Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2021/0063

 

 

 

 

2021 оны 01 сарын 26 өдөр           Дугаар 128/ШШ2021/0063 Улаанбаатар хот

                            

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч:  А газрын К хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: А газрын К хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани ХВ-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд энэ талбайд хамтран ажиллах талаар Р ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ хийсэн билээ. Тус гэрээгээр Р ХХК нь хайгуулын ажил, тусгай зөвшөөрөлтэй холбоотой зардалд 50,000,000 /тавин сая/ төгрөгийн санхүүжилт гаргана" гэж заасан байсан боловч 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хийх байсан санхүүжилтийг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зогсоосон. Учир нь дэлхий даяар давагдашгүй хүчин зүйл болоод байгаа СOVID-19 гэх өвчний улмаас Р ХХК-д үйл ажиллагааны доголдол үүсэж санхүүгийн хүндрэл учирсан тул санхүүжилтийг зогсоосон гэсэн мэдэгдлийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манайд ирүүлсэн.

Энэ мэтээр санхүүгийн хүндрэл гарсан учир энэхүү байдлыг харгалзан үзэж 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг хойшлуулж өгнө үү хэмээн 20/12 тоот албан бичгийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр А газрын к хэлтэст хүргүүлсэн.

Тодруулбал манай компанид орж ирэх байсан санхүүжилт зогсонги болж, тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөхөд хүндрэл учирч байна. Дээрх санхүүжилт болон зээлээр олгосон хөрөнгө оруулалт орж ирэхэд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө шууд төлөх тухайгаа мэдэгдсэн бөгөөд тэр хүртэл түр хойшлуулах" тухай албан тоот хүргүүлсэн билээ

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулахад ч бид дээрх байдлаа тайлбарласан. Гэтэл энэ бүх байдлыг харгалзан үзэлгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд ХВ-0******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл бүрдэж байна хэмээн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Захиргааны байгууллага, түүний дотор А газрын К хэлтэс үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчим баримтлах ёстой. Үүний цаана хүмүүнлэг байх зарчим ч холбогдох юм. Улс даяараа Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөх, аж ахуйн нэгжүүддээ хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх шийдвэр гаргаж байхад хариуцагч талд төлбөрөө төлж чадахгүй байгаа учир шалтгаанаа хэлсээр байтал манай тусгай зөвшөөрлийг цуцалсанд гомдолтой байна.

Тиймээс дээрхийг үндэслэн А газрын К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч А газрын К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Увс аймгийн Малчин, Хяргас сумдын нутаг Хойд дааган нэртэй 6578.74 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх А газрын /хуучин нэрээр/ К хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаар шийдвэрээр Т ХХК-д олгосон байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасан.

Т ХХК нь ашигт малтмал хайгуулын ХВ-0******* тоот тусгай зөвшөөрлийн 6 дах жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасны дагуу кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нэхэмжлэгч компанийн албан ёсны хаягаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлөх боломжтой тухай мэдэгдлийг К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 8/******* тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, 4.2.3-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмуудыг баримтлан тус компанийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны 20/12 тоот албан бичгийг хүлээн авч мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлд заасны дагуу тус газар дээр 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр сонсох ажиллагааг явуулж, ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлөх талаар мэдэгдэж, уг мэдэгдлийг К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 8/******* тоот албан бичгээр хүргүүлсэн.

Т ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг бүрэн төлөөгүй тул мөн хуулийн 56.1.2-т заасныг үндэслэн К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд уг тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг К хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 8/******* тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан ба холбогдох албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Т ХХК нь К хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр А газрын даргад хандан гомдол гаргасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд хуулийн 54.1.3-д Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой", 54.1.3-т энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж заасныг удирдлага болгон шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Т ХХК-иас А газрын К хэлтэст холбогдуулан гаргасан А газрын К хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т ХХК-д Увс аймгийн Малчин сумын Хойд дааган нэртэй газарт орших 6578.74 гектар талбайд ашигт малтмал хайх XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийг 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 3 жилээр олгож, улмаар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгажээ.

А газрын К хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө., 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална., гэж зааснаар нэхэмжлэгч компани XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг 04 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө төлөхөөр байжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... манай компанид орж ирэх байсан санхүүжилт зогсонги болж, тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөхөд хүндрэл учирч байна. санхүүжилт болон зээлээр олгосон хөрөнгө оруулалт орж ирэхэд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө шууд төлөх тухай мэдэгдсэн бөгөөд тэр хүртэл хойшлуулах тухай албан тоот хүргүүлсэн билээ. Улс даяараа УИХ, Засгийн газрын түвшинд татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөх, аж ахуйн нэгжүүддээ хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх шийдвэр гаргаж байхад хариуцагч тал төлбөрөө төлж чадахгүй байгаа учир шалтгаанаа хэлсээр байтал тус зөвшөөрлийг цуцалсан гэж тайлбарлаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална: 56.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэж зааснаас үзвэл тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа дууссанаас хойш 30 хүртэл хоногийн дотор төлбөр төлөх бөгөөд энэ хугацаанаас хэтэрсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульд зохицуулжээ.

Т ХХК XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийн ээлжилт жилийн төлбөрийн хуульд заасан хугацаанд төлөөгүй учир тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай холбогдуулан холбогдох эрх бүхий байгууллагаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөртэй холбоотой аливаа асуудлыг зохицуулаагүй байх тул А газрын К хэлтсийг төлбөр төлөх хугацааг хойшлуулаагүй гэж буруутгах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн А газрын К хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Т ХХК-иас А газрын К хэлтэст холбогдуулан гаргасан А газрын К хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН