Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/318

 

 

 

      

 2022        11            03                                      2022/ШЦТ/***

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,                     

              Улсын яллагч З.Бат-Амгалан,

              Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гаравжав,

              Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр, 

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

              Шүүгдэгч Х.Хт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хгийн Хт холбогдох эрүүгийн 2238002160517 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч Х.Х нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Дөрөлжийн нуур” гэх газар Х улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-т “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 10.1-т  “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” энэ дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.“ мөн дүрмийн 3.5 а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтан хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах мөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна”, мөн 3.7-т “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эхнэр болох Г.Иыг ухарч дайран амь насыг нь хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2238002160517 дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Х.Х нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Дөрөлжийн нуур” гэх газар гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож ухрах, урагш явах зэрэг хөдөлгөөн хийхдээ тээврийн хэрэгслийн ард бие засахаар гарсан эхнэр  Г.Иыг дайрч, Г.И нь зүүн шилбэ ясны хугарал, баруун 2,3,4,5, зүүн 4,5,6,7,8-р хавирга, өвчүү ясны хугарал, голтын эрхтэн, үнхэлцэг хальс, нойр булчирхай, дэлүүний холбоос дах цус хуралт, элэгэнд бяцралт, зүүн шанаа, хацар зүүн бугалга, зүүн тохой, шуу, сарвуу, баруун бугалга, шуу, хэвлий, нуруу, зүүн өгзөг, хоёр гуя, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл авч цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлийн шоконд орж нас барсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Хын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гаравжавын өгсөн: “...Миний охин Г.И нь Х.Хтай 16 жил амьдарч байсан. Амьдрах хугацаандаа Х.Хын 3 хүүхдийг төрүүлж өсгөсөн. Амиа алдах үедээ гэдсэндээ хүүхэд тээж байсан. Х.Х нь архи уусан үедээ хэрцгий балмад үйлдэл гаргаж охиныг минь гартаа барьсан зүйлээрээ цохиж, тэр ч байтугай хутга мэс барьж байсан. Манай охин өөрөө надад энэ талаараа ярьж байсан. Манай охин тэр болгоныг ярьж байгаагүй. Нууцалж байгаад одоо амиа алдлаа. Х.Х нь гэр орондоо хонуутаар хүн архидуулж, хэл ам хийж дарамталдаг байсан. Манай охиныг айлгаж охин маань шөнө хүүхдүүддээ үүрч хашаа хороондоо нуугдаж, айл амьтнаар хоног төөрүүлж явсан удаа цөөнгүй бий. Х.Х нь манай хүүхдүүдийг бэртэж гэмттэл нь зодож байсан удаатай. Энэ үйлдлийг нь уучилж байсны нөлөөгөөр сүүлд нь ийм зүйл боллоо. Охиноо салгаж авъя гэхээр түүний эцэг эх нь ахиж ийм зүйл болохгүй гэж уучлал гуйж байсан. Хэрэг болохоос 3 хоногийн өмнө манай охин “аав маань манайд очиж байгаарай” гэж хэлж байсан. Би тэгэхээр нь “би аав нь 4-5 хоногийн ажилтай, дахин нааш цааш явж байхаар нэг мөсөн гэр лүүгээ явъя даа” гэж хэлсэн. Тэр үед ярихдаа хоолой нь зангирч байсан. Би тэр үед нь намайг өрөвдөөд л хоолой нь зангираад байна гэж бодож байсан. Нэг ёсондоо өөрийгөө амиа алдахаа мэдсэн юм шиг ярьж байсан. Маш их түгшүүрт автсан байсан. Гэртээ харихгүй гээд гэртээ байх дургүй болсон байсан. Өмнө нь ахындаа хонодоггүй байсан хүн тэр үед ирэхдээ 3 ахынхаа гэрээр 6 хоносон байсан. Тэр үед нь Х.Х гуйсаар байгаад гэрлүүгээ аваад явсан байсан. Тэгээд 2 хоногийн дараа хүн амьтан унтсан хойно хээр авч очоод амь насыг нь хохироосон байсан. Гурван хүүхдийг нь авъя гэхэд Х.Хын эцэг эх зөвшөөрөхгүй юм билээ. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газрын үзлэг хийсэн: “...Уг хэрэг болсон гэх газар нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын  төвөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт 17 км зайд урд талдаа дөрөлт нуур гэх нуурын хойд талд сумын төвөөс зүүн зүгт явсан шороон зам байх ба хэрэг болсон гэх газрын тээврийн хэрэгслийн жолооч Х.Х нь А цэгийг энд мөргөсөн гэж зааж байв. А цэгээс зүүн зүгт 1 тоогоор зүүн талын дугайг 2 тоогоор баруун талын дугуй байгааг дүрслэн тэмдэг тавьж үзлэгийг явуулав. Үзлэг хийгдэж буй газар нь хуурай, шороон зам байх ба А цэгээс 1, 2 хүртэл 4.80 см, замын өргөн 2.88 см өргөнтэй зам байлаа. Тухайн замд хуучин явж өнгөрсэн бололтой тээврийн хэрэгслийн мөрнүүд үлдсэн ба ямар нэгэн ул мөр илрээгүй. Хэргийн газраас өөр ямар нэгэн эд мөрийн баримт илрээгүй, хэрэг болсон газрын GPS  тавьж үзэхэд 49.587561, 98.796465 кординатыг зааж байв. Үзлэгийг хэрэг болсон гэх газраас буцаж тээврийн хэрэгсэл шаварт суусан гэх газарт үзлэгийг үргэлжлүүлж хийхээр тогтож 19 цаг 30 минутад буцав. Үүнээс буцаж тээврийн хэрэгсэ байх газарт очиход 2.1 км зааж байв. Уг газар нь шавар намагтай газарт хөх өнгийн тоёота приус-20 маркийн Х улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр бруун урд шаварт суусан байдалтай байлаа. Тухайн тээврийн хэрэгслийн ойр орчимд шавар дээр хүмүүсийн гутлын мөрнүүд байх ба цаашид тээврийн хэрэгслийн үзлэгийг шавраас гаргаж хийхээр тогтож үзлэгийг шинжээч М.Билгүүн нийт 44 кадр зургийг бэхжүүлж авч тэмдэглэлд тусгахаар тогтов...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21 тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн: “...замын хэсэг: бусад, замын ангилал: ердийн, замын хучилт: хөрсөн, зорчих хэсгийн гадаргуу: хуурай, замын онцлог: шулуун, зорчих хэсгийн өргөн: 2.88 м, үзэгдэх орчин: чөлөөтэй, цаг агаар: цэлмэг, замын харъяалал: суурингийн гадна, хөдөлгөөний чиглэл: эсрэг, сөрөг хөдөлгөөнтэй, замын байгууламж, хашлагагүй, хайсгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 23 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25 тал/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэлэл /хх-ийн 29 тал/,

Прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 32 тал/,

Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 33 тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Гын өгсөн: “...Хэрэг гарахаас өмнө Мөрөн суманд талийгаач нөхрийн хамт 05 дугаар сарын 20-нд жирэмсний үзлэгт орохоор гэрт ирсэн. Тэгэхэд нөхөр Х нь нэг хоног гадуур хоносон асуудлаас болж тэр хоёр аймагт манай дүүгийнд байхдаа хэрэлдэж цохилцож авсан асуудал гарсан байсан. Талийгаач Х архи хамаагүй уухаа больсон зодож цохихоо ч больсон гэсэн утгатай зүйл ярьж байсан...Гомдолтой байна. Хт хуулийн дагуу арга хэмжээ тооцуулж өгнө үү гэж хүсэж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Л.Гын өгсөн: “...Би Мөрөн суманд байж байтал 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Г над руу гар утсаар залгаад “Х осол гаргаад Г.И нас барчихсан гэж байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар бөөндөө Мөрөн сумаас Цагаан-Уул сум руу хөдлөөд очсон. Би очоод Хаас юу болсон талаар асуухад “би Г.Иг машины хойно байгааг нь мэдэлгүй, машинаа ухрааж байгаад дайрчихлаа” гэж хэлж байсан... Миний хувьд Хт гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ч гэсэн хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,

Гэрч Л.Гын өгсөн: “...Бараг 16 жил хамт амьдарч байна...Х нь намайг гэрт нь байхад манай охиныг зодож байсан, архи их уудаг байсан архи уухаараа 10 гаруй хоног уудаг хүн байгаа юм. Талийгаач зан араншин нь маш зөөлөн сэтгэлтэй нөхөртөө зодуулсан талаараа хэнд ч хэлдэггүй байсан. Нодлин жил гэртээ буу тавьж байсан талаар том хүүхэд нь хүртэл ярьж байсан...Тухайн үед Х болон түүний эцэг, эх олон удаа уучлалт гуйж байсан тэгээд би хүүхэд багачуудыг нь бодоод цагдаад хэлдэггүй байсан юм. Охин маань  цагдаад битгий хэлээрэй гэдэг байсан хүүхдүүдээ бодоод тэгж хэлдэг байсан...Маш их гомдолтой байна. Ээж аав нь манай хүүхэд засарч байгаа гэдэг байдлаар амьдрал үргэлжилсээр ийм байдалд хүрлээ. Х хуулийн мөрөөр арга хэмжээ авч өгөөсэй гэж хүсэж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,

Гэрч Д.Дгийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 22-ны шөнийн 01 цаг үед байх манай хадам ээж Х утсаар залгаад хөдөө машин шаварт суусан байна хурдан хүрээд ир гээд байна би гэрээсээ одоо гарах гэж байна та хоёр хувцсаа өмсөөд байж бай гэхээр нь эхнэр бид хоёр орноосоо босоод байж байхад ээж ирээд бид гурав Хгийн дуудсан газар луу хадам ээжийн машинтай явж очиход Х машин шаварт суусан Х машиныхаа гадаа гараад ирсэн зогсож байхаар нь чирэгч гаргаж ирээд чирэх гээд зогссон чинь Х эхнэрийн бие нь тааруу байна гэхээр нь машин дээр явж очиход талийгаач машины хойд суудал дээр хэвтсэн байдалтай ёолоод байж байхаар нь талийгаачийг бид нар машинаас нь өргөж буулгаад ээжийн машин руу оруулж суулгаад наад машинаа үлдээ гээд бид нар сумын төв рүү буцаад явсан. Тэгээд сумын төв рүү орж ирж байхад манай эхнэр болон хадам ээж шууд эмнэлэг оръё гэсэн чинь талийгаач эмнэлэг орохгүй шууд аавынд очъё гээд байсан, тэгээд бид нар аавынд очоод талийгаачийг машинаас буулгаад гэрт оруулаад орон дээр хэвтүүлсэн. Тэгээд бие нь ер муудаад байхаар нь эмнэлэгт очиж дуудлага өгсөн дуудлага өгөхөөсөө өмнө эмийн санчийн гэрээс очиж өвчин намдаах тариа аваад талийгаачийнд тэр тариагаа хийсэн. Тэгээд эмч ирж үзээд яаралтай эмнэлэгт очих шаардлагатай байна гээд эмнэлэг рүү ээжийн машинд оруулж хэвтүүлээд аваад явсан тэгээд эмнэлэг дээр очоод дахин үзтэл эмч нас барсан байна гэж хэлсэн...Би тухайн үед машин барьж явсан юм тэгээд явж байхад эмнэлэг орохгүй шууд аавынд очъё гэж ярьж байсан өөрөөр юм ярьж хэлээгүй...Миний ярьсан зүйл бүгд үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55тал/,

Гэрч Н.Нын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 22-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад манай хүүхэд Х танихгүй дугаараас ээж хурдан Хүнхийн аманд хүрээд ир машин шаварт суусан хурдан түргэн хүрээд ир гэхээр нь би унтаж байсан орноосоо босоод замаараа охин хүргэн хоёроо аваад Хгийн дуудсан газарт явж очиход машин нь шаварт суусан байдалтай байхаар нь машиныг нь татаж гаргах гээд буусан чинь Х ээж Нг би ухарч байгаад мөргөчихлөө хөл нь хугарсан байна гэхээр Хгийн машин луу Гандэмбэрэл, Д нар очиж Нг өргөж гаргаж ирээд манай машинд оруулж ирээд наад машинаа орхи хурдан сумын төв орж эмнэлгийн бараа харуулъя гээд Х болон Н хүүхдийг суулгаад бид нар сумын төв орж ирээд шууд эмнэлэг дээр очъё гэсэн чинь талийгаач эмнэлэгт очихгүй шүү хурдан гэрт очъё, очоод надад өвчин намдаах тариа хийгээд өг гэхээр нь би өөрийнхөө гэр лүү аваад очсон, очоод машинаас мөн өргөж буулгаад гэрт оруулаад орон дээр хэвтүүлээд эмийн санчийн гэр лүү явж өвчин намдаах тариа авчирч талийгаачид хийсэн тэгээд өвчин нь намдахгүй ёолоод байхаар нь угаасаа эмнэлэг дуудсан нь дээр болж байна гээд эмчийн дугаарыг тухайн үед мэдэхгүй байсан учир охин, хүргэн хоёр машинтай явж эмнэлэг дуудаж эмч авчирч үзүүлсэн чинь эмч эмнэлэг яаралтай явах шаардлагатай гээд буцаад эмнэлэг рүү аваад явсан тэгээд эмнэлэг дээр очоод дахин үзэхэд амьсгал хурааж нас барсан байсан. Талийгаач манай гэрт байхдаа ээж Х бид хоёр хэрэлдэж маргалдаж зодолдоогүй шүү гэж ярьж байсан сүүлд дахиад нэг юм хэлэх гээд ээж гэж хэлээд таг дуугүй болсон...Ёолоод л байсан сумын төв орж ирээд эмнэлэгт шууд очъё гэхэд эмнэлэг орохгүй шууд гэртээ харъя гэж олон удаа хэлж байсан өөр зүйл яриагүй...Миний ярьсан зүйл бүгд үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,

Гэрч Ц.Бийн өгсөн: “...Энэ хоёр хүнийг нэг нутгийн гэдгээрээ таньдаг хүмүүс байгаа юм. ..Талийгаач өмнөх жирэмслэлтийн хяналтад байх хугацаандаа үзүүлж харуулдаг байсан. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 8-9 долоо хоногтой байх хугацаандаа жирэмсний хяналтад орж шинжилгээнүүдээ өгсөн. Тэгээд 04 дүгээр сарын 05-ны өдөр 15-17 долоо хоногтой байх хугацаандаа үзүүлсэн тэгээд бас 05 дугаар сарын 02-ны өдөр 19-20 хоногтой байхдаа үзүүлсэн...Хэвийн байсан 5 сартай урагт ургийн бүтцийн гажиг харуулах эхо үзлэгт үзүүлэхээр 05 дугаар сарын 12-ны цаг авч аймгийн төвд очиж үзүүлсэн тэр эхогоор ургийн өсөлт хэвийн гэж эмч үзсэн байсан...Өмнө 3 удаа төрж байсан. Сүүлд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгсөн байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,

Гэрч Ж.Сын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө 02 цаг 40 минутад эмнэлгийн жижүүрийн утаснаас над руу залгаж дуудлага ирлээ гэхээр нь ямар дуудлага гэсэн чинь мотоциклоос унасан хөл нь гэмтсэн амнаас цус гарсан гэж хэлсэн. Дуудлагын дагуу гэрээсээ 02 цаг 45 минутад гарч эмнэлэг дээр ирэхэд осол орсон хүний ар гэрээс цагаан өнгийн машинтай хүмүүс ирээд би ажил руугаа орж холбогдох эмнэлгийн хэрэгслүүдээ аваад жижүүртэй яаралтай дуудлага юм байна шүү, эмч нарыг дуудаарай гэж хэлээд тэр ирсэн хүмүүсийн машинд суугаад дуудлага өгсөн айлд очсон. Очоод гэрт ороход талийгаач орон дотор баруун талаараа цаашаа харсан байдалтай, зүүн талын хөлийн шилбэ хэсэгт чиг тавиад цоохор даавуугаар ороосон байсан хөл нь эргэсэн байсныг тэгшилж чиг тавьж боосон гэж байсан. Тэгээд би нөгөө орон дээр хэвтэж байгаа эмэгтэйг бие нь яаж байна гэж дуудаж асуухад нөгөө эмэгтэй ямар ч хариу өгөөгүй тэгээд цээжийг чагнахад амьсгал байхгүй болсон гар хөрсөн, царай зүс нь цонхигор цагаан болсон байхаар нь мэс заслын хэлж мэдэгдэж болсон явдлыг тайлбарлаж хэлсэн. Тэгэхэд эмч ямар ч байсан эмнэлэг рүү аваад ир гэхээр нь эмнэлэг рүү ар гэрийхэнтэй нь хамтарч нуруунд бэхэлгээ хийгээд насилкан дээр өргөж тавиад буцаад нөгөө машинаа эмнэлэг дээр ирэхэд эмч нар ирж байсан, талийгаачийг буулгаад эмнэлэгт оруулж хүчил төрөгч монитор залгаж үзэхэд эмч нас барсан гэж хэлж байсан. Би дуудлага дээр очоод цээж шахалт хийх гэсэн боловч хоёр хөхний хавьцаа хөхөрсөн байсан. Ар гэрийхэн нь цээж хэсэг сажинаж дуугараад байгаа гэж хэлж байсан, мөн хиймэл амьсгаа хийх гэсэн боловч амнаас нь цус гарсан гэсэн учраас хийгээгүй...Зүүн талын гар халцарсан харагдаж байсан мөн хоёр хөхний орчимд хөхрөлт, зүүн шилбэ хугаралтай харагдаж байсан тэгээд хувцас байсан болохоор сайн мэдэгдээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/,

Насанд хүрээгүй гэрч З.Мын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 22-ний орой гэхдээ цаг 00 цагаас 01 цагийн хооронд намайг хөдөө гэртээ байж байхад гаднаас танихгүй нэг залуу орж ирээд ахдаа утсаа өгөөч хүнтэй утсаар яриад өгье гэхээр нь утсаа өгсөн чинь гэрээс гарч сумын төв рүү машин дуудаад байх шиг байсан тэгээд буцаж орж ирээд ахыгаа доошоо машин дээр хүргээд өгөөч гэхээр нь би мотоциклиор нөгөө танихгүй ахыг араараа суулгаад гэрийн доод талд байдаг урт жалгын ам гэдэг газар бараан өнгийн жижиг машин шаварт суусан байдалтай зогсож байсан би тэр ахыг машин дээр буулгаад буцаад гэртээ хариад унтсан. Гаднаас нь харахад бага зэрэг сандарсан байдалтай ахдаа утсаа өгөөч ах нь сумын төв рүү утсаар ярих гэсэн юм гэж байсан. Намайг машин дээр аваачиж өгөхөд машины гэрэл нь асаалттай дотор нь нэг бага хүүхэд харагдаж байсан. Гадна талд нь хүмүүс байгаагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/,

Гэрч Ц.Аын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өглөө эхнэр бид хоёр хамт машинтай үзлэг оношилгоонд оруулах гээд хөдөөнөөс сумын төв рүү орж ирсэн юм. Машинаа үзлэгт оруулчихаад буцаад гарах гээд явж байхад Хтай таарсан. Хтай таараад хамт гарцгаая гээд үзлэг болж байсан газраас цуг хөдөлсөн. Хөдлөхөд мөн манай нутгийн А, А тэр хоёр тусдаа машинтай хөдөлсөн.  Сумаас гараад самбартай дөрөлж дээр зогсоод бид тэндээ пиво задалж ууцгаасан.  Пиво ууж дуусчхаад бид нар гэр гэрлүүгээ тал тал тийшээ хөдлөөд явцгаасан эхнэр бид хоёр гэртээ унтаж амарсан. Х эхнэртэйгээ хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй, угаасаа тэнд байсан хүмүүс аль аль нь хэрүүл маргаан үүсгээгүй. ..Тэнд хамт пиво ууцгаасан хүмүүс бага зэрэг халах хэмжээнд болцгоогоод явцгаасан. 4 ширхэг Сэрүүн гээд 2,5л том савтай пиво хувааж ууцгаасан. Энэ пивонуудын 3 ширхгийг Х машинаасаа гаргаж ирсэн манайх нэг ширхгийг гаргаж уусан. Орой бүрэнхий болж байсан 22 цаг өнгөрч байсан байх эхнэр бид хоёрыг гэртээ ороход шөнийн 01 цаг болж байсан манай сумын төвөөс 50 км зайд байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/,

Гэрч Д.Гын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өглөө нөхрийн хамт машинтай үзлэг оношилгоонд оруулах гэж хөдөөнөөс сумын төв рүү орж ирсэн юм тэгээд орж ирээд машинаа үзлэгт оруулаад явж байхад Х болон талийгаач нартай таарсан, таарахад Х хамт гарцгаая гэж байсан тэгээд орой 20 цаг өнгөрч байхад бид нар хамт сумын төвөөс гарцгаасан гараад самбартай дөрөлж дээр очоод тэндээ пиво ууцгаасан самбартай дөрөлж дээр Х болон А, А талийгаач бид нар байсан. Тэндээ нийт 4 том пиво хувааж уучхаад зэрэг гэр гэрлүүгээ хөдөлсөн нөхөр бид хоёр шууд гэртээ хариад амарсан. ..Тэр хоёр ямар нэгэн байдлаар хэрүүлийн чанартай зүйл яриагүйгээс гадна хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй... Бид нарыг салахад 22-23 цагийн хооронд байх гэж бодож байна яг хэд болж байгааг хараагүй...Маргааш өглөө нь 12 цагийн үед манай гэрийн утас руу Х залгаад та нараас салаад харих гээд явж байхдаа эхнэр бууж шээнэ гэхэд нь буулгаад машины хойно шээж байхыг нь анзааралгүй ухраад эхнэрээ дайраад амь насыг нь хохироочихлоо. Н байхгүй болчихлоо гэж ярьж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 тал/,

Мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн: “...Приус-20 маркийн Х улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-т Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, энэ дүрмийн 10.1-т Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана..” энэ дүрмийн “12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Мөн дүрмийн 3.5-т Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна, мөн дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэх магадлагаа /хх-ийн 79-82 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 106 дугаартай: “Г.Игийн цогцост зүүн шилбэ ясны хугарал, баруун 2,3,4,5, зүүн 4,5,6,7,8-р хавирга, өвчүү ясны хугарал, голтын эрхтэн, үнхэлцэг хальс, нойр булчирхай, дэлүүний холбоос дах цус хуралт, элэгэнд бяцралт, зүүн шанаа, хацар зүүн бугалга, зүүн тохой, шуу, сарвуу, баруун бугалга, шуу, хэвлий, нуруу, зүүн өгзөг, хоёр гуя, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба олон хавирганы хугарал, голтын эрхтэн, үнхэлцэг хальс, нойр булчирхай, дэлүүний холбоос дах цус хуралт, элэгэнд бяцралт гэмтлүүд нь 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд, шилбэ ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх цээж, хэвлийн хөндийн гэмтэл нь үхэлд нөлөөлсөн байна. Г.Иын биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Г.И нь цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлийн улмаас цус алдалтын шокд орж нас барсан байна. Уг шалтгаанаар нас барсан нь /цээж, хэвлий хөндий хавсарсан гэмтэл/  Цээжний баруун 2,3,4,5 зүүн 4,5,6,7,8-р хавирга, өвчүү ясны хугарал хэвлийн хөндий дэх цус, голтын эрхтэн, үнхэлцэг хальс, нойр булчирхай дэлүүний холбоос дахь цус хуралт, элэгний бяцралт. Цус алдалтын шок хэвлий хөндий дэх цус, дотор эрхтний цус дүүрэлт бага, уушги унасан, бөөр элэг цайвар цагаан зэрэг шинжээр батлагдаж байна” гэх дүгнэлт /хх-ийн 93-95 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 сарын 29-ний 37 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн улаан цагаан өнгийн шоон хээтэй цамцны дээд ирмэгээс 22см баруун талын суганы оёдлын зах ирмэгээс дээш 7см зайд 29см “гэмтэл” цамцны дээд захын ирмэгээс  30см зүүн суганы оёдлын зах ирмэгээс баруун тийш 19см зайд 41см, хэмжээтэй “гэмтэл” цамцны дээд зах ирмэгээс 32см зүүн суганы оёдлын зах ирмэгээс баруун зайд 18см зайд 25см хэмжээтэй гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь оёдлын утасууд хөврөөгүй нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цэцгэн хээтэй өмдний дээд зах ирмэгээс эгц доош 85см баруун талын шугамын үзүүрээс дотогш 26см зайд  94см, хэмжээтэй “гэмтэл” өмдний дээд зах ирмэгээс 33см баруун талын зах ирмэгээс 32 см зайд 34см, хэмжээтэй “гэмтэл” өмдний дээд зах ирмэгээс 27,5см баруун талын зах ирмэгээс 27см зайд 34,5 см, хэмжээтэй “гэмтэл” өмдний дээд зах ирмэгээс эгц доош 85см баруун талын шугамын үзүүрээс дотогш 26см зайд 87см, хэмжээтэй  гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь оёдлын утасууд хөврөөгүй нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна. Өмдний салтайн залгаас оёдлоос гадагш 18 см доод үзүүрээс дээш  43 см зайд 1 см*1.2 см хэмжээтэй гэмтэл нь байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гогдолт байна. Хэрэг болсон цаг хугацаатай таарах уу эсэхийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 106 тал/,

Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ХӨА:1001147 дугаартай: “ Х.Гандэмбэрэлийн эзэмшлийн 3790 ХӨВ улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол Улсад орж ирсэн Приус 20 маркийн машины өнгө үзэмж, техникийн байдал норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 10.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 118 тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай: “...Х.Х нь сэтгэцийн өвчингүй. Х.Х нь сэтгэцийн өвчингүй, Сэтгэцийн хувьд эрүүл, гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдснээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчлөөгүй. Х.Х нь үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай. Х.Хын сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Х.Х нь сэтгэцийн тасгийн хяналтад эмчлүүлж байгаагүй. Х.Хт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх дүгнэлт /хх-ийн 128-130 тал/,

Шүүгдэгч Х.Хын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж “...Хамгийн гол нь би тухайн үед эхнэрийг машины хойно бие засаж байгааг мэдээгүй. Машины урд зам дээр чулуу ихтэй байсан болохоор би машинаа хойшоо ухрааж, явахдаа чулуунуудын хажуугаар гарах зорилготой байсан болохоор ухарсан юм, тэгтэл ард талын дугуй юман дээгүүр гарчих шиг болсон, тэгэхээр нь буцаж урагшлаад машинаа зогсоож, машинаас буусан. Тэгтэл эхнэр машины хойно газарт хэвтэж байсан. Эхнэр надад “чи чинь эргүү юм уу, машины хойно бие засаж байхад мөргөчих юм” гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийгээ өргөөд машиндаа оруулах гэтэл эхнэрийн хөл нь санжигнаад байсан. Эхнэрийг хойд талын суудал руу оруулж хэвтүүлээд, сумын төв рүү эмнэлэг орох гээд хөдлөөд хэсэг явтал машин шаварт суучихсан. Миний утас сүлжээгүй байсан учраас машинаас буугаад ойр хавьд байгаа айл рүү гүйж очоод “нэг хүү байхаар нь утсыг нь гуйж аваад би ээж рүүгээ ярьж, машин шаварт суучихлаа хүрээд ир” гэж хэлчхээд нөгөө хүүхдийн мотоциклоор машин дээрээ хүргүүлсэн. 30-40 минутын дараа төрсөн эгч, хүргэн ах, ээж Н нар машинтай ирсэн. Бид нар эхнэрийг аваад эмнэлэг рүү явъя гэтэл эхнэр “би эмнэлэг рүү явахгүй ээ, гэр лүүгээ явъя, миний бие гайгүй байна, харин өвчин намдаах тариа хийлгэе” гэхээр нь бид нар сумын төвд байх манай аавын гэрт очсон. Тэгээд очоод байж байтал эхнэрийн биеийн байдал нэг л сайнгүй байгаа юм шиг харагдаад байхаар нь эгч, ах хоёр эмч авч ирсэн. Эмч ирээд эмнэлэг рүү авч явъя гэсэн, эмнэлэг дээр очтол эхнэр өнгөрсөн байсан. Би хайхрамжгүй байдлаар машинаа ухрааснаас болж ийм зүйл болчихлоо. Эхнэрийг машины ард бие засаж байна гэж би бодоогүй, машинаас буугаад л шууд бие засаж байгаа байлгүй дээ гэж бодсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 138 тал/ эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Х.Хын 1331566 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

              Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Х.Х нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай  гэм буруутай үйлдэл байна. Түүний үйдлийн улмаас хүний амь нас хохирсон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Шүүгдэгч Х.Хын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Х.Хт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна..” гэх,

              Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “   ... Хэргийн зүйлчлэл дээр маргаж байна. Яагаад гэвэл хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хойш ухрах ямар ч нөхцөл байдал байхгүй байсан нь харагддаг. Тээврийн хэрэгслийн үзлэгээр урд талын куперны хэсгийн тоос арчигдсан. Амь хохирогчийн биед маш олон тооны гэмтэл үүссэн байдаг. Тээврийн хэрэгслийн купер машины тэнхлэг нь цээжний хэсгийн гэмтэл, биед үүссэн хугарлууд нь тохирч байгаа эсэх нь тодорхойгүй байна.  Хэргийн газрын үзлэгийг 5-6 цагийн дараа хийсэн байдаг. Хэргийн газарт эмэгтэй хүн бие зассан ул мөр байх ёстой. Гэтэл тийм ул мөр байгаагүй. Бие зассан гэж мэдүүлээд байгаа учир заавал бие зассан ул мөрийг хэрэгт тусгах ёстой. Тийм ул мөр байгаагүй дайрсан гэдэг юм уу, ухарч байгаад мөргөсөн гэж дүгнэх ямар ч боломжгүй байна. Насанд хүрээгүй хүүхдийг гэрчээр асуугаагүй. Энэ нь хэрэгт маш чухал ач холбогдолтой байсан. Дам яриагаар “ээж авраарай гээд гүйгээд байсан, аав араас нь хөөгөөд байсан” гэсэн яриа байдаг. Энэ хүүхдээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Энэ хэргийг зам тээврийн осол мэтээр зүйлчилсэн. Гэрчүүдийн мэдүүлэг маш их зөрүүтэй байдаг. Шүүгдэгч өөрийн гэмт хэргийг нуун далдалсан. Мөн түүний гэр бүлийнхэн хэргийг нуун далдлах зорилгоор дандаа худал мэдүүлэг өгсөн. Шаварт суучихлаа гэж дуудлага өгсөн байдаг. Эдгээрээс харахад нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж дахин шалгах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байна. Энэ зүйлчлэлээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй байна...” гэх, 

              Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч амь хохирогч нар хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Шүүгдэгч Х.Х нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Дөрөлжийн ам гэх газарт 3790ХӨВ улсын дугаартай Приус-20 маркын тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  жолоо барьж явдаг. Амь хохирогч жолоочийн хажуу талын суудал дээр зорчиж явдаг. Амь хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир бие засах  нөхцөл байдал үүссэн байдаг. Түүнийг хаана бие засаж байгааг Х.Х бууж хараагүй. Тухайн үед харанхуй, үзэгдэх орчин бага, шавар шавхай, чулуу ихтэй байсан. Ингээд зайлшгүй нөхцөл байдлын улмаас машины ард бие засаж байсан эхнэрээ мэдэхгүй дайрч амь насыг нь хохироосон байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байна. .. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэнэ. .. Хүнийг санаатай алах гэдэг гэмт хэрэг бол өөр утга агуулгатай. Хүнийг санаатай алах гэдэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэсэн шинжийг агуулсан байдаг. Гэм буруутай этгээд өөрийн үйлдлийг гэм буруутай болохыг урдаас мэдсээр байж хохирогчийг амь насыг хохирооход шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг. Миний үйлчлүүлэгч амь хохирогчийг амь насыг хохироох ямар нэгэн санаатай үйлдэл гаргаагүй. Зам тээврийн осол үйлдэгдсэн. Яагаад гэвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад эхнэрээ бие засахад нь анзаарч харахгүйгээр дайрч зам тээврийн осол гаргаж амь насыг нь хохироосон байдаг. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч санаатайгаар дайраад алсан гэж тайлбарлаж ярьж байна. Гэтэл машинд үзлэг хийхэд урд талаараа мөргөсөн бол урд купер гэмтэх ёстой ийм ул мөр байгаагүй. Ард бие засаж байхад нь анзаарахгүй дээгүүр нь гарч машины дугуй амь хохирогчийн биед олон тооны гэмтлүүд үүсгэсэн байдаг. Зам тээврийн осолд орсон хүний биед олон тооны гэмтэл учирдаг учраас гэмтлээ даахгүй нас бардаг. Тиймээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн яриад байгаа зүйл нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох бүрэн үндэслэлтэй байна. Өөрийнхөө үйлдлийг нуун дарагдуулахаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн асуудал яригдаад байгаа юм. Амь хохирогч гэр лүүгээ харъя гэсэн учраас ээж эгчийгээ дуудсан байдаг. Ээж эгч нь ирж байж эмнэлгийн тусламж авахгүй бол болохгүй юм байна гэсэн асуудлыг ярьсан байдаг. Цагдаагийн байгууллагад мотоцикльд дайруулсан гэж шүүгдэгч өөрөө дуудлага мэдээлэл өгөөгүй. .. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна. Хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Шүүгдэгчийн хүсэл зоригийн элемент нь өөрийнхөө 3 хүүхдийн ээж, хүүхдийг нь тээж байсан эхнэрээ алъя гэсэн санаа зорилго байгаагүй. Хүнийг санаатай алах гэмт хэргийг элемент нь ялгаатай шүү. Үүнийг бид ялгаж салгаж байж хэргийг шийдвэрлэх ёстой....” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж байна гэж мэтгэлцжээ.

              Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол нөхцөл байдлыг гэрчилсэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г / хх-ийн 38-39 тал/, Д.Д / хх-ийн 54-55 тал/, Н.Н / хх-ийн 58-59 тал/, Ц.Бэ / хх-ийн 62-63 тал/, Ж.С / хх-ийн 66-67 тал/, насанд хүрээгүй гэрч З.М /хх-ийн 69-70 тал/, гэрч Ц.А / хх-ийн 73-74 тал/, Д.Г / хх-ийн 77-78 тал/ нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 16-21 тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 22 тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24 тал/,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-28 тал/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-30 тал/,  прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 32 тал/,  мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн магадлагаа /хх-ийн 79-82 тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 106 дугаартай дүгнэлт /хх-ийн 93-95 тал/ Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 сарын 29-ний 37 дугаартай дүгнэлт /хх-ийн 105-106 тал/,  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг /хх-ийн 138 тал/ зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Х.Х нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Дөрөлжийн нуур” гэх газар өөрийн эзэмшлийн Х улсын улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон, хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангаагүй зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ард бие засахаар гарсан эхнэр Г.Иыг дайрч амь насыг хохироосон шүүгдэгч Х.Хын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдлоо.

              Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Г.Иын биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, үхлийн шалтгаант холбоотой гэмтлүүд болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Х.Хыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

              Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Х.Х нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон, хөдөлгөөн эхлэхийн өмнө аюулгүй байдлаа хангах зэрэг замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч хүнд хохирол учирсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

              Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч шүүгдэгч Х.Х нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Дөрөлжийн нуур” гэх  газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х улсын улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн ард байсан эхнэр Г.Иыг дайрч амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Х.Хын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан  авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гаргасан  амь хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын  “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэл өөрчлүүлэх санал хүсэлтийг хүлээн авахгүй боломжгүй байна.

              Тодруулбар хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х.Хын эхнэр Г.Иыг алах гэсэн гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийг хангахгүй байна гэж үзлээ.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Хын гэм буруутай үйлдлийн улмаас Г.Ичинноровын амь хохирч хүнд хор уршиг учирсан ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд хохирлын талаарх баримт ирүүлээгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гын гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 42/  хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийсэн байх тул шүүгдэгч Х.Хыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Х.Хыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч  Х.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэх саналтай байна...” гэв.

              Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “   ... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жил хасч, 5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж өгнө үү...” гэв. 

              Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хорих ялаас доогуур ял оноож өгөөч гэж хүсэж байна. Эрүүгийн хариуцлагаа хүлээж гарч ирээд цаашид үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх амьдралын боломж бололцоог сайн сайхнаар харах боломж байгаа учраас шүүх энэ байдлыг харгалзан үзээд хорих ялаас доогуур буюу 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх боломжоор хангаж өгнө үү...” гэв.

              Шүүгдэгч Х.Хын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Хавтаст хэргийн 142-144, 148-153, 159 талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтаар шүүгдэгч Х.Х нь малчин, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

              Шүүгдэгч Х.Хын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хор уршиг шинж чанар, гэм буруугаа хүлээн хохирол төлбөргүй зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Х.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хт оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж,  биелэлтэд  хяналт  тавихыг  Хөвсгөл  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

              Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

              Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар Хын Азжаргал, Хын Азбаяр, Хын Амархүү нарт асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Хгийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хт оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар Хын Азжаргал, Хын Азбаяр, Хын Амархүү нарт асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдлэж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн 2238002160517 дугаар хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч  нь цагдан  хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Л.Гаравжав нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.   Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Х.Хын 1331566 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 


 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ДӨЛГӨӨН