Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 183/2018/02297/И |
Дугаар | 2339 |
Огноо | 2018-10-23 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2339
2018 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2018/02339 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар байр, 000 тоотод оршин суух Абшигад овогт Б Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Буянт ухаа 00, өөрийн байранд байрлах “М” ХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.М /ШТЭҮ-0407/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Болд овогтой Номинзул би “М” ТӨХК-ий гүйцэтгэх захирлын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/626 тоот тушаалаар түр хугацаагаар Гадаад өглөгийн нягтлан бодогчийн үүрэгт ажилд томилогдон ажиллаж байгаад, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/328 тоот тушаалаар Үндсэн хөрөнгө, бараа материалын нягтлан бодогчийн ажилд түр хугацаагаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/159 тоот тушаалаар Ачаа шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчоор үндсэн ажилтнаар томилогдон ажиллах болсон.
Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/477 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Компанийн дүрмийн 8.8.11 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 9.4.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1 в дэх заалт, Санхүүгийн дотоод хяналтын аудиторын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зөвлөмж зэргийг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.
БНЧУ-ын “Travel Service A.S” компанитай байгуулсан гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сард үйлдэгдсэн 15 хоногийн нислэгийн төлбөрийг дутуу тооцоолж, цаг тухайд нь нэхэмжилж аваагүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, анхан шатны баримтын бүрдэлгүй өглөгийн ваучер бичсэн гэх үндэслэлээр ажлаас халах үндэслэл болгосон.
Санхүүгийн дотоод хяналтын аудиторын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №08 дугаарын зөвлөмжид: 1.2017 оны 9 дүгээр сарын 15 хоногийн нислэгийн төлбөр 389,600 ам.доллар, илүү цагийн 129,147 ам.долларыг дутуу тооцоолсон. 2.Түрээсийн хугацаа дуусаж гэрээний бүх заалт хэрэгжсэний дараа барьцааг буцаана гэж заасныг зөрчсөн. 3.Гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй. 4.Талууд хоорондын өглөг авлагын тооцоо нийлсэн акт үйлдэж баримтжуулаагүй. б.Анхан шатны баримтын бүрдэлгүй 2017 оны 11 дүгээр сарын 28-нд өглөгийн ваучер бичсэн гэжээ.
2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Хүлэгт хүннү” аудитын ХХК-ий зүгээс 552 143,5 ам долларын зөрүү үүссэн талаар мэдэгдсэний даруйд тухайн өдөртөө БНЧУ-ын “Travel Service A.S” компанитай холбогдон гэрээний дагуу төлбөр дутуу орсон талаар мэдэгдэж, төлбөрийн тулган баталгаажуулалт болон 310-21388 дугаарын нэхэмжлэхийг тус тус явуулсан бөгөөд энэ өдөртөө төлбөрийн тулган баталгаажуулалт болон 3 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийг төлж барагдуулах тухай дурдсан цахим шуудангийн хамт авсан. Энэ төлбөрийг БНЧУ-аас 3 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн боловч тухайн улсын цагийн зөрүүнээс уг төлбөр 3 дугаар сарын 22-ны өдөр “М” ТӨХК-ий дансанд орсоноор байгууллага хохирол амсаагүй болно.
БНЧУ-ын “Travel Service A.S” компанитай 3 дугаар сарын 12-нд харьцаж, зөрүү төлбөрийг 3 дугаар сарын 20-нд төлөх болсон тухай дотоод аудиторт гаргаж өгсөн тайлбартаа дурдсан боловч энэ тайлбарыг огт дурдалгүйгээр зөвлөмжийг 3 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нь “М” ТӨХК-д хохирол амсуулсан мэт харагдуулах оролдлого болсон гэж үзэж байна. БНЧУ-ын “Travel Service A.S” компанитай байгуулсан 17/022 дугаарын гэрээний 6.3 заалт ёсоор харилцагч байгууллага 15 хоног тутамдаа төлбөр тооцоогоо шууд төлж байх хуваарьтай ба энэ нь заавал 15 хоног тутамд нэхэмжлэх бичиж явуулах ёстой гэсэн заалт байхгүй ба “М” ТӨХК-ий зүгээс харилцагч байгууллагад төлбөрийг шилжүүлэх учиртайг сануулах үүднээс нэхэмжлэх илгээдэг.
2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн бөгөөд анхан шатны баримт болох тооцоо нийлсэн акт буюу актны дэлгэрэнгүй тооцооллыг үндэслэн өглөгийн ваучерийг үүсгэсэн. Энэхүү өглөгийн ваучер нь шат дараалласан хяналтаар (ахлах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч, санхүү хариуцсан дэд захирал нар) гарын үсэг зурагдан баталгаажсаны дараа уг төлбөр нь “М" ТӨХК-ий гүйлгээнд ороход бэлэн болдог. Энэ төлбөр нь ерөнхий нягтлан бодогч болон ерөнхий захирал гарын үсэг зурж баталгаажсанаар гүйлгээнд орж “М” ТӨХК-ий данснаас төлбөр гардаг.
“Travel Service A.S” компанитай хийсэн гэрээ нь 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хэрэгжих заалттай бөгөөд энэхүү гэрээг дуусгавар болохоос өмнө тодорхой шалтгаангүйгээр хариуцан ажиллаж байсан нягтлан бодогчоос шилжүүлэн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Ачаа, шуудангийн борлуулалтын нягтлан бодогч миний ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр заалтыг засварлан 14 дүгээр зүйлийг оруулж нойтон түрээсийн ажлыг надад давхар гүйцэтгүүлж байсан болно. Б.Н би анх ажилд орсон өдрөөс эхлэн ажиллах хугацаандаа ажлын байрны гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зөрчиж алдаа гаргаж байсан удаа үгүй болно.
Мөн “М” ТӨХК-ий гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/427 тоот тушаалаар “М” ТӨХК-ийг 2017 оны Санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтээр “Зөрчилгүй” дүгнэлт гаргахад идэвх зүтгэл гарган ажилласан Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн хавсралтад нэр дурьдсан ажилтнуудыг 1 сарын үндсэн цалинтай тэнцүү хэмжээний мөнгөн урамшуулал олгох тушаал гаргахдаа надад сануулж мэдэгдэлгүйгээр намайг зөрчил гаргасан хэмээн тооцож урамшуулалд хамруулаагүй нь захиргаанаас авсан арга хэмжээ гэж үзэж байгаа. Гэтэл ахин халах тушаал гаргасан нь давхардуулсан арга хэмжээ болж байна. Иймд намайг ажлаас халсан тушаалын үндэслэл, заалтуудыг Б.Н миний бие хүлээн зөвшөөрөхгүй болно.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие М ХК-нд 2013 оноос эхлэн ажиллаж байгаа, 2016 оноос ачаа шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчоор ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээг сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Үүнийг зөвшөөрөхгүй, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр аудитаас зөрүүтэй бөглөснийг мэдсэн, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тулган баталгаажуулалт хийсэн, мөнгийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Дотоод аудитын зөвлөмж гарахад зөрчил арилсан байсан боловч надад арга хэмжээ авч ажлаас халсан. Миний бие хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллаж байсан, зөрчил дутагдал гаргаж байгаагүй, гэтэл ажлаас халсанд гомдолтой байна, ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гүйцэтгэх захирлын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/626 тоот тушаалаар Б.Ныг Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэст нягтлан бодогчоор түр томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан ба Гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/159 тоот тушаалаар тус хэлтсийн Ачаа, шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчоор жинхэлсэн байдаг. “М” ТӨХК нь БНЧУ-ын “Travel Service A.S” компанитай 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл агаарын хөлгийн нойтон түрээсийн 17/022 дугаартай гэрээ байгуулан ажиллаж байсан. Нэхэмжлэгч Б.Н нь ажлын байрны тодорхойлолтын дагуу нойтон түрээсийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байсан бөгөөд 2017 оны 10 сард “Travel Service A.S” компаниас нойтон түрээсийн төлбөрийг нэхэмжлэхдээ тооцооллын алдаа гаргасны улмаас 552,143 ам.долларыг дутуу дүнгээр нэхэмжилсэн байдаг. Энэхүү төлбөр нь 2017 оны 9 сарын сүүлийн 15 хоногийн нислэгийн блок цагийн төлбөр байсан бөгөөд төлбөрийг нэхэмжилж аваагүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, талууд хооронд өглөг авлагын тооцоо нийлж баталгаажуулаагүй байхад 122,410 ам.долларын барьцаа төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буцаасан олгосон ноцтой зөрчил гаргасан. “М” ТӨХК нь БНЧУ-ын “Travel Service A.S” компанитай байгуулсан 07/022 тоот гэрээний 14.13-т заасны дагуу төлбөрийн нэхэмжлэл явуулах нь “М” компанийн үүрэг байсан бөгөөд санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх, хяналт тавих, орлогыг тооцон нэхэмжлэх, авлагын тооцоо нийлж үлдэгдлийг баталгаажуулах, орлого цуглуулж, авлага барагдуулах нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн чиг үүргийн хүрээнд хийх ёстой ажил юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөрөө алдаа зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн ба холбогдох баримтуудаар нотлогдож байна.
Б.Ныг Санхүүгийн дотоод хяналтын аудиторын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хяналт, шалгалтаар “Travel Service A.S” компаниас нойтон түрээсийн төлбөрийг нэхэмжлэхдээ тооцооллын алдаа гаргасны улмаас 552,143 ам.долларыг дутуу дүнгээр нэхэмжилсэн зөрчлийг гаргасан талаар тодорхой дүгнэсэн болно. Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Санхүүгийн дотоод хяналтын аудиторын хяналт шалгалтаар авлагын талаарх мэдээллийг удирдлагадаа танилцуулаагүй, хариуцсан ажилдаа хайнга хандсан, холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн тул хариуцлагын арга хэмжээг авах талаар дүгнэсэн байдаг. Тухайн үед удирдлагын зүгээс хариуцлагатай ажиллах талаар анхааруулсан байдаг. Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр үндсэн үүргийн 14, 16, 18, 38 зэрэг гүйцэтгэх ажлуудыг биелүүлээгүй, түүнчлэн нэхэмжпэгчтэй байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.1.5-д заасан “Санхүүгийн тайлангийн хугацаанд авлага, өглөгийн тооцоог харилцагч байгууллагуудтай тухай бүр хийж, актаар баталгаажуулах, өр төлбөрийг тухай бүр өөрөө хариуцан барагдуулах” үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн дээрх хариуцсан ажилдаа хайнга хандсан үйлдэл нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.1-т заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах “Санхүүгийн данс бүртгэл будлиантуулсан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан эсхүл нөхцөл боломжийг бий болгосон” ноцтой зөрчил юм. Иймд Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 9.4.1 дэх хэсэг, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1 в дэх хэсэг, “М” ХК-ийн Санхүүгийн дотоод хяналтын аудиторын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зөвлөмжийг тус тус үндэслэсэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан явдал нь хуулинд нийцэж буй тул Б.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Н нь 2016 оны 3 дугаар сарын 22-ноос ачаа шуудангийн борлуулалтын нягтлан бодогчоор нойтон түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл ажлын байрны тодорхойлолтод заагдсан 2017 оны 9 дүгээр сарын нислэгийн блок цагийн төлбөрийг нэхэмжлээгүй, 2017 оны 11 дүгээр сарын 29-нд тооцоо нийлсэн акт үйлдээгүй байхад барьцаа төлбөр 112 410 ам.долларыг буцаан олгосон зөрчил гаргасан. Нойтон түрээсийн гэрээний 14.13-т зааснаар төлбөрийн нэхэмжлэл явуулах нь М ХК-ийн үүрэг байсан. 2018 оны 3 дугаар сарын 21-нд шалгалтаар тооцооллын алдаа гарсан, дутуу нэхэмжилсэн гэдгийг дурдсан. 2017 оны 11 сард Б.Нд сахилгын арга хэмжээ авна гэж анхааруулсан. Мөн ажлын байрны тодорхойлолтын 14,16,18,38-д заасан үүргээ биелүүлээгүй, байгууллагатай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.1.5-д зааснаар актаар баталгаажуулах, өөрөө хариуцан барагдуулах үүргээ биелүүлээгүй 2017 оны 10 сард авах байсан авлагыг 2018 оны 3 сард авсан. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь “М” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шаардах эрхтэй бөгөөд ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөнийг зөвшөөрөхгүй, зөрчил дутагдал арилсан байхад сахилгын арга хэмжээ авч хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэгч Б.Ныг “М” ХК-ийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлстийн ачаа, шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох дараах үндэслэл байна гэж дүгнэлээ.
“М” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах тухай” №Б/477 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дүрмийн 8.8.11, Хөдөлмөрийн гэрээний 9.4.1, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1в, Санхүүгийн дотоод хяналтын аудиторын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зөвлөмжийг тус тус үндэслэн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн ачаа, шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогч Б.Н нь БНЧУ-ын “Travel Service A.S” компанитай байгуулсан гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сард үйлдэгдсэн 15 хоногийн нислэгийн төлбөрийг дутуу тооцоолж, цаг тухайд нь нэхэмжилж аваагүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, анхан шатны баримтын бүрдэлгүй өглөгийн ваучер бичсэн зэрэг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил, үүргээ биелүүлээгүйгээс мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдах нөхцөл боломжийг удаа дараа бий болгосон, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 10-р хуудас/
Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тухай 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/477 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч Б.Н нь “М” ХК-нд санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн ачаа, шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчоор 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №Б/159 дүгээр гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, “М” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №Б/159 тоот тушаал, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05/53 тоот хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 12, 25-30, 40-43, 44-46, 120-126-р хуудас/
Зохигч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05/53 тоот хөдөлмөрийн гэрээний хувьд маргаагүй.
Нэхэмжлэгч нь нойтон түрээсийн гэрээний дагуу тооцооллын алдаа гарсныг 2018 оны 3 дугаар сарын 12-нд аудитын дүгнэлтээр илрүүлж, алдаагаа залруулан төлбөрийг нэхэмжлэн авсан, тооцооллын алдааг мэдээгүй байсан учир авлага байхгүй гэж барьцаа буцаасан, зөрчил арилсан байхад санхүүгийн данс бүртгэл будлиантуулсан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан гэж сахилгын арга хэмжээ авч ажлаас халсан нь үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, хариуцсан ажилдаа хайнга хандаж байгууллагад 2017 оны 10 сард шилжин орох байсан мөнгийг 2018 оны 3 сард нэхэмжлэн авсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасан өр төлбөрийг өөрөө хариуцан барагдуулах үүргээ биелүүлээгүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, барьцаа хөрөнгө буцааж хөдөлмөрийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдах нөхцөл боломжийг удаа дараа бий болгосон ноцтой зөрчил гаргасан тул сахилгын арга хэмжээ авагдсан нь үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3-д “ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж тус тус заажээ.
Хариуцагч “М” ХК нь ажил олгогчийн санаачилгаар Б.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу БНЧУ-ын “Travel Service A.S” компанитай байгуулсан гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сард үйлдэгдсэн 15 хоногийн нислэгийн төлбөрийг дутуу тооцоолж, цаг тухайд нь нэхэмжилж аваагүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, анхан шатны баримтын бүрдэлгүй өглөгийн ваучер бичсэн зэрэг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил, үүргээ биелүүлээгүйгээс мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдах нөхцөл боломжийг удаа дараа бий болгосон зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн гэрээний 9.4.1-д “санхүүгийн данс бүртгэл будилантуулсан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах эсхүл тийм нөхцөл боломжийг бий болгосон, түүнд халдах оролдлого гаргахад тусласан, төлбөр тооцооны баримтад байгууллагыг төлөөлөн гарын үсэг зурсан, гүйлгээ хийсэн, холбогдох баримтыг бүрдүүлж архивт хүлээлгэн өгөөгүй”, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн буюу Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1в-д “хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, дотоод дүрэм, журам, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй буюу эс биелүүлсэн” гэж хөдөлмөрийн гэрээг цуцласан гэжээ.
Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчил дутагдал нь Санхүүгийн дотоод хяналтын аудиторын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №08 тоот “Travel Service A.S”-тай байгуулсан гэрээний төлбөр тооцоог шалгасан тухай“ зөвлөмжөөр нотлогдоно. Уг зөвлөмжийн илэрсэн зөрчил, дутагдалд “...1.2017 оны 9 дүгээр сарын сүүлийн 15 хоногийн нислэгийн 165.787/ВН/ блок цагийн 389 600 ам.доллар, 83,33 /ВН/ илүү цагийн 129 147 ам.долларыг дутуу тооцоолж төлбөрийг нэхэмжилж аваагүй.
2.Мөн үндсэн гэрээний 9.4-т түрээсийн гэрээний хугацаанд түрээслүүлэгчид банкны баталгаа болон бэлэн мөнгө хэлбэрийн барьцаа бах ба түрээсийн хугацаа дуусаж гэрээний дагуу бүх заалт хэрэгжсэн мөн бүх төлбөр төлөгдсөний дараа барьцааг буцаана. гэж заасныг зөрчиж, гэрээний үүргийн биелэлт бүрэн хангагдаагүй.
3.Гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй,
4.Талууд хооронд өглөг авлагын тооцоо нийлсэн актыг үйлдэж, баталгаажуулж баримтжуулаагүй
5.Нягтлан бодогч Б.Н нь анхан шатны баримтын бүрдэлгүй 2017 оны 11 дүгээр сарын 28-нд өглөгийн ваучерийг бичсэн, шат шатны удирдлагууд нь шалгаж, зөвшөөрч барьцаа төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 122 410 ам.долларын гүйлгээг хийсэн ноцтой зөрчил дутагдал гаргажээ.
Иймд 1.нягтлан бодогч Б.Н нь ажилтны ёс зүйн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт ажилдаа хайнга хандаж, удаа дараа зөрчил дутагдал гаргаж ажилдаа эзний ёсоор хандаагүй, аудит шалгалт явуулахад саад учруулдаг заасан цаг хугацаанд баримт материалыг гаргаж ирүүлдэггүй, урьд өгсөн зөвлөмж хэрэгжүүлж ажиллаагүй байна. /2017 оны 11 дүгээр сарын 29-нд 21 тоот зөвлөмж өгөгдөж байсан/ гэж дурдагдсан, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлстийн ачаа, шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын 14, 16, 18, 38-д заагдсан үүргээ гүйцэтгээгүй, өмнө нь зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байсан боловч дахин зөрчил гаргасан гэж тайлбарласан. /хэргийн 23-24, 14-19-р хуудас/
Хэрэгт авагдсан Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлстийн ачаа, шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын Дөрөвт заасан гүйцэтгэх ажлын 14-д “нойтон түрээсийн орлогыг тооцон нэхэмжлэх, гэрээнд заасан хугацаагаар”, 16-д “авлагын тооцоо нийлж үлдэгдлийг баталгаажуулах /харилцагч бүрээр/, улиралд”, 18-д “орлого цуглуулж, авлага барагдуулах ажлыг тухай бүр хийх, тухай бүр”, 38-д “харилцагч байгууллагуудад мэдээ, тайлан авлага өглөгтэй холбоотой удирдамж, албан тоот боловсруулж хүргүүлэх, тухай бүр” гэж тус тус заасан байна. /хэргийн 14-19-р хуудас/
Нэхэмжлэгч нь ажил үүргийн хуваарийн дагуу буюу ажлын байрны тодорхойлолтод зааснаар нойтон түрээсийн орлогыг тооцон нэхэмжлэх асуудлыг хариуцан ажиллаж байсан талаараа маргаагүй бөгөөд нойтон түрээсийн гэрээний дагуу төлбөр тооцоогоо шууд төлж байх хуваарьтай байсан, гэрээний хугацаа дууссаны дараа тооцоо нийлсэн актыг үйлдсэн, уг актыг үндэслэн өглөгийн ваучерийг үүсгэсэн, энэ нь шат дараалан баталгаажуулснаар гүйлгээнд орж, данснаас зарлага гардаг, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан, тооцооллын алдаа гарсан гэдгийг бүгд мэдээгүй, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Хүлэгт хүннү” аудитын дүгнэлтээр мэдсэн гэж мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан түрээслүүлэгч Монголын Иргэний Агаарын тээврийн М компани болон түрээслэгч Травел Сервис компаниудын хооронд байгуулсан 1 ш Боинг 737-800 агаарын хөлгийн нойтон түрээсийн №17/022 тоот гэрээний 14.13-д “хэрэв энэхүү гэрээний холбогдох заалтуудын дагуу Түрээслүүлэгчид аливаа зардал гарсан бол Түрээслүүлэгчийн худалдан авах захиалга зэрэг шаардлага хангасан бичиг баримтуудыг хавсаргасны үндсэн дээр захиалгын хуудас гаргаснаас хойш 30 хоногийн дотор Түрээслэгчээс нэхэмжилж тооцоог хийнэ” гэж заасныг нэхэмжлэгч нь зөрчиж, 2017 оны 9 дүгээр сард үйлдэгдсэн 15 хоногийн нислэгийн төлбөрийг дутуу тооцоолж, цаг тухайд нь нэхэмжилж аваагүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй гэсэн боловч гэрээний 6.3-д “тогтоосон түрээсийн төлбөрийг хоёр тэнцүү хуваан 389 600 ам.доллараар тухайн сарын эхний хагасын /1-15-ны/ төлбөрийг өмнөх сарын 15-нд, 16-31-ний түрээсийн төлбөрийг тухайн сарын 1-ний өдөр тус тус төлнө. ...Аливаа эргэлзээ төрүүлэхээс зайлсхийн агаарын хөлөг тус бүрийн сар тутмын түрээсийн төлбөрийн хуваарийг дор харууллаа” гэж төлбөр төлөх хуваарийг харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчийг уг гэрээг дүгнэсэн актыг үйлдэх эрхтэй этгээд гэдэг нь гэрээнд тусгагдаагүй байна. /хэргийн 90-98-р хуудас/
Мөн уг гэрээний дагуу БНЧУ-ын “Travel Service A.S” компанитай байгуулсан гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сард үйлдэгдсэн 15 хоногийн нислэгийн төлбөрийг дутуу тооцоолж, цаг тухайд нь нэхэмжилж аваагүй тооцооллын алдаа гаргасан гэдэг нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Хүлэгт хүннү” аудитын дүгнэлтээр тогтоогдсон болох нь хэрэгт авагдсан дансны авлагын баталгаа, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Санхүүгийн дотоод хяналтын аудиторын зөвлөмж, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 114, 23-24-р хуудас/
Хэрэгт авагдсан Травел сервис компанид хүргүүлсэн хариуцагч “М” ХК-ийн дансны авлагын баталгаанд “М” ХК-с гаргасан нэхэмжлэлийн дагуу Травел сервистэй 2018 оны 3 дугаар сарын 12-ны байдлаар 552 143,50 ам.долларын тооцоон дээр тохиролцсон” гэсэн байх бөгөөд “М” ХК-ийн санхүү бүртгэлийн хэлтсийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 18/44 тоот албан бичигт “2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499024749 тоот дансанд 522 143,50 ам.доллар “Travel Service A.S” компаниас орж ирсэн болно” гэсэн байх бөгөөд Худалдаа хөгжлийн банкны харилцагчийн дансны хуулгаар уг мөнгө орлогоор “М” ХК-ний дансанд орсон болох нь нотлогдож байна. /хэргийн 99-100-р хуудас/
Монголын Иргэний Агаарын тээврийн М компани болон түрээслэгч Травел Сервис компаниудын хооронд байгуулсан 1 ш Боинг 737-800 агаарын хөлгийн нойтон түрээсийн №17/022 тоот гэрээг 2017 оны 10 дүгээр сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаагаар байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийг анхан шатны баримтын бүрдэлгүй 2017 оны 11 дүгээр сарын 28-нд өглөгийн ваучерийг бичсэн гэсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан тул барьцаа төлбөрийг олгосон нь ганц нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэж дүгнэх боломжгүй, тооцоолын алдаа гарсан болохыг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн аудитын дүгнэлтээр мэдсэн, Санхүүгийн дотоод хяналтын аудиторын зөвлөмжид “...шат шатны удирдлагууд нь шалгаж, зөвшөөрч барьцаа төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 122 410 ам.долларын гүйлгээг хийсэн ноцтой зөрчил дутагдал гаргажээ” гэж дүгнэсэн байна. /хэргийн 23-р хуудас/
Иймд нэхэмжлэгчийг БНЧУ-ын “Travel Service A.S” компанитай байгуулсан 1 ш Боинг 737-800 агаарын хөлгийн нойтон түрээсийн №17/022 тоот гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сард үйлдэгдсэн 15 хоногийн нислэгийн төлбөрийг дутуу тооцоолж, цаг тухайд нь нэхэмжилж аваагүй гэсэн боловч гэрээнд түрээсийн төлбөрийн хуваарийг харилцан тохиролцсон, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй гэсэн боловч нэхэмжлэгч нь нойтон түрээсийн гэрээг дүгнэх талаар гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй байна.
Хариуцагчаас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05/53 тоот Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.1.5-д “санхүүгийн тайлангийн хугацаанд авлага, өглөгийн тооцоог харилцагч байгуулллагуудтай тухай бүр хийж актаар баталгаажуулах, өр төлбөрийг тухай бүр өөрөө хариуцан барагдуулах. Өр төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд төлбөрийг барагдуулах хүртэл ажлаа зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн тухайн сарын цалин хөлсийг ажил олгогч олгохгүй байх” гэснийг зөрчиж, өр төлбөрийг өөрөө хариуцан барагдуулаагүй гэсэн боловч 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499024749 тоот дансанд 522 143,50 ам.доллар “Travel Service A.S” компаниас орж иржээ.
Иймд нэхэмжлэгчийг нь хөдөлмөрийн гэрээний 9.4.1-д заасан мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах эсхүл тийм нөхцөл боломжийг бий болгосон ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдсан гэж үзэх боломжгүй, дутуу нэхэмжилсэн төлбөр нь буцаан төлөгдсөн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй болно.
Хариуцагчаас удаа дараа зөрчил гаргасан нь дотоод хяналтын аудиторын зөвлөмжөөр тогтоогдоно гэсэн боловч хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний №21 тоот Санхүүгийн дотоод хяналтын аудиторын зөвлөмжид “...ачаа шуудан, агентын борлуулалтын нягтлан бодогч Б.Н нь авлагын талаарх мэдээллийг удирдах албан тушаалтнуудад танилцуулаагүй, хариуцсан ажилдаа хайнга хандаж ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байх тул холбогдох хууль, дүрэм, журмын дагуу Б.Нд захиргааны арга хэмжээ тооцох нь зүйтэй гэж үзэв” гэсэн байна. Гэвч уг зөвлөмжийн дагуу нэхэмжлэгч Б.Нд ямар нэгэн сахилгын арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. /хэргийн 87-93-р хуудас/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь зөрчил гарсаны дараа, уг зөрчил арилсан байхад сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж маргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийг тооцооллын алдаа гаргаж 2017 оны 9 сард нислэг дутуу тооцоолж цаг тухайд нь нэхэмжилж аваагүй гэх зөрчлийг 2018 оны 3 сард “Хүлэгт хүннү” аудитын дүгнэлтээр илрүүлсэн гэж Санхүүгийн дотоод хяналтын аудиторын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №08 тоот “Travel Service A.S”-тай байгуулсан гэрээний төлбөр тооцоог шалгасан тухай“ зөвлөмжид дурдсан, 2018 оны 3 сарын 22-нд дутуу тооцоолсон төлбөр нь хариуцагчийн дансанд шилжин орсон байхад 3 сарын дараа буюу 2018 оны 6 сард уг зөрчилд нь арга хэмжээ авч, нэхэмжлэгчийг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Ныг “М” ХК-ийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлстийн ачаа, шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинг гаргуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын №0514736 тоот дэвтрийн бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 2 115 941 төгрөг /1 895 985+2 234 821+ 2 217 017=6 347 823:3=2 115 941 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны 4 сар 2 хоногийн цалин нийт 8 656 122 төгрөгийг /2 115 941х 4сар=8 463 764 төгрөг, 2 115 941:22 хоног=96 179 төгрөг, 2 хоног х 96 179 төгрөг=192 358 төгрөг, 8 463 764+192 358=8 656 122 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Иймд хариуцагч “М” ХК-нд нэхэмжлэгч Б.Нын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Абшигад овогт Б Н “М” ХК-ийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлстийн ачаа, шуудангийн агентын борлуулалтын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “М” ХК-иас нэхэмжлэгч Б.Нын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 656 122 /найман сая зургаан зуун тавин зургаан мянга нэг зуун хорин хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нд олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Б.Нын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “М” ХК-нд даалгасугай.
4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “М” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 153 447 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН