Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0675/З |
Дугаар | 128/ШШ2021/0086 |
Огноо | 2021-02-01 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2021/0086
2021 оны 02 сарын 01 өдөр Дугаар 128/ШЗ2021/0086 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д сургууль
Хариуцагч: Н дарга
Гуравдагч этгээд: Ё.Ц
А СӨХ,
Нэхэмжлэлийн шаардлага: Н даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/******* дугаар захирамж, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Ё.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Н даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн хавсралтын 8-д 47803 гэсэн өөрчлөлт оруулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, 45033 гэснийг 47803 гэж газрын хэмжээ өөрчлөхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д сургуулийн захирал Ш.Л нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д сургууль нь багш, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор сургуулийн эзэмшил газраас Н даргын 2011 оны А/******* дүгээр захирамжаар баталгаажуулан 108 айлын /16 дугаар байр/ орон сууцны барилга барьж, 2013 онд ашиглалтад оруулсан.
Барилга угсралтын ажлын явцад холбогдох дүрэм, журам, норм нормативын дагуу хичээлийн III байр буюу Хилийн дугаар анги - Хилийн сургуулийн зүүн талын хашааг нурааж, аюулгүй байдлыг ханган, хаягдал материалаар түр хашаа барьж хөдөлгөөнийг хязгаарлаж ажилласан.
Иргэн Л.Г /О.С/ нар нь тус нэгж газарт дур мэдэн, зөвшөөрөлгүй чингэлэг байршуулсан байсан тул удаа дараа шаардлага тавьсны эцэст 2019 оны 03 дугаар сард байрлуулсан чингэлгийг нүүлгэн шилжүүлснээр тухайн газар орчныг сургуулийн хөрөнгөөр засварлаж хэвийн байдалд оруулсан.
Гэтэл энэ хугацаанд 2015 оны ажилтан албан хаагчдын 16 дугаар байрны газрыг их сургуулийн эзэмшлээс хасалт хийх явцад кадастрын зурагт түр хашаагаар цэг авч, кадастрын зурагт өөрчлөлт оруулсан алдаа гарсан байна.
Иргэн О.С-ын чингэлэг байрлуулж байсан нэгж талбар 1******* дугаар бүхий 123,0 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/ дугаар захирамжаар олгосон бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсгийг зөрчсөн үндэслэлээр Н даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.
Гэтэл дахин Н даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар иргэн О.С-д тус газрыг олгохоор шийдвэрлэсэн байна.
Хилийн цэргийн дугаар ангийн барилгын объекттой залгаа энэхүү нэгж талбар бүхий газарт Үйлчилгээний зориулалттай зөвшөөрөл олгосон нь аюулгүй байдал, галт зэвсгийн сургалтын технологийн хэвийн үйл ажиллагааг алдагдах эрсдэлтэй тул бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт хүргүүлж шалгуулсан.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн О.С-д олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байна гэх Нийслэлийн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04/******* албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга, А.Э даргад тус тус гомдлоо гаргасан.
Н даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/******* дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, мөн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Х овогт Ё-ын Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай удаа дараа гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг 14 1.2 дахь хэсэгт холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 49547 м.кв талбайтай газраас орон сууцны зориулалтаар шилжүүлсэн 1654 м.кв газрыг хасахаар Д сургуульд 47803 м.кв газар үлдэх ёстой ч 4503 м.кв газар үлдээж, 2770 м.кв газрыг манай байгууллагын зөвшөөрөлгүйгээр Н даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн хавсралтаар хассан.
ТӨХ-ны 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1б/******* дүгээр албан бичигт ... 49457 м.кв сургалтын зориулалттай газрын 1654 м.кв газрыг орон сууцны зориулалттай болгон өөрчлүүлэх тухай хүсэлтийг дэмжиж байна гэсэн боловч 1 м.кв-аар ахиулан 1655 м.кв гэж бичсэн байна.
Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар Д сургуульд газрын асуудлыг хэлэлцсэн хэмээн Н даргын А/******* дугаар захирамжид заасан боловч тухайн хуралдааны тэмдэглэлд нэг ч албан тушаалтан гарын үсэг зураагүй тул хуралдаагүй байхад баримтыг нөхөн үйлдсэн гэж үзэж байна.
Захирамжийн хавсралтад манай газрын хэмжээг буруу бичсэн байх тул зөв болгон өөрчлөлт оруулахыг Н даргад даалгаж өгнө үү гэх гомдлыг Монгол улсын Ерөнхий сайдад хандан гаргасан.
Н даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн хавсралтаар Д сургуулийн 49547 м.кв газраас орон сууцны зориулалтаар 1654 м.кв газрыг бусдад шилжүүлээд 45033 м.кв газар үлдээсэн нь газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр 2770 м.кв газрыг бусдад шилжүүлсэн нь ууль бус үйлдэл байх бөгөөд даалгах шаардлага нь эс үйлдэхүйтэй холбоотой тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн О.С нь зөөврийн байшинг эзэмшил газартаа байршуулж, үйлчилгээний ажил эрхэлж байсан. Энэ үеэс нэхэмжлэгч байгууллага нь маргаан бүхий газрыг бусдын эзэмшилд байгааг мэдэж байсан.
О.С-аас газар эзэмших эрх шилжүүлж авсан иргэн Ё.Ц-ийн газрыг нэхэмжлэгч байгууллага хашаалсан тул 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгох зорилгоор Д сургууль нь иргэн Ё.Ц-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд хандан гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч байгууллага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн, маргаан бүхий захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д сургууль нь Н даргын 2013 оны А/855 дугаар захирамжаар сургалтын зориулалтаар 49457 м.кв газар эзэмшүүлсэн.
Д сургууль нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03/650 дугаар албан бичиг, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/******* дүгээр албан бичгээр газрын зориулалт өөрчлөх хүсэлт гаргасан бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын дагуу 3.4 дэх хэсэгт заасны дагуу Д сургуулиас ирүүлсэн өргөдөл, зургийн дагуу 2015 оны А/******* дугаар захирамжаар 45033 м.кв, 1655 м.кв газрыг тус тус 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон.
2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/******* дүгээр албан бичигт 1654,6 м.кв газарт хүсэлт ирүүлснийг үндэслэн 1655 м.кв газрыг орон сууцны зориулалттай эзэмшүүлсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан Д сургуулийн эзэмшил газрын нэгж талбарын хувийн хэрэгт Нийслэлийн өмчийн харилцааны газрын архивын 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэг дарагдсан байх тул нэхэмжлэгчийн баримтыг нөхөж хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар гаргасан өргөдлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Н даргад хүргүүлсэн бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/******* дугаар албан бичгээр өмгөөлөгч Г.Н-д хариуг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хугацаанд хариу хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ё.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д сургууль Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна.
Тодруулбал нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэн Ё.Ц 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тус газар бусдын эзэмшилд шилжсэн талаар олж мэдсэн гэж дурдсан нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл 2015 онд ажилтан албан хаагчдын 16 дугаар байрны газрыг их сургуулийн эзэмшлээс хасалт хийж газраа 2 хуваасан талаар нэхэмжлэлдээ тусгасан байна.
Газрыг 2 хуваасан цагаас эхлэн СӨХ болон Д сургууль хоёр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасан газар эзэмшигчийн үүргийг тус тусдаа хүлээх ёстой. Газрын тухай хуулийн 35.3.1-д Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Газар эзэмших гэрээнд заасны дагуу газар эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй газрын хилийн эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэглэж, газраа хамгаалалтдаа авч, бүрэн бүтэн байдлыг хариуцаж байх үүргийг хүлээдэг.
Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг бусдын эзэмшилд шилжсэн гэдгийг 2015 онд мэдэх үүрэгтэй, мэдсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна.
Газар эзэмших эрх олгосон Н даргын шийдвэр нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашгийг огт зөрчөөгүй гэж үзэж байна.
Тодруулбал: Иргэн Ё.Ц-д газар эзэмших эрх олгохдоо тус сургуулийн эзэмшиж буй газартай давхцуулж эсхүл хилийн цэгийг дайруулан газар эзэмших эрх олгосон тохиолдолд Д сургуулийн хуульд заасан эрх ашиг хөндөгдөх ёстой.
Гэтэл Иргэн Ё.Ц-ийн эзэмшиж буй нэгж талбарын 1******* дугаартай 123 м.кв газар нь хэн нэгний эзэмшиж буй газартай давхцалгүй болох Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон.
Иймд нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан газар эзэмшигчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашиг зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Д сургуулиас Н даргад холбогдуулан гаргасан Н даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Ё.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Н даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн хавсралтын 8-д 47803 гэсэн өөрчлөлт оруулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, 45033 гэснийг 47803 гэж газрын хэмжээ өөрчлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч хүсэлтийн үндэслэлээ нотлох баримтыг хавсаргаагүй, гуравдагч этгээд А СӨХ-ны төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ. гэж заасныг үндэслэн тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/ дүгээр захирамжаар иргэн Т.С-д ЦИС-ийн урд талд, Н даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/******* дугаар захирамжаар Т.С-д Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 123 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
Улмаар иргэн Т.С, Ё.Ц нарын хооронд байгуулсан Газар эзэших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ, Нийслэлийн газрын албанд гаргасан өргөдөл зэрэг баримтыг үндэслэн Н даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар иргэн Т.С-с иргэн Ё.Ц-д 123 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэсэн байна.
2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 229 дүгээр тогтоолоор Цагдаагийн академи, Үндэсний тагнуулын академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэн Хууль зүй дотоод хэргийн яамны харьяанд Дотоод хэргийн их сургуулийг байгуулсан байна.
Н даргын 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/855 дугаар захирамжаар Х сургуульд сургалтын зориулалтаар 49457 м.кв газар эзэмшиж байсныг 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Х сургуульд 45033 м.кв газрыг сургалтын, 1655 м.кв газрыг орон сууцны зориулалттай болгон өөрчлөн баталгаажуулжээ.
Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн Х сургуулийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/501 дүгээр албан бичиг, Төрийн өмчийн хорооны 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ...хувьчлагдсан орон сууцанд хамаарах 1280.9 м.кв талбай бүхий газар болон 16 дугаар байранд хамаарах 1488.8 м.кв газрыг тус тус нийтийн эзэмшилд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн 1а/17******* дүгээр албан бичиг, Төрийн өмчийн хорооны 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ...49457 м.кв сургалтын зориулалттай газрын 1654 м.кв газрыг орон сууцны зориулалттай болгон өөрчлүүлэх тухай хүсэлтийг дэмжиж байна. ... гэсэн 1б/******* дүгээр албан бичиг, Барилга, хот байгуулалтын яамны 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ...Х сургуулийн эзэмшил дэх 90 айлын орон сууцны доорх 1280.9 м.кв ... газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэхийг зөвшөөрч байна. гэх 3/2161 дүгээр албан бичиг, З ХХК-ийн Хууль сахиулахын их сургуулийн нэр дээр 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн 1654.6 м.кв, 1488,8 м.кв, 1280,9 м.кв, 45032,7 м.кв нэгж талбаруудын кадастрын зураг зэрэг баримтаар нэхэмжлэгч Д сургуулийн эзэмшиж байсан 49457 м.кв газраас 1654.6 м.кв, 1488,8 м.кв, 1280,9 м.кв талбайтай газрын зориулалт өөрчлөхөөр шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
Гэтэл Н дарга А/******* дугаар захирамжаар сургалтын зориулалтаар 45033 м.кв, орон сууцны зориулалтаар 1655 м.кв, нийт 46688 м.кв, 2015 оны А/906 дугаар захирамжаар Шинэ харш сууц өмчлөгчдийн холбоонд 1281 м.кв тус тус газрыг эзэмшүүлсэн боловч 2013 оны А/855 дугаар захирамжаар Д сургуулийн эзэмшиж байсан 49457 м.кв газраас 1488 м.кв газрыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийн сургалтын зориулалтаар эзэмшиж байсан газраасаа 1654.6 м.кв, 1488,8 м.кв, 1280,9 м.кв талбайтай газрын зориулалтыг өөрчлүүлэхээр хандсан байхад 1654.6 м.кв, 1280,9 м.кв газрын зориулалт өөрчилж холбогдох шийдвэр гаргасан атлаа орон сууцны 16 дугаар байранд хамаарах 1488.8 м.кв газрын зориулалтыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулжээ. Тус 1488 м.кв газар нь гуравдагч этгээдийн эзэмшил 123 м.кв газартай давхцаж байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2/76 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Дээр дурдсан Төрийн өмчийн хороо, Барилга хот байгуулалтын яам, Дотоод хэргийн их сургуулийн гаргасан хүсэлт түүнд хавсаргасан З ХХК-ийн үйлдсэн кадастрын зургийн дагуу газрын зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх эрх нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна;, 21.2.4-д хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах. гэж зааснаар Н даргад хадгалагдах тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж дүгнэлээ.
Учир нь иргэн Т.С, гуравдагч этгээд Ё.Ц нарт газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх үед тухайн газар бусдын эзэмшиж, ашиглаж байсан газартай давхцаагүй байсан боловч нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн захирамжаас үзвэл нэхэмжлэгчид газар эзэмших эрх иргэн Т.С, гуравдагч этгээд Ё.Ц нараас өмнө үүссэн, Д сургуулийн эзэмшиж байсан 49457 м.кв газрын зарим хэсгийн зориулалтыг өөрчлөхөөр гаргасан хүсэлтээс 1488 м.кв газрын зориулалтыг өөрчлөх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулснаас газар эзэмшигч Д сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.
Д сургуулийн эзэмшиж байсан 49457 м.кв газрын 1488 м.кв газрын зориулалтын өөрчилж түүнд эзэмшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэж шийдвэр гарсны дараа гуравдагч этгээд Ё.Ц-д газар эзэмшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим болон мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасан зохицуулалттай нийцнэ гэж дүгнэлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардлагыг Д сургуулийн эзэмшиж байсан 49457 м.кв газраас 1488 м.кв талбайн зориулалтыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхийг Н даргад даалгаж, Н даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/******* дугаар захирамжийн Т.С-д холбогдох хэсэг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Ё.Ц-д холбогдох хэсгийг тус тус дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дахь хэсэгт заасныг баримтлан Д сургуулийн эзэмшиж байсан 49457 м.кв газраас 1488 м.кв талбайн зориулалтыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхийг Н даргад даалгаж, Н даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/******* дугаар захирамжийн Т.С-д холбогдох хэсэг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Ё.Ц-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Н даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/******* дугаар захирамжийн Т.С-д холбогдох хэсэг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Ё.Ц-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН