч Г.Аын өгсөн: “...Чандмань-Өндөр сумын нутаг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс нутаг болох Хээг цэрийн тохой гэх газар хууль бусаар агнах арга хэрэгслээр Хатгал тосгоны Б нь нутгийн хоёр иргэний хамт хууль бусаар загас агнасан. .. Хяналт шалгалтаар иргэн Б Хөвсгөл нууранд тор тавьж загас агнаж агнасан. Загасны гэдсийг нь цэвэрлэж асган дотор хаясан байсныг илрүүлж ажилласан хяналт шалгалтын бүрэлдэхүүн очих үед Хээг цэрийн тохой орчим нуурын эрэг дээр майхан барьсан байдалтай нутгийн хоёр иргэнтэй байж байсан. Загасны гэдэс байсан учраас бид хэд загасыг хайхад майханы ойролцоо модон дотор хөх өнгийн саванд загасаа хийж модны ард нуусан байсан савтай загасыг тоолж тэмдэглэлд тусгасан загас барихдаа ашигласан хэрэгсэл болох загасны тор, хийлдэг завь, савтай загасыг хурааж ажилласан....Чандмань-Өндөр сумын нутаг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтай газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Хээг цэрийн тохой гэх газар...Нутгийн иргэд болон манай зарим ажилчид Хээг царын гол гэж хэлдэг юм. Бы загас агнасан газар нь Хээг царын голын цэгийн нэршилтэй Хээг царын голын тохой хэсэг учраас газрын үндсэн нэршил нь Хээг царын гол гэж нэрлэдэг юм. Тусгай хамгаалалтай газрын улсын байцаагч А өөрийн нэршлээр хяналтын тэмдэглэл дээр Хээг цар гэж дуудлагаараа бичсэн байна. Энэ буруу юм үндсэн нэр нь Хээг цэрийн гол юм...Хөвсгөл нуурын эрэг зүүн эргийн нутаг Хээг цэрийн гол нь Хөвсгөл нуурын цутгадаг жижиг гол юм... GPS-ын цэгээр газрын нэршлийг газрын зураглалаар гаргаж өгч болно...2011 улсын их хурлын 18 дугаар тогтоолоор Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс нутагт хамаардаг болсон......” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаартай: “..1. Иргэн Б.Бы зохих зөвшөөрөлгүй агнасан гэх загас нь Хөвсгөлийн хадран thymallu nigrescens 362 ширхэг, хулдын овгийн загас буюу Зэвэг Вгаchymystax lenok 3 ширхэг байна.

2. Хөвсгөлийн хадран (thymallu nigrescens загас нь гүний загас. Зундаа Хөвсгөл нуур, түүнд цутгадаг гол горхиор амьдарна. .. Нэг удаа түрслэхдээ 4-15 мянган ширхэг түрс гаргадаг. Газар зүй, цаг уурын байдлаас хамаарч 4-6 р сард түрслэх ба түрс нь улбар шар, ягаавтар өнгийн 4-4,5 мм ийн диаметртэй, 50-60 мг жинтэй байдаг. Уг загаснууд нь улаан номонд ордоггүй.

3. Хууль бусаар агнасан гэх Хөвсгөлийн хадран thymalluы nigrescens загасны экологи эдийн засгийн үнэлгээг Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар 5,000 төгрөг, Зэвэг Вгаchymystax lenok загас нь 17,000 төгрөгөөр тооцсон.

Амьтны тухай хуулийн 21.1.1 амьтан агнах, барих төлбөр, зөвшөөрлийн хураамж төлсөн байх; энэ хуулийн 28.1.Энэ хуулийн 21.1-д заасан иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болно” гэсэн заалтыг зөрчсөн.

4. Амьтны тухай хуулийн 21.1.1. амьтан агнах, барих төлбөр, зөвшөөрлийн хураамж төлсөн байх; энэ хуулийн 28.1 Энэ хуулийн 21.1-д заасан иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болно” гэсэн заалтыг зөрчсөн тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2. амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон үнэлгээгээр 1 зэвэг загас гэж үзвэл 17000 төгрөг х 2= 34,000 бол 3 зэвэг загас х 34,000 төгрөг=102000 төгрөг, 1 хадран загасны экологи-эдийн засгийн үнэлгээ 5000 төгрөг х 2 = 10,000 бол 362 хадран х 10,000 = 3,620.000 төгрөгийн нөхөн төлбөр тус тус тогтоогдож байна.

5. Б.Бы загас агнасан газар нь Улсын их хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газар нутагт авсан....” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-622/4252 дугаартай: “...Мөрдөгчийн тогтоолд дурьдагдсан БНХАУ-д 2019 онд үйлдвэрлэгдсэн мустанг маркийн мотоцикль, хийлдэг завь болон 5 ширхэг загас барих торны зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 08 дугаар сарын байдлаар 2,250,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов. Үнэлгээний ажлын явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно ...” гэх дүгнэлт /хх-ийн 55-57 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 тал/,

Мөрдөгчийн эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай санал /хх-ийн 16 тал/,

Прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 17 тал/,

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18 тал/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 19 тал/,

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл  /хх-ийн 21-24 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Бы гэм буруугаа хүлээж өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвөөс загас агнахаар ганцаараа мотоциклиор Хээг царын тохой гэх нэртэй газар луу явсан. Хөвсгөл нуурын эрэг дээр очоод хийлдэг завиа хийлээд нууран дээр хөвж 5 ширхэг торыг тавьсан. Хоноод маргааш өглөө нь татаад цэвэрлээд 60 литрийн усны хөх саванд хийгээд хөндий хожуул руу хийчихсэн байсан. Ингэж загас барихдаа тороо татаж байхдаа тээгэлсэн загасыг аваад тороо тавьчихсан байсан юм. 5 ширхэг торноос 1 тор нь ороолдоод байхаар нь нэг ширхэг торыг нь авчихсан байсан. Намайг очиж хонодог шөнө бороо ороод хувцас норчихсон болохоор тосгоны төвөөс Г, О нарыг майхан солих хувцас авчруулахаар дуудсан. Тэр хоёр өглөөгүүр л ирчихсэн байсан юм. Тэгээд байж байхад тусгай хамгаалалтай газрын М ирээд торгоно, завиа өг гээд л төвөөс байцаагч нараа дуудахад завьтай дарга, мэргэжилтэн гээд 5 хүн ирсэн. Тэгээд л 5 ширхэг тор, хийлдэг завь 1 ширхэг, хөх савтай загас хурааж аваад явсан...Хийлдэг завин дээрээ суугаад л салхинд хөөгдөөд л тороо тавьсан. Торонд ороолдсон загасаа завин дээрээсээ түүж авсан...Надаар тоолуулахад хадран загас 362 ширхэг, зэвэг загас 3 ширхэгийг агнасан байсан.. Завийг нь өмнө жил 500.000 төгрөгөөр авсан. Нэг ширхэг торыг 75.000 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Нийт 5 ширхэг торыг 375.000 мянган төгрөгөөр худалдаж авсан...Миний өөрийн мотоцикль. Мустанг маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль байгаа. 2019 онд 2.000.000 төгрөгөөр хүнээс худалдаж авч байсан. Одоо мотоциклоо 1.500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 тал/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч Ж.Агийн мэдүүлэг, гэрч Б.О, Т.Г, Т.М, М.М, Г.А нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-622/4252 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутгаар тогтоосон газар буюу Хөвсгөл аймгийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн Хээгцэрийн тохой гэх газрын нуураас хадран загас 362 ширхэг, зэвэг загас 3 ширхэг, нийт 365 ширхэг загасыг зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтны экологи эдийн засагт 1.861.000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тодорхойлжээ.

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаартай  Хөвсгөлийн хадран thymallu nigrescens 362 ширхэг, хулдын овгийн загас буюу Зэвэг Вгаchymystax lenok 3 ширхэг, уг загаснууд нь улаан номонд ордоггүй... иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болно, .. Б.Бы загас агнасан газар нь Улсын их хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газар нутагт авсан гэх дүгнэлт /хх-ийн 55-57  тал/-ээр шүүгдэгч  Б.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Быг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр хадран загас 362 ширхэг, зэвэг загас 3 ширхэг, нийт 365 ширхэг загасыг  агнаж  буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр хадран загас 362 ширхэг, зэвэг загас 3 ширхэг нийт 365 ширхэг загасыг агнасан гэм буруутай үйлдлийн улмаас улсын амьтанд  1.861.000 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дүгнэлтээр  тогтоогдсон байх бөгөөд  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу  амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөсөн хэмжээгээр  3.722.000 төгрөгийн /хх-ийн 55-57 тал/ хохирол, төлбөрийг тооцсон  байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл Хатгал нуур хамгаалалын төрийн сан дахь 1001722113005тоот дансанд 1.000.000 төгрөг, 1.200.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл Хатгал нуур хамгаалалын төрийн сан дахь 1001722113005 тоот дансанд 1.522.000 төгрөг, нийт 3.722.000 төгрөгийг Хөвсгөл Хатгал нуур хамгаалалын төрийн сан дахь 1001722113005 тоот дансанд төлж барагдуулсан байна. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж хуульчилсан учраас шүүгдэгч Б.Бы хохиролд төлсөн 3.722.000 төгрөгийг Хөвсгөл Хатгал нуур хамгаалалын төрийн сан дахь 1001722113005 тоот данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулах нь зүйтэй байна. Энэ шийтгэх тогтоолоор Б.Быг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Быг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 75-77, 82 талд авагдсан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн тодорхойлолт, малын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б нь ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 6 дугаар багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Бы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээний хүрээнд хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Бы хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулнагэж тус тус зохицуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  заасныг журамлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2019 онд үйлдвэрлэгдсэн БНХАУлсын Мустанг загварын 1.500.000  төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг улсын орлого болгох нь  зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Бы  эзэмшлийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий  хийлдэг завь 1 ширхэг / сэлүүр мод 2 ширхэг, завины хийлэгч 1 ширхэгийн хамт/, 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий загас агнах зориулалттай тор 5  ширхэгийг улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хадран загас 362 ширхэг, зэвэг загас 3 ширхэг, нийт 365 ширхэг загасыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь 13 хоног цагдан хоригдсон,  бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт Бямбаагийн Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Бямбаагийн Баярсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Б.Бы Хөвсгөл аймгийн Хаан банкаар  дамжуулан амьтны экологид учруулсан хохиролд төлсөн 3.722.000 /гурван сая  долоон зуун хорин хоёр мянга/ төгрөгийг Хөвсгөл Хатгал нуур хамгаалалын Төрийн сан дахь 1001722113005 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  заасныг журамлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2019 онд үйлдвэрлэгдсэн БНХАУлсын Мустанг загварын 1.500.000  төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг улсын орлого болгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий  хийлдэг завь 1 ширхэг / сэлүүр мод 2 ширхэг, завины хийлэгч 1 ширхэгийн хамт/, 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий загас агнах зориулалттай тор 5  ширхэгийг улсын орлого болгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хадран загас 362 ширхэг, зэвэг загас 3 ширхэг, нийт 365 ширхэг загасыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

7. Энэ хэрэгт  шүүгдэгч Б.Б нь 13 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН