Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 941

 

 

 

 

 

 

 

 

 

                                                            Ү.С-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Ариунсанаа,

шүүгдэгч Ү.С-, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Т.Урангэрэл,

хохирогч Б.Ж-, түүний өмгөөлөгч Ц.Нарантуяа, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1207 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.С-, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Т.Урангэрэл нарын тус тусдаа гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ү.С-д холбогдох эрүүгийн 201525013077 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ү.С-, 19.. оны ... дүгээр сарын 3-ны өдөр ......... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, лабораторич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл …................ нарын хамт ......... дүүргийн ....... дүгээр хороо, ..... дүгээр хорооллын ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Ү.С- нь шунахайн сэдэлтээр 2015 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд байрлах газар дээр Б.Ж-тай 3 удаа 178.000.000 төг vрөгийн барилгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 3 давхар барилга бариулах ажлыг гүйцэтгүүлсэн боловч мөнгийг буцаан төлөлгүй, 148.495.545 төгрөгийн хохирол учруулсан буюу уг барилгын ажлыг дахин өөр этгээдээр бариулан ашиглалтанд оруулж, Б.Ж-гийн хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг нь төлөлгүй залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ү.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Ү.С-г бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ү.С-д 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ү.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ү.С- нь урьд цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 72 дугаар хотхон дахь АОС-ны 60 дугаар байрны 3 давхар барилгыг бүхэлд нь битүүмжилсэн болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ү.С-гаас нийт 83.995.545 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ж-д олгуулахаар тогтож, шүүгдэгч Ү.С-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ү.С- гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Б.Ж- гэдэг хүнтэй 2015 оны 9 дүгээр сарын дундуур барилга барина гэсэн зарын дагуу утсаар ярьж уулзсан. Ингээд Б.Ж-тай хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны өөрийн эзэмшлийн гэрчилгээтэй зоорийн давхар цутгасан барилга дээр очоод үзүүлсэн. Б.Ж-д “одоо би огт мөнгөгүй учраас зарчихмаар байна” гэж санал тавьсан. Харин Б.Ж- нь өөрийн барьсан барилгуудаа үзүүлээд маргааш нь надад хариу хэлнэ гээд явсан. Маргааш нь гэрийн гадаа ирж уулзаад “би таны барилгыг үргэлжлүүлж барина. Та мөнгө олох ажлаа хөөцөлд, санаа зоволтгүй, би танд дуусгаад өгье” гэсэн. Би банкны зээл хөөцөлдөөд 2 банкинд хандсан бөгөөд эхний банк нь одоохондоо зээл судлахгүй гэсэн, 2 дахь нь “10 дугаар сарын 15-ны өдрөөс барилгын зээл зогсчихсон, та 4 дүгээр сарын 15-наас хойш ир” гэсэн. Б.Ж-д банкны зээл хойшлогдоод байна гэж хэлэхэд Б.Ж- нь шүүх хурал дээр “Японоос хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн” гэж худал хэлсэн. Японоос хөрөнгө оруулалт ирэх нь бүү хэл надад Японд таних хүн нэг ч байхгүй. Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ хэрэг 2 удаа хэрэгсэхгүй болсон. “Японоос хөрөнгө оруулна гэсэн” гэж хэлж хэрэг үүссэн боловч энэ нь худал болох нь тогтоогдсон. Шүүх О-, Саруултуяа нарыг гэрчээр оруулсан байсан. Би тэр 2 хүний мэдүүлгийг урьд нь уншиж байсан бөгөөд “Японоос хөрөнгө оруулалт оруулна” гэсэн талаар яриагүй байсан. Мөн энэ 2 хүн нь намайг сайн мэдэх, надад тусалж байсан хүмүүс юм. Мөнгө бүтэхгүй байгаа талаар Б.Ж-д хэлэхэд “таныг эмэгтэй хүн болохоор элэг бариад байна. Надад газрын гэрчилгээгээ өгчих, надтай хамтарч ажилладаг Канадууд бий. Ганц нэг хүнд үзүүлье. Миний нэр дээр шилжүүлчих” гэсэн. Тухайн үед ямар ч буруу зүйл бодолгүй газрын гэрчилгээг шилжүүлсэн. Дараа нь чимээгүй болчихоор нь хөрөнгө оруулалт олдохгүй бол гэрчилгээгээ авъя гэж хэлээд нилээн удааж байгаад буцааж өгсөн. Гэтэл шүүх хурал дээр “С- надад гэрчилгээгээ барьцаанд үлдээсэн байсан” гэж худал хэлсэн. Хэрэв барьцаанд өгсөн бол юу гэж буцааж авна гэж хэлэх вэ. Б.Ж- нь барьцаанд гэрчилгээг авъя гэж санал тавиагүй. Бид нэг ч удаа муудалцаж, би элдэв янзаар хэлж үзээгүй. Гэтэл шүүх хурал дээр харааж, доромжилсон мэтээр худал хэлсэн. Б.Ж- нь мөрдөн байцаалтад байцаагдаж байх үед газрын гэрчилгээг авчирч өгөхийг шаардсан. Тэгээд би өөрийн найз О-ийг гэрчээр байцаалт өгүүлсэн. Энэ газар анхнаасаа миний газар байсан. Шүүх хуралдаан дээр “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2 хүн дээр гаргуулсан” гэсэн байсан. Улсын бүртгэлийн газар 2 хүний нэр дээр гэрчилгээ гаргахгүй. Харин Саруултуяагийн нэр дээр хуучин банкны зээлээ чөлөөлүүлэх гэж түр шилжүүлээд, эргүүлж мөнгийг нь өгөөд миний нөхөр Баасандоржийн нэр дээр шилжсэн. Б.Ж- нь миний мөнгөгүй гэдгийг мэдээд анхнаасаа барилгыг минь өөртөө авах гэж байсан нь олон удаагийн гүтгэлэгээс нь харагдаж байна. Надад “барилгаа шилжүүлээд өгчих, тэгвэл чамайг тайван орхино” гэж олон удаа хэлж байсан. 3 удаа гэрээ байгуулсан нь үнэн. Гэрээг Б.Ж- өөрөө боловсруулж ирээд надаар гарын үсэг зуруулсан. Эхний 50.000.000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурахдаа огт эргэлзээгүй, зөвшөөрч зурсан. 2 дахь гэрээнд гарын үсэг зуруулах гэхэд нь “чи яагаад ойрхон гэрээ байгуулаад байгаа юм бэ. Ажлаа хурдан явуулья” гэж хэлэхэд “намайг ард хэдэн хүмүүс шавдуулаад байна, та санаа зоволтгүй” гэж хэлсэн. 3 дахь гэрээнд гарын үсэг зурахгүй гэхэд “би таны барилгыг 100 хувь дуусгаж өгнө, нутгийн эгч минь” зэргээр худал хэлсэн нь заль байсан байна. Гэтэл шүүх хурал дээр “С- миний гарын үсэг биш” гэж хэлсэн учир шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна гэж хэлсэн. Би анхнаасаа гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ мөрдөн байцаагчдаа хэлсэн. Нэг ч удаа миний гарын үсэг биш гэж хэлж байгаагүй. Харин миний гарын үсгийг зуруулаад шинжээчийн дүгнэлт гаргуулах гэж байна гэхэд миний өмгөөлөгч Энхтүвшин “ С- гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг шүү дээ, яах гэж байгаа юм бэ” гэж асуухад нөгөө талаас гаргуулна гээд байна гэж хэлсэн. Б.Ж-гийн хэлсэн бүгд худал гүтгэлэг. Хэрвээ барилгыг минь дуусгаж өгнө гэж хэлээгүй байсан бол сүүлийн гэрээнд гарын үсэг зурахгүй байсан. 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажиллаад 3 гэрээ хийгээд ажлаа хаяад явсны дараа 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өгч эрүүгийн хэрэг үүсгүүлэн, 178.000.000 төгрөгийг нэхсэн. Гэтэл нэг сар гаруй хугацааны дотор 10х12 байшингийн зөвхөн 1, 2, 3 давхарын карказ босгочихоод ийм их мөнгө нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс үүдээд хувийн үнэлгээний төвөөр барилгын үнэлгээ гаргуулсан. Тухайн үед Б.Ж-гийн үлдээгээд явсан барилга дээр өөр юу ч хийгдээгүй байсан. 10х12 байшингийн карказ, 1, 2,3 давхарын блокын дүүргэлт, цонх хийгдсэн, дээврийн тоосгыг дутуу хийсэн байсан. Үүнийг Бадамчулуун гэдэг барилгын гавъяат, эдийн засагч хүн миний өмгөөлөгч Энхтүвшинтэй байлцаж байгаад гаргасан бөгөөд үнэлгээ нь 83.100.000 төгрөг байсан. Гэтэл Б.Ж- шүүх хурал дээр “тэр хүн газар дээр нь очиж хийгээгүй, мөн би хийсэн үнэлгээндээ итгэхгүй байна гэж хэлсэн” гэж худал хэлсэн. Тэр хүний мэдүүлэг хэрэгт тодорхой байхад Б.Ж- нь Барилга Хөгжлийн Төвөөр үнэлгээ гаргуулах санал гаргасан. Гэтэл тухайн төв нь “батлагдаагүй зураг дээр үнэлгээ хийгдэхгүй” гэсэн. Б.Ж- нь намайг айлган сүрдүүлж байгаад хувь хүнээр хийлгэсэн, ямар ч бодит биш, тамга тэмдэггүй зургаар үнэлгээ гаргуулаад 141.700.000 төгрөг гаргуулсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. 2017 онд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах саналыг миний өмгөөлөгч Р.Оюунцэцэг гаргахдаа Барилга Хөгжлийн Төвөөр биш Монголын Хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлэхийг санал болгосон. Б.Ж- нь дахин Барилга Хөгжлийн төвөөр үнэлгээ гаргуулах санал тавиад 148.495.545 төгрөг гэсэн үнэлгээ гаргуулсан боловч энэ нь хувийн үнэлгээчний хийсэн үнэлгээ байсан. Барилга Хөгжлийн Төвийн 2 үнэлгээчинд ямар ч багаж байхгүй, барилга бүрэн дуусаад ашиглалтад ороод явж байхад хийсэн үнэлгээг зөвшөөрөхөд маш хэцүү. Хийгдээгүй маш олон ажлуудыг оруулж тооцсон байсныг шүүх хуралдаан дээр хэлэхэд хүлээж аваагүй. Жишээ нь 1 литер ус 1000 төгрөг, хог хаягдал ачсан 3.486.000 төгрөг, тээврийн хөлс 5.390.000 төгрөг болсон байсан. Барилга ашиглалтад ороогүй байхад хэн ч хог хаяхгүй, тээврийн зардалд тийм мөнгө ороогүй, усыг манай дулааны шугамаас авч байсан. Шатны төмөр, төмөр шат, паркетны ажил, банз, тоосго, элс гэх мэт зүйлс Б.Ж-гаас огт гараагүй. Өнөөдрийн ханшаар портер машин 20.000-60.000 төгрөгийн хооронд 1 удаа ачилт хийж байгаа. Тухайн үед нэг ч удаа том машинаар ачилт хийгээгүй бөгөөд портер машин ашигладаг байсан. Нэг удаа краны мөнгө гэж 500.000 төгрөг авсан. Цувуулаад 1.500.000 төгрөг өгсөн бөгөөд үүнийг Б.Ж- хүлээн зөвшөөрдөггүй. Тийм учраас үнэлгээнээс хасаагүй байх. 2016 онд энэ хэрэг хэрэгсэхгүй болсны дараа би банкнаас зээл хөөцөлдөж авсан. Хамтарч ажлаа гүйцэтгэж дуусгах гэж залгатал утсаа аваагүй. Банкны хүү өндөр байсан тул өөр компанитай хамтарч ажлаа эхлүүлэх гэж байтал Б.Ж- хүрч ирээд тэнд байсан хүмүүсийг хэл амаар доромжилж, зодож, том машинаар дайрна гэх мэтээр авирласан. Цагдаа нар ирж шалгаад, тухайн үед хэрэг хэрэгсэхгүй болгосон тогтоолоо үзүүлтэл хэний газар гэдгийг мэдээд салгаад явсан. Б.Ж-д 60.000.000 төгрөг өгөхийг санал болгоход “авахгүй, барилгаа яг одоо өгчих тэгвэл би яах ч үгүй” гэсэн. Хэрэгт Мөнхтөр гэх хүний гэрчийн мэдүүлэг бий. Арга ядаад Иргэний хэргийн шүүхээр орж тохиролцъё гэхэд тэрийг шүүх гэдэг юм уу гээд тоогоогүй. Үүнээс хойш янз бүхийн байдлаар хэргийг сэргээж, үл хөдлөх хөрөнгө 3 жил битүүмжлэлтэй, би санхүүгийн хувьд ямар ч хөдлөх боломжгүй нөхцөл байдалтай байна. Б.Ж- нь анхан шатны шүүх хурал дээр “С- надад мөнгө өгөхгүй, бичиг үсэг мэдэхгүй гээд гэрээнд гарын үсэг зураагүй, миний дансанд гэнэт мөнгө хийсэн, би дансаа өгөөгүй” зэргээр худал хэлж байсан. Үнэлгээн дээр тохиролцвол мөнгө өгнө гэдгээ хэлж байсан мөн гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ ч хэлсэн. Би өөртэйн утсаар яриад дансыг нь авч мөнгө хийсэн. Энэ нь хэргийн материалд байгаа. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, 3 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулсан. Гэтэл нийт барилгын үнэлгээ хийхдээ ямар ч батлагдаагүй зураг харж, огт хийгээгүй ажлыг хийсэн болгож, асуухаар программын бодолт, би бодоогүй гэж хэлсэн үгээр нь 148.900.000 төгрөгөөр үнэлж гаргасан үнэлгээ зөв гэж бодсон нь хэт нэг талыг барьж байна. Энэ үнийн дүнгээс Б.Ж-д өгсөн үнийн дүнг хасаад мөрдөн байцаах явцад тогтоогдсон миний тухайн үеийн барилгад оруулсан материалын үнийг хасаагүй 29.250.000 төгрөг, мөн миний нөхрийн нэр дээр байгаа үл хөдлөхөд битүүмж тавьж өгөхийг Б.Ж- гаргасан. Энэ хэрэг 2015 оноос хойш 2 удаа хэрэгсэхгүй болсон боловч янз бүрээр сэргээж, миний  болон ар гэрийн амьдралыг маш ихээр хохироож байна. Одоо тэр барилга нь цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ байдлаас үзэхэд 200 хүүхдийн эрх ашиг, 20 ажилчны ажлын байрыг Б.Ж- нь шунахайн сэдэлтээр авахыг оролдож, ийм байдалд хүрч байна. Анхнаасаа мөнгөгүй гэдгээр далимдуулж барилга босгож, хөрөнгө оруулсан дүр эсгэж гэрээ байгуулан цагдаад өгч, олон янзын тохирох санал тавьж байхад хүлээж авахгүй байгаа зэргээс харахад эрүүгийн хэргээр айлган сүрдүүлж хөрөнгийг минь булааж авах зорилготой байсан байна. Урьд нь миний нэгэн адил барилга мэдэхгүй эмэгтэйг амьдралаар нь хохироосон гэж хүмүүс ярьдаг. Б.Ж-д нийт бэлэн мөнгө, материал нийлээд 95.250.000 төгрөг өгсөн. Надад залилсан, бусдын итгэл алдсан, ямар нэгэн зүйлд шунасан зүйл огт байхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ү.С-гийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь үнэлж үнэлэлт дүгнэлт өгөлгүй, зөвхөн нэг талыг барьж хохирогчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь: Ү.С-, Б.Ж- нар нь анхнаасаа харилцан тохиролцож 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр барилгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа 14 хоногийн хугацаатай 50.000.000 төгрөгийн барилгын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 78.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ хийхээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 178.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тус  тус нэмэлт гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, Ү.С- болон Б.Ж- нарын хооронд ажил гүйцэтгүүлэх, хөрөнгө оруулалт хийх гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэ нь эрүүгийн биш иргэний эрх зүйн гэрээний харилцаа юм. Талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа нь эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг буюу гэрээний эрсдэл нь залилан мэхлэх гэмт хэрэг биш юм. Тийм ч учраас мөрдөн байцаалтын шатанд 2 ч удаа прокуророос тухайн үйлдэл нь гэмт хэрэг биш гэж хэрэгсэхгүй болгосон байдаг. Улсын яллагч болон анхан шатны шүүхээс хохирогч Б.Ж-гийн төлбөрийг төлөөгүй гэдгээр хэргийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлгүй, түүний үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддоггүй болно. Ү.С- нь барилгын ажил гүйцэтгэх хөрөнгө байхгүй гэдгийг анхнаасаа Б.Ж-д хэлснээр хөрөнг оруулалтын гэрээ хийгдсэн бөгөөд барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад өөрийн хөрөнгөөр барилгын материалыг нийлүүлж байсан баримтууд хавтас хэрэгт авагдсан байдаг. Энэ нь Ү.С- нь Б.Ж-г залилан мэхлэх субъектив санаа зорилго байхгүй байсан гэдэг нь нотлогддог. Мөрдөн ажиллагааны явцад тухайн барилга дээр Б.Ж-гийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг буцаан өгөхгүй гэсэн ямар ч санаа зорилго байхгүй харин уг төлбөрийг бодитой үнэн зөвөөр тооцож төлөхөөр хүсэлт санал тавьж байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогддог. Мөн тэдний хооронд байгуулсан гэрээнүүдийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан, түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотойгоор гарсан маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлэнэ” гэж заасан байдаг нь иргэний эрх зүйн харилцаа гэдэг нь давхар нотлогдож байна. Талууд харилцан тохиролцож, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан атлаа Б.Ж- нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлэх нөхцөл боломжгүй байдалд хүргэж, гэрээгээ дүгнэлгүйгээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар гэрээний үүрэг биелэгдээгүй нь гэмт хэрэг биш бөгөөд иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг гэмт хэрэг гэж үзэж шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн тогтоогоогүй, хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Иймд хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ү.С-гийн өмгөөлөгч Т.Урангэрэл гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн оролцогчдын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны хооронд 178 сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалт оруулсан эсэхтэй холбоотой өөрөөр хэлбэл Ү.С-гийн 3 давхар барилгад "Бишрэлт-Өргөө констракшн" ХХК нь 1 дүгээр давхрын дам нуруу, багана, 2 дугаар давхрын дам нуруу, багана, 2 дугаар давхрын 3 давхрын дээвэр зэргийг цутгаж карказ босгоход хийж гүйцэтгэсэн 45 хоногийн ажлын тоо, хэмжээ болоод Б.Ж-гийн барилгын ажилд зориулан худалдаж авсан гэх барилгын материалын үнэ бодитой эсэхтэй холбоотой маргаан үүссэн үйлдлийг анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинж агуулсан гээд Ү.С-г залилангийн гэмт хэрэгт гэм буруутай гэж үзжээ. Яллах талын чухал анхдагч нотлох баримт буюу залилангийн гэмт хэргийг халхавчилж байгуулсан гэх удаа, дараагийн "Барилгын Хөрөнгө оруулалтын гэрээ"-нүүдийн нэг тал нь иргэн Ү.С-, нөгөө тал нь "Бишрэлт-Өргөө констракшн" ХХК байжээ. Уг гэрээнд талуудын хэн нэг нь гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцжээ. Мөн Ү.С-гийн дутуу барьсан барилгыг "Бишрэлт-Өргөө констракшн" ХХК үргэлжлүүлэн барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн тохиолдолд Б.Ж-, Ү.С- нар нь уг барилгыг бусдад худалдан борлуулж өөр өөрсдийн оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан авч, илүү гарсан ашгаа адил тэнцүү хувааж авахаар тохиролцсон байна. Холбогдогч Ү.С-гийн удаа дараагийн мэдүүлэгт “Б.Ж-гийн компанийн минпй барилгад оруулсан гэх хөрөнгө оруулалт нь бодитой бус худлаа байна” гээд Б.Ж- нь зоорийн давхар нь бэлэн болсон 3-н давхар барилгын: 1 дүгээр давхрын дам нуруу. багана, 2 дугаар давхрын дам нуруу, багана, 2 дугаар давхрын шал, 3 давхрын дээвэр зэргийг цутгаж карказ босгосон ба эдгээр ажлуудыг хийж 45 хоногт хийж гүйцэтгэхэд компаниас нь бодитоор 30 гаруй сая төгрөг л барилгад зарцуулагдсан, шинжээч нар түүний оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг зөв гаргахгүй байгаа учраас надад хөрөнгө оруулсан компанийн мөнгийг өгөх боломжийг хязгаарласан ба удаан хугацаанд өгөөгүй, анхнаасаа өгөх санаа зорилго байгаагүй, түүнийг залилсан гэж үзсэн, Б.Ж-гаас гаргасан буюу барилгад яг наалдаж үлдсэн барилгын материалын үнэ, барилга дээр ажилласан ажилчдын ажлын хөлсийг 2015 оны 10 сарын зах зээлийн үнэнд дүйцүүлэн зөв гаргаагүй. Түүнчлэн Б.Ж- нь Ү.С- надаас оруулсан бодит хөрөнгө оруулалтаа биш, харин барилга барьсан газрыг цаашилбал 3-н давхар барилгыг надад өг, би авах ёстой гэдэг байсан учраас өгөх ёстой мөнгөн дүн дээр маргаж энэ хэргийн шийдвэрлэлт удааширсан байж болохоор байна. Иргэн Б.Ж- нь компанийнхаа нэрийн өмнөөс цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаагүй, иргэний   зүгээс   өргөдөл   гарган   эрүүгийн хэрэг   хянан шийдвэрлэх ажиллагаанд   хохирогчоор   тогтоогдон удаа дараа хохирогчийн мэдүүлэг өгчээ. Хөрөнгө оруулалтын гэрээний нэг тал болох "Бишрэлт-Өргөө констракшн" ХХК-ийг Эрүүгийн хэрэг хянан   шийдвэрлэх   тухай   хуульд зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байна. Хохирогчоор тогтоогдвол зохих хуулийн этгээдээс биш харин  иргэн  Б.Ж-гаас  хөрөнгө  оруулалтыг нотолж өгсөн ойлгомжгүй, шаардлага хангаагүй зарлагын баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг буруу тодорхойлоход хүргэсэн байна. Хохирогчоор тогтоогдсон иргэн Б.Ж- нь хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг хянан Шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх  бүрэн  эрхтэй  байсан  эсэх,  хөрөнгө  оруулалт оруулсан гэх хуулийн этгээдийг Б.Ж- нь бүрэн төлөөлж иргэн Ү.С-тай компанийн нэрийн өмнөөс их хэмжээний хэлцэл хийх эрхтэй байсан эсэх, тухайн компаниас оруулсан гэх хөрөнгө оруулалт нь "Бишрэлт-Өргөө констракшн" ХХК-ийн хэзээний, ямар хөрөнгийн эх үүсвэрээс бий болсон мөнгөнөөс зарлага гарч барилгад зарцуулагдсан гэдгийг тухайн компанийн харилцах дансны хуулга, санхүүгийн тайлан зэргээр нотлоогүй, энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүй нь хэргийг буюу хохирлыг дутуу шалгасан гэж дүгнэх үндэслэлийг бий болгожээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго,    мөн хуулийн 1.5-д  заасан гэмт хэргийн улмаас учирсан   хохирол, хор уршгиин шинж чанар. хэр хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны явцад, хэргийг хянах прокурорын хяналтын хугацаанд, мөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад эцэслэн, бодитой, хөдөлбөргүй үнэн, зөв талаас нь тогтоогоогүй байна. Удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан шинжээч нар нь барилгад "Бишрэлт-Өргөө констракшн" ХХК-ийн оруулсан гэх хөрөнгө оруулалтыг 178 сая төгрөг мөн эсэхийг сайтар нягтлан шалгаагүй, компанийн санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргуулж дүгнэлтийнхээ тооцооллыг хийх үндэслэлээ болгоогүй, шууд болон шууд бус зардлын тооцооны ялгааг мөрдөгчид ялгаж салгаж мэдүүлээгүй, шаардлага хангаагүй санхүүгийн баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан байгаа нь хэргийг гүйцэт шалгах мөн хэрэгт нэмэлт ажиллагаа зайлшгүй шаардагдаж буйг илтгэж байна. Б.Ж-   нь   мөрдөн   байцаалтанд,   шүүхэд   Ү.С-гийн   эрх   зүйн   байдлыг дордуулах, түүний хувийн байдлыг муу, муухай харагдуулах зорилгоор янз бүрийн үндэслэлгүй мэдээ, мэдээлэл цуглуулсан байх ба ямар ч төлбөр тооцоогүй, зээл аваад төлчихсөн иргэдэд Ү.С- нь өр зээлтэй, зээлсэн мөнгөө тэдэнд өгөөгүй, тэднийг хуурч  залилан   мэхэлсэн   гэдэг  агуулгатай   үндэслэлгүй  мэдээллийг  шалгуулахаар хүсэлт гаргаж тэднээр /гэрчүүдээр/ худал мэдүүлэг өгүүлэхийн тулд хууль бусаар тус бүрт нь мөнгө амлах хэлбэрээр нөлөөлсөн байж болох мэдээлэл байдаг. Эдгээр нэр бүхий иргэдийг   /Аюурзана, Мөнгөнсэлэм, Гансүх .../ эрүүгийн   хэрэг   хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөн байх асуудлыг шалгуулах шаардлагатай байна. Ямар ч захиалагч, гүйцэтгэгч нар барилгын ажлыг бүрэн ч бай, дутуу ч бай барьсан хэмжээ, хийсэн ажлынхаа хүрээнд актаар хүлээлцээд тухайн хийж гүйцэтгэсэн ажил, барилгад оруулсан материалын зардалд дүйцэх төлбөр төлөхийг шаарддаг хуультай. Уг маргаж буй барилгын 1 давхрын карказыг босгоод дараагийн карказыг босгох хүртэл доод тал нь 10 хоногийн хугацаа шаардлагатай байхад Б.Ж- нь барилгын зөвхөн карказыг босгоход оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацааг өөрийн удаа дараагийн   мэдүүлэгтээ   зөрүүтэй, худлаа мэдүүлж иржээ. Иймд хохирогчоор хууль  зөрчин тогтоогдсон иргэн Б.Ж-гийн зөрүүтэй мэдүүлгийг шалгах нь зөв юм. Хэргийн материалд авагдсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй, үндэслэлгүй байсан учраас дахин шинжээч томилуулах тухай яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангасан буюу хохирол бодитой, үнэн, зөв,эргэлзээгүй тогтоогдох ёстой гэсэн агуулга бүхий прокурорын даалгавар, тогтоол мөн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхээс хэргийг Прокурорт буцаасан  1081 тоот шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байна. Иргэн   Б.Ж-   нараас   маргаан   бүхий   барилга   дээр   хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг нотолсон болон бэлнээр, бэлэн бусаар бие биедээ өгч байсан гэх мөнгөн   дүнгийн   хэмжээ   зэрэг  нь   удаа,   дараа   гарсан   шинжээчийн дүгнэлтүүдтэй илтэд зөрж байгаад шүүх ач холбогдол өгөөгүй, дахин шинжээч томилохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм. Удаа, дараагийн шинжээчийн дүгнэлтэд шууд болон шууд бус зардлын тооцоог гаргасан байгаа. Улсын яллагч. мөн анхан шатны шүүх хохирлын хэмжээг шууд бус буюу нэмэлт зардал /НӨАТ 10%, нормчлолын сан 0,18%, захиалагчийн албаны зардал, тээврнйн хөлс, нэмэгдэл зардлын 72,3%, ашгийн 15%, инженер хайгуул., зураг теслийн ажлын дүн, эспертиз, магадлашгүй ажлын 2%/ орсон үнийн дүнг хохирол гэж үзсэн нь буруу юм. Иймд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож иргэн Б.Ж-д 86.995.545 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал буюу дахин шинжээч томилуулах асуудлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтүүд, зарлагын баримтууд нь хоорондоо харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар 2019.07.30-ны өдрийн 2019/ШЦТ/1207 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлийг бий болгож байх тул гомдолд дурьдсан шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагааг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Б.Ж- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээчийн дүгнэлт бодиттой гарсан. Дахин дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэгдэхээс өмнө намайг барилгаа барьж байхад 2015 оны 12 дугаар сарын 14-нд шүүгдэгч Ү.С- нь миний хуучин барилгын зургийг ашиглаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж аваад Улаанцэцэг гэх хүнд 100.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байдаг. Би энэ талаар нь тухайн үед мэдээгүй явж байсан. Дахин 25.000.000 төгрөгийн барьцаанд тавьлаа гэсэн. Хамгийн сүүлд Капитрон банкинд 330 гаруй сая төгрөгөнд тавьсан байсан. ...” гэв.  

            Хохирогч Б.Ж-гийн өмгөөлөгч Ц.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Албан ёсны 2 шинжээчийн дүгнэлт байдаг. Эхнийх нь шинжээчийн дүгнэлт биш, шүүгдэгч Ү.С- өөрөө ямар үнэлгээтэй болох вэ гээд гаргуулж байсан үнэлгээ байдаг. 2 үнэлгээн дээр би барилгын мэдлэггүй болохоор их сайн судлаж үзсэн. 1 дүгээрт нь өрөмдөж зоож байгаад бүх орцийг нь хардаг юм байна. Хоёрдугаарт программ дээр үнэлгээ хийддэг. Гуравдугаарт Энхчимэг гэх хүн Авлигалтай тэмцэх газрын бүхий л маргаантай үл хөдлөхийн үнэлгээнд оролцдог найдвартай маш чадварлаг хүн, инженер Батбаяр нь Монгол улсын зөвлөх инженер хүн байсан. Ийм хүмүүсийн шинжилгээний дүн дээр бид нар дахин дахин ярих шаардлага байхгүй. Хохирогчийн нэхэмжилсэн дүн 178.000.000 төгрөг байсан бол бид шинжилгээний дүнг хараад 148.000.000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Ү.С- санхүүгийн ямар ч боломжгүй байсан учраас өнөөдрийн ийм түвшинд хүрлээ гэж байна. Шүүгдэгч Ү.С- барилга дөнгөж баригдаад эхлэхэд манай үйлчлүүлэгч Жавхаагийн баригдсан барилгын зургийг ашиглаад орон сууцныхаа гэрчилгээг гаргуулж авч байгаа үйлдэл нь залилангийн гэмт хэрэг биш үү. Капитрон банкинд барьцаанд тавиад 270.000.00 төгрөг зээлчихсэн. Үүнийгээ чөлөөлөөд дахиад 330.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байдаг. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр прокурорын яллах дүгнэлт гарсан байдаг. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2 хоногийн дараа Төрийн банкинд 746.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байдаг. Шинжээчийн дүгнэлт нь гарчихсан байхад яагаад энэ олон жилийн турш үлдэгдэл төлбөрийг нь төлөөгүй юм бэ. Анхан шатны шүүх хуралд шүүгчээс “уг барилга одоо барьцаанд байна уу” гэхэд шүүгдэгч Ү.С-гаас “барьцаанд байхгүй, би чөлөөлсөн” гэж хуралд худлаа хэлдэг. Иймд хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.

            Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ү.С- ямар ч баталгаагүй үйл явдал буюу зээл гарна, хөрөнгө оруулалт орж ирнэ гэх мэтээр хохирогч Б.Ж-д итгүүлж, төөрөгдөлд оруулсан байдаг. Шүүгдэгч Ү.С-д 3 давхар барилгыг босгох тодорхой хэмжээний мөнгө байгаагүй байгаа. Ингээд хохирогч Б.Ж-гийн мэдүүлж байгаагаар 20.000.000 гаруй төгрөгийн барилгын материал буюу бэлэн 8.000.000 төгрөг өгсөн гэж ярьдаг. Үүнээс өөр ямар ч мөнгөгүй байж 3 давхар барилга босгохоор хохирогч Б.Ж-д итгүүлж барилгыг гүйцээж бариулсан байдаг. Үүнээс харахад ямар ч баталгаагүй үйл явдлыг биелэгдэх мэтээр ойлгуулсан байна. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Ж-г төөрөгдөлд оруулсан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гарсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй гарсан тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ү.С- нь шунахайн сэдэлтээр 2015 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд байрлах газар дээр Б.Ж-тай 3 удаа 178.000.000 төгрөгийн барилгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 3 давхар барилга бариулах ажлыг гүйцэтгүүлсэн боловч мөнгийг буцаан төлөлгүй, 148.495.545 төгрөгийн хохирол учруулсан буюу уг барилгын ажлыг дахин өөр этгээдээр бариулан ашиглалтанд оруулж, Б.Ж-гийн хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг нь төлөлгүй залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Нэг талаас “Бишрэлт өргөө констракшн” ХХК, нөгөө талаас Ү.С- нарын хооронд хийгдсэн 50.0 сая төгрөгийн Барилгын хөрөнгө оруулалтын гэрээ /1хх-ийн 135-137/,

уг гэрээнд нэмэлт оруулж, “хөрөнгө оруулагч нэмж 78.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, нийт 128.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн талаарх” гэрээ /1хх 138/,

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6037 дугаартай  “2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “Барилгын хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт гэрээ”-ний нөхөх хэсгүүдэд бичигдсэн, 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “Барилгын хөрөнгө оруулалтын нэмэлт гэрээ”-нд бичигдсэн гар бичвэрүүд нь яллагдагч Ү.С-гийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна. 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Барилга хөрөнгө оруулалтын гэрээ”, 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “Барилга хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт гэрээ”, 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн “Барилга хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт гэрээ /2/” гэх баримтуудын “Гарын үсэг” гэсний ард зурагдсан гарын үсгүүд нь яллагдагч Ү.С-гийн гэх гарын үсгийн туршилтын загваруудтай тохирч байна. ...” гэх Криминалистикийн шинжээчийн дүгнэлт /2хх 143/,

2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ү.С-гийн нэр дээрхи 133017/0180 дугаар бүхий 193 м.кв газрыг хохирогч Б.Ж-д эрх шилжүүлсэн гэрээ /хх-140/,

“148.495.545  төгрөгийн үнэ бүхий барилгын хөрөнгө оруулалт хийгдсэн талаарх барилгын төсөвчний шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 194-205/,

Ү.С-гийн нэр дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1хх 80-82/,

Хохирогч Б.Ж-гийн: “...Би барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах Бишрэлт өргөө констакшн ХХК-ний захирал бөгөөд хориод ажилтантай. 2015 оны 9 сард Ү.С- гэх эмэгтэй танай компаний сайтаас мэдээлэл авч уулзахаар ирлээ гэсний дагуу түүнтэй танилцсан. С- нь Япон улсаас хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа учир барилгын ажпыг гүйцэтгэж өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу түүнд итгэн Барилгын хөрөнгө оруулалтын гэрээ 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулан түүний эзэмшлийн газарт цэцэрлэгийн зориулалттай зоорийн давхар баригдсан барилгыг гүйцээж барих ажпыг 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 12- ны өдрийг хүртэлх хугацаанд хийж хөрөнгөө гаргаад тэр хөрөнгөөр нь манай компани барилгыг барьж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэтэл С- би мөнгө хөөцөлдөж байгаа тул чи эхлээд өөрийнхөө мөнгөөр хүйтэрч, барилгын ажил зогсохоос өмнө ажлаа эрэлж байгаач гэж гуйгаад байсан тул тэр хүнд итгэн өөрөөсөө 50 сая төгрөг гарган барилгын ажлыг эхэлсэн, 14 хоногийн дараа мөнгөө авъя гэхэд нь одоохон мөнгө орж ирнэ, яг өнөө маргаашгүй бүтлээ, дахиад хэд хоног хүлээж бай чи өөрөөсөө мөнгө гаргаад барилгыг маань барьж л бай гэж гуйсан. Ингээд би С-д мөнгө орж ирэх нь ирэх юм байна гэж бодоод өөрөө нэмж 78 сая төгрөгийн зардал гаргаад барилга барьж байсан. Энэ байдлаар нийт 178 сая төгрөгийг өөрөөсөө гарган 3 давхар болтол барьж өгсөн. Би Ү.С-д барилгын оруулж байгаа мөнгө болгоно оо мэдэгдэж тухай бүр нь гэрээ байгуулж, С- өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан болно. ...Гэтэл мөнгөө оруулаад бай оруулаад бай одоохон өгнө гээд байсан хүн чинь газрын гэрчилгээг буцааж авсны маргаашаас  нь зан ааш нь хувирч, утсаа авахгүй, уулзахаараа харааж зүхэж, хохь чинь чамд мөнгийг чинь өгөхгүй, чаддаггүй юм бол мөнгөө олж аваарай, би аймаар зальтай сэргэлэн зангийнхаа хүчээр юмнаас гарчихдаг хүн шүү дээ гэх болсон. Анхнаасаа залилан хийх зорилготой байсныг нь тэгэхэд ойлгосон” гэх мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Анхан шатны шүүх Ү.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хор хохирол, хувийн байдалд нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Ү.С- “Жавхаагийн худал мэдүүлэгт үндэслэн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь буруу тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх”, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг “иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг гэмт хэрэг гэж шийтгэсэн нь үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Ү.С-г цагаатгах”, өмгөөлөгч Т.Урангэрэл “шинжээчийн дүгнэлт болон зарлагын баримтууд хоорондоо зөрүүтэй тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах” зэргээр тус тус давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, Иргэний хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршдог. Харин Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.

Хэдийгээр шүүгдэгч Ү.С- нь хохирогч Б.Ж-тай 3 удаа 178.000.000 төгрөгийн барилгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 3 давхар барилга бариулах ажлыг гүйцэтгүүлсэн байх боловч Ү.С-д уг мөнгийг эргүүлж төлөх санаа бодол байхгүй байсан байх ба тухайн цаг хугацаанд ямар нэгэн байдлаар төлбөрийг төлж барагдуулсан үйлдэл хийгээгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтыг шинжлэн судалж хэргийг шийдвэрлэсэн байх тул хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Энэ хэргийг 2015 оны 12 дугаар сарын 16-наас эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон одоогийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүдийг гаргуулах зэргээр хэрэгт нотолбол зохих зүйлийг мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийж, шүүгдэгч Ү.С-гийн гэм бурууг нотолж чадсан байна. 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1207 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.С-, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Т.Урангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1207 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.С-, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Т.Урангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