Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/283

 

 

 

 

 

                                   2022/ШЦТ/283

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Хохирогчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ

Хохирогч: И.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал

Шүүгдэгч: М.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн Боржигон овогт Мын Эд холбогдох эрүүгийн 2212000000331 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ............. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Мын Э/РД:АД............./

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Боржигон овгийн Мын Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж И.Сгийн биед хэвлийн баруун хажуу, цээжний зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                *Хохирогч И.Сгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

                “...М.Э нь надад гурван удаа гарч хүрч зодсон. Энэ хэргээс өмнө намайг зодохдоо миний толгой руу цохисон. Тухайн өдөр миний цээж рүү өшиглөөд би ухаан алдсан байсан. Тэгээд ухаан ороод сэрэхдээ эмнэлэгт сэрсэн. Одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг

           *Эрүүгийн 2212000000331 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч И.Сгийн өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Жарантай тогой гэх газар байдаг.  2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр М.Э дүү М.Гтайгаа мал будахаас болж жаахан маргалдаад, дүү М.Г нь явсны дараа нь би М.Эг усанд яв гэсэн чинь сав бэлд гээд байхаар нь чи өөрөө саваа аваад явчих гэсэн чинь дүүдээ уурласан уураа надад гаргаад, над руу уурлаад намайг хараагаад салаавч өгөөд миний цээжин бие хэсэг рүү өшиглөчхөөд мотоциклоо унаад яваад өгсөн тэрнээс хойш би ухаа алдаад юу болсныг санахгүй байна. Ухаан орсон чинь эмнэлэгт хэвтэж байсан. Эмч хэлэхдээ та цаг гаран ухаангүй байлаа гэж байсан. Тэгээд Аймгийн төвөөс манай аав дүү хоёр ирээд би аймгийн төв явсан. М.Э миний цээж хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн өөр цохиогүй. Миний цээжин хэсэг хөндүүр болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. 3-аас 4 жилийн өмнө миний толгой руу нэг удаа гараа цохиж байсан өөр цохиж зодож байгаагүй. Би хоёр хамт амьдраад 10 жил болж байна. Гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. Манай том хүү 9 настай, бага хүү 6 настай. Би гомдолтой байна М.Эд хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. Нэхэмжлэх зүйл гэвэл эмчилгээний зардлаа гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/

 

*Гэрч М.Гын өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Жарантай толгой гэх газар ах М.Эхтэй хамт байдаг. Ээж бид хоёр сургуулийн хүүхэд орохоор нь сумын төв орж ирсэн. М.Э ах, манай хөдөө байдаг гэр хоёр сумын төвөөс ойрхон байдаг. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өглөө ээж бид хоёр үнээгээ саахаар мал дээрээ очоод үнээгээ саачхаад би 09 цагийн үед М.Э ахын гэрт ороод үхрээ будъя цагаан будгаар будъя гэсэн чинь М.Э ах цэнхэр будгаар будна хажуу айл цагаан будгаар будсан байсан гэхээр нь тэгвэл ямар будгаар будахын үхрээ будъя гээд би гэрээс том 5 литрийн цэнхэр өнгийн будаг аваад гарсан гадаа гараад жижиг саваар будгаас тасалж авахаар хутгасан чинь над руу М.Э ах уурлаад байсан ээж ирээд битгий хэрүүл хийгээд бай гэхээр нь би мотоциклоо унаад ээжийг суулгаад сумын төвд хүргэж ирчихээд бензин аваад эргээд очсон чинь М.Э ахын гэрийн хаалга нь онгорхой гэрт нь орсон чинь бэр эгч газар хэвтэж байхаар нь яасан гэсэн чинь Мөрөн намайг зодсон гэхээр нь би гэрээс гараад эрүүл мэндийн төв рүү өөрийн утсаар дуудлага өгсөн. Тэгээд би өөрөө мотоциклтой сумын төв рүү орж ирээд эмчийг гэрээс нь аваад буцаад очсон. Эмч үзээд машин хэрэгтэй эмнэлэг хүргье гэхээр нь би төв орж ирээд найзынхаа машиныг авч очоод эмнэлэгт хүргэж ирсэн. Эмнэлгийн байгууллагаас цагдаад мэдэгдсэн байсан. Би тухайн үйл явдал болох үед байхгүй байсан болохоор цохиж зодсоныг нь мэдэхгүй байна. И.С эгч надад хэлэхдээ Мөрөн зодоод гэж байсан. М.Э ахаас юу болсон талаар нь асуухад бид хоёр маргалдаад миний урдаас аргал аваад шидээд би явна гээд өөрийн аав ээж рүүгээ утсаар яриад байхаар нь би утсыг нь булаацалдаад тэгээд өшиглөөд гэсэн утгатай юм л ярьж байсан. Би урьд өмнө нь цохиж зодож байсныг нь мэдэхгүй байна тусдаа байдаг байсан болохоор надад л цохиж зодож мэдэгддэггүй хоорондоо эвтэй байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хоёулаа хэрэглээгүй эрүүл байсан. М.Э ах архи уудаггүй хүнд тусархуу хүн байгаа юм сүүлийн үед жаахан уур уцаартай цоч уурладаг болоод байгаа, уурлаад уур нь хурдан гардаг цагаахан. И.С эгч өглөгч, даруухан бүрэгдүү, жаахан зөрүүд зантай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 04-05 дугаар тал/

 

*Гэрч Н.Оын өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед манай эмнэлэгт нөхөртөө зодуулаад ухаангүй хүн байна гэсэн дуудлага ирээд би 12 цаг 20 минутад дуудлагын дагуу М.Э гэх айлд очиход М.Э гэх хүний эхнэр И.С гэх хүн гэртээ зүүн талын орон дээр зүүн гараа сул унжуулсан, хэлээ шүдээрээ зуусан, доод уруул нь баг зэргийн шалбарсан амьсгал нь мэдэгдэх төдий, амин үзүүлэлт, зүрхний цохилт нь хэвийн байсан. Би тухайн хүнийг сумын эмнэлэгт авч ирж хэвтүүлээд эмчилгээ хийсэн. И.С гэх хүн нь ухаангүй байж байгаад нэг цаг 10 минутын дараа ухаан орсон. Би И.С эгчийг ухаан орсныхон дараа юу болсон талаар нь асуухад манай нөхөр миний цээж болон хэвлий рүү цохиод гэж байсан. Юугаар яаж цохисон талаараа яриагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-10 дугаар тал/

 

*Яллагдагч М.Эгийн өгсөн:

“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээ зодсон нь үнэн, гэм буруу дээрээ маргах зүйлгүй. Би эхнэрээсээ уучлалт гуйсан мөн эмчилгээний зардлыг төлж барагдуулж байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-47 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 379  дугаартай“...И.Сгийн биед хэвлийн баруун хажуу, цээжний зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Жарантай тогой гэх газар иргэн И.С нь өөрийн нөхөр М.Эд зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр И.Сг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч И.Сгийн”...М.Эг усанд яв гэсэн чинь сав бэлд гээд байхаар нь чи өөрөө саваа аваад явчих гэсэн чинь дүүдээ уурласан уураа надад гаргаад, над руу уурлаад намайг хараагаад салаавч өгөөд миний цээжин бие хэсэг рүү өшиглөчхөөд мотоциклоо унаад яваад өгсөн тэрнээс хойш би ухаа алдаад юу болсныг санахгүй байна. Ухаа орсон чинь эмнэлэгт хэвтэж байсан. Эмч хэлэгдээ та цаг гаран ухаангүй байлаа гэж байсан. Тэгээд Аймгийн төвөөс манай аав дүү хоёр ирээд би аймгийн төв явсан. М.Э миний цээж хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн өөр цохиогүй. Миний цээжин хэсэг хөндүүр болсон...” гэх мэдүүлэг, гэрч М.Гын”...М.Э ахын гэрийн хаалга нь онгорхой гэрт нь орсон чинь бэр эгч газар хэвтэж байхаар нь яасан гэсэн чинь Мөрөн намайг зодсон гэхээр нь би гэрээс гараад эрүүл мэндийн төв рүү өөрийн утсаар дуудлага өгсөн. Тэгээд би өөрөө мотоциклтой сумын төв рүү орж ирээд эмчийг гэрээс нь аваад буцаад очсон. Эмч үзээд машин хэрэгтэй эмнэлэг хүргье гэхээр нь би төв орж ирээд найзынхаа машиныг авч очоод эмнэлэгт хүргэж ирсэн. Эмнэлгийн байгууллагаас цагдаад мэдэгдсэн байсан. Би тухайн үйл явдал болох үед байхгүй байсан болохоор цохиж зодсоныг нь мэдэхгүй байна. И.С эгч надад хэлэхдээ Мөрөн зодоод гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Оын”...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед манай эмнэлэгт нөхөртөө зодуулаад ухаангүй хүн байна гэсэн дуудлага ирээд би 12 цаг 20 минутад дуудлагын дагуу М.Э гэх айлд очиход М.Э гэх хүний эхнэр И.С гэх хүн гэртээ зүүн талын орон дээр зүүн гараа сул унжуулсан, хэлээ шүдээрээ зуусан, доод уруул нь баг зэргийн шалбарсан амьсгал нь мэдэгдэх төдий, амин үзүүлэлт, зүрхний цохилт нь хэвийн байсан. Би тухайн хүнийг сумын эмнэлэгт авч ирж хэвтүүлээд эмчилгээ хийсэн. И.С гэх хүн нь ухаангүй байж байгаад нэг цаг 10 минутын дараа ухаан орсон. Би И.С эгчийг ухаа орсныхон дараа юу болсон талаар нь асуухад манай нөхөр миний цээж болон хэвлий рүү цохиод гэж байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч М.Эгийн мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 379  дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч М.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр И.Сгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед хэвлийн баруун хажуу, цээжний зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч М.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр И.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч И.Сгийн биед хэвлийн баруун хажуу, цээжний зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч И.С нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч М.Эг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Эг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн эхнэр И.Сгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч М.Эгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч М.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч М.Э нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч М.Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Мын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР