Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/290

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгч А.Бэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Агийн Бэд холбогдох эрүүгийн 2238000000581 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Бэ нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 34-02 тоотод хохирогч М.Эын биед халдаж эрүүл мэндэд нь зүүн хацар болон дээд уруулд шарх, зүүн дээд зовхи, эрүүнд зулгаралт, тархинд доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн дээрх цаг хугацаанд үргэжилсэн үйлдлээр хохирогч М.Пын биед халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт болон няцралт, зүүн өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000581 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.Бэ нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 34-02 тоотод хохирогч М.Э, М.П нарыг “гэрт архи ууж, орон дээр хувцастайгаа хэвтлээ” гэх шалтгаанаар хохирогч М.Эын биед халдаж, түүний зүүн талын хацар, толгой, эрүүнд цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар болон дээд уруулд шарх, зүүн дээд зовхи, эрүүнд зулгаралт, тархинд доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч М.Пын биед халдаж, түүний нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт болон няцралт, зүүн өвдгөнд зулгаралт бүхий тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бийн өгсөн: “..Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна..гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Эын өгсөн: “..Бид гурав нөгөө дэлгүүрээс авчирсан 2 пиво уугаад сууж байхад гаднаас Жын төрсөн дүүгийнх нь нөхөр Бэ гэсэн байх нэг залуу орж ирээд намайг орон дээр хэвтлээ гээд надтай маргаан үүсгэж намайг байшингаас дуудаж гаргаад үүдэнд нь нүүр хэсэг болох зүүн талын хацар хэсэгт 2-3 удаа гараараа цохисон байх. Тэгсэн цохисон газар болох хацар хэсгээс цус гарахаар хашааны гадаа гарч арчиж байхад Жын төрсөн эгчийнх нь нөхөр нэг залуу машинтай ирж зогсоод машинаасаа бууж ирээд үгийн зөрүүгүй миний уруул хэсэгт өшиглөсөн. Тэр өшиглөлтөөс үүдэж уруулын зүүн талын дээд хэсэгт сэтэрсэн. Тэгэхээр нь би цагдаагийн газрын 7038102 дугаарт хүнд зодуулсан талаараа хэлж мэдэгдсэн....Нийт 5 ширхэг том 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво уусан...Жа нь байшин дотор байсан. Миний зүүн талын хацар хэсэгт сэтэрсэн, хоёр оёдол тавиулсан. Зүүн талын дээд уруул бас сэтэрсэн. Мөн хоёр оёдол тавиулж боолгосон байгаа. Зүүн нүд хөхөрсөн. Мөн толгой өвдөж байна, өөрөөр гэмтэл аваагүй. Би гар хүрээгүй, тийм тэнхэл байгаагүй...Дотор байшинд л хүмүүс байсан гадаа намайг зодуулж байхад хүмүүс байгаагүй. Харин хашааны гадаа өшиглүүлж байхад эхнэр гээд эмэгтэй машины хажуугийн урд талын суудал дээр сууж байсан. П байшин дотор л байсан байх ямар байсан гадаа байгаагүй... Надад хэрэгт хавсаргахаар эмчилгээний болон хохирлын баримт байхгүй...А.Бэ нь ямар нэг байдлаар миний хохирлыг нөхөн төлөөгүй байгаа. Надад эмчилгээний зардалд 500.000 гаруй төгрөгийн хохирол учирсан байгаа. Бид хоёр одоогийн байдлаар ямар нэг байдлаар эвлэрсэн зүйл байхгүй. Хохирол нөхөн төлчих юм бол эвлэрч болно...Эмчилгээнийхээ зардлыг гаргуулаад авчих юм бол надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. .. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй, ажил төрөл хийхээр өөр тийшээ явах гэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 17 тал/,

