Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1648

 

 

 

 

 

 

 

 

   2022        11          08                                    2022/ШЦТ/1648

 

           

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч: Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч: М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Дд холбогдох эрүүгийн 2206 04343 3313 дугаар хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гачуурт” март дэлгүүрийн орчимд хохирогч Н.Мын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч М.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Прокурорын газарт яллагдагч М.Д хүсэлт гаргасны дагуу мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

Шүүгдэгч М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гачуурт” март дэлгүүрийн орчимд хохирогч Н.Мын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Дуудлагын лавлагааны хуудас,

/хавтаст хэргийн 3 дахь тал/

Хохирогч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би Гачуурт 113 чиглэлд албаны 6351УНҮ улсын дугаартай Аксент маркийн автомашинтай үүрэг гүйцэтгэж байсан. 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Гачуурт март”-ын урд хоёр согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлагын дагуу эргүүлийн офицер, дэслэгч М.Ууганбаярын хамт очиход 2 согтуу эрэгтэй хүн тасарсан, согтуу унтаж байсан ба би очоод М.Д гэх эрэгтэйг сэрээгээд газраас босгоод ар гэрт чинь хүргэж өгнө гэж хэлэхэд цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь согтуу хүнийг хамаагүй явуулж болохгүй, энд тэнд очоод гэмтэж бэртэж магадгүй учраас заавал ар гэрт нь хүлээлгэж өгөх эсхүл эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгдөг учраас араас нь очтол “явахгүй” гээд байхаар нь гарнаас нь таттал шууд баруун гараараа миний нүүрний дух хэсэгт нэг удаа цохисон. ...миний дух хавдаж хөхөрсөн, бас толгой доргисон…” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 20-21 дэх тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13255 дугаартай дүгнэлтэд: “…Н.Мын биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 28-29 дэх тал/

Яллагдагч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр найз Мөнхбатын гэрт 0.5 граммын Чингис нэртэй архи хувааж уугаад гэр лүүгээ харих замдаа тасарсан байсан. Тэрнээс хойш болсон асуудлын талаар сайн санахгүй байна…, ...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр ч байна…” гэх мэдүүлэг,

 /хавтаст хэргийн 38-39 дэх тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гачуурт март” дэлгүүрийн орчимд хохирогч Н.Мын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Хохирогч Н.Мт Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13255 дугаартай дүгнэлтээр “...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Дгийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна. Мөн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж заасны дагуу Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.

Гэм буруутай эсэх:

Улсын яллагч “...Шүүгдэгч М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гачуурт” март дэлгүүрийн орчимд хохирогч Н.Мын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч М.Д нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Мын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…”, мөн зүйлийн 13 дахь хэсэгт “…Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй…”  гэж тус тус заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхийг тус тус зөрчжээ.

Шүүгдэгч М.Д Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хохирогч Н.Мын биед хийсэн дүгнэлттэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн тухай тэмдэглэл үйлдсэн байна.

М.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн шууд санаатай байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Н.Мын биед үүссэн гэмтэл нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13255 дугаартай дүгнэлтэд: “…Н.Мын биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэх дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч Н.М нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Дгээс гэм хорын хохиролд 1.000.000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газарт “…Миний бие Нямсүрэн овогтой Н.М нь хохирлын 1 сая төгрөг хүлээн авсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал байхгүй…” гэх саналыг /хавтаст хэргийн 47 дахь тал/ гаргасан байна. Иймд шүүгдэгч М.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, М.Д уг саналыг хүлээн зөвшөөрсөн тухай яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэжээ.

Шүүгдэгч М.Дд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч М.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үүссэн хор уршгийг арилгаж хохирогчийн хүсэлтээр 1 сая төгрөг өгсөн, хохирогчийн санал хүсэлт, өндөр насны тэтгэвэрт гарсан, тэтгэврээс өөр орлогогүй болох талаараа шүүх хуралдааны явцад мэдүүлсэн зэргийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хавтаст хэргийн 43 дахь тал/

            Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хавтаст хэргийн 42 дахь тал/

Урьд зөрчлийн хариуцлага хүлээж байсан талаарх мэдээлэл,

/хавтаст хэргийн 8-13 дахь тал/

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч М.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон.

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч М.Дд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