Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2019/00254

 

 

 

 

 

 

 

 

       2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2019/00254

              Улаанбаатар хот

       

          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2-р хороолол, 7-р байр, 10 тоот хаягт оршин суух М  гүн овогт Г Т /РД:УШ93081438/

Нэхэмжлэгч: Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, ар зайсан гудамж, 97-р байр, 501 тоот хаягт оршин суух М  гүн овогт Г Т  /РД:ЧП80011372/

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, эмон 48-52 тоот хаягт оршин суух М  гүн овогт Г О  /РД:ЧП86071989/ нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 96-р байр, 902 тоот хаягт оршин суух, Ш  овогт Д  Ж   /РД:ЧП59032860/-д холбогдох

 

 Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан 96-902 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь Д.Ж  , Г.Т , Г.Т , Г.О  нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгож, 4/3 хувийг өмчлөгч нь Г.Т болохыг тодорхойлуулж, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206031493 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Г.Т г хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Д.Ж  д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч С.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.           

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж тэдгээрийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын ээж Д.Ж   аав Л.Г  нар нь том хүү Г.Т ыг 1980 онд, охин Г.О г 1986 онд, отгон хүү Г.Т г 1993 онд төрүүлэн өсгөсөн боловч 2003 онд гэрлэлтээ цуцлуулж бид ээж Д.Ж  тай хамт үлдсэн. Ийнхүү бид ам бүл 4-үүл Баянгол дүүргийн 4-р хороо, 7-10 тоотод амьдарч байгаад 2014 оноос Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хороолол, 96-902 тоотод амьдрах болсон. Уг байрыг ээж болон Г.Т нар мөнгөө нийлүүлж худалдан авч байсан боловч ээж өөрийн нэрийг улсын бүртгэлийн гэрчилгээнд дангаар бүртгүүлсэн юм. Бид гэр бүлийн гишүүд болохын хувьд байраа хамтран өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа боловч энэ эрхээ бодитоор эдлэх боломжийг ээж үргэлж хааж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээс татгалзсаар ирсэн ба ээж Д.Ж   нь бидний зөвшөөрөлгүйгээр их хэмжээний зээлийн барьцаанд байраа тавьж зээлээ төлөөгүй байгаагаас байраа алдах эрсдэлтэй байдалд хүргэчихсэн байгааг бид шийдвэр гүйцэтгэгчээс мэдсэн. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т .Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ., Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг; 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг; гэж тус тус хуульчилсан байх тул бид энэ хөрөнгөө хамтран өмчлөх хууоиар олгосон эрхтэй гэж үзэж байна. Ээж Д.Ж   нь Г.Т г шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш биднийг гэртээ орох ч боломжгүй болгож, оруулахгүй цоожоо хүртэл сольсон. Иймд Иргэний хуулийн 9.4.1, 125.1, 126.1, 126.4-т заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан хороолол, 96-902 тоот үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоож, 4/3 хувийн өмчлөгч нь Г.Т болохыг тодорхойлуулж, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206031493 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Г.Т г хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Д.Жд даалгуулахаар гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Иргэний хуулийн 106.2-т заасны дагуу гэр бүлийн тухайн эд хөрөнгийг худалдан авч 2018 оны 10 сар хүртэл буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах хүртэл хугацаанд нэхэмжлэгч нар нь Д.Ж   буюу ээжтэйгээ тус байранд хамт амьдардаг байсан... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 106.3-т заасны дагуу шаардлага гаргасан байгаа. Иргэний хуулийн 108.3-т “Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй”, мөн 108.5-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана” гэсэн заалтууд байдаг. Хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгч нар нь тус байранд хариуцагч Д.Ж  тай хамт амьдарч байсан, анх байр авахад Г.Т нь 30 000 000 төгрөг байрны мөнгөнд өгч байсан зэрэг нь нотлогддог учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Ж   шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би энэхүү Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан хорооллын 96-902 тоот байрыг 2011 онд захиалга өгч 2014 онд худалдан авч байсан. Тэр үед Т байр худалдан авахад зориулан 30 гаруй сая төгрөг өгч байсан нь үнэн. Гэхдээ энэ байрны ордер миний нэр дээр байдаг би цорын ганц өмчлөгч нь тул хүүхдүүдэд хамаагүй. Би охин Г.О , хүү Г.Т , Г.Т нартайгаа энэ байрандаа амьдарч зардлаа хувааж төлдөг байсан. Харин 2018 оны 10 сараас хойш тэд байрнаас нүүж би байрандаа ганцаараа амьдарч бүх зардлаа төлж байна. Иргэний хуулинд хамтын амьдралтай гэр бүлийн гишүүдийг гэр бүл гэнэ, гэр бүлийн гишүүд хөрөнгөө хамтран өмчлөх эрхтэй болох талаар бичсэн байна. Харин миний бие хүүхдүүдээсээ тусдаа байрандаа ганцаараа амьдарч байгаа тул миний өмчийг хамтран өмчлэх эрхгүй. Байр миний өмч учраас би зээлийн барьцаанд тавьсан. Би энэ зээлийг өөрийн ажилдаа зарцуулсан. Ер нь байраа зарна уу, зээлэнд өгнө үү, хүнд бэлэглэнэ үү, хүүхдүүдийг оруулахгүй байна уу миний эрхийн асуудал шүү дээ. Энэ бүхнийг хүүхдүүд огт ойлгохгүй байна. Энэ нэхэмжлэлийн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэн хүүхдүүдийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. Олон сар энэ хэрэг үргэлжилж шүүхээс байн байн надруу залгаж хаалга цохих боллоо. Би өөрийн гэсэн ажил амьдралтай хүн, би шүүхэд очихгүй, хуралд оролцохгүй, өмгөөлөгч ч авахгүй гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Т , Г.Т , Г.О  нар нь хариуцагч Д.Ж  д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан 96-902 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь Д.Ж  , Г.Т , Г.Т , Г.О  нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгож, 4/3 хувийг өмчлөгч нь Г.Т болохыг тодорхойлуулж, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206031493 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Г.Т г хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Д.Ж  д даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч Д.Ж   нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... миний бие хүүхдүүдээсээ тусдаа байрандаа ганцаараа амьдарч байгаа тул миний өмчийг хамтран өмчлэх эрхгүй. Байр миний өмч учраас би зээлийн барьцаанд тавьсан. Би энэ зээлийг өөрийн ажилдаа зарцуулсан. Ер нь байраа зарна уу, зээлэнд өгнө үү, хүнд бэлэглэнэ үү, хүүхдүүдийг оруулахгүй байна уу миний эрхийн асуудал...” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх өмчид хамаарахаар заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс нэхэмжлэгч Г.Т , Г.Т , Г.О  нар нь хариуцагч Д.Ж  ы төрсөн хүүхдүүд  болох нь, түүнчлэн зохигчид нь Баянгол дүүргийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2-р хороолол, 7-р байр, 10 тоот хаягт болон Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан 96-902 тоотод орон сууцанд 2018 оны 10 сарыг хүртэл нэг гэртэй хамтран амьдарч байсан нь өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байх ба талууд уг асуудлаар маргаангүй байна.

 

Дээрх хуулийн заалтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Т , Г.Т , Г.О  нар нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан 96-902 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч нарын дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг тогтоолгож, 4/3 хувийг өмчлөгч нь Г.Т болохыг тодорхойлуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нар дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулахаар шаардаагүй тохиолдолд нэхэмжлэлийн уг шаардлагыг шүүх тодорхойлох үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь “...үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206031493 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Г.Т г хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Д.Ж  д даалгах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсныг зөвтгөх нь зүйтэй бөгөөд үл хөдлөх эдх хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой бүртгэх асуудлыг тухайн асуудал эрхэлсэн байгууллага хариуцан хийдэг тул нэхэмжлэгч Г.Т , Г.Т , Г.О  нарыг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэст өмчлөгчид өөрчлөгдсөн тухай бүртгэлийг хийхийг даалгахаар шийдвэрлэлээ.

Зохигчдын тайлбараас Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан 96-902 үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд байгаа асуудлаар тайлбарлаж байх ба уг шийдвэрээр өмчлөгч нэмэгдсэн нь барьцааны гэрээний хүчинтөгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахыг ипотек гэнэ” гэж зааснаар ипотек нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө дээр олгогдож буй эд юмсын  хязгаарлагдмал эрх юм. Өөрөөр хэлбэл барьцаалагдаж буй эд хөрөнгийн үүрэг нь өмчлөгчөө биш тухайн эд хөрөнгөө дагадаг. Үүрэг гүйцэтгэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн байсан ч ипотек үгүй болдоггүй, шинэ өмчлөгчийн гарт очсон ч зээлийн баталгааныхаа хувьд үүрэг хүлээдэг.

 

Дээрхийг нэгтгээд Г.Т , Г.Т , Г.О  нарыг Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан 96-902 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн ба  4/3 хувийг өмчлөгч нь Г.Т болохыг тодорхойлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.      

Хариуцагч Д.Ж  д тус шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй талаар бичгээр тайлбараа ирүүлсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Т , Г.Т , Г.О  нарыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан 96-902 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст өмчлөгчөөр өөрчилж бүртгэхийг даалгаж, үл хөдлөх эд хөрөнгийн 4/3 хувийг өмчлөгч нь Г.Т болохыг тодорхойлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 860 850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Ж  аас улсын тэмдэгтийн хураамжид 790 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Т д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                    Б.МӨНХЖАРГАЛ