Хохирогч М.Пын өгсөн: “...Тухайн үед гаднаас Жын төрсөн дүү  охин орж ирэхэд Э орон дээр хэвтсэн би хажуугаар нь сууж байсан. Тэгсэн Жын дүү охин /З/ та нар айл гэрт орж ирж архи дарс уулаа дээрээс нь орон дээр гутал хувцастайгаа унтаж хэвтлээ гэх зэрэг зүйлийг ярьж уурлаж, загнаад байж байтал гаднаас нөхөр нь мөн эгчийнх нөхөр хоёр залуу орж ирсэн санагдаж байна. Тэгсэн тэр хоёр залуу Э ахыг аваад байшингаас гарсан. Би Зтай хэрэлдэж бага зэргийн маргаан үүсгээд гэрээс гарч хашааны үүдээр гарч явах гэсэн чинь Жа хоёр хүргэнтэйгээ нийлээд дайрсан. Нэг нь миний зүүн нүд рүү цохиод нөгөөх хавсраад унагаасан. Би босч ирээд байж байхад Э ах цагдаа дуудсан байсан...Миний зүүн нүд хөхөрч бага зэрэг хавдсан байна. Мөн зүүн өвдөг улааж халцарч, шалбарсан байна. ..Би сайн санахгүй байна би бодохдоо Жын эгчийн нөхөр нь нүд рүү цохисон гэж бодож байна...Гомдолтой байна.. Гэр дотор ямар нэгэн зодоон болоогүй...Намайг ороход 2 том Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво байсан. Тэрийг нь л хувааж уусан...Дүүгийнх нөхөр нь арай хол харагдаад байсан. Над руу дайраад байсан нь Жа болон эгчийнх нь нөхөр хоёр байсан санагдаад байгаа юм. Э өөрөө хэлэхдээ Бийг зодсон гээд байсан. Би тэр хоёрыг яасанг нь мэдэхгүй байна...Орон дээр гуталтай гарч унтлаа гэсэн зүйлээс л болсон... Би Бээс ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл байхгүй...Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. А.Бэ болон Б.З нартай бид өөрсдөө харилцан тохиролцож эвлэрч байгаа эвлэрлийн гэрээ хийхээр тохиролцсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 25 тал/,

