Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 319

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Д.Буянтогтох /и/ нарын бүрэлдэхүүнтэй  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр

иргэдийн төлөөлөгч Б.Батбаяр

хохирогч Д.Хуандаг

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар

шүүгдэгч Н.Болд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нугамааны Болдод холбогдох 201619000266 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын харьяат, 1960 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 56 настай, эрэгтэй, Казак үндэстэй, бүрэн бус дунд боловсролтой, Тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 1 ганцаараа амьдардаг, Улаанбаатар хот Налайх  дүүрэг 4 дүгээр хороо Алтайн 2-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, тахир дутуугийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, группэд байдаг гэх, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Молкы овгийн Нугамааны Болд, /РД: УР60121013/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Болд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Шохой цагаан булаг” гэх газар иргэн Р.Манарбекийг хутгалж санаатай алсан, мөн иргэн Д.Хуандагийг хутгалж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Болд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн үед намайг гэртээ байж байхад гаднаас талийгаач, Хуандаг хоёр ирээд манай гэрт орсон. Би энэ хоёрт цай халааж уулгаад будаатай хуурга хийж байснаасаа өгсөн. Малдаа өвс тэжээлийг нь өгчихөөд буцаж гэрт орж ирэхэд талийгаач, Хуандаг хоёр манай ширээн дээр пивоны савтай спирт тавьсан байсан. Яасан их архи вэ? гэхэд чамд авчирлаа гэж хэлээд спиртээ найруулсан. Бид гурав  найруулсан архиа хувааж уугаад нилээн муудсан байсан. Хуандаг, талийгаач хоёр архи асгаад байхаар нь би хийж өгсөн. Тэгээд байж байтал нүд рүү тас хийгээд маналзаад явчихсан. Цааш нь юу болсныг мэдээгүй. Нилээн муудчихсан байхад талийгаач, Хуандаг хоёр маргалдаад байх шиг байсан. Намайг сэргэтэл хүн алчихсан гэж хүмүүс хэлсэн. Ухаан ороод харахад талийгаач манай гэрийн хойд талд хэвтчихсэн, бид хоёроос өөр хүн байгаагүй. Хуандаг гэр рүүгээ явчихсан байсан. Намайг Хуандагийн гэрт оруулахад Хуандаг та миний энд хутгалчихлаа гэж хэлсэн. Талийгаач бид хоёроос өөр хүн тэр гэрт байгаагүй болохоор би хутгалсан байх гэж бодоод хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Би өтөл насандаа ийм хэрэг хийнэ гэж санаагүй. Бид хэд сайн найзууд, худ ургууд байсан. Ийм юм болсонд үнэхээр харамсаж байна. Шүүгч нараас бага ч гэсэн оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Өөр зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Д.Хуандаг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач хэрэг гарах өдөр архи уумаар байна гээд хорхойсоод байсан. Тэгээд спирт олж аваад Болдын гэрт очих санааг талийгаач гаргасан. Бид Болдын гэрт очиход Болд будаатай хуурга хийсэн байснаасаа бид хоёрт өгсөн. Бид гурав авчирсан спиртээ найруулаад Болдын гэрт хамтдаа уусан. Талийгаач Болд руу салаавч гаргаад  хэрүүл өдөөд байсан. Болд “би энэ өвөл их ядарч онд орсон. Энэ хэдэн үхрийг намраас зараад хот орно” гэж ярихаар нь талийгаач казакаар “үхсэн эцгийн чинь толгой” гэсэн утгатай хараалын үг хэлээд “май” гээд салаавч гаргаад байхаар нь Болд “чи яагаад салаавч гаргаад байгаа юм бэ? Болд хэн гэдгийг мэдэх үү” гэхэд талийгаач дахин казакаар “үхсэн эцгийн чинь толгой” гэсэн утгатай хараалын үг хэлээд “май” гээд салаавч гаргаад Болдыг цохиод авсан чинь Болд талийгаачтай барилцаад авахаар нь би салгах гэтэл Болд миний гар руу хутгалсан, би гар руугаа хутгалуулаад гарт нь хутга байгааг анзаараад эргэх гэтэл миний ар дал руу хутгалсан. Би Бахитаа гэж дуудаад гарч гүйгээд гэртээ орсон. Би талийгаачийг Болд хутгалж байхыг хараагүй, харин гартаа хутга барьж байсныг нь харсан. Н.Болдоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, бид эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Д.Хуандагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-44 дүгээр хуудас/,

 

Хохирогч А.Меруерт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач Р.Манарбектэй гэр бүл болоод 30 жил болж байна, 4 хүүхэдтэй, 3 охин, нэг хүүтэй, бага охин 5 настай, гэр бүлийн баталгаа байгаа. Талийгаач маань “Шохойн цагаан булаг” ХХК-нд чулуу бутлагчаар ажилд ороод 8 жил болж байсан юм. Манай нөхөр Р.Манарбек 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээсээ ажилдаа явсан. “Шохойн цагаан булаг” компаний ажилчдын байранд байрладаг юм. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны орой 01 цагийн орчим Бахит утсаар залгаад танай нөхөр энд цус алдаад хэвтэж байна, та цагдаа, эмч дуудаад хүрээд ир гэж хэлсэн. Би тэгээд эмч, цагдаад мэдэгдээд Өсерхан эхнэр Лачан нарыг дагуулаад “Шохойн булаг” дээр очсон. Очиход Бахит надад танай нөхөр нас барсан гэж хэлэхээр нь уйлаад орж үзэхэд Болдын гэрт нас барсан байдалтай байсан. Тэгээд Бахитын гэрт очиход Бахитын ээж нь Хуандаг, Болд нар байсан. Хуандаг надад би танай нөхрийг дагуулаад ирсэн нь миний буруу, миний найз уучлаарай гэж хэлсэн өөр юу ч хэлээгүй. Болд надаас ус өгөөч гэж гуйхаар нь юу гэсэн үг вэ гэж хэлэхэд аргагүй чи надад гомдож байгаа. Чиний нөхрийг би алсан юм чинь чи надад гомдож байгаа гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. Болд өөрөө надад танай нөхрийг алсан, чи аргагүй гомдож байгаа гэж хэлсэн. Харин ямар шалтгаанаас болж алсныг мэдэхгүй. Талийгаач маань элдвийн зан аашгүй, тайван хүн байсан. Архи хааяа хэрэглэдэг ч уусан үедээ унтаад өгдөг. Н.Болд нь оршуулгын зардалд 4.000.000 төгрөг өгсөн. Манай бага хүүхэд маань 6 настай. Бид нар Баян-Өлгий аймаг руу нүүх учир зардлын мөнгө төгрөг хэрэгтэй байна. Оршуулгын зардлыг бол Болдын талаас бүгдийг дааж ажил явдлыг нь өнгөрөөсөн байгаа. Гомдолтой байна. Архи уухаараа намайг болон хүүхдүүдээ зодож байгаагүй. Хааяа муухай хараал ерөөл хэлээд байхаар нь би ганц нэг удаа дуудлага өгөөд эрүүлжүүлэхэд хийлгэчихдэг байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Жамалхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04 сарын 22-ны орой 23 цаг өнгөрч байхад манай хүү Бахит Налайхаас ирээд машинаа тавьчихаад орж ирж цай уучихаад малд өвс тавина гэж гараад нэлээн байж байгаад гүйж орж ирээд нөгөөдүүл чинь нэг нэгнийгээ хутгалчихаж гээд аахилаад гутлаа өмсөөд гараад гүйсэн. Би араас очиж гэрэл тусгаад орсон чинь Бахит Болд хоёр зүүн орон дээр ноцолдоод Бахит Болдын дээр гарчихсан бариад байж байсан. Манай хүү Хуандаг нь баруун талын орны өмнө сандал дээр суугаад цустайгаа холилдчихсон ээжээ үхлээ гээд орилоод байж байсан. Би тэгэхээр нь Хуандагийг дагуулаад өөрийн гэрлүүгээ арай ядан чирж авч явсан юм. Бахит Болд хоёр үлдсэн. Харин талийгаач Манарбек гэрийн зүүн хойд талд дээшээ хараад амнаас нь цагаан хөөс гараад амьсгаатай гэхдээ хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд би Хуандагийг гэртээ оруулж ирээд сандал дээр суулгах гэхээр сууж өгөхгүй, гарыг нь боох гэхээр гар өвдөөд байна гээд босоод орилоод байсан. Тэгээд би гарыг нь боож өгөөд байж байтал Бахит Болдыг чирж авчираад энд суу гээд гэрийн баруун хатавчинд суулгасан. Болд тамхи татмаар байна гээд мөн гарч гүйх гээд байсан. Тэгээд би цагдаа дууд, эмч дууд гээд Бахитад хэлсэн. Тэгээд цаг гарны дараа хүмүүс ирсэн. Би Бахитын араас явж байхад тэдний гэрийн үүдэнд цустай хар иштэй хутга байхаар нь би барьж аваад хашаан дээр тавьсан. Тэр гурав хоорондоо уулзах болгондоо архи уудаг юм. Гэхдээ хэрүүл, зодоон хийж байгаагүй. Болд архи уусан үедээ их агсан согтуу тавьж, орилж хашгирдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Бахит мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сум 1-р баг “Шохой цагаан булаг” гэх газраас гэрээсээ өглөө 09 цагийн орчимд гараад Налайх дүүрэг ороод банкнаас зээл хөөцөлдөж байгаад орой 22 цагийн орчимд гэртээ буцаж ирсэн. Гэртээ ирэхэд манай хадам аав Н.Болд, Хуандаг, Манарбек нар архи ууж байгаа юм шиг согтуу шуугилдаад байсан. Тэгэхээр нь би архи ууж байна гэж бодсон. 12 цагийн орчимд би гэрээсээ гараад тэжээж байгаа мориндоо өвс өгөхөөр гарахад манай ах Хуандаг, манай худ Болд намайг хутгалчихлаа гээд зүүн талынхаа гарыг барьчихаад үхлээ гээд орилоод байсан. Тэгтэл араас нь хадам аав Болд хутга бариад гэрээсээ гараад ирсэн. Тэгэхээр нь би хадам аавыгаа цээж рүү нь түлхээд унагахад хутгаа алдаад хойшоо саваад унасан. Би ах Хуандагийг хадам аавын гэрлүү чирж оруулаад цус гараад байгаа гарыг нь өөрийнх нь цамцаар бооход цус нь тогтохгүй байхаар нь би нүүр гарын шар алчуураар нэмж боогоод хартал талийгаач Манарбек гэрийн баруун хойд талд дээшээ харчихсан хэвтэж байсан. Ямар нэгэн цус анзаарагдаагүй. Би зүгээр архи ууж байгаад тасраад унтчихсан байна гэж бодсон. Би эргээд гэр рүүгээ ороод бакалаа углаад гар утсаа аваад ээж Жамалханыг дагуулаад хадам аав, ахыг хутгалчихсан байна гэж хэлээд хадам аав Болдын гэр рүү гүйгээд ороход Хуандаг ах хадам аав Болдтой маргалдаад байсан. Та яагаад намайг хутгалж байгаа юм би таныг яасан юм гэсэн чинь хадам аав дуугүй байгаад байсан. Тэгээд би ээж Жамалханд ах Хуандагийг аваад гэрлүү ор гэж хэлээд явуулсан. Би хадам аав Болдын хүү болох Аманбол руу залгаад аав чинь ахыг хутгалчихлаа цагдаа, түргэн дууд гэж хэлээд хартал хадам аав гэрээс гараад явах гээд байхаар нь уяагаар хадам аав Болдын гар хөлийг нь хүлээд ханатай холбож уясан. Тэгж байтал хүү Аманбол эхнэр Алтангүлтэй хамт ирсэн. Хадам аав Болдыг аваад манай гэр рүү орсон. Төв аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгч ирээд гавлаад манай гэрт суулгасан. Хуандаг ах гадаа хадам аавын гэрийн урд талд хашаанаас гарах гээд хашааны уяаг тайлж чадахгүй зогсож байсан. Гэрийнх нь гаднаас л архи ууж байгаа юмуу гэмээр дуу гараад байсан. Болд пизда минь гээд гартаа хутга бариад л гараад ирсэн. Тэгэхээр нь би түлхээд унагасан. Тэгэхэд хутга нь газар унасан. Зүүн гарны булчингийн дээд мөрний доод талд болон далан тус газар хутгалсан байсан. Өөр газар нь хутгалсан зүйлгүй байсан. Болд бол миний хадам аав, Хуандаг бол миний төрсөн ах, Манарбектэй садан төрлийн холбоогүй танилууд. 2016 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд байсан байх. Яг цагийг нь сайн санахгүй байна. Хутгыг цагдаа нар хурааж авсан. Тухайн үед хадам аавыг түлхэж унагахад тэр хутгаа газар алдчихсан. Би түүнийг аваагүй. Сүүлд нь манай ээж хашаан дотор орж ирээд гэрийн ойролцоо газар байхаар нь аваад хашаан дээр тавьчихсан байсан. Манарбек нь гэрийн баруун хойд талд дээшээ харчихсан яг унтаж байгаа хүн шиг байсан. Ам нь хагас ангайчихсан янз бүрийн цус гарсан зүйл тухайн үед мэдэгдээгүй. Тийм болохоор нь би согтоод унтаж байгаа юм байна гэж бодсон. Хуандаг Налайх дүүргийн эмнэлэг явахдаа надад хэлэхдээ би Болдод хутгалуулсан гэхдээ гомдол гаргахгүй гэж хэлж байсан. Хар өнгийн иштэй хутга байсан шиг санагдаж байна. Тэр хутгыг сүүлд харахад цус болсон байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор цустай байсан эсэх нь мэдэгдэхгүй байсан. Би нэг гэр рүүгээ орох гэснээ болиод очиход хадам чинь хутгалчихлаа гээд газар зүүн талаараа хажуулдчихсан хэвтэж байсан. Гараараа зүүн талын бугалгаа дарчихсан байж байсан. Хуандаг ах хадам аав руу яагаад та намайг хутгалж байгаа юм бэ би танд яагаач үгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд хадам аав юу ч ярихгүй, орилоод байсан, ер нь  архи уучихаараа их агсан, орилоод байдаг юм. Би гутлаа өмсчихөөд ороход араас ээж орж ирсэн ба ээж орж ирээд та хоёр яах гэж маргалдаад, зодолдоод байгаа юм. Манарбекийг та хоёр харахгүй юу унтчихсан байна шүү дээ гэхэд манай хадам наадах чинь унтаагүй би хэд хэд дүрчихсэн юм гэж хэлсэн. Тэгэхэд талийгаачийн ам хөдлөөд хурхирч байгаа юм шиг болоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Баяржаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04 сарын 22-ны өдөр 13 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг Шохойн чулууны уурхайд очсон чинь Энхбаяр, Манарбек, Хуандаг нар ажлаа хийх гээд ирчихсэн манаач Оюунбаатарын гэрт хоол идээд сууж байсан. Би хажууд нь цуг суугаад хоол идчихээд дагуулж ирсэн гурван ачааны машиндаа чулуу ачих гээд дээшээ портертой гарсан. Энэ үед Энхбаяр, Манарбек, Хуандаг гурав модонд явлаа, бензин хэрэгтэй байна гэхээр нь би экскаватороосоо Энхбаярт бензин авч өгсөн. Тэр үед Энхбаярыг юм уусныг мэдсэн. Энхбаярын амнаас архи үнэртээд байсан. Тэгэхээр нь би, чи яагаад архи уучихсан юм бэ гэсэн чинь би өглөө 9 цагт ажилд ирэхдээ тал шил архи авчирсныгаа уусан одоо уусан архи гарчихсан зүгээр үнэртэж байгаа юм гэж надад хэлээд надтай экскаваторт түлш хийж асаалцчихаад буусан. Намайг ажил хийж байхад Налайхаас Мөнхсайхан, Мөнх-Эрдэнэ хоёр над дээр ирээд чиний ажилчид спиртийг чинь задлах гэж оролдсон юм бишүү коридороос чинь спирт үнэртээд байна гэж байсан. Тэгээд би гурван машиндаа чулуу ачиж дуусгачихаад бууж ажлын байранд очсон чинь тэр гурав байхгүй модондоо явчихсан байсан. Тэгээд бид гурав спиртнийхээ лацыг үзсэн чинь лац нь зүгээр байсан. Харин таг нь хөлрөх шинжтэй норчихсон байсан. Тэгэхээр нь би лацаа хальт татаж үзсэн чинь хөдлөхгүй байсан. Тэгээд тэндээсээ гараад үүдэнд байсан ковшийг засварлаж асаачихаад тэр ковшоо унаад ахиад уул руу гараад засвар хийгээд байж байтал нөгөө гурван ковш дахиад хүрээд ирсэн. Тэгэхээр нь тэр гурван ковшинд дахиж чулуу ачиж өгөөд явуулсан. Тэгээд засвар хийгээд байж байтал Энхбаяр ирсэн. Энхбаяр нэлээн согтчихсон байсан. Модонд явчихаад хаанаасаа архи олоод уучихсан юм бэ гэсэн чинь Өнөрхаан даргынхаар орсон чинь бид гуравт нэг шил 0.75 литрийн архи өгсөн тэрийг нь уучихаад ирлээ гэж надад хэлсэн. Тэгээд бид нар ажлынхаа байр руу уулнаас буухад нөгөө хоёр нь согтуу Манарбек нь илүү согтчихсон, Хуандаг нь арай гайгүй согтолттой байсан. Би тэр хоёроос юу болсон талаар асуухад мөн л Өнөрхаан дарга өгсөн гэж талийгаач хэлж байсан. Энэ үед цаг 19 цаг болж байсан. Би Энхбаяр, Мөнхсайхан, Мөнх-Эрдэнэ нарыг дагуулаад поошигтой спиртэн дээр очоод лацыг нь дахиж шалгаад та нар эндээс авч уусан юм уу гэж Энхбаяраас асуусан чинь үгүй бид нар аваагүй лац нь байгаа биздээ гээд байсан. Би Мөнх-Эрдэнийн хамт хойшоогоо Энхүүлээ гэдэг манай захирлын уяачийн туслах хүүхэд рүү амрах гээд очсон. Бид хоёр тэнд толгойгоо угааж байтал Энхбаяр орж ирээд машинаараа Налайх хүргээд өгчих том хүүгээ авчрах гэсэн юм гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрөөгүй дараа нь эхнэртэйгээ хамт ирээд миний машинаар яваад өг гээд гуйгаад байхаар нь би машиныг нь бариад Мөнх-Эрдэнэ, Энхбаяр түүний эхнэр Жаргалсүрэн бид дөрөв хамт явсан. Налайх орж Энхбаярын хүүхдийг авчихаад дэлгүүрээс нэг том савтай пиво худалдаж аваад буцаад очиход 00 цаг нэлээн өнгөрчихсөн байсан. Энхбаярын авчирсан пивийг Энхбаяр, Мөнх-Эрдэнэ, Энхүүлээ бид дөрөв хувааж уугаад дууссан. Энэ үед манай ажлын байр руу бид нарын хажуугаар нэг машин хурдтай яваад бид нарын байсан газар буцаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би машин ирэнгүүт нь тосоод гарсан чинь өөдөөс Бахит ирчихсэн. Хадам аав Манарбек ахыг алчихлаа, үхчихсэн байна. Мөн хадам аав Хуандаг ахыг хутгалчихсан цус алдаад байна цуг явъя гэхээр нь би араас нь Энхбаяр, Мөнх-Эрдэнэ бид гурав очоод зүүн талын гэрэлтэй гэр рүү орсон чинь Хуандаг гэрийн хойд талд сандал дээр суугаад зүүн гар нь нэлэнхүйдээ цус болчихсон шалаар тэр чигтэй цус болчихсон байсан. Болдоо ах гэрийн баруун урд талд өвдөглөөд газар сууж байсан. Тэгэхдээ казакаар Хуандагийн ээжтэй яриад сууж байсан. Тэгтэл Хуандагийн ээж Жамалхан нь Манарбек тасарчихсан, үхчихсэн нь мэдэгдэхгүй хэвтээд байна та нар орж үзээч гэхээр нь би та цуг орж үз гээд Мөнх-Эрдэнэ, Энхбаяр, Жамалхан эгч бид дөрөв цуг орж үзсэн чинь талийгаач зүүн хойд зүг рүү дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь бид гурав царай руу нь өнгийж харсан чинь талийгаачийн ам нь ангайлттай, нүд нь нээлттэй, хүзүү нь өргөгдсөн байдалтай байхаар нь нас барчихсан байна гэж бодоод буцаад гарсан. Уул руу утсаар ярих гээд гарсан чинь захирлын утас холбогдоогүй болохоор ажлын байр руу манаач дээр очиход тэр хоёр захиралтай яриагүй байсан. Эргээд хэргийн газар дээр очсон. Намайг очиход талийгаачийн эхнэр нь ирчихсэн, мөн дүү хөрш нь ирчихсэн байсан. Би тэд нарыг дагаад Бахитын гэрт нь орсон. Тэднийд хүмүүс ирчихсэн байсан. Удалгүй цагдаа ирээд надаас юун спирт вэ гэж асуугаад намайг машиндаа суулгаад колонк руу авч явсан. Би Болдын царайг анзаарч хараагүй. Нэг нэг тамхи өгчихөөд гарсан юм. Би тэр спиртийг сайн мэдэхгүй байна. Намайг өнгөрсөн жил 7 сард ажил эхэлхэд поошигтой спирт тавьчихсан байсан. Тухайн үедээ захирал спиртний талаар хэлэхдээ энэ бол техникийн спирт шүү та нар ууж балайрваа гэж хэлээд надаар лацдуулсан. Тэр хоёр нэлээн сайн архи уудаг хүмүүс байгаа юм. Манарбек нь архи уусан үедээ их хорон үгтэй, хамт уусан хүмүүсээ уурлуулаад байдаг гэртээ архи уусан үедээ агсан согтуу тавьдаг хүн байсан. Хуандаг нь архи уусан үедээ ямар нэгэн ааш авир гаргаад байлгүй чимээгүй унтаад өгдөг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Харалгаш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн орчим яг цагийн нь сайн санахгүй байна над руу 88132393 гэсэн дугаар руу 86221608 гэсэн дугаараас манай төрсөн ах Аманбол залгаад бөөн юм болж байна аав хүн хутгалчихсан гэнэ би гэрээс гараад явж байна гэхээр нь би цагдаа дуудсан уу, эмнэлэг дуудсан уу хэнийг хутгалсан гэнэ гэж асуусан чинь Манарбек, Хуандаг нарыг хутгалсан гэнэ бид нар түргэн дуудсан чинь холын дуудлагын зөвшөөрлийн дугаар өгсөн. Тэр дугаар руу намайг залгаадах гэсэн. Би тэр дугаар руу нь залгаж дуудлагаа өгчихөөд эргээд нөхөр Бахит руу залгаад юу болсон талаар асуусан чинь аав Хуандагийн гар руу хутгалсан гарнаас нь цус гараад байна. Манарбекийг бас хутгалсан юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь хаагуур нь хутгалсан байна хараадах, хутгалсан газрынх нь дээгүүр нь боогоодох гэсэн чинь Манарбекийн тохойноос нь цус гарсан байна тохой руу нь хутгалсан юм шиг байна. Манарбек тасарчихсан юм шиг байна гэж хэлээд утас нь тасарчихсан. Би эргээд ах Аманбол руу залгаад Манарбекийг бас хутгалчихсан юм шиг байна гэж хэлсэн чинь ах гродокод явж байна гэж байсан. 20 орчим минутын дараа манай нөхөр Бахит эргээд залгаад Манарбекийн эхнэр рүү нь оч нуруу руу нь хутгалчихсан юм шиг байна үхэх гэж байх шиг байна сонин болоод байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад Манарбекийн гэр рүү очоод эхнэрт нь хэлсэн чинь мэдчихсэн гэрийнхээ гадаа байсан. Би түргэн рүү залгаад яачихваа хүний бие нь муудаад байх шиг байна нэг хүн биш хоёр хүн хутгалуулсан байна гэж хэлсэн. Тэгтэл Манарбекийн ах Өсерхаан эхнэр Лачин хоёр машинтайгаа ирээд бид нар суугаад Эрдэнэ сумын “Шохой цагаан булаг” руу явсан. Замд явж байгаад нөхөр Бахит руу залгаад асуусан чинь Манарбекийг өнгөрчих шиг боллоо гэж байсан. Бид гэрлүү очоод шууд аавынх руу орсон чинь Манарбек гэрийн зүүн хойд талд толгой нь зүүн хойшоо харчихсан хэвтэж байсан. Нүд нь нээлттэй ам нь ангайчихсан байсан. Би үхчихсэн байна гэж бодоод эргээд Манарбекийн эхнэрийг дагуулаад өөрийнхөө гэрлүү орсон чинь манай аав гэрийн баруун урд талд суучихсан хажууд нь манай ах Аманбол зогсож байсан. Харин Хуандаг гэрийн зүүн хойд талд сууж байсан. Эмч ирчихсэн гарыг нь боож байсан. Хадам ээж Жамилхан гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Манай аав орж ирэхэд пизданууд зодолдоод гэх шиг болсон харин ах Хуандаг би гомдолгүй би худдаа буюу Болдод гомдохгүй гээд байсан. Бас би хүн алаагүй хэн үхчихсэн юм. Би үхэхгүй биздээ гээд байсан. Тэгж байтал гаднаас цагдаа нар ороод ирсэн. Тэрнээс хойш өглөө үүрээр аавтай уулзахад энэ хоёр намайг зодоод ширээн дээр хутга байсан би яаж авснаа санахгүй байна. Би Манарбекийг алчихсан юм шиг байна гэж байсан. Би Хуандаг, Манарбек хоёрт хоол хийж өгөөд архи уусан. Тэгээд нэг мэдэхэд намайг зодож байсан. Тэгээд би хутга яаж авснаа санахгүй байна аав нь хутгалчихсан юм байна гэсэн. Тэрнээс хойш уулзаагүй байна. Манай аав архи уучихаараа агсан тавьдаг, татаж унадаг хүн. Хүнрүү гараа далайсан ч цохиж чаддаггүй хүн ерөнхийдөө аймхаадуу хүн. Амаараа л том дуугардаг. Эрүүл үедээ бол ааваас сайн хүн байдаггүй юм. Надтай бол юм яриагүй харин эмчээс би үхэхгүй биздээ гэж асууж байсан. Талийгаачийг харах үед толгой нь зүүн хойшоо харчихсан газар дээшээ хараад хэвтэж байсан. Тохой хэсгээс нь цус гарчихсан байсан өөр янз бүрийн зүйлгүй байсан. Болдын хөмсөгний дээд талаас нь цус гарч байсан өөр сайн анзаараагүй аль хөмсөгнөөс нь цус гарсан талаар сайн санахгүй байна. Хэрэг 2016 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд гарсан байх. Яг цагийг нь сайн санахгүй байна. Манай аавынд Манарбек Хуандаг нар зуны цагаар байнга ирж архи уудаг юм. Өглөө уулзахад би алчихсан юм байхдаа, санахгүй байна гэж хэлж байсан. Яг юунаас болж хоорондоо зодолдсоныг санахгүй байна гэж хэлсэн. Хуандаг ах л талийгаач аавын өмнөөс юм яриулахгүй салаавч гаргаад байсан, тэгээд нэг мэдэхэд барилцаад авчихсан байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

 

Гэрч О.Черүшиг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ....Н.Болдын төрсөн охин Ороозойтой манай хүү Берикбол гэр бүл бид худ ургийн холбоотой. Манарбек бид хоёр нэг айлын өргөмөл хүүхдүүд юм. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны орой 01 цагийн орчим талийгаач Манарбекийн эхнэр Меруерт утсаар ахын чинь бие муу байна, хүнд хутгалуулчихаж гэж манай эхнэр рүү залгасан. Тэгээд би эхнэр Лачинг дагуулаад Манарбекийн гэрт очсон чинь гэрийнх нь гадаа Меруерт охинтойгоо байхаар нь машиндаа суулгаад хэрэг гарсан газар руу “Шохой цагаан булаг” руу очсон. Болдын гэрт Меруерт, эхнэр Лачин, Бахит бид нар ороход гэрийн хоймор хэсэгт Манарбек нас барсан байдалтай байхыг хараад гарсан. Өөр хүн байгаагүй, Болд, Хуандаг нар Бахитын ээж Жамилхан гуайн гэрт байсан. Хуандаг согтуу зүүн гарнаас нь цус гарсан, Болд баруун орон доор ухаангүй шахуу согтуу сууж байсан. Энэ гурав эрүүл архи дарс уугаагүй үедээ их томоотой, даруу, архи уусан үедээ ингэж зодоон хийж байгаагүй, өчнөөн л архи ууж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Аманбол мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг Налайхад гэртээ унтаж байтал манай хүргэн Бахит утсаар аав чинь Манарбекийг хутгалчихсан юм шиг байна, чи хурдан хүрээд ир гэхээр нь би шөнөдөө яваад очсон. Тэгэхэд аав Бахитын гэрт байсан. Уулзахад ухаан мэдрэлгүй согтуу байсан, надад юу ч хэлээгүй. Тэгэхээр нь би яаж байгаа юм, хүн бараг алчихсан байна шүү дээ та, цагдаа дуудчихсан байгаа гээд хойш нь түлхэж суулгасан. Тэгээд өглөө нь уулзаж чадаагүй, юу ч мэдэхгүй байна гэж хэлж байсан. Би цохиогүй, аав босч явах гээд байхаар нь түлхэж суулгасан. Нилээн согтчихоороо л үглээд яриад суугаад байдаг юм. Түүнээс нэг их агсан согтуу тавиад байдаггүй. Тэд хоёртой бол ямар нэг өс хонзон байхгүй, уулзаад архи дарс ууцгааж байдаг байсан ба тэгэхдээ хоорондоо муудалцаж байсан зүйл байхгүй. Намайг очиход нүд нь хөхөрчихсөн байсан мөн хөмсөг нь хавдчихсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

Гэрч Р.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ гарч ажилдаа ирсэн. Манай бригадын дарга Баяраа түлээнд яв түлээний мод дуусчихсан байна гэж надад хэлсэн. Би Баярааг дагаж гараад машиндаа түлшээ хийчихээд ажилчдын байрандаа ирээд Манарбек, Хуандаг нартай модонд явсан. Модонд явах гээд байж байтал Хуандаг жижиг ундааны савны талаар ус, том 2 литрийн ундааны савны талаар ус хийгээд барьчихсан байсан. Тухайн үед би юу авч явж байгаа талаар мэдээгүй. Модонд очоод Хуандаг авч явсан усаа найруулаад Хуандаг, Манарбек бид гурав хувааж уутал найруулсан спирт байсан. Түлээний мод бэлдчихээд бэлдсэн модоо бид гурав ачаад ажил дээрээ ирсэн. Ажлын байрны гадаа авч ирсэн модоо буулгачихаад Хуандаг, Манарбек хоёрыг ажил дээр орхиод өөрөө уурхай дээр очиж ажиллахаар явсан. Ажлын цаг дуусч байсан болохоор би уурхайд очоод бусад бүх ажилчидтайгаа бууж ирсэн. Тэгтэл Хуандаг, Манарбек хоёр чи харих гэж байгаа бол бид хоёрыг Болдын гэр рүү дөхүүлээд өг гэсэн. Тэгээд явж байсан чинь Хуандаг дахиад спирт найруулаад энгэртээ хийчихсэн байсан, тэр спиртээ замдаа уугаад явсан. Би Болдын гэрийн ойролцоо тэр хоёрыг буулгаад өөрөө гэртээ очихоор явсан. Би гэртээ очоод бригадын дарга Баярааг дуудаад Налайх орж хоёр хүүхдээ авахаар явсан. 22 цагийн үед гэртээ хүрч ирээд унтах гээд Баяраа бид хоёр юм яриад байж байтал гаднаас Хуандагийн дүү орж ирээд Манарбекийг Болд хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд Болдын гэрт Баяраа бид хоёр оччихоод гэртээ буцаж ирээд унтацгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 191 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай “...1.Амь хохирогч Р.Манарбекийн бие цээжний хэнхэрцэгийн зүүн талд суганы арын шугамаар 8-9 дүгээр хавирганы түвшинд хөлийн өсгийнөөс 120 см зайд 2.2x0.3x15 см хэмжээтэй, ир хэсэг нуруу тал руу, мөр хэсэг цээж тал руу, хавирганы дагуу байрлалтай шарх, уг шарх цээжний хөндий рүү нэвтрэн зүүн уушигны доод дэлбэнг нэвтлэн, үнхэлцэг хальсыг цоолж, зүрхний зүүн ховдлын булчин давхаргийг гэмтээсэн, нэвтрээгүй шарх үүсгэсэн, цээжний ар хэсэг 7, 8 дугаар хавирганы түвшинд нугалам орчмын шугамаар баруун далны доод ирмэгээс дотогш 6.5 см зайтай, хөлийн өсгийнөөс 126.5 см зайтай, ир хэсэг дээд талдаа мөр хэсэг доод талдаа 2x0.4x3.2 см доороосоо дээш чиглэлтэй, ташуу байрлалтай шарх, уг шарх нь баруун уушигны доод дэлбэнгийн доод хэсэгт бүрэн нэвтрээгүй шарх, зүүн бугалганы хажуу доод 3/1 хэсэгт 4x2x3.5 см булчин давхарга хүрсэн, шархны зүүн тал нь налуу, шархны баруун ирмэгний гол хэсэгт гурвалжин хэлбэртэй, зүүнээс баруун тийш налуу байрлалтай шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 2.Амь хохирогч Р.Манарбек нь 1 дүгээр бүлгийн цустай байна. 3.Амь хохирогч Р.Манарбекийн цусанд 5.6% этилийн спирт илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 4.Амь хохирогч Р.Манарбек нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас зүрх, амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ...”  гэх дүгнэлт /хх-ийн 70-72 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 192 дугаартай “...1.Д.Хуандагийн биед зүүн бугалга, зүүн даланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 83 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 217 дугаартай “...1.Н.Болдын биед зүүн хөмсөг зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дэрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Шохойн цагаан булаг” гэх газарт шүүгдэгч Н.Болдыг гэртээ байхад Д.Хуандаг, Р.Манарбек нар нь савтай спирт авч ирж найруулан ууж, улмаар согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас Р.Манарбек нь Н.Болд руу /үхсэн эцгийн чинь толгой/ гэсэн утгатай хараалын үг хэллэг хэлж, салаавч гаргах зэргээр зүй бус харьцсаны улмаас хоорондоо маргалдаж Н.Болд нь Р.Манарбекийг хутгалж санаатай алсан, мөн иргэн Д.Хуандагийг хутгалж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэрч Д.Бахитын....манай ах Хуандаг манай худ Болд намайг хутгалчихлаа гээд зүүн талынхаа гарыг барьчихаад үхлээ гээд орилоод байсан. Тэгтэл араас нь хадам аав Болд хутга бариад гэрээсээ гараад ирсэн. Тэгэхээр нь би хадам аавыгаа цээж рүү нь түлхээд унагахад хутгаа алдаад хойшоо саваад унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар хуудас, гэрч Г.Жамалханы.... Тэгэхээр нь би араас очиж гэрэл тусгаад гэрт орсон чинь Бахит Болд хоёр зүүн орон дээр ноцолдоод Бахит Болдын дээр гарчихсан бариад байж байсан. Манай хүү Хуандаг нь баруун талын орны өмнө сандал дээр суугаад цустайгаа холилдчихсон ээжээ үхлээ гээд орилоод байж байсан. Би тэгэхээр нь Хуандагийг дагуулаад өөрийн гэрлүүгээ арай ядан чирч авч явсан. Бахит, Болд хоёр үлдсэн. Харин талийгаач Манарбек гэрийн зүүн хойд талд дээшээ хараад амнаас нь цагаан хөөс гараад амьсгаатай гэхдээ хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд би Хуандагийг гэртээ оруулж ирээд сандал дээр суулгах гэхээр сууж өгөхгүй, гарыг нь боох гэхээр гар өвдөөд байна гээд босоод орилоод байсан. Би Хуандагийн гарыг нь боож өгөөд байж байтал Бахит Болдыг чирч авчираад энд суу гээд гэрийн баруун хатавчинд суулгасан. Болд тамхи татмаар байна гээд мөн гарч гүйх гээд байсан. Тэгээд би цагдаа дууд, эмч дууд гээд Бахитад хэлсэн. Цаг гарны дараа хүмүүс ирсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/, гэрч Б.Харалгашийн... манай төрсөн ах Аманбол залгаад бөөн юм болж байна аав хүн хутгалчихсан гэнэ би гэрээс гараад явж байна гэхээр нь би цагдаа дуудсан уу, эмнэлэг дуудсан уу, хэнийг хутгалсан гэнэ гэж асуусан чинь Манарбек, Хуандаг нарыг хутгалсан гэнэ бид нар түргэн дуудсан чинь холын дуудлагын зөвшөөрлийн дугаар өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр хуудас/, гэрч О.Черүшигийн... 2016 оны 04 дүгээр сарын 22-ны орой 01 цагийн орчим талийгаач Манарбекийн эхнэр Меруерт утсаар ахын чинь бие муу байна, хүнд хутгалуулчихаж гэж манай эхнэр рүү залгасан. Би эхнэр Лачинг дагуулаад Манарбекийн гэрт очсон чинь гэрийнх нь гадаа Меруерт охинтойгоо байхаар нь машиндаа суулгаад хэрэг гарсан газар руу “Шохой цагаан булаг” руу очсон...гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/, хохирогч Д.Хуандагийн.... Бид гурав модоо хийчихээд буцаад ажил дээрээ ирээд дахиж 400 граммыг аваад усанд найруулаад ууж байтал Энхбаяр уухгүй гэхээр нь Манарбек бид хоёр Болдын гэрт дөхөж очоод буугаад Энхбаяр гэр рүүгээ харисан. Бид хоёр Болдын гэрт ороод үлдсэн 200 грамм спиртээ усанд найруулж уусан. Найруулсан спиртээ уугаад тасраад уначихсан. Нэг мэдсэн чинь Налайхын эмнэлэг дээр ирээд хагалгаа хийлгэж байсан. Болд намайг хутгалсан. Болдын гэрт яг юу болсон талаар сайн санахгүй байна. Манарбекийг Болдоо хутгалсан байх гэж бодож байна....гэх мэдүүлэг /хх-ийн 27-44 дүгээр хуудас, шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4137 тоот эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлд шинжилгээ хийсэн дүгнэлт, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4140 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4142 тоот дүгнэлт, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 46 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 192 тоот дүгнэлт, шүүгдэгч Н.Болдын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд Н.Болд нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, бусад шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Н.Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Хуандаг, шүүгдэгч Н.Болдтой сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хохирогч Д.Хуандаг нь шүүгдэгч Н.Болдтой эвлэрч байх тул Н.Болдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

   Шүүгдэгч Н.Болдод ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон хувийн байдлыг ял хөнгөрүүлэх,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэгт үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

  

Шүүгдэгч Н.Болд нь хохирогч нарт учирсан хохирол төлбөрөө төлсөн, биеийн эрүүл мэндийн байдлын хувьд тахир дутуугийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар: Шүүгдэгч Н.Болд нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Меруерт 6.000.000 төгрөг, хохирогч Д.Хуандагт 360.000 төгрөгийг төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.   

 

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн тэлээтэй цэнхэнр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, хар хөх өнгийн цагаан канттай ноосон цамц, 1 ширхэг, саарал өнгийн гялгар канттай ажлын цамц 1 ширхэг, цагаан өнгийн канттай бор хүрэн өнгийн фудволк 1 ширхэг, саатай улаан эрээн өнгийн алчуур 1 ширхэг, ягаан эрээн гар нүүрний алчуур 1 ширхэг, цагаан өнгийн орны даавуу 1 ширхэг, 21.4см урттай хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хужирт нэртэй усны саванд хийсэн 250 граммын хэмжээтэй спирт 1 ширхэг, спрайт нэртэй ундааны саванд хийсэн 1190 граммын хэмжээтэй 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Молкы овогт Нугамааны Болдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Болдыг 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Болдод оногдуулсан 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Н.Болдын урьдчилан цагдан хоригдсон 178 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн тэлээтэй цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, хар хөх өнгийн цагаан канттай ноосон цамц, 1 ширхэг, саарал өнгийн гялгар канттай ажлын цамц 1 ширхэг, цагаан өнгийн канттай бор хүрэн өнгийн фудволк 1 ширхэг, саатай улаан эрээн өнгийн алчуур 1 ширхэг, ягаан эрээн гар нүүрний алчуур 1 ширхэг, цагаан өнгийн орны даавуу 1 ширхэг, 21.4см урттай хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хужирт нэртэй усны саванд хийсэн 250 граммын хэмжээтэй спирт 1 ширхэг, спрайт нэртэй ундааны саванд хийсэн 1190 граммын хэмжээтэй 1 ширхэг зэргийг тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

7. Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, ялтан Н.Болдоос гаргуулах хохирол төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Меруертэд 6.000.000 төгрөг, хохирогч Д.Хуандагт 360.000 төгрөг төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурьдсугай.  

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Н.Болдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсныг үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ 

 

                                          ШҮҮГЧИД                                   Ж.МӨНХТУЯА

 

                                                                                              Д.БУЯНТОГТОХ