Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
Хэргийн индекс | 179/2022/0255/Э |
Дугаар | 2022/ШЦТ/314 |
Огноо | 2022-11-01 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Хохирогч З.Ү,
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мын Гад холбогдох эрүүгийн 2238000000488 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн
Холбогдох хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ***ийн байранд хохирогч З.Үыг зодож улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 223800000046 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч М.Г нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ***ийн байранд хохирогч З.Үтай үл ойлголцлын улмаас хэрүүл маргаан үүсгэж, түүний биед халдан эрүүл мэндэд нь зүүн гайморын хөндийн хананы хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний алим, зүүн доод зовхи, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Гын өгсөн: ...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Үын өгсөн: “..2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ангидаа сууж байтал Г багш орж ирээд намайг ёс бусаар хэлж зодсон. Миний зүгээс хэл ам хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Би энэ хүнтэй зодоон хийх нөхцөл байдал үүсгээгүй. Би биеэ хамгаалах гэж түүний цамцыг урсан. Цээж рүү нь цохисон зүйл байхгүй. Би зодолддог хүн биш гэж түүнд хэлсэн. Хуулийн дагуу энэ хүнд ял шийтгэлийг нь оногдуулаасай гэж хүсэж байна..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч З.Үын өгсөн: “...Би Улаанбаатар хотод очиж Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт 9 хоног хэвтэн эмчилгээ хийлгэж, хоншоор ясны хугарлын янзлуулах хагалгаа хийлгэсэн. Зүүн чамархайн цус хуралтыг авахуулсан. Би эмчилгээ хийлгэхэд гарсан зардлын баримтуудаа уг нь цуглуулж аваад байсан боловч зарим газраас баримт гарахгүй байсан учир ганц нэг баримт дутсан. Би цугларсан баримтуудаа эх хувиар нь авч ирсэн. Баримтуудаа цэгцэлж тооцоолж үзэхэд нийт 1.920.560 төгрөг болсон. Энэ мөнгийг баримтын хүрээнд нэхэмжилнэ. Мөн би амралтаараа буюу 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод найзынхаа барьж байгаа барилга дээр цахилгааны монтаж хийхээр ярьж тохирсон байсан. Тухайн ажлыг хийсэн бол би 5.000.000 төгрөгийн ашигтай ажиллах байсан боловч зодуулж гэмтсэний улмаас тухайн ажлаа хийж чадалгүй бас хохирч байна. Тэгэхээр уг олох байсан ашиг болох 5.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Би Гад зодуулж эрүүл мэнд сэтгэл санаа, цаг хугацаагаараа хохирсондоо гомдолтой байна. Би жилийн дараа хагалгааны хадаасаа авахуулж дахин ухархайны ясаа нөхүүлэх хагалгаа хийлгэнэ. Тэр хагалгаа хийлгэхэд гарах зардлыг нэхэмжилнэ. Хоншоор яс, ухархай яс хоёр нэг зэрэг хагалгаанд орж болдоггүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
Гэрч Б.***ийн өгсөн: “...Би хажуу талын цаад талынхан мухрын өрөөнд сууж байсан. Тэгтэл залуучууд хэрэлдээд эхэлсэн. Манай эхнэрийн дуу гараад эхэлсэн. Та нар болиоч гэсэн. Тэгэхээр нь би хэрүүл болж байгаа өрөө рүү явж орсон чинь зодолдсон байдалтай байгаагүй, зүгээр хоорондоо хэрэлдэж муудалдсан байдалтай байсан. Манай эхнэр Ү, Г хоёрын дунд орсон салгасан байдалтай байж байсан. Тэгээд би та нар яагаад ингээд зодолдоод байгаа юм гэж хэлсэн чинь Г нэг ч үг хэлэлгүй гараад явсан. Тэгээд би өрөөндөө орсон ороод удаагүй байтал Үын ангид ахиад хэрэлдэж эхэлсэн. Би залуу улсууд хэсэг маргалдаад болчих юм бодоод ажилдаа сатаараад ажлаа хийсэн...Намайг ороход Үын зүүн билүү баруун нүд нь хавдсан байдалтай, жоохон сандарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,
Гэрч Н.***ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би ажил дээрээ өөрийн ангидаа байж байтал манай урд талаас харсан өрөөнд буюу Ү багшийн өрөөнд хүмүүс ноцолдоод байгаа юм шиг чимээ гарахаар яваад ороход Ү, Г хоёр заамдалдсан зогсож байсан. Гын цамц урагдсан, Үын зүүн хацар дээр томбойгоод хавдчихсан байдалтай байсан. Тэр хоёр зодолдсон юм шиг байсан. Намайг ороход араас манай нөхөр *** бас тэр өрөөнд орж ирсэн. Манай нөхөр *** манай хажуу талын ангид багшилдаг юм. Бид хоёр ороод тэр хоёрыг салгаад боль гээд тэр хоёр салсан. Г гарч явснаа буцаад Үын ангид орж ирэх гэхээр нь би яах гээд байгаа юм гэсэн чинь “А эгч зүгээр, зүгээр бид хоёр одоо зүгээр ярилцаадахъя” гэж хэлээд орсон. Би ч зүгээр ярилцаад учраа олох юм байх гэж бодоод гарсан чинь хаалгаа түгжчихсэн. Нөхөр бид хоёр ч анги ангидаа орсон. Тэгээд нэг их удалгүй Ү А багшаа гээд дуудахаар нь Үын анги руу орох гээд очсон чинь урдаас Г хаалга онгойлгож гарч ирсэн. Араас нь Ү гарч ирээд тэр хоёр ангиасаа гараад явсан. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй. ...Цамц нь л урагдсан байснаас шархалсан, цус нөж гарсан, хавдаж хөхөрсөн зүйл ажиглагдаагүй. Зүгээр харагдаж байсан. Ү бол хацар нь хавдсан гэмээр томбойсон байсан...Нүүр ам нь зүгээр хэвийн л харагдаж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 21 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 373 дугаартай: “...З.Үын биед гайморын хөндийн хананы хугарал, зүүн нүдний алим, зүүн доод зовхи, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. З.Үын биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн ба хэрэг гарсан гэх 2022 оны 06 дугаар сарын 13-нд үүссэн гэмтэл байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл ба гайморын хөндийн хананы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, зүүн нүдний цус хуралт дангаараа, бусад цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар зүйлийн 17-ны өдрийн 524 дугаартай: “...З.Үын биед гайморын хөндийн хананы хугарал, зүүн нүдний алим, зүүн доод зовхи, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. З.Үын биед тогтоогдсон зүүн гайморын хөндийн хананы хугарал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр, зүүн нүдний алим, зүүн доод зовхи, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, харин нийлбэр дүнгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Мөн зүүн хацар ясны хугарал гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Ү нь урьд өмнө нь дээрхи гэмтлүүдтэй төстэй гэмтэл авч байгаагүй байна. Хуучин гэмтэл тогтоогдсонгүй. 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайгийн гаргасан №373 тоот дүгнэлтэнд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 123-124 тал/,
Шүүгдэгч М.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “..Би 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах Хөвсгөл Политехник коллежийн дотуур байрны 1 давхарт байх З. ын багшийн ангид З. багштай үл ялих шалтгааны улмаас маргалдаж нүүр рүү нь баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон нь үнэн.. Би одоогоор хохирол нөхөн төлбөр төлж барагдуулаагүй байгаа. Би Үүрийнбаяртай уулзах гэж очсон боловч надтай уулзахгүй байсан болохоор би хохирол нөхөн төлбөр төлж барагдуулж чадаагүй байгаа. Би ер нь хохирол нөхөн төлбөрийг нь бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40, 42 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч З.Үын мэдүүлэг, гэрч Б.***, Н.*** нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 373 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар зүйлийн 17-ны өдрийн 524 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч М.Г нь хохирогч З.Үын нүүрэн тус хэсэгт гараараа цохисон үйлдэл нотлогдсон, шүүгдэгч М.Г гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр З.Үын биед мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох үед учирсан, зүүн гайморын хөндийн хананы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт; зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний алим, зүүн доод зовхи, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарч байгаа бөгөөд нэг цаг хугацаанд хэд, хэдэн гэмтэл зэрэг учирсан бол гэмтлийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг тогтооно гэсэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцсэн, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч М.Гын цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Гын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулсанаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Галдбадрахыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ***ийн байранд хохирогч З.Үтай үл ойлголцлын улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь зүүн гайморын хөндийн хананы хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний алим, зүүн доод зовхи, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд хохирогч З.Ү нь гэм хорын хохиролтой холбоотой 1.920.560 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого 5.000.000 төгрөг, нийт 6.920.560 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хохирогч З.Ү нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохиролтой холбоотой 1.892.560 төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгсөн байна.
Шүүх нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг үнэлж эм, эмчилгээний зардалд гаргасан 1.270.000 төгрөг, эмчилгээний үед зарцуулсан бензиний үнэ 605.760 төгрөг нийт 1.875.760 төгрөгийг хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Дээрх баримтуудаас ХААН банкны пос машины 16.800 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй байх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл дээрх 16.800 төгрөгийн баримт юунд зарцуулсан эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Г нь хохирогч З.Үт гэм хорын хохиролтой холбоотой 1.920.560 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар /хх-ийн 94-95 тал / тогтоогдож байна.
Хохирогч З.Үын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого 5.000.000 төгрөгийн хохирлын баримт хангалттай нотлогдон тогтоогдохгүй, байх тул ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого 5.000.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Гыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Гын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 45-47 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 45-40 тоотод оршин суудаг зэрэг түүний хувийн байдал болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч М.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хохирогч З.Үт буцаан олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Мын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Мын Гыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гад оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хохирогч З.Ү нь ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого 5.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгаж, амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хохирогч З.Үт буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН