Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/292

 

             

 

 

 

               2022/ШЦТ/292

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Т.Л  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Тгийн Лд холбогдох эрүүгийн 2212000000127 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн ............. газар оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих, тус шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Архангай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Тгийн Л/РД:АИ......../

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

 

  Шүүгдэгч Тгийн Л нь Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Улаан хужир хороолол гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Ж.Гын хонгор алаг зүсмийн 1 тооны морийг хулгайлж, хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Шүүгдэгч Т.Лгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

           “...Би тухайн үед морь уяж байсан. Хээр хоноод өглөө сэрэхэд миний морь байхгүй байсан. Тэгээд хохирогчийн морийг унаж өөрийнхөө морины араас явсан. Би маргааш өдөр нь 50.000 төгрөг  1 шил архитай авч очиж уучлалт гуйсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

           * Эрүүгийн 2212000000127 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Ж.Гын өгсөн:

“...Би 2020 оны 07 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багаас 1 тооны хонгор алаг морио алдсан. Манай алдсан хонгор алаг зүсмийн морь нь эм, тамга байхгүй морь байгаа юм. Миний алдсан хонгор алаг морь алдах үедээ 27 настай байсан. Манай хонгор алаг морийг Хотонт сумын Хотонт багаас Т.Л гэх хүн, хулгай хийж унаад Батцэнгэл сум руу явж байхад нь манай эхнэр Д.М, хүү Г.Б нар араас нь мотоциклтой явж авч ирсэн. Би тухайн үеийн ханшаар 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би хонгор алаг морио 2021 оны намар идшиндээ хэрэглэсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/

 

                     *Гэрч Д.Мгийн өгсөн:

“...Манайх 2020 оны 07 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 1 тооны хонгор алаг морио бэлчээрээс нь алдсан 2020 оны 07 дугаар сарын 09-ний өглөө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр баг Ханхар гэх газар оршин суух Э.Т нь миний 99529264 дугаарын утас руу залгаад Г ахын хонгор алан морийг танихгүй хүн унасан явна та морио байгаа эсэхийг үзээдэх гээд морио хайгаад олоогүй. Тэгээд би буцаагаад Э.Тын 94805034 дугаарын утсаар залгаад манай морь байхгүй байна. Наад хүнээ хашаа явж байна харж байгаарай гэж хэлээд сумын төвөөс хүү Г.Бгийн хамт мотоциклтой Тын гэрт очоод хүү Г.Бг Тын дүү Бөөгийгийн хамт мотоциклтой араас нь явуулаад гүйцэж очоод морио авах гэтэл манай хүү Г.Бг Т.Л нь ах нь араас чинь морийг чинь авч ирээд өгье гээд манай хүүд худал хэлээд цаашаа яваад өгсөн байсанг би өөрөө М.Бы машинтай хүү Г.Батцэнгэлийн хамт гурвуулаа араас нь хөөгөөд Батцэнгэл сумын урд тамирын голын урд хэсэгт гүйцэж очоод морио аваад Т.Л тэнд орхиод ирсэн. Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багаас Т.Л гэх хүн хулгай хийгээд аваад явсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 76 дугаар тал/

 

*Гэрч Г.Бгийн өгсөн:

“...Манайх 2020 оны 07 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 1 тооны хонгор алаг морио бэлчээрээс нь алдсан. 2020 оны 07 дугаар сарын 09-ний өглөө Архангай аймгийн Хотонт сумын хөөвөр баг Ханхар гэх газар оршин суух Э.Т нь манай ээжийн утас руу залгаад манай хонгор алаг морийг танихгүй хүн унасан явна, та морио байгаа эсэхийг үзээдэх гээд морио хайгаад олоогүй. Тэгээд би ээж Д.Мгийн хамт Хөөвөр багийн Ханхар гэх газар манай ээжийн дүү болох Цогт ахынд очоод Цогт ахын хүү Бөөгийгийн хамт Мотоциклтой морь унаад явж байсан гэх хүний араас нь хөөгөөд очиход манай хонгор алаг зүсмийн морь мөн байсан. Тэгээд хээр явган орхиод яахав гэж бодоод араас морь авч ирж өг гээд түрүүлээд явахад морь хулгай хийж унаж явсан гэх Т.Л нь морь авч ирж өгөлгүй Батцэнгэл сумын зүг явж байхад нь араас нь Цогт ахын эхнэр Б эгчийн хамт ээж бид хоёр машинтай хөөгөөд Батцэнгэл сумын урд тамирын голын урдаас барьж аваад морио аваад ирсэн. Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багаас Т.Л гэх хүн хулгай хийгээд унаад Батцэнгэл сумын үүд гэх газар явж байхад нь очиж морио авсан...гэх  мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/

