Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/288

 

 

 

 

 

                                         2022/ШЦТ/288

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: М.Б  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мын Бд холбогдох эрүүгийн 2212000000322 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн ............. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Мын Б/РД:АС.........../

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Мын Б нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Сайрын хоолой гэх газарт хонь хашаанд хашлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар М.Оийн толгой тус газар нь цохиж, тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн  няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Шүүгдэгч М.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

           “...Намайг зүгээр байхад ирж хэл амаар доромжилж, хараагаад, миний нүүрийг хүртэл гараараа самардсан. Үүний дараа би гар хүрсэн. Би зүгээр малд явж байсан. Тэгсэн ч би бүх буруугаа хүлээж байгаа. Би гомдсондоо гар хүрчихсэн. Түүнээс би хүнд гар хүрэхгүй. Намайг үхэж далд ор, энэ нутгаас зайл гэж хэлсэн. Үүнд их гомдсон...” гэх мэдүүлэг

         

            *Эрүүгийн 2212000000322 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч М.Оийн өгсөн:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян баг Сайрын хоолой гэх газар өөрийн төрсөн дүү М.Бийн хоньтой манай хонь нийлээд хонинд нь манай хониноос үлдсэн хонь байна уу? гээд нөхөр Д.Гийн хамт үзэж байтал М.Б ирэхээр нь би нөхөртэйгөө М.Бийн хонийг ойролцоо байх Тын хашаанд аваачиж хашъя гэж хэлээд байж байтал манай дүү М.Б гэнэт уурлаад өөрийнхөө хашаанд хашиж болдоггүй юм уу? гээд өөрийнхөө хонины хашаанд хаших гэж байна гэж буруу ойлгоод өчигдөр хонь нийлээд ялгах гэж хонь хашаад хонины хашаа задарсан гээд орилоод над руу дайраад намайг багалзуурдаж хоолой шахаад авахаар нь би нүүрийг нь самардаж маажсан чинь толгой руу цохиод багалзуурдаж аваад дайраад намайг дандаа нүүр рүү миний төрсөн дүү байж цохиж зодоод байсан учраас Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Манай дүү М.Б манай хаваржааны яг хажууд ойролцоо буугаад малын бэлчээр малаараа идүүлээд байсан учир би М.Бийг тухайн үед жаахан хойшоо ухраад нүүгээд буучих гэж хэлсэн чинь уурлаад байсан. Дүү М.Б бид хоёр бие биедээ өс хонзон санах зүйл огт байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохоосоо өмнө өөрийн төрсөн дүү учир жаахан айлгах гэж тийм үйлдэл гаргасан. Хэрэв тухайн үед уучлалд гуйгаад надтай ярьсан бол би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй гэж бодож байсан юм. Би тухайн үед төрсөн дүү М.Бд их зодуулсан учир би жаахан өндөр байсан бол энэ муу новшийг нам цохичихмоор байна гэж хэлсэн. Тухайн үед үед миний төрсөн дүү М.Б манай нөхөр Д.Гийг цохиж зодох гээд дайраад байсан. Тэгэхдээ манай дүү М.Б бид хоёрыг манай нөхөр Д.Г салгасан. Би одоог хүртэл хамаг цаг заваа алдаж мөнгө цаас, гоо сайхнаараа хохирогч байгаа учир маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36 дугаар тал/

 

*Гэрч Ө.Дгийн өгсөн:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багт гэртээ байж байтал манай нөхөр М.Б гар утсаар залгаад Д.Г ах, М.О эгч хоёр манайхыг энэ нутгаас яв гээд хөөгөөд байна гэхээр нь би юу болоод байгаа юм та нар чинь гэж хэлээд гэрээсээ хүү Б.Эын хамт яваад очсон чинь манай нөхөр М.Бийн нүүр маажуулаад цус гоожсон харин хадам эгч М.Оийн нүд нь хөхөрч хавдсан хоёулаа зууралдаад байж байхаар нь хүү Б.Этай нөхөр М.Б, хадам эгч М.О хоёрыг салгасан чинь М.О эгч манай нөхрийг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод чи энэ нутагт багтахгүй өөр газарч очоод багтахгүй чамайг шингээх газарч байхгүй гээд орилоод байхаар нь би М.О эгчийг та тайвшир эмэгтэй хүн байна гэж хэлтэл үг огт сонсохгүй би жаахан өндөр байсан бол энэ муу новшийг нам цохичихмоор байна гээд манай нөхөр М.Б рүү орилж байсан аа би явж цагдаад хэлж үнэн зөвийг шүүлгэнэ гээд яваад өгөхөөр нь нөхөр М.Б, хүү Б.Э бид гурав гэртээ шууд харьсан. Өөр зүйл болоогүй. Харин сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би хадам эгч М.Оийн биеийг яаж байна гээд санаа зовоод утсаар залгасан чинь танайд боломж олгоё гурван болзолтой гэснээ нэгдүгээрт одоо байгаа намаржаанаасаа хойшоо ухарч нүү, хоёрдугаарт хаваржаа малаараа идүүлэхгүй бай, гуравдугаарт хорин сая төгрөг өг надад данс байхгүй. Харин манай нөхөр Д.Гийн данс руу хий данс тэмдэглээд ав гэхээр нь би утсаа салгасан чинь манай охины гар утас руу дансны дугаар явуулсан. Бас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр миний утас руу дансны дугаар явуулаад өнөөдрийн дотор мөнгө хий, тэгээд одоо байгаа намаржаанаасаа хойшоо ухарч нүү, хүүхдийнхээ ирээдүйг бод хар толбо суулгаад яах вэ гээд байсан. Тухайн үед хүү Б.Э бид хоёр ирж нөхөр М.Б, хадам эгч М.О хоёрыг салгах үед М.О эгчийг цохиж зодсон хүн байхгүй. Харин хадам эгчийн нөхөр Д.Г тухайн үед байсан байж тэр хоёрыг салгахгүй хараад байсан. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн огт байгаагүй. Бүгд эрүүл саруул байсан. Өс хонзон санах зүйл огт байхгүй...”гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/

 

*Гэрч Д.Гийн өгсөн:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян баг Сайрын хоолой гэх байх эхнэрийн төрсөн дүү М.Бийн хонинд манай хонь нийлээд ялгахад манай хониноос үлдсэн хонь байна уу гээд М.Бийн хонинд эхнэр М.Оийг хамт хонь үзэж байтал манай хониноос дөрөв таван хонь үлдсэн байсан чинь манай эхнэр М.О дүү М.Бийнхээ хонийг ойролцоо байх айлын малын саравч хашаанд хашиж байгаад ялгая гэтэл эхнэрийн дүү М.Б, эхнэр М.О хоёр маргалдаад М.Б манай эхнэр М.Оийг цохиж байгаа харагдсан. Тэр үед би цаана зайтай байсан учир сайн харж амжаагүй хоорондоо муудалцаад байхаар нь би эхнэр М.Оийг салгаж харин эхнэрийн дүү М.Бийг эхнэр Ө.Д, хүү Б.Э хоёр салгаж авсан. Тэгээд тэндээс эхнэр М.О бид хоёр шууд явсан. Харин салгах үед харахад манай эхнэр М.О дүү М.Бийнхээ нүүрийг маажиж самардсан М.Б манай эхнэр М.Оийн зүүн нүд рүү цохиод эхнэрийн нүд нь хавдсан байсан. Би өөр зүйл хараагүй. Миний мэдэж байгаагаар бие биедээ өс хонзон санах зүйл огт байхгүй. Тэр үед би эхнэр М.Оийг М.Бээс салгасан. Гэхдээ М.Б, эхнэр М.О хоёрыг зэрэг салгаж чадахгүй юм билээ. Би эхнэр М.Оийг л холдуулсан. Харин хоёроос гурав хоногийн дараа малын бэлчээр дээр эхнэрийн дүү М.Б тааралдахдаа таныг манай эхнэр Ө.Д тэр үед эгч бид хоёрыг салгахгүй байж байгаад явчихсан гэж ярьж байсан. Тухайн үед намайг харахад эхнэрийн дүү М.Б манай эхнэр М.Оийн зүүн нүд рүү цохичихсон эхнэр М.Оийн зүүн нүд нь хавдаж хөхөрсөн... “гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр тал/

 

 *Яллагдагч М.Бийн өгсөн:

 “...Би хохирогч М.Оийг цохиж зодох болсон шалтгаан нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай хонь М.О эгчийн хоньтой нийлсэн юм. Тэгэхээр нь би М.О эгчийн хонийг ялгаж өгсөн. Манай өөрийн малын хашаа нь нураад унасан учир М.О эгчийн малын хашаанд аргагүй эрхэнд хашиж байгаад ялгасан. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн орчим хонио услах гээд явж байхад манай ах Д.Г, М.О эгч нар манай хонин дотор өөрийнхөө хонийг шүүсэн. Манай хонин дотор хонь үлдсэн байсан болохоор тухайн хонио аваг гэж бодоод хонио хорьсон. Тэгэхэд хүргэн ах хонио услаад хүрээд ир тэгэхээр нь айлын хашаанд хайж байгаад хонио ялгаад авъя гэж хэлэхээр нь би наа хашаанд чинь хонь багтахгүй гэж хэлэхэд хүргэн өө тэгвэл манай малын хашаанд хийж байгаад авъя гэсэн. Тэгэхээр нь би дугараагүй. Тэгсэн манай эгч М.О надад хандаж элдэв муу үгээр хэлж чи малаа харсангүй энэ нутгаас зайл, чи энэ нутагт байтугай өөр нутагт багтах шингэх газар байхгүй ногоон гичий минь чи үхэж талд ороорой гэж хэлээд миний нүүрийг гараараа самардсан. Тэгэхээр нь миний уур хүрч улмаар М.О эгчийг цохиж зодсон юм. Намайг самардахаар нь нүүр хэсэг рүү нь эхэлж алагдаад дараа цохисон санагдаж байна. Тухайн үед их бухимдсан болохоор хэрхэн яаж цохиж зодсоныг мэдэхгүй байна.  Миний нүүр хэсэг рүү самардаж, гэдэс нуруу, хүзүүг самардсан. Мөн цохиж авсан байх нарийн мэдэхгүй байна. Би М.О эгчид хандаж би танай хонийг ялгаж өгсөн гэж хэлэхэд чи ялгахгүй яах юм чи өөрөө авах гээд байгаа юм уу гээд миний өөдөөс уурлаж дайраад байхаар нь уурлаж бухимдсандаа цохиж зодсон юм. Ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-50 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаартай “...М.Оийн биед тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, дух, хоёр гарын бугалганы гадна дээд хэсэг, цээжний урд дээд хэсэг, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. дух, хоёр гарын бугалганы гадна дээд хэсэг, цээжний урд дээд хэсэг, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 6-7 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Сайрын хоолоо гэх газарт иргэн М.О нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Сайрын хоолоо гэх газарт хонь хашаанд хашлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар М.Отэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Оийн“...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян баг Сайрын хоолой гэх газар өөрийн төрсөн дүү М.Бийн хоньтой манай хонь нийлээд хонинд нь манай хониноос үлдсэн хонь байна уу? гээд нөхөр Д.Гийн хамт үзэж байтал М.Б ирэхээр нь би нөхөртэйгөө М.Бийн хонийг ойролцоо байх Тын хашаанд аваачиж хашъя гэж хэлээд байж байтал манай дүү М.Б гэнэт уурлаад өөрийнхөө хашаанд хашиж болдоггүй юм уу? гээд өөрийнхөө хонины хашаанд хаших гэж байна гэж буруу ойлгоод өчигдөр хонь нийлээд ялгах гэж хонь хашаад хонины хашаа задарсан гээд орилоод над руу дайраад намайг багалзуурдаж хоолой шахаад авахаар нь би нүүрийг нь самардаж маажсан чинь толгой руу цохиод багалзуурдаж аваад дайраад намайг дандаа нүүр рүү миний төрсөн дүү байж цохиж зодоод байсан учраас Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Дгийн“...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багт гэртээ байж байтал манай нөхөр М.Б гар утсаар залгаад Д.Г ах, М.О эгч хоёр манайхыг энэ нутгаас яв гээд хөөгөөд байна гэхээр нь би юу болоод байгаа юм та нар чинь гэж хэлээд гэрээсээ хүү Б.Эын хамт яваад очсон чинь манай нөхөр М.Бийн нүүр маажуулаад цус гоожсон харин хадам эгч М.Оийн нүд нь хөхөрч хавдсан хоёулаа зууралдаад байж байхаар нь хүү Б.Этай нөхөр М.Б, хадам эгч М.О хоёрыг салгасан чинь М.О эгч манай нөхрийг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод чи энэ нутагт багтахгүй өөр газарч очоод багтахгүй чамайг шингээх газарч байхгүй гээд орилоод байхаар нь би М.О эгчийг та тайвшир эмэгтэй хүн байна гэж хэлтэл үг огт сонсохгүй би жаахан өндөр байсан бол энэ муу новшийг нам цохичихмоор байна гээд манай нөхөр М.Б рүү орилж байсан аа би явж цагдаад хэлж үнэн зөвийг шүүлгэнэ гээд яваад өгөхөөр нь нөхөр М.Б, хүү Б.Э бид гурав гэртээ шууд харьсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Гийн”...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян баг Сайрын хоолой гэх байх эхнэрийн төрсөн дүү М.Бийн хонинд манай хонь нийлээд ялгахад манай хониноос үлдсэн хонь байна уу гээд М.Бийн хонинд эхнэр М.Оийг хамт хонь үзэж байтал манай хониноос дөрөв таван хонь үлдсэн байсан чинь манай эхнэр М.О дүү М.Бийнхээ хонийг ойролцоо байх айлын малын саравч хашаанд хашиж байгаад ялгая гэтэл эхнэрийн дүү М.Б, эхнэр М.О хоёр маргалдаад М.Б манай эхнэр М.Оийг цохиж байгаа харагдсан. Тэр үед би цаана зайтай байсан учир сайн харж амжаагүй хоорондоо муудалцаад байхаар нь би эхнэр М.Оийг салгаж харин эхнэрийн дүү М.Бийг эхнэр Ө.Д, хүү Б.Э хоёр салгаж авсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч М.Б нь хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, дух, хоёр гарын бугалганы гадна дээд хэсэг, цээжний урд дээд хэсэг, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч М.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан. Гэмт хэргийн улмаас хохирогч М.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь өөрт учирсан хохиролтой холбогдуулан хохирлын 1.688.250  төгрөгийн баримт ирүүлсэнээс 1.585.550 төгрөгийг баримтыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт хамааралтай гэж үзлээ. Харин юу авсан нь тодорхойгүй пос машинаас авсан канондсон 75.000 төгрөгийн баримт, хоёр удаа хоол идсэн 27700 төгрөг, нийт 102.700 төгрөгийн баримт уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамааралгүй байна. Шүүгдэгч М.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.От 347.100 төгрөгийг төлсөн тул хохирогч М.От учирсан 1.585.550 төгрөгийн хохирлоос  хасч 1.238.450 төгрөгийг шүүгдэгч М.Бээс гаргуулан хохирогч М.От олгох нь зүйтэй байна.

 Хохирогч нь өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч М.Б нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт  хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Мын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бээс 1.238.450/нэг сая хоёр зуун гучин найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад баг, Цагаан хөтлийн ар гэх газар оршин суух хаягтай, Боржигон овогт Мын О/РД:АС75011213/-т олгож, хохирогч М.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, түүний нэхэмжлэлээс 102.700 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОРС