Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/228

 

                                       

 

                       

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Нарантуяа

Улсын яллагч Т.Өсөхболд,

Хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг

Шүүгдэгч Э.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******эд холбогдох эрүүгийн 2236000000234 дугаартай, 178/2022/0222/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 21-4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт *******ийн *******, регистрийн дугаар: ПЮ*******

 

                   Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 55-32 ХОЕ улсын дугаартай Probox маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан Д.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн 2022 оны 09 дүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт Д.*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Хэрэгт мэдүүлэг өгсөн байгаа. Одоо мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.

Хохирогч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт:...Улаанбаатар хотод очиж хагалгаанд орсон, 9 сарын дараа хадаасаа авхуул гэсэн. Одоо шүдээ хийлгэж авмаар байна.Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 2-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 3-9-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 10-16-р хуудас/

Согтолт тодорхойлсон...0.50 хувьтай...гэх тэмдэглэл / хэргийн 74-р хуудас/

Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2022 оны 09 дүгээр сарын 06-ны орой Э.******* бид хоёр бааранд ороод 2 пиво аваад ууж байгаад 2 эмэгтэйтэй танилцсан. Баар хаагаад бид 4 гадагш гарч дэлгүүрээс 2.5 литрийн 2 ширхэг Сэнгүр пиво аваад Модон овоо руу очиж ууж байгаад тэр хоёр эмэгтэй хүйтэн байна гэхээр нь буцаж аймгийн төв рүү орж ирээд Вэйл нэртэй буудалд өрөө авч ороод үргэлжлүүлж уусан. Шөнө 04 цагийн үед тэр хоёр эмэгтэй харилаа гээд гарахаар нь би хүргэж өгөх гээд гарсан.Удалгүй Э.******* араас машинтайгаа ирээд нэг эмэгтэйг нь машинд суучих “хүргээд өгье” гэхэд суухгүй болохоор нь хүчээр суулгасан, нөгөө эмэгтэй нь харилаа гээд явчихсан.Гол руу явж байхдаа Э.******* их хурдтай явж байсан. Их гүүр гараад машин дайвалзах шиг болоод замын хажуу тал руу гарчихсан. Бид гурав машинаас буугаад ирэхэд Э.*******ийн хамар амнаас цус гарчихсан, ард сууж явсан эмэгтэй “мөр өвдөөд байна” гээд мөрөө бариад байсан.Тэр эмэгтэй нөгөө найз эмэгтэй рүүгээ залгаад ярьж байснаа “цагдаад мэдэгдэнэ” гэхэд Э.******* утсыг нь булааж аваад хоорондоо маргаж байсан...Би зам руу гарч цагдаагийн газарт дуудлага өгсөн...”гэх мэдүүлэг / хэргийн 22-23-р хуудас/

Гэрч Б.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...шөнө 01 цаг өнгөрөөд Д.******* бид хоёр буудлаас гараад Номингийн тэнд алхаж байтал нэг залуу нь араас ирээд хүргээд өгье гээд бид гурав алхаад 6 дугаар сургуулийн тэнд явж байтал нөгөө үлдсэн залуу нь машинтайгаа араас ирээд намайг суучих хүргээд өгье гэхээр нь би “ манай гэр ойрхон байгаа, би алхаад харьчихна” гээд зугтаад гэр лүүгээ явсан. Гэртээ ирчихээд Д.*******гийн утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан.Хэд хэдэн удаа залгахад нэг эрэгтэй хүн аваад “танай найзыг чинь гэрийнх нь гадаа аваад ирчихсэн байна, та хаана байна” гэхээр нь “би гэртээ байна” гэж хэлэхэд “ таны хаана байгааг мэдэж байна, та цагдаа дээр байгаа” гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш өглөө нь цагдаагаас яриад надад болсон явдлыг хэлсэн..”. гэх мэдүүлэг / хэргийн 25-26-р хуудас/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хэргийн 28-29-р хуудас/

Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн /Э.*******/ лавлагаа мэдээлэл / хэргийн 30-р хуудас/

Мөрдөгчийн магадлагаа / хэргийн 31-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 732 дугаартай...Э.*******ийн биед дээд уруулын дотор дунд хэсгийн шарх, 2 нүдний алимны доод хэсгийн цус хуралт, дээд уруулын дотор дунд хэсгийн цус хуралт, дээд уруулын гадна дунд хэсгийн зулгаралт, хамар дээд уруул, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 34-35-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 731 дугаартай...Б.*******гийн биед баруун шилбэний урд дунд хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 38-39-р хуудас/

 

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 734 дугаартай...Д.*******гийн биед эрүү ясны ооч хэсэгт зөрөөтэй далд хугарал, доод эгнээний 31,32-р шүдний булгарч уналт, 42-р шүдний сулрал, буйланд шарх,зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга ясны толгой хэсэгт сэлтэрсэн далд хугарал,зөөлөн эдийн няцрал, баруун хацар,шанаа,зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал, зүүн эгэм, баруун бугалга, баруун бөөр, ташаа, хэвлийн баруун,зүүн гуя,умдаг хэсэгт тус бүр цус хуралт,зөөлөн эдийн няцрал, зүүн чих, зүүн дал, нуруунд тус бүр зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  / хэргийн 43-45-р хуудас/

Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...тээврийн хэрэгсэлтэй залуу нь бид гурвын араас хүрч ирээд манай найзыг хүргээд өгье гэхэд манай найз зугтаад явсан. Би нөгөө залуутай хамт гэр лүүгээ алхаж байтал тээврийн хэрэгсэлтэй залуу бид хоёрын хажууд ирээд намайг хүчээр машиндаа суулгаж аваад явсан. Замдаа тэр залуу “та хоёрыг алаад хаячихъя“ гээд байсан.Машин маш хурдтай явж байсан. Нэг ухаан ороход машин замаас гараад зогсчихсон байсан.Жолооч залуу намайг машинаас татаж буулгаад “ална” гэж хэлээд гар хөлөөрөө миний толгой бие хэсэг рүү цохиж байсныг санаж байна.Хэсэг хугацааны дараа ухаан ороход миний хажууд намайг хүргэж өгөхөөр явж байсан залуу байж байхаар нь “би үхэх гээд байна, цагдаад мэдэгдээд өгөөч” гэхэд “ за эгчээ”гээд цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг / хэргийн 71-72-р хуудас/

Э.*******ийн согтолт тодорхойлсон”...0.50 хувьтай...” гэх тэмдэглэл /хэргийн 74-р хуудас/

Д.*******гийн согтолт тодорхойлсон”...1.36 хувьтай...”гэх тэмдэглэл /хэргийн 75-р хуудас/

Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би машиндаа нэг эмэгтэйг нь хүчээр суулгаад гол гарахаар явж байхдаа машинд хүчээр суулгаснаас болоод бид хоорондоо маргалдсан. Би тэр үед тээврийн хэрэгслээ бариад маш хурдтай явсан.100 км/цагийн хурдтай явж байсан.Нэг мэдэхэд машин жолоодлогоо алдаад замын хажуу тал руу орсон. Бид гурав машинаас буухад хамт явсан эмэгтэй “миний гар хүзүү гэмтлээ,одоо цагдаад мэдэгдэнэ” гээд хамт явсан эмэгтэй рүүгээ залгахаар нь утсыг нь хүчээр булааж аваад маргалдсан. Тэр үед би айж сандраад бухимдалтай байсан болохоор тэр эмэгтэйгийн шанаа хэсэг рүү нь гараараа цохисон.Тэр үед Б.******* намайг салгах гээд оролдоод салахгүй болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.Би Д.*******г цохисон,биеийн аль хэсэгт юугаар хэдэн удаа цохисноо санахгүй байна...гэх мэдүүлэг /хэргийн 169-170-р хуудас/ зэрэг баримтуудыг шижнлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Э.*******ийг хохирогч Д.*******г зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” мөн хуулийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэмтлийн зэргээр тодорхойлогдог бөгөөд шинжээчийн үндэслэл бүхий дүгнэлтээр гэм буруутай эсэхийг тогтооход шүүхийн шийдвэрийн үндэслэл болдог учиртай.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд ”Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтээр” шүүхийн шинжилгээ хийгддэг. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурна.” гэж заасан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоохоор заавал шинжилгээ хийлгэхийг шаардахаар хуульчилсан.

Гэтэл хохирогч Д.*******...Э.******* миний зүүн нүд рүү цохисон, баруун ташаа хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн, зүүн талын чихний ар тал руу гараараа цохисон, хэвлий хэсэг рүү хөлөөрөө цохисон, зүүн талын хөл рүү хөлөөрөө өшиглөсөн...гэх мэдүүлэг, гэрч Б.*******гийн: “...би бие засчихаад ирэхэд Э.*******, нөгөө эмэгтэйн мөр рүү гараараа нэг удаа цохисон, Бид гурав машинаас буугаад ирэхэд Э.*******ийн хамар амнаас цус гарчихсан, ард сууж явсан эмэгтэй “мөр өвдөөд байна” гээд мөрөө бариад байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч  Э.*******ийн:”...би Д.*******г цохисон, биеийн аль хэсэгт юугаар хэдэн удаа цохисноо санахгүй байна...”гэх мэдүүлгүүд өгсөн хэдий ч хохирогч Д.*******гийн биед учирсан гэмтлийг зам тээврийн ослоос учирсан уу эсвэл Э.*******ийн зодсон гэх үйлдлээс учирсан уу гэдгийг ялгаж тогтоогоогүй бөгөөд энэ талаар шинжээчийн дүгнэлт гараагүй зөвхөн шинжээчээс авсан мэдүүлгээр прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г мөрдөн шалгах ажиллагаагаар ялгаж тогтоогоогүй байна гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Мөрдөгч, прокурор, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нотлох баримтыг тодорхойлсон” бол 2 дахь хэсэгт “... шинжээчийн дүгнэлтийг...” баримтат мэдээлэлд хамруулсан байдгийг дурдах нь зүйтэй.