 

*Гэрч М.Бы өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын эхээр манай хүү Т адуунд яваад ирэхдээ Ж.Г охин хонгор алаг морийг танихгүй хүн унасан явж байна гэж яриад би Ж.Гын эхнэр Д.М рүү утсаар яриад танайд хонгор алаг морь байна уу, энд танай хонгор алаг морийг танихгүй хүн унасан явж байна гэж яриад М хүү Бгийн хамт мотоциклтой ирээд манай хүү Э.Түвшин хамт Г.Б араас нь очиж морио явах гэтэл би дараа морийг чинь авч ирж өгье гээд хэлэхэд нь Э.Т, Г.Б нар гэртээ ирээд хүлээгээд ирээгүй болохоор нь би М, Г.Б нарын хамт араас нь миний машинтай яваад хайгаад олоогүй явж байгаад Батцэнгэл сумын нутаг тамирын голын урдаас гүйцэж очоод морио авахад танихгүй бор залуу байсан. Сүүлд нэрийг сонсоход төвшрүүлэх сумын харьяат Л гэж нэрийг сонссон. Батцэнгэл сумын Тамирын голын урдаас очиж морио авсан. Т.Л гэх залуу юу ч ярихгүй морийг нь өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36 дугаар тал/

 

*Гэрч Э.Тгийн өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай төрсөн ах Э.Т ирээд Ж.Г ахын хонгор алаг морийг танихгүй залуу унаад явж байна одоо Жаргаа гэх айлд очно гэж ярьж байсан. Чи очоод хонгор адаг морийг нь үзээдэх гээд би жаргаагийнд очиход Жаргаа нэг танихгүй залуутай хаяандаа сууж байсан. Тэгээд би танихгүй бор залууд сүүлд нэрийг сонсоход Г.Л гэж байсан. Ж.Г ахын морь мөн байна хэн унаж явна гэж асуухад Г.Л нь энэ хонгор алаг морь миний морь байгаа юм гэж хэлээд уяатай алхаагаар нь би яваад өгөх байх гэж бодоод биш байна гэж хэлээд яваад гэртээ очиход М эгч хүү Бгийн хамт ирсэн байсан. Тэгээд би Г.Бг аваад Жаргаа гэх айлд очиход байгаагүй. Араас нь хөөгөөд дэлийн арын баргиад гэх газар гүйцэж очоод Г.Б манай морь байна буу гээд морио авах гэтэл ахыгаа уучлаарай ах нь айлын хашаанд ороод ирэхээр нь барьж яваад унаад явчихсан юм. Айлаас морь олоод чиний морийг аваачаад өгье гэж хэлэхэд нь Г.Б бид хоёр хурдан аваачиж өгөөрэй гэж хэлээд гэртээ ирээд хүлээгээд ирэхгүй болохоор нь манай ээж М.Б, Д.М эгч Г.Б гурав манай машинтай араас нь явж морио авч ирсэн. Нэг танихгүй залуу байсан, Д.М эгч ярихдаа Төвшрүүлэх сумын харъяат Т.Л гэдэг гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-41 дүгээр тал/

 

*Гэрч Э.Тын өгсөн:

“...Би 2020 оны 07 дугаар сарын эхээр санагдаж байна. Өглөө адуундаа явж байхад Ар Хотонт сумын Хөөвөр багийн төвөөс Ж.Г ахын хонгор алаг морийг унасан Г.Л нь явж байсан. Уулзахад Баян Ганбаа гэж айлд очно гэж ярьж байсан. Тэгээд би ээжийн утсаар Д.М эгч хүү Г.Бгийн хамт ирээд морио авч явсан. Т.Л нь юу ч яриагүй. Би тухайн үед Ж.Г ахын морьтой адилхан морь байна гэж харж байсан. Тэгээд утсаар яриад хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-45 дугаар тал/

 

*Гэрч Г.Эрдэнэчулууны өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын 09-ний өглөө манай том хүү Э.Т адуунд явж байгаад Ж.Г ахын хонгор алаг морийг Т.Л унаад явж байна гээд Ж.Гын энхэр рүү манай эхнэр М.Б утсаар яриад Ж.Г ахын эхнэр Д.М эгч хүүгийнхээ хамт ирээд Т.Лгийн араас манай эхнэр М.Бы хамт араас нь явж морио авсан гэж ярьж байсан. Би тухайн үед өвөлжөөн дээрээ байр барьж байсан. Намайг нутгийн хүмүүс Цогт гэж дууддаг. Жинхэнэ нэрийг Эрдэнэчулуун гэдэг. Бөөгий гэж манай бага хүү Э.Тг хэлдэг, бид нар хочилж дууддаг. Жаргаа гэж Тыг нутгийн хүмүүс Жаргаа гэж дууддаг...”гэх мэдүүлэг/хх-ийн 144-146 дугаар тал/

 

*Гэрч Ү.Бын өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын 09-нд манайх зусландаа байхад Т.Л өглөөгүүр манайд хонгор алаг зүсмийн морьтой ирсэн. Манайд ирээд байж байтал Цогтын бага хүү Э.Т ирээд Т.Лтай уулзаад таны унаж яваа хонгор алаг морь манай ах Ж.Гын морь байна гэж хэлэхэд Т.Л нь бишээ аль адилхан морь байхыг тэр гэдгийн энэ хонгор алаг морь миний морь гээд хоорондоо маргалдаж байгаад Э.Т гэр рүүгээ яваад Т.Л нь манай гэрээс хойд зүг рүү явсан. Манайд ажлаар ирээгүй Т.Л Хотонт сумаас Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багт байх дүүгийндээ очих гэж яваа гэж ярьж байсан. Манайд орж ирж цай уусан. Хэний морийг унаж яваа талаараа надад юм яриагүй Э.Ттай миний морь байгаа юм гэж маргалдаж байгаад явсан. Т.Лгийн унаж яваа морь хонгор алаг зүсмийн морь байсан ямар им тамгатай морь байсныг би анзаараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 149-151 дүгээр тал/

 

*Яллагдагч Т.Лгийн өгсөн:

“...Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, хохирогчтой би ямар нэгэн хохирлын маргаан байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-54 дүгээр тал/

 

*Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн АЦ22-30 дугаартай“...1 тооны хонгор алаг зүсмийн нас нийлсэн морины үнэлгээг 2022 оны 07 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 1.000.000/нэг сая/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт/хх-ийн 21-23 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Т.Лд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 07 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Улаан хужир хороолол гэх газраас иргэн Ж.Гын хонгор алаг зүсмийн 1 тооны морь хулгайд алдагдаж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.Л үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Гын“...Би 2020 оны 07 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багаас 1 тооны хонгор алаг морио алдсан. Манай алдсан хонгор алаг зүсмийн морь нь эм, тамга байхгүй морь байгаа юм. Миний алдсан хонгор алаг морь алдах үедээ 27 настай байсан. Манай хонгор алаг морийг Хотонт сумын Хотонт багаас Т.Л гэх хүн, хулгай хийж унаад Батцэнгэл сум руу явж байхад нь манай эхнэр Д.М, хүү Г.Б нар араас нь мотоциклтой явж авч ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Мгийн“...Тэгээд би буцаагаад Э.Тын 94805034 дугаарын утсаар залгаад манай морь байхгүй байна. Наад хүнээ хашаа явж байна харж байгаарай гэж хэлээд сумын төвөөс хүү Г.Бгийн хамт мотоциклтой Тын гэрт очоод хүү Г.Бг Тын дүү Бөөгийгийн хамт мотоциклтой араас нь явуулаад гүйцэж очоод морио авах гэтэл манай хүү Г.Бг Т.Л нь ах нь араас чинь морийг чинь авч ирээд өгье гээд манай хүүд худал хэлээд цаашаа яваад өгсөн байсанг би өөрөө М.Бы машинтай хүү Г.Батцэнгэлийн хамт гурвуулаа араас нь хөөгөөд Батцэнгэл сумын урд тамирын голын урд хэсэгт гүйцэж очоод морио аваад Т.Л тэнд орхиод ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бгийн”...Тэгээд би ээж Д.Мгийн хамт Хөөвөр багийн Ханхар гэх газар манай ээжийн дүү болох Цогт ахынд очоод Цогт ахын хүү Бөөгийгийн хамт Мотоциклтой морь унаад явж байсан гэх хүний араас нь хөөгөөд очиход манай хонгор алаг зүсмийн морь мөн байсан. Тэгээд хээр явган орхиод яахав гэж бодоод араас морь авч ирж өг гээд түрүүлээд явахад морь хулгай хийж унаж явсан гэх Т.Л нь морь авч ирж өгөлгүй Батцэнгэл сумын зүг явж байхад нь араас нь Цогт ахын эхнэр Б эгчийн хамт ээж бид хоёр машинтай хөөгөөд Батцэнгэл сумын урд тамирын голын урдаас барьж аваад морио аваад ирсэн. Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багаас Т.Л гэх хүн хулгай хийгээд унаад Батцэнгэл сумын үүд гэх газар явж байхад нь очиж морио авсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Бы”...Батцэнгэл сумын нутаг тамирын голын урдаас гүйцэж очоод морио авахад танихгүй бор залуу байсан. Сүүлд нэрийг сонсоход төвшрүүлэх сумын харьяат Л гэж нэрийг сонссон...” гэх мэдүүлэг, Э.Тгийн”...Ж.Г ахын морь мөн байна хэн унаж явна гэж асуухад Г.Л нь энэ хонгор алаг морь миний морь байгаа юм гэж хэлээд уяатай алхаагаар нь би яваад өгөх байх гэж бодоод биш байна гэж хэлээд яваад гэртээ очиход М эгч хүү Бгийн хамт ирсэн байсан.. Айлаас морь олоод чиний морийг аваачаад өгье гэж хэлэхэд нь Г.Б бид хоёр хурдан аваачиж өгөөрэй гэж хэлээд гэртээ ирээд хүлээгээд ирэхгүй болохоор нь манай ээж М.Б, Д.М эгч Г.Б гурав манай машинтай араас нь явж морио авч ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Тын”...Би 2020 оны 07 дугаар сарын эхээр санагдаж байна. Өглөө адуундаа явж байхад Ар Хотонт сумын Хөөвөр багийн төвөөс Ж.Г ахын хонгор алаг морийг унасан Г.Л нь явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Эрдэнэчулууны”...2020 оны 07 дугаар сарын 09-ний өглөө манай том хүү Э.Т адуунд явж байгаад Ж.Г ахын хонгор алаг морийг Т.Л унаад явж байна гээд Ж.Гын энхэр рүү манай эхнэр М.Б утсаар яриад Ж.Г ахын эхнэр Д.М эгч хүүгийнхээ хамт ирээд Т.Лгийн араас манай эхнэр М.Бы хамт араас нь явж морио авсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ү.Бын”...2020 оны 07 дугаар сарын 09-нд манайх зусландаа байхад Т.Л өглөөгүүр манайд хонгор алаг зүсмийн морьтой ирсэн. Манайд ирээд байж байтал Цогтын бага хүү Э.Т ирээд Т.Лтай уулзаад таны унаж яваа хонгор алаг морь манай ах Ж.Гын морь байна гэж хэлэхэд Т.Л нь бишээ аль адилхан морь байхыг тэр гэдгийн энэ хонгор алаг морь миний морь гээд хоорондоо маргалдаж байгаад Э.Т гэр рүүгээ яваад Т.Л нь манай гэрээс хойд зүг рүү явсан...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн АЦ22-30 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Лгийн бусдын нэг тооны морийг хулгайлсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

           Иймд шүүхээс шүүгдэгч Т.Лг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Гад 1.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн АЦ22-30 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Ж.Г нь хулгайд алдсан 1 тооны хонгор алаг морио буцаан авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Т.Лд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, хохирол төлбөрийг төлж барагдуулсанг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж түүнд нэг жилийн хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Л нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих  ял шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольсон байх бөгөөд уг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа зөрчил гаргаж тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялын үлдсэн хугацаа болох 8 сар 19 хоногийг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Т.Лг ял эдэлж буй хорих ангиас шилжүүлэн цагдан хорьсон ба өмнөх захирамжаар оногдуулсан ялаас 03 сар 04  хоногийн хорих ял эдлээгүй талаар 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр тооцон ялын тооцоог Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас  гаргаж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан тул шүүгдэгч Т.Лгийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 сар 19 арван ес хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 04 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Лгийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 42/дөчин хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан, шүүгдэгч Т.Лд 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар дүйцүүлэн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байх тул түүнд  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг дахин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах  боломжгүй юм.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Боржигон овогт Тгийн Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

             2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснын журамлан шүүгдэгч Т.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 8/найм/ сар 19/арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 03/гурав/ сар 04/дөрөв/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1/нэг/ жил 03/гурав/ сар 04/дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

          

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд оногдуулсан 1/нэг/ жил 03/гурав/ сар 04/дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лгийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 42/дөчин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

           6. Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР