Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2019/00341

 

 

 

 

 

 

 

 

 

      2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2019/00341

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: -д холбогдох

 

            Гэм хорын хохиролд 2 238 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.О , хариуцагчийн төлөөлөгч А.Б , иргэдийн төлөөлөгч В.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

  Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авав.

                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.У ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.У  нөхөр хүүхдийн хамт  тоот хаягт 2009 оноос хойш оршин сууж ирсэн. Манай доод айл болох 102 тоотод оршин суух ******* овогтой Б  нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр орой 23 цагийн үед манай хаалгыг тогшиж орж ирээд “Танай нөхөр манай тагт руу шээлээ” гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр тагтан дээрээ тамхи татаж байсан. Нөхөр бид хоёр Б.Б д “Танай тагт руу шээгээгүй, та андуураад байна, тийм зүйл байхгүй” гэж тайлбарлахад маш ихээр уурлаж, хашгичин дайрсан. Тухайн үед Б.Б  нь халамцуу байсан бөгөөд манай нөхрийг заампдан авч, улмаар ноцолдон өмсөж байсан хувцсыг нь урсан. Б.Б  нь гэрт орж ирэн, амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл шуугиан дэгдээхээс гадна 2018 оны 08 дугаар сарын 14-ний өглөөний 04 цагийн үед манай гэрийн баруун, зүүн талын цонх руу чулуу шидэж, хагалсан. Тухайн үед бид энэ асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан. Гомдлын дагуу арга хэмжээ авагдаж, Б.Б  нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.8.1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл Б.Б  нь биднээс албан ёсоор уучлалт гуйгаагүйгээс гадна хагалсан цонхоо эргүүлж хэвийн байдалд оруулах, эсвэл үүнийг төлөх ямар ч арга хэмжээ аваагүй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатй буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/”-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу Б.Б ээс цонхны үнэ болох 1 238 050 төгрөг, хууль зүйн туслалцааны төлбөр болох 1 000 000 төгрөг, нийт 2 238 050 төгрөгийг гаргуулж өгнө үү. Намар болж сэрүү орж эхэлсэн тул бид өөрсдөө цонхоо засаж янзлуулсан гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.У ын нөхөр ******* нь Б.Б ийн  тагт руу байнга тамхины иш хог шиддэг бөгөөд 2018 оны 8 сарын 13-ны өдөр согтуугаар өөрийн шингэн буюу шээсээ тагтруу асгасан байдаг. Энэ байдлыг нь эхнэр болох Т.У ыг өөрийн гэрт оруулж харуулсан. Гэтэл нөхөр нь хэл амаар доромжлон танайх үүрд манай доор байна шүү гэгчлэн доромжилсон. Үүнээс өөр үйл явдал болоогүй бөгөөд тухайн айлын цонхыг хаглаагүй. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар хагарсан цонхыг шиллүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа бөгөөд яг ямар байрны цонхыг хэн гэдэг хүн засуулж, мөнгө төлсөн гэдэг нь хэрэгт гаргаж өгсөн баримтаар тогтоогдохгүй байна. Өмгөөллийн хөлсөнд 1 000 000 төгрөг төлсөн гэх шаардлага хангагдах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч цонх нь 3 давхар шилтэй байсны 2 нь хагарсан гэж тайлбар хэлсэн хэрнээ гаргаж ирүүлсэн зурагт нэвт хагарсан харагдаж байгаа зэргээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Мөн Т.У  нь тухайн байрны өмчлөгч мөн эсэх нь хэрэгт баримтаар тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хүлээн авсан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.У  нь хариуцагч Б.Б д холбогдуулан гэм хорын хохиролд 2 238 050 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Манай доод айл болох 102 тоотод оршин суух ******* овогтой Б  нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр орой 23 цагийн үед манай хаалгыг тогшиж орж ирээд “Танай нөхөр манай тагт руу шээлээ” гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр тагтан дээрээ тамхи татаж байсан. Нөхөр бид хоёр Б.Б д “Танай тагт руу шээгээгүй, та андуураад байна, тийм зүйл байхгүй” гэж тайлбарлахад маш ихээр уурлаж, хашгичин дайрсан. Тухайн үед Б.Б  нь халамцуу байсан бөгөөд манай нөхрийг заамдан авч, улмаар ноцолдон өмсөж байсан хувцсыг нь урсан. Б.Б  нь гэрт орж ирэн, амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл шуугиан дэгдээхээс гадна 2018 оны 08 дугаар сарын 14-ний өглөөний 4 цагийн үед манай гэрийн баруун, зүүн талын цонх руу чулуу шидэж, хагалсан...” гэж тайлбарлаж, эд хөрөнгөнд учирсан хохирлоо гаргуулна гэж шаарджээ.

 

Хариуцагч Б.Б  нь “...Т.У ын нөхөр ******* нь манай тагт руу байнга тамхины иш хог шиддэг бөгөөд 2018 оны 8 сарын 13-ны өдөр согтуугаар өөрийн шингэн буюу шээсээ манай тагтруу асгасан ... Гэтэл нөхөр нь хэл амаар доромжлон танайх үүрд манай доор байна шүү гэгчлэн доромжилсон. Үүнээс өөр үйл явдал болоогүй бөгөөд тухайн айлын цонхыг хаглаагүй...” гэх тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна. 

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 Хариуцагч Б.Б  нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн өглөөний 04 цагийн үед *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух *******ийн байрны цонхыг хагалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Б ийн дээрх үйлдэлд нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол хүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 200 000 төгрөгөөр торгосон байна./хх-ийн 27/

Дээрхээс дүгнэвэл хариуцагч Б.Б ийн хууль бус үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөнд хохирол учирсан, түүнчлэн засан сайжруулахтай холбоотой гарсан зардал болон бусад зардал гарсан нь хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Иймд тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна.

Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй хэдий ч нэхэмжлэгч Т.У  нь хохирлоо баримтаар нотолж чадаагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн хэрэгт ирүүлсэн кассын орлогын ордер, нэхэмжлэх зэрэг баримтуудаар тухайн байрны цонхны шилийг засуулж, төлбөрт 1 238 050 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүйн дээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсны хөлс нь нэхэмжлэгч тал өөрт учирсан гэм хорын хохирлоо нэхэмжилж шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан “хохирол” гэдэгт хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Т.У  нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэх талаараа баримтаар нотлоогүй бөгөөд үүнийг хариуцагчийн төлөөлөгч маргаж байгаа зэргээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хууулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.У ын хариуцагч Б.Б д холбогдуулан гэм хорын хохиролд 2 238 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.У ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 760 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ

 

                   ШҮҮГЧИД                                 Д.МӨНГӨНТУУЛ

 

                                                                                Д.ЭНХЦЭЦЭГ