Тухайн зам тээврийн осол хэргийн үед Э.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 732 дугаартай дүгнэлтээр мөн тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гэрч Б.*******гийн биед гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь  шинжээчийн 731 дугаартай дүгнэлтүүдээр, харин Д.*******гийн биед биед хүндэвтэрзэргийн  гэмтэл учирсан нь  шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 734 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Э.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  55-32 ХОЕ улсын дугаартай “Probox” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.*******гийн биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Тухайн үед шүүгдэгч Э.*******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь 2022 оны 09 сарын 07-ны өдөр “0.50” хувийн, хохирогч Д.******* “1.36”хувийн согтолттой гэх согтуурал шалгасан тэмдэглэлээр тогтоогдсон ба шүүгдэгч Э.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д “согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна“, 12.4-д ”Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөн  мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хурд хэтрүүлэн явснаас замаас гарч зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас  хохирогч Д.*******гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч Д.*******гийн мэдүүлэг, гэрч Б.*******, Б.Алтантуяа нарын мэдүүлэг, жолоочийн согтолт тодорхойлсон тэмдэглэл, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэч Э.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, хөдөлгөөнд аюул саад тулгарах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ  аваагүй, хурд хэтрүүлсэн зэрэг байдал нь гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан болгоомжгүй гэмт хэрэг боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь санаатай гэмт хэрэгт тооцогдоно.

Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ, Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцов.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.******* согтуурсан үедээ, Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Э.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 172-р хуудас/-аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.*******ийн хувийн байдлын талаар гэрч Д.Баяраагийн     өгсөн...Э.******* эцэг эхээс дөрвүүлээ,айлын отгон хүүхэд, зан ааш сайтай, хүнтэй боловсон харьцдаг, хүний үгнээс гардаггүй, их сургуулийн 2 дугаар курсэд сурч байгаа...  гэх мэдүүлэг / хэргийн 91-р хуудас/

            Гэрч Г.Алтантуяагийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Э.******* нь хүнд тусархуу, сэргэлэн ухаантай, зан ааш сайтай,эелдэг даруу, сурлага сайтай оюутан байгаа юм.... гэх мэдүүлэг / хэргийн 95-р хуудас/, Э.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн Засаг даргын тодорхойлолт, суурь боловсролын гэрчилгээ, шагнал урамшуулал зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Э.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д  заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцуулж, шүүгдэгч Э.*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих гэх  санал,дүгнэлт гаргав.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулахад саналгүй бөгөөд, ял шийтгэлийн тал дээр шүүгдэгчид заавал хорих ял оногдуулах шаардлаггүйг шүүх анхаарах нь зүйтэй. Хохирогчид 3200000 төгрөгийг бэлнээр өгсөн, эмчилгээний зардлыг шүүгдэгчийн ар гэрийнхэн төлсөн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх санал, тайлбар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Хохирол төлбөрөө төлсөн, хохирогчид эмчилгээний тусламж үзүүлсэн, өөрөө оюутан, сурлага хүмүүжилдээ сайн зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү, хохирогчид цаашид гаргах хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа” гэх санал, тайлбар,

 Шүүхээс:Шүүгдэгч Э.*******ийг согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцсон тул, шүүгдэгч Э.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн  хувийн байдлыг харгалзан, улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын саналыг үндэслэн  түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тооцох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.*******эд тайлбарлаж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 734 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгчийн зүгээс 3 200 000 төгрөгний хохирол төлсөн, цаашид гарах хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх хүсэлт гаргасныг үндэслэн, шүүгдэгч Э.*******ээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйд тооцож, хохирогч нь эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, битүүмлэгдсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/  сарын хугацаагаар тэнссүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.*******эд тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.*******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тооцсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.*******эд мэдэгдсүгэй.

7.Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8.Шүүгдэгч Э.*******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС