Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/320

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Оын Дид холбогдох эрүүгийн 2238001500548 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Д нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт 2022 оны 03 дугаар сарын 20-21-ний шилжих шөнө Ё.Дтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238001500548 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.Д нь 2022 оны 03 дугаар сарын 20-21-ний шилжих шөнө Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ё.Дтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, уруулд шарх, дух, баруун чамархай, баруун хацар, зүүн хацар, баруун мөр, баруун тохой, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, баруун зүүн шуу, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, сарвуу, өгзөг, гуя, өвдөг, шилбэ, баруун өвдөг, баруун гуя, цээж, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Дийн өгсөн: “..Мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бгийн өгсөн: “...Би 20 цагийн үед ажил руугаа явж тайлан хийчээд байж байтал манай охин болох О утсаар яриад аав хоёр хөгшин дээр ороод ирье гээд гараад явчихлаа гэж хэлсэн. Би гэртээ ирсэн чинь манай нөхөр байхгүй байсан. Урд талын хашааны 2 хөгшин рүү утсаар залгахад утас нь холбогдохгүй болохоор гэртээ ирчих байх гэж бодоод 00 цаг хүртэл ажлаа хийж байгаад унтаж амарсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өглөө ажил дээрээ ирээд нөхрийгөө нас барсан талаар мэдсэн... Би талийгаачийг өөрийн биеэр харахад хүнд зодуулсан юм шиг санагдаж байсан. Талийгаачийг чирсэн ч юм шиг, санаатай гэрээсээ гараад хаясан, зодсон юм шиг санагдсан. Талийгаач маань тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч орой 21 цагийн үед гэрээсээ ганцаараа гарсан гэсэн. Талийгаачийн урд үүдэн 2 шүд нь хиймэл, тагнайгүй, холбоостой шүдтэй байсан. Дийн гэрээс манай гэр ойрхон учир манай талийгаач хэзээ ч айлд орж хонохгүй, хувцсаа тайлахгүй, гэртээ хүрээд ирэх учиртай байсан. .. Дийн гэрээр манай талийгаач Д орж гардаг байсан. Д дээлгүй байхад нь талийгчийг маань хувцасгүй гараад явуулаад, араар нь гараад гэрт нь хүргээд өгчихгүй. Талийгаач их согтуу байсан ч айлын гадаа унаж хэвтэх хүн биш, би талийгаачийг маань хэтэрхий их зодсон байна гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30, 34 тал/,

Гэрч Б.Лгийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 08 цагт гэрийн гадаа эмэгтэй хүн ирж дуудаад байсан. Тэгэхээр нь гэрийн арын хаалгаар гараад харахад манай сумын эмнэлэгт ажилладаг сувилагч байсан. Тэр эмэгтэй намайг Д ахын гэрийн гадаа хүн унасан байна хоёулаа цуг очьё гэсэн. Ингээд манай гэрээс ертөнцийн зүгээр баруун дээд талд хоёр дахь хаалганд байдаг Д гэгчийн гадаа очиход Рашаант сумын Д гэдэг хүн газар унасан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би шууд Дгийн гэрт ороход гэрийн зүүн талын орон дээр унтаж байсан. Тэгэхээр нь Дг дуудаж босгоод гэрийн чинь хашааны хаалган дээр Д унаад нас барсан байна. Та нар юу болцгоов гэж асуухад Д би мэдэхгүй байна гэж байсан. Тэгээд намайг дуудсан эмнэлгийн сувилагч сумын цагдаа дуудаад ирсэн... Д ногоон өнгийн фудволктой, хөх өнгийн тамирын өмдтэй, дотортой өвлийн түрүүтэй гуталтай байсан. Толгой баруун тийшээ харсан, хоёр гараа цээжиндээ авчихсан нүүр нь цус болсон, тохой гар нь шалбарсан харагдсан.. Би орж Дийг унтаж байхад нь сэрээгээд гараад ир гэж хэлээд гэрээс нь гарсан. Би гэрээсээ гарахдаа тавчиктай гарч ирсэн байсан болохоор гэр лүүгээ ороод гутлаа солиод гараад ирэхэд талийгаач Дг өөрийнх нь хүрэн өнгийн дээлээр Д хучсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

Гэрч Д.Огийн өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед манай талийгаач Дтэй гэртээ хамт байж байгаад урд талын хашаанд төрсөн эгч Т гэх айл руу ороод ирье гэж хэлээд гарсан. Тэгээд буцаж орж ирээгүй. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн манай ээж ирээд аав чинь нас барсан байна гэж хэлсэн...Манай талийгаач орой гэрээсээ гарахдаа дотуураа ямар хувцастай байсныг сайн мэдэхгүй байна доогуураа хар түрүүтэй гуталтай улаан цоохор дээлтэй суран бүс бүсэлсэн малгайгүй гараад явсан...2022 оны 03 дугаар сарын 20-ны өглөө манай талийгаач 12 цагийн үед гэрээсээ гараад 14 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу шахуу орж ирээд унтаж амарч байгаад 20 цагийн эрүүл болоод гэрээсээ гараад явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

Гэрч П.Мийн өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвд 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед голын наад талд Дийн ээжийн гэрт очих гэж яваад Дтой гудамжинд тааралдсан. Д ганцаараа нэлээн согтуу бололтой явж байсан. Тэгээд Д намайг архи аваад өг гээд байсан. Би мөнгө байхгүй гэж хэлээд Даваа гэж машинтай хүн ирж намайг аваад хөдөө гэр рүүгээ явсан... Тухайн үед Даминдорж өнөөдөр өмсөж явсан хар өнгийн куртиктай явсан. Бусад хувцсыг нь би анзаарч хараагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/,

Гэрч Л.Бын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08 цагийн үед би Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн сургуулийн дээд гудамжинд өөрийн хашаанаас үхрээ туугаад гарсан. Би үхрээ туугаад хүргэн ах Дийн хашааны жижиг хаалганы орчим цаашаа харсан, эрэгтэй хүн хөдөлгөөнгүй хэвтээд байхаар нь би ойрхноос дуудаад босохгүй болохоор очоод харсан чинь ямар хөдөлгөөнгүй нас барсан юм шиг харагдсан. Би Д ахаа байна уу, хүн байна гээд хашааны үүднээс орилоод хүн гарч ирэхгүй байхаар нь ойролцоо байдаг Л ахын хашааны хаалгыг нүдээд утсаа аваад гараад ир гэсэн чинь гайхаад байгаа бололтой цонхоороо хараад гарч ирэхгүй байхаар нь Б гэдэг айлыг дуудсан чинь эхнэр нь гээд эмэгтэй гар утас гаргаж өгөхөөр нь сумын эмнэлэгт хэлсэн. Тэгтэл 10 орчим минутын дараа манай ээлжийн сувилагч ирсэн. Л ах бас гэрээсээ гараад ирсэн. Ингээд сувилагч ирээд үзээд нас барсан байна гэсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Л ах Д ахын гэрт ороод дуудчихлаа гэсээр гарч ирсэн. Д ах Л ахыг гэрт орж ирээд дуудсанаас хойш удалгүй хашааныхаа үүдэнд гарч ирээд хөөе Д яасан юм бэ гээд орилоод, шоконд орсон харагдсан. Тэгээд гудамжинд хүүхэд, хүмүүс яваад ажил, сургуульдаа яваад эхлэхээр нь цогцсыг бүтээх юм аваад гараад ирээч гэсэн чинь Д ах гэртээ ороод хүрэн өнгийн дээл барьж гарч ирэхээр нь сувилагч бид 2 цогцос дээр тавьсан. Би Д ахын байнга өмсөж явдаг хүрэн өнгийн дээл болохоор Д ахаас энэ хэний дээл бэ гэж асуухад Дгийн дээл гэсэн. Би юу ч мэдэхгүй байна гээд байсан. Би анх цогцсыг хараад Д ах байна гэж таньсан. Би эхлээд цогцсыг хөлдсөн байна гэж харсан. Би ойртоод харсан чинь нүүр ам нь цус болсон, нимгэн подволктой, өмд, гуталтай байсан. Л ахыг Д ахын гэрт ороход Д ах орондоо унтаж байсан гэсэн.. Д ахын гэрээс би малаа өглөө туугаад явж байхад талийгаач Д ах орж, гарч яваа тааралддаг байсан...Хөвсгөл аймгийн Рашаант суманд амь хохирогч Д ахын гэр Дийн гэрээс 200 орчим метр зайд байдаг. Дундаа заагтай болохоос бараг нэг гудамж гэсэн үг...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/,

Гэрч О.Нын өгсөн: “...Талийгаач Д, Д 2 найзууд, гэр нь ойрхон байдаг...Амь хохирогч Д, О.Д 2 хоорондоо найз, хэрүүл маргаан өш хонзонгийн асуудал огт байгаагүй. Талийгаач ааш зан сайн янз бүрийн асуудал байхгүй хүн байсан. Талийгаач Д архи уух бас дуртай. Амь хохирогч Д, О.Д нар нийлж архи уудаг байсан. Амь хохирогч Д О.Дийн гэрт байнга ирдэг байсан. Би 2022 оны 2 дугаар сарын 10-ны үед Улаанбаатар хот руу хүүхэд харах гээд явсан. Тэрнээс өмнө талийгаач маань байнга л манай хашаагаар буюу Дийн гэрээр орж, гардаг байсан... Д надад хэлэхдээ Д нас барсны өмнө орой Дийн гэрт унтах гэж байхад нь халамцуу орж ирээд архи нэхсэн гэж ярьсан. Тэгээд архинаас болж маргалдаж байгаад талийгаач гараад явахаар нь гэртээ орондоо ороод унтсан гэж хэлсэн. Ингээд Дг хашааны үүдэнд дээр нас барсан байна гэж маргааш өглөө нь хажуу айлын Лхагваа ах хэлсэн гэсэн. .. Миний харж байснаар талийгаачтай Д маргалдаж, зодолдох асуудал огт гаргаж байгаагүй. Д их сайхан зантай хүн байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/,

Гэрч Н.Нын өгсөн: “...Д 2022 оны 3 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед манай гэрт нохойн хоол сураглаж орж ирсэн. Манай гэрт орж ирэхдээ архи уугаагүй эрүүл явж байсан. Хүрэн өнгийн дээл өмссөн явж байсан. .. Манай Д хааяа архи уудаг. Уухаараа гэртээ хүрч ирээд унтдаг байсан. Ааш зангийн хувьд бол даруухан, муухай ааш зан байхгүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,

Гэрч Ё.Тын өгсөн: “ ...Би амь хохирогч Дгийн төрсөн эгч байгаа юм...Манай дүү Д малын эмч мэргэжилтэй, эхнэр, 5 хүүхдийн хамт Рашаант сумын төвд амьдардаг. Архи ууна, уусан ч даруухан, ааш араншин сайтай, муухай ааш авир байхгүй, даруу дөлгөөн зантай хүн байгаа юм...2022 оны 3 дугаар сарын 20-ны өглөө манай гэрт орж ирээд нохойн хоол аваад гарсан. Архи уусан шинжгүй, улаан хүрэн дээлтэй орж ирээд гарсан. Инээсэн л явж байсан...Би нийлдэг найз нөхдийн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 61 дугаартай: “...Амь хохирогч Ё.Дгийн биед зүүн хөмсөг, уруулд шарх, дух, баруун чамархай, баруун хацар, зүүн хацар, баруун мөр, баруун тохой, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, сарвуу, өгзөг, гуя, өвдөг, шилбэ, баруун өвдөг, баруун гуя, цээж нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн гэмтэл ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ё.Д нь элэгний хатуурал, зүрхний өөхлөлт, судас хатуурал өвчтэй ба эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй болно. Ё.Д нь нам температурын үйлчлэл буюу осголтын улмаас нас барсан байна. Энэ нь элгэн дэх гликогенгүйдэлт, арьс барзгар нүүр, гар хөөж хавагнасан, хүүрийн толбо, дотор эрхтэн цусны улаан өнгө, ходоодны салстад дахь цус харвалт /Вишневскийн толбо/, төмсөг татагдалт зэрэг шинжээр батлагдаж байна. Ё.Дгийн цусанд 1,7% промилли спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ дунд зэргийн согтолтой байжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 68-69 тал/,

Шинжээч Г.Алтайгийн өгсөн: “...Амь хохирогчийн зүүн хөмсөг, уруулд шарх нь тусдаа, дух, баруун чамархай, баруун хацар, зүүн хацарт үүссэн гэмтлүүд нь нийтдээ хөнгөн зэрэгт хамаарагдана...Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэгдэх ба унах, цохих, үрэх аль алинд нь үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 460 дугаартай: “...Амь хохирогч Ё.Дгийн цогцсын шинжилгээгээр зүүн хөмсөг, уруулд шарх, дух, баруун чамархай, баруун хацар, зүүн хацар, баруун мөр, баруун тохой, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, сарвуу, өгзөг, гуя, өвдөг, шилбэ, баруун өвдөг, баруун гуя, цээж, нуруунд цус хуралт бүхий гэмтлүүд учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ...Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...Амь хохирогч нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ. Энэ нь элэгний эдийн гликогенгүйжилт, арьсны бэрзийлт, хүүрийн толбо, дотор эрхтэн, цусны улаан өнгийн илрэл, ходоодны салстад дахь цус харвалт /Вишневскийн толбо/, төмсөг татагдалт, уушигны бронх авчилт, зүрхний булчингийн нягтрал зэрэг шинжүүдээр батлагдаж байна...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Амь хохирогч Ё.Д нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан нь осгоход нөлөөлнө. Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 61 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 80-84 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хэрэг болсон гэх газар Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн 1-6-8 тоотод байрлах ертөнцийн зүгээр баруун хойд зүгт харсан модон хашаатай, шаргал өнгийн жижиг төмөр хаалгатай хашаа байв. .. Хэргийн газар 1-6-8 тоот хашааны гадаа явган хүн орж гарах шаргал өнгийн төмөр хаалганаас 1.50 см зайд, хашааны банзнаас 1.10 см зайд толгой хэсэг нь баруун ард зүгт харсан, 2 гараа нүүр хэсэг нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, ногоон өнгийн нимгэн хагас ханцуйтай цамцтай, хар хөх өнгийн өмдтэй, өмд нь /шороо өвс/ нэлэнхүүдээ хиртэй бохирлогдсон, хар өнгийн түрүүтэй гуталтай, баруун талаар ханзарсан, 2 хөлийн өвдөг хэсгээр хагас нугалсан, 2 гар шалбарч зулгарсан, шороогоор бохирлогдсон эрэгтэй хүний цогцос байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15, 20-22 тал/,

Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 25 тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч О.Дийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Манай найз талийгаач Д 2022 оны 3 дугаар сарын 20-ны шөнө манай гэрт ганцаараа намайг унтаж байхад орж ирсэн. Тэгээд талийгаач надаас архи нэхээд би архи байхгүй гэсэн чинь байгаа гээд болдоггүй. Би ч байхгүй л гээд байсан. Талийгаач Д намайг 2 удаа нүүр хэсэгт гараараа цохиод, өшиглөөд байхаар нь Дгийн нүүр хэсэгт нь би гараараа 2 удаа цохисон байх. Тэгээд би Д минь унт гэсэн чинь за гэр лүүгээ явлаа гээд дээлээ тайлаад газарт тавиад гар нүүрээ угаах гэсэн чинь ус байхгүй болохоор гараад явсан. Ингээд талийгаач Д буцаж орж ирээгүй. Би ор руугаа ороод унтсан. Тэгтэл маргааш өглөө нь 08-09 цагийн үед Л ах гэрт орж ирээд намайг унтаж байхад босооч танай найз чинь хашааны гадаа бурхан болсон байна гэж хэлсэн. Би гэрээсээ гараад хашааны үүдэн дээр гараад харсан чинь Д газарт нас барсан хэвтэж байсан. Манай хашааны том хаалга нураад унасан байсан. Орой намайг унтах үед хашааны хаалга зүгээр байсан. Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ганцаараа архи уусан. Гэхдээ орой талийгаачийг орж ирэхэд үед унтаж байсан болохоор бараг эрүүл болсон байсан. Талийгаач манай гэрт 21 цагийн үед орж ирсэн байхаа. Би Дг орой манайхаас гараад гэр рүүгээ яваад өглөө гэж бодсон. Дгийн гэр манай гэртэй ойрхон байдаг. Д надтай өдөр болгон бараг уулздаг. Талийгаач бид 2 бага байхын найзууд байсан. Миний талийгаач найз их сайн хүн байсан. Архи уусан ч талийгаач ямар нэгэн ааш зан гаргаж байгаагүй. 2022 оны 03 дугаар сарын 20-ны орой манай гэрт орж ирж архинаас болж жаахан маргалдаж, бие биеэ цохисон. Өөр асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бгийн мэдүүлэг, гэрч Б.Л, Д.О, П.Мэ, Л.Б, О.Н, Н.Н, Ё.Т нарын мэдүүлэг, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 61 дугаартай дүгнэлт, шинжээч Г.Алтайгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 460 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч О.Дийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч О.Д нь 2022 оны 03 дугаар сарын 20-21-ний шилжих шөнө Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ё.Дтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, уруулд шарх, дух, баруун чамархай, баруун хацар, зүүн хацар, баруун мөр, баруун тохой, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, баруун зүүн шуу, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, сарвуу, өгзөг, гуя, өвдөг, шилбэ, баруун өвдөг, баруун гуя, цээж, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.  

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ё.Дгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч О.Дийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.Дийн үйлдэл идэвхтэй, амь хохирогч Ё.Дгийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч О.Дийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Дийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй,  гомдолгүй гэх хүсэлт хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь  зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч О.Дийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 110-111, 113-115 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа,  үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.Д нь ам бүл 1, ганцаараа Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

Шүүгдэгч О.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 144 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч О.Дийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн куртик 1 ширхэг, ариун цэврийн цаасны тасархай 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг эд мөрийн баримт устгах комисст  даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Оын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овогт Оын Дийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дид оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн куртик 1 ширхэг, ариун цэврийн цаасны тасархай 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН