Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 362

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04060 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б,

Хариуцагч Ч.Б-т холбогдох,

 

2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 2644 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 2791 дугаартай хэлцлүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий,

Хариуцагч Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Г.Дашдондог маань өндөр настай, насны доройтлоос болоод орчин тойрондоо болж байгаа үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө маш муу, заримдаа сэтгэл санаа нь тогтворгүй болж өөрчлөгддөг. Түүний нэр дээр манай гэр бүлийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Дэнж 2-77а тоот хаягт байрлах, 000494590 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 18656308131232 дугаар бүхий 680 м.кв талбайтай газар эзэмших эрх бүртгэлтэй байдаг.

Гэтэл тэрээр 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ч.Бтэй дээр дурдагдаж буй манай гэр бүлийн эзэмшлийн газартай холбоотой “Газар эзэмших эрх шилжүүлэх” №2644 гэрээг бидэнтэй зөвлөлгүйгээр байгуулсан. Энэхүү гэрээний эх хувийг Ч.Б нь манай аавд өгөөгүй гэж тэрээр хэлж байгаа. Мөн Ч.Б нь энэхүү гэрээг үндэслэн 680 м.кв талбайтай газрын үнэ гэж манай аавын дансанд 6 000 000 төгрөг шилжүүлсэн байсан.

Улмаар Ч.Б нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газрын гэрчилгээг үндэслэл болгон тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхээр Баянзүрх дүүргийн Газрын албанд хандан өргөдөл гаргасныг бид хожим нь мэдсэн. Бид 2017 оны 9, 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Газрын албанд удаа дараа хандан Баянзүрх дүүргийн 11-р хороо, Дэнж 2-77а тоот хаягт байрлах, 000494590 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 18656308131232 дугаар бүхий 680 м.кв талбайтай газар нь гэр бүлийн хамтын хэрэгцээний газар, энэ газрын асуудлыг бид хамтран шийдвэрлэх ёстой, эрх шилжүүлсэн гэрээ нь тухайн газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээнд эзэмших бидний эрхийг зөрчөөд байна, манай газрын гэрчилгээг гаргаж өгөөч, газрын үнэ гэж шилжүүлсэн мөнгийг нь буцааж Ч.Бт өгнө гэсэн боловч Баянзүрх дүүргийн Газрын алба нь газрын гэрчилгээг гаргаж өгөх боломж байхгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэж асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариуг өгсөн.

Иймд Г.Дашдондог, Ч.Б нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон газрын үнэ 6 000 000 төгрөг шилжүүлсэн хэлцлүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Б нь зарын дагуу холбогдож тухайн үеийн ханш болох 6 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд очин эрх шилжүүлэн авах тухай материалаа хууль ёсны дагуу бүрдүүлэн өгч, Г.Дашдондог гуайн “Төрийн банк”-ны 10220001322 тоот дансанд газрын үнэ болох 6 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн.

Г.Дашдондог гуайтай хэд, хэдэн удаа уулзахад ухаан санаа нь хэвийн бус санагдаж байгаагүй харин ч эрүүл саруул, өөрийгөө мэдэх чадвартай хүн шиг байсан. Тэрээр тухайн үедээ болж буй үйл явдлын талаар, өөрийн өнгөрсөн амьдрал хүүхдүүдийнхээ талаар ярьж байхдаа маш эмх цэгцтэй зөв сайхан ярьж байсан. Тухайн үед хүүхдүүдтэй чинь уулзъя, та дур мэдэн энэ газраа зарж болох юм уу гэж асуухад миний өөрийн газар манай хүүхдүүдэд ямарч хамаа байхгүй, өвөө нь энэ мөнгөөр эмчилгээ хийлгэнэ хэмээн ярьж байсан. Миний бие хууль бус зүйл хийгээгүй. Иймд энэхүү газрыг буцаан өгөх боломжгүй, хэрэв буцаан өгөхөөр бол өөрийн өгсөн мөнгөнд сарын 10% хүү тооцуулан 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 6 сарын хүү 3 600 000 төгрөг нэмж авна. Учир нь би худалдааны бизнес эрхэлдэг бөгөөд дээрх мөнгийг эргэлтэд оруулсан бол сарын хугацаанд багадаа 10 хувийн ашиг олох байсан гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хариуцагч Ч.Бт холбогдох Г.Дашдондог, Ч.Б нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан 2644 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 2791 дугаар хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Г.Дашдондогт 000494590 дугаартай “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ"-г анх олгосон. Өөрөөр хэлбэл, энэхүү газар нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд, ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн газар болох нь тодорхой байна. Гэтэл шүүх “энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Г.Дашдондогийн нэр дээр байна, уг газрын эзэмшигч байсан Г.Дашдондог нь энэхүү газрыг бусдад шилжүүлэх хэлцэл хийснээр нэхэмжлэгчийн, мөн гэр бүлийн бусад гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гэр бүлийн аль нэг гишүүний нэр дээр гардаг. Энэ нь гэр бүлийн бусад гишүүд энэ газрыг эзэмших, ашиглах эрхгүй, энэ газартай холбоотой ямар нэг хууль ёсны ашиг сонирхол тэдэнд байхгүй гэсэн ойлголт биш юм.

Маргаан бүхий газар дээр гэр бүлийн бусад гишүүд хашаа барьсан, эд хөрөнгөө байрлуулан эзэмшиж, ашиглаж байхад шүүх тухайн газар дээр нэхэмжлэгч болон Г.Дашдондог амьдардаггүй тул бусдад шилжүүлэхэд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн гишүүд тухайн газрыг эзэмших, ашиглах явцдаа бусдын эзэмшлээс тусгаарлаж дээр нь хашаа барьж хөрөнгө оруулалт хийсэн, эд хөрөнгөө байршуулан ашиглаж байгааг эзэмшдэггүй гэж дүгнэх нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Г.Дашдондог нь газар эзэмших эрхээ худалдсан гэж дүгнэсэн атлаа дээр нь баригдсан хашаа, бусад эд хөрөнгийн талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй. Үнэхээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнэсэн л бол Иргэний хуулийн 243   дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч ямар хөрөнгийг Ч.Бийн өмчлөлд шилжүүлсэн, газар эзэмших эрхээ худалдсан нь хуульд нийцэж байгаа эсэхэд хамтад нь дүгнэлт өгөх ёстой. Гэтэл бодит байдал дээр Г.Дашдондог болон Ч.Б нарын хооронд хашааны талаар ямар нэг гэрээ хэлцэл хийгдээгүй байгаад, мөн тус хашаанд байгаа эд хөрөнгийг дур мэдэн тээвэрлэх, шилжүүлэх тохиолдолд гэр бүлийн бусад гишүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх болно гэдэгт дүгнэлт хийхийг хүсээгүй нь шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан болохыг харуулж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэл болгон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч Д.Б нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Г.Дашдондог, Ч.Б нарын хооронд байгуулагдсан 2644 дугаартай “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2791 дугаартай “газрын үнэ 6 000 000 төгрөг шилжүүлсэн хэлцэл”-ийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч хариуцагч Ч.Б нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дэнж 2-77а хашааг худалдаж авахаар тохиролцон 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хашааны үнэ болох 6 000 000 төгрөгийг төлж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тухайн хашааны газар нь гэр бүлийн хамтран эзэмшигч байгаагүй, зөвхөн Г.Дашдондогийн эзэмшлийнх байсан, газрыг буцаан өгөх боломжгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “аав Г.Дашдондог нь насны доройтлоос орчин тойрондоо болж буй үйл явдалд дүгнэлт өгөхдөө муу болсон, сэтгэл санаа тогтворгүй болж өөрчлөгддөг” гэж тайлбарласан ба хэрэгт нэхэмжлэлийн үндэслэлд хамааралтай баримт авагдаагүй байгаа бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үр дагавар арилгуулах шаардлага гаргасан уу, эсхүл хуурч мэхлэгдсэний улмаас хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан уу гэдэг нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэл үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон тайлбарлаж буй “өндөр настай, насны доройтлоос болоод орчин тойрондоо болж буй үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө муу, сэтгэл санаа тогтворгүй болж өөрчлөгддөг” гэж тайлбарласан нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б нь тус газар аавын нэр дээр бүртгэлтэй боловч гэр бүлийн хамтын хэрэгцээний газар, бид аавын хамт нэг ам бүлд багтдаг тул дангаар захиран зарцуулсныг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан. Хэрэгт Г.Дашдондог нь маргаж буй газар болох Дэнж 2-77 хаягт оршин суудаггүй, харин хүүхдүүдийн хамт ам бүл тавуулаа 12 дугаар хороо Жанжны 22-454 тоот хаягт оршин суудаг тухай тодорхойлолт авагдсанаас үзвэл хариуцагч Ч.Бийн тайлбар эргэлзээтэй, хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04060 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 221 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                     Э.ЗОЛЗАЯА

          А.ОТГОНЦЭЦЭГ