Гэрч Б.Зын өгсөн: “...Өчигдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн үдэш хойш 17 цагийн үед Мөрөн сумын 12 дугаар багаас 13 дугаар багт байдаг гэрээсээ хот явах болоод хүүхдийнхээ үлдсэн хувцас, тоглоом, тэрэг зэргийг авахаар Мөрөн сумын 13 дугаар багийн 34-02 тоотод байрлах байшиндаа явж ороход дотор манай ах болох Б.Жа түүний хоёр найз гэсэн хоёр залуу гурвуулаа пиво уусан бололтой пивоны савнууд бараг 10 гаруй ширхэг байсан. Манай ах Жа шалан дээр согтсон байдалтай тамхи татсан суусан. Нөгөө залуу нь манай орон дээр гутал хувцастайгаа гарсан хэвтэж байхаар нь би та айлын гэрт архи дарс уугаад энэ шалан дээр хэвтэж байгаа тамхины иш, хогоо цэвэрлээч орон дээр гутал хувцастайгаа хэвтээд байхдаа яадаг юм бос гэсэн чинь тоосон шинж байхгүй хэвтээд босохгүй байсан. Тэгсэн нэг өндөр залуу нь надад хандаж чи хэн юм бэ хөөе, зайлаач гичий минь гэхэд манай нөхөр тэр хоёрыг орноос босгоход манай нөхөртэй хэрэлдээд эхэлсэн. Тэгээд ууж идсэн пивоны лаазаа цэвэрлэчих гэсэн чинь угаасаа архи уусан газар ийм байдаг биз дээ хаанахын халтар юмнууд орж ирээд томроод байгаа юм бэ гэхэд нь манай ах Жа наад хоёр хүн чинь энэ гэрийн эзэд байгаа юм. Энэ эмэгтэй манай төрсөн дүү байгаа юм. Эрэгтэй нь хүргэн маань байгаа юм гурвуулаа гэрээс нь гарья гэхэд найгаж гуйваад гэрээс гарах үедээ халтар гичий хаанаас ирсэн юм, муу янхан зэрэг зүйлийг хэлж явж байхдаа нөгөө өндөр залуу нь хашааны хаалгаар гарах гэж байхад намайг хашааны хаалганы босоо төмөр рүү түлхсэн. Тэгэхэд нь би газарт унаад ёоё гээд босч ирсэн. Тэгэхэд манай нөхөр Бэ намайг өмөөрч уурлаад тэр өндөр залуу /П/-ыг нүүр хэсэгт нэг удаа цохиж авч байх шиг байсан. Тэгсэн цаанаас нь нөгөө намхан урт үстэй залуу нөгөө найзыгаа өмөөрөөд чи яагаад байгаа юм бэ гээд манай нөхрийн цамцнаас угзарч, бариад авах үед нь манай нөхөр, мөн нөгөө урт үстэй /Э/-ыг нүүр хэсэгт нэгээс хоёр удаа цохиж авч байсан. Тэгээд байж байхад нь манай төрсөн эгч Нансалмаа нөхөр Отгон-Эрдэнэ нар машинтайгаа хашааны үүдэнд ирсэн. Ирээд юу болоод байгаа юм бэ гээд машинаас бууж ирэх үед нь хашаан дотроос Жа ах нь гарч ирээд Пыг чи яагаад байгаа юм бэ наадах чинь манай дүү гээд байхад гээд цаашаа овоолтой шорооны тийшээ явсан. Араас нь манай нөхөр явсан. Би наад талаас нь харж байхад манай нөхрийг очихоос өмнө Жа ахыг П нь нэг хоёр удаа цохиж аваад хавсарч унагаасан. Тэгэхэд нь манай нөхөр дахиад зодох гээд очиход нь Жа ах одоо боль гээд Пыг цааш нь өргөөд сугадаад аваад явсан. Би эргээд хашааны үүд рүү харахад Э нь газарт суусан ам, хамраас нь цус гарсан байхаар нь гэрээс орж нойтон сальфетка, нойлын цаас авч гарч ирээд цусаа арчих уу ахаа гэсэн чинь хэрэггүй одоо цагдаа ирж байгаа гэж байсан тэгээд удалгүй цагдаа нар ирээд аваад явсан...Манай нөхөр Пын нүүр рүү цохиход нь Э нь найзыг өмөөрч ирээд мөн нүүр хэсэгтээ цохиулсан. Яг хэдэн удаа цохисонг нь сайн анзаарч хараагүй нэгээс хоёр удаа л цохисон байх...Манай нөхөрт цохиулаад Э нь газар суусан юм тэгээд нөгөө талд П, Жа ах, Бэ нар нь маргалдаж байсан. Учир тийшээ харж байгаад буцаад харахад Э нь газарт суусан хэвээрээ ам хамарнаас нь цус гарсан байхаар нь цусыг цэвэрлэх зүйл ярихад хэрэггүй гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 31 тал/,

Гэрч Б.Жын өгсөн: “...А.Бэ нь миний охин дүүтэй гэр бүл болж байгаа хүргэн хүн байгаа юм...Бэ, З нарын гэрт 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн үед гар утсаараа фэйсбүүкээр М.Этай холбогдож ярьсан ярихад М.Э нь найз өчигдөр архи уусан шартаж үхэх гэж байна яриад мөнгө төгрөг байна уу гэхээр нь чи өөрөө манайд хүрээд ирэхгүй гээд өөрийнхөө гар утасны дугаарыг өгсөн. Тэгэхэд удалгүй залгаж манай гэрт ганцаараа ирсэн. Ирэхэд би гудамжны үзүүрийн дэлгүүрийн үүднээс тосч авахдаа тэр дэлгүүрээс хоёр ширхэг 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад гэрт орж хоёулаа хувааж уусан. Тэр хоёр пиво дуусгаад дахиад дэлгүүр орж хоёр пиво авсан. Тэгэхэд Э нь нэг хүн дуудчих уу гэхээр нь хэн юм гэсэн чинь П/ П / дуудсан. Тэгээд удалгүй П ирээд бид нар хамт пиво уусан. Тэгээд байж байхад нэг танихгүй эмэгтэй мөн ирсэн байсан.  Дэлгүүрээс дахин хэдэн пиво авсан нэг харахад нэлээн хэдэн пиво харагдаж байсан... Би нэлээн муудсан байсан. Бэ гэрт байж байхад Бэ чи миний эхнэрийг юу гээд байгаа юм гэж дуугарах үед нь сэрэхэд Бэ, З тэр хоёр гэртээ орж зогсож байсан. Тэгэхэд би Э, П нарт хандаж гэрийн эзэд нь ирсэн. Энэ манай дүү гэж танилцуулж хэлж байснаа санаж байгаа юм. Би их согтуу байсан. Тэгээд дахиад сэрэхэд би байшинд ганцаараа байсан. Тэгээд байшингаас гарч хашааны үүдэнд очиход П, Бэ хоёр барилцаж авсан зогсож байхаар нь би дундуур нь орж салгаад Пыг цааш нь түлхэж яваад нэлээн холдуулсан. Тэгэхэд гадаа Э харагдахгүй байсан. Тэгээд Пт манай дүүтэй зодолдож болохгүй гэж хэлээд буцаад хашааны хаалган дээр ирэхэд манай том эгч болон хүргэн нар ирсэн. Тэгээд бид нар буцаад хашаа руу ороод байж байхад хашааны гадаа цагдаагийн машин ирж зогсоод, Э цагдаа дагуулаад ороод ирсэн. Тэгэхэд нь би Эаас чи юун цагдаа дагуулаад ирэв нүүр ам чинь яасан юм бэ? гэхэд танай хүргэн чинь намайг зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 470 дугаартай: “...М.Эын биед зүүн хацар болон дээд уруулд шарх, зүүн дээд зовхи, эрүүнд зулгаралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгдэнэ. М.Эын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг нь тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 468 дугаартай: “...М.Пын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт болон няцралт, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ. М.Пын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт  гаргасан  өргөдөл /хх-ийн 8-9 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.Бийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Би тухайн хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна...Тэр мэдүүлэг дээрээ нэмж ярихад тухайн үед тэр хоёр залуу буюу М.П, М.Э нар согтуурсан үед манай эхнэрийг хэл амаар доромжилсон явдалд уур хүрч тэр хоёр хүнд гар хүрсэн нь үнэн. Уг хэрэг анх тэр хоёр залуугаас болж гарсан хэрэв тэр хоёр залуу эхнэр бид хоёрын үгэнд ороод гараад явсан бол ийм хэрэг болохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар  нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.Э, М.П, гэрч Б.З, Б.Жа нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 470 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 468 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт  гаргасан  өргөдөл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч А.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч А.Бэ нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 34-02 тоотод хохирогч М.Э, М.П нарыг “гэрт архи ууж, орон дээр хувцастайгаа хэвтлээ” гэх шалтгаанаар хохирогч М.Эын биед халдаж, зүүн талын хацар, толгой, эрүүнд цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар болон дээд уруулд шарх, зүүн дээд зовхи, эрүүнд зулгаралт, тархинд доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч М.Пын биед халдаж нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт болон няцралт, зүүн өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох  нь хангалттай  нотлогдож байна.  

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Э, М.П нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хоёр түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.Бийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч А.Бийн үйлдэл идэвхтэй, хохирогч М.Э, М.П нарын бие, эрх чөлөөнд халдаж, шүүгдэгч А.Бэ энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад хохирогч М.Э, М.П нарын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч А.Бэ нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж  дураараа авирласан гэмт хэргийн шинжийг,  хоёр хүний бие, эрх чөлөөнд халдсан нь хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний эрүүл мэндийн  халдашгүй байдлын эсрэг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр түүнээс дээш хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч М.Э, М.П нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч М.П нь гомдол санал байхгүй гэх хүсэлт, А.Бэ, М.Э нар нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “300.000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдэгдэл төлбөр болох 200.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцсан тохиролцов гэх эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан, шүүхийн шатанд хохирогч М.П нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Бийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Бийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 62-64 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч А.Бэ нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хорооллын 5 дугаар байрны 2 дугаар орцны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 7-05а тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

Шүүгдэгч А.Бэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 154 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч А.Бийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч А.Бэ нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Агийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С овогт Агийн Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бэд оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

5.  Шүүгдэгч А.Бэд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт шүүгдэгч А.Бэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН