Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2024/0267/3 |
Дугаар | 221/МА2024/0617 |
Огноо | 2024-09-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2024/0617
“Ат” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Нэхэмжлэлийн шаардлага: “Агуулах, оффисын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй, нөхөн олгохоос татгалзсан татгалзлыг тус тус хууль бус болохыг тогтоож, агуулах, оффисын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 579 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0267/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ат” ХХК нь Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “Агуулах, оффисын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй, нөхөн олгохоос татгалзсан татгалзлыг тус тус хууль бус болохыг тогтоож, агуулах, оффисын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 579 дүгээр шийдвэрээр “...Барилгын тухайх хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.3, 4.2.4, 4.2.5, 4.2.8 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч “Ат” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлтэд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 09/127 тоот албан бичгээр татгалзсныг тус тус хууль бус болохыг тогтоож, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан нөхцөл шаардлагыг хангуулан барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газарт даалгаж” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“Ат” ХХК-д Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн академи *** тоот хаягт нэгж талбарын *** дугаартай газарт агуулахын зориулалттай барилгыг Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус зөрчиж барилга угсралтын ажлыг зөвшөөрөлгүй хийж гүйцэтгэсэн.
Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хангуулан Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авалгүй дур мэдэн “Хот байгуулалтын тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргаан байгууллага болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх” заалт, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх”, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх” 37.1.3 дахь “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” заалтуудыг зөрчин барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.2-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэж заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгох хуулийн үндэслэлгүй болно.
Иймд дээрх хуулиудыг зөрчин барилгын ажлыг зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсний дараа “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгуулах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль, эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж гомдлыг ханган шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “Ат” ХХК-аас “Агуулах, оффисын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй, нөхөн олгохоос татгалзсан татгалзлыг тус тус хууль бус болохыг тогтоож, агуулах, оффисын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргажээ.
2.Маргааны үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч компани нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны *** тоот 25,953 м.кв газрыг “төмөр зам, агуулахын зориулалттай”-гаар 2012 оноос анх гэрчилгээ[1] авч, эзэмшиж эхэлсэн. Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хүсэлт гаргахад 4 жилийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, газрын зарим хэсэг “авто замын трасст орсон” үндэслэлээр газрын хэмжээг 22,790 м.кв хэмжээтэй болгон багасган өөрчилсөн. Уг захирамжийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин газар эзэмших эрхийн гэрчилгээг[2] олгожээ.
2.2.Нэхэмжлэгчээс эзэмшлийн газартаа агуулах, оффиссын зориулалттай барилга барих хүсэлт гаргасны дагуу хариуцагчаас 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг[3] олгож, барилгажих талбайн схем зургийг баталсан. Уг “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг шинэчлэн батлуулах хүсэлтийг[4] нэхэмжлэгчээс 2017 оны 10 дугаар сарын 09, 2018 оны 01 дүгээр сарын 17, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрүүдэд тус тус гаргахад Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас тухай бүрт нь “...тухайн газар нь Улаанбаатар хотын зүүн бүсийн Үйлдвэр 4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний автозамын трасст орсон тул архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх боломжгүй” гэсэн хариуг[5] өгсөн.
2.3.Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гүйцэтгэгч “ЭЭСБк” ХХК-тай барилга угсралтын ажлын МСL-20190423-05 тоот металл карказ сендвичэн хийцлэлтэй агуулах, оффиссын зориулалттай барилга бариулах гэрээ[6] байгуулсан.
2.4.Нэхэмжлэгч нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 155 тоот албан бичгээр[7] “..үйлчилгээний зориулалттай газарт оффис, агуулахын зориулалтаар барилга барих хүсэлтэй байх тул барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд хариуцагчаас “газрын эрхийг сунгах хүртэл зөвшөөрөл олгохгүй” гэх хариуг амаар өгсөн гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдов.
2.5.Харин нэхэмжлэгчээс Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 192 тоот албан бичгээр[8] “...барилгыг зөвшөөрөл хүлээлгүйгээр бариулж 2021 онд дууссан. Дээрх шалтгаан нөхцөлөөс үүдэн Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч чадаагүй бөгөөд бусад баримтууд бүрдсэн тул улсын комисс томилж, барилга хүлээн авна уу” гэх хүсэлт, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “...Уг барилгыг улсын комиссоор оруулахад Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл шаардлагатай байх тул Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөн олгож өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасныг хариуцагч байгууллагаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 09/127 тоот албан бичгээр[9] “...Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь заалтыг зөрчин барилга угсралтын ажил дууссан байх тул барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгох олгохгүй” гэсэн хариуг хүргүүлжээ. Уг хариуг хүлээн авч нэхэмжлэгчээс захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2.6.Маргааны үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч компани “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ийг шинэчлэн батлуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг тус тус хариуцагч байгууллагад гаргасан боловч эрх бүхий захиргааны байгууллагаас “авто замын трасст орсон”, “газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулаагүй” зэрэг үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж байсан цаг хугацаанд буюу “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ийг шинэчлэн батлуулаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулаагүй, барилга барих зөвшөөрлийг аваагүй байхдаа нэхэмжлэгч компани нь 2021 онд агуулах, оффисын 2 давхар барилгыг барьж дууссан, мөн уг барилгыг ашиглаж байгаа[10] гэдэг нь тогтоогдож байна.
3.Маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтын талаар:
3.1.Хот байгуулалтын тухай хуулийн 3.1.1-д “"хот байгуулалт" гэж …, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, иж бүрэн тохижуулах цогцолбор үйл ажиллагааг”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, … дараахь эрх, үүрэгтэй:”, 22.1.1-д “хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх”, 22.1.2-т “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх” гэжээ.
3.2.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг”, 4.1.4-т “"барилга байгууламжийн баримт бичиг" гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, илд далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг”, 4.1.1-д “"барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг”,
3.3.Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.” гэж тус тус заасан.
Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 211 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам"-ын 1-д “9 м хүртэл өндөртэй 600 м2 хүртэл талбайтай нэг айлын орон сууц” буюу барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид нэхэмжлэгч компанийн агуулах, оффиссын 2 давхар барилга хамаарахгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.
3.4.Мөн Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно”, 26.1.1-д “барилга байгууламжийг шинээр барих”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно:”, 27.1.3-д “энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Барилгын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна.,
Уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 37.6-д “..., дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй:”, 40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх”, 48 дугаар зүйлийн 48.3-д “Гэрчилгээ олгогдоогүй, ... барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэж тус тус зохицуулсан.
3.5.Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 213 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Барилгын ажлын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглоно”, 7.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэжээ.
3.6.Дээр дурдсан хууль, дүрмийн зохицуулалтаас дүгнэхэд, “9 м хүртэл өндөртэй 600 м2 хүртэл талбайтай нэг айлын орон сууц” буюу барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжаас бусад барилгыг шинээр барихад заавал барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, гэрчилгээг хуульд заасан эрх бүхий албан тушаалтнаас авсны дараа барилгыг барих бөгөөд уг барилга барих зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй тохиолдолд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглосон байна. Түүнчлэн, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, гэрчилгээг өмнө нь авсны дараа барилга барихыг зөвшөөрдөг, аваагүй тохиолдолд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хуулиар хориглосон тул нэгэнт барилга баригдаад дууссаны дараа уг зөвшөөрлийг нөхөн олгох эрхийг хуулиар хариуцагчид олгоогүй.
3.7.Гэтэл нэхэмжлэгч “Ат” ХХК-нд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, гэрчилгээг хуульд заасан эрх бүхий этгээдээс зохих ёсоор олгоогүй, баталгаажуулаагүй байхад өөрийн эзэмшлийн газар дээрээ “агуулах, оффиссын 2 давхар барилга”-ын ажлыг эхлүүлж, үргэлжлүүлэн, барилгыг 2021 онд барьж дууссан нь дээр дурдсан хууль, дүрмийн заалтуудад нийцээгүй байна.
Үүнээс гадна “дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг” болон “гэрчилгээ олгогдоогүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг” тус тус хуулиар хориглосон байхад нэхэмжлэгч компани барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, гэрчилгээ аваагүй, ашиглалтад оруулаагүй барилгыг ашиглаж байгаа нь Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
3.8.Үүний учир нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан “...Уг барилгыг улсын комиссоор оруулахад Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл шаардлагатай байх тул Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөн олгож өгнө үү” гэх барилгаа барьж дууссаны дараа гаргасан хүсэлтийг “барилга угсралтын ажил дууссан байх тул Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй болно” гэж татгалзсан хариуцагчийн үйлдлийг дээр дурдсан хууль, дүрмийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн маргаан бүхий татгалзал нь “барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, гэрчилгээг хууль ёсны дагуу авах” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3.9.Дээрхээс гадна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаар хариуцагч захиргааны байгууллагын нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдэл нь Барилгын тухай хууль, дүрмээр зохицуулсан хэм хэмжээний хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, бөгөөд өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан гэж үзэхээргүй байтал анхан шатны шүүхийн “... хариуцагч хуульд заасан үндэслэлээр барилга барих зөвшөөрөл олгоогүй байх ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг барилгыг барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн үндэслэлээр буулгах үр дагавар үүсгэхээс илүүтэй энэ нөхцөлд зөвшөөрлийг хуульд нийцүүлэн нөхөн олгох асуудлыг шийдвэрлэх нь хуулийн этгээдэд эдийн засгийн хувьд илүү хэмнэлттэй, сөрөг нөлөөлөлгүй байх хууль зүйн үр дагаврыг харгалзсан болно” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
3.10.Түүнчлэн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ:”, 7.1.1-д “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол”, 7.5-д “Барилгын асуудал эрхэлсэн … нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ.” гэж зохицуулсан.
3.11.Нэхэмжлэгчээс 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 155 тоот албан бичгээр[11] “..үйлчилгээний зориулалттай газарт оффис, агуулахын зориулалтаар барилга барих хүсэлтэй байх тул барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлтийг хариуцагчаас “газрын эрхийг сунгах хүртэл зөвшөөрөл олгохгүй” гэх хариуг амаар өгсөн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сунгасан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь тухайн үед хуулийн дагуу баталгаажаагүй байжээ.
Иймд “нэхэмжлэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус” гэж анхан шатны шүүхээс үзсэн нь дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 579 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.5, 26 дугаар зүйлийн 26.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, 37 дугаар зүйлийн 37.6, 40 дүгээр зүйлийн 40.1.16, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ат” ХХК-аас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан “Агуулах, оффисын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй, нөхөн олгохоос татгалзсан татгалзлыг тус тус хууль бус болохыг тогтоож, агуулах, оффисын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 74 дэх тал
[2] Хэргийн 1-р хавтас 41 дэх тал
[3] Хэргийн 1-р хавтас 52-53 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 38-39, 51, 55 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 50 дахь тал
[6] Хэргийн 2-р хавтас 1-8 дахь тал
[7] Хэргийн 2-р хавтас 24 дэх тал
[8] Хэргийн 1-р хавтас 19 дэх тал
[9] Хэргийн 1-р хавтас 5 дахь тал
[10] Хэргийн 2-р хавтас 9-19 дэх тал
[11] Хэргийн 2-р хавтас 24 дэх тал