Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0598

 

 

      

 

 

 

 

 

 

 

 

  

  “Ф” ХХК, “И” ХХК-иудын

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б

Нэхэмжлэгч: “Ф” ХХК, “И” ХХК

Хариуцагч: НЗД

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 585 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:

Хэргийн индекс: 128/2024/0379/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ф” ХХК, “И” ХХК-иудаас НЗДд холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/2*** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 585 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/2*** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Ф” ХХК, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗДд холбогдох захиргааны хэрэг шийдэгдсэн бөгөөд тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч талаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ний  өдрийн 128/ШШ2024/00585 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

       3.1.1. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “...Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй бүхий байна...” гэх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт цугларсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэж, нэхэмжлэгч компаниудын газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэл болгосон гэж тодруулсан. Гэтэл анхан шатны шүүх талуудын гаргасан дээрх тайлбарыг анхаарч үзэхгүйгээр хариуцагч нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 2 хэм хэмжээг хэрэглэснээс 40 дүгээр зүйлийн 40.1.2-т хэрэглэсэн нь ач холбогдолгүй болсон, харин мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь зөв болсон гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Аймаг, сум, НЗД дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно...” гэж заасан бөгөөд 40 дүгээр зүйлд тухайлан нэрлэн заасан зөрчлүүд илэрсэн тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан. Хариуцагчийн маргаан бүхий А/2*** дугаар захирамжаар нэхэмжлэгч компаниудын газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох агуулгаар гарсан. Иймд агуулгаар гарсан буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаараа ч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тодруулсан байдаг. Уг агуулгаас харахад нэхэмжлэгч компаниудын газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа нь өрсөлдөх хэм хэмжээний хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг тэргүүн ээлжинд үндэслэж, тухайн хуулийн заалтыг баримталсан нь харагдаж байна. Нэхэмжлэгч нарын хувьд дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан зөрчил гаргаагүй, зөрчлийг тогтоосон гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт буюу улсын байцаагчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нарын буруутай үйл ажиллагаа биш ойн болон Сэлбэ голын онцгой бус нутагт газар ашиглах эрх олгосон хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа байгааг тодорхойлсон байдаг. Түүнчлэн, шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...Гэтэл хариуцагч НЗД нь үүнийг анхааралгүй нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан зөрчлийг гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй...” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            3.1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...өөрөөр хэлбэл хариуцагчаас нэхэмжлэгч компаниудад анх газар ашиглах эрх олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгүүдийг тус тус зөрчиж олгосон болох нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар газрын тухай хууль тогтоомжийн зөрчлийг арилгах зорилгоор нэхэмжлэгч компаниудын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн байна...” гэжээ. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “...хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно...” гэж заасан бөгөөд хариуцагч НЗД нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч компаниудад эрх олгосон ямар хууль бус шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийж, зөрчлийг арилгахаар захирамж гаргасан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь буруу болсон.Тодруулбал, нэхэмжлэгч компаниуд нь анх 2011 оны 952 дугаартай захирамжийн дагуу зуслан, спорт аялал жуулчлалын зориулалттай 210.306 м.кв талбай бүхий газрыг ашиглах эрхтэй болсон, улмаар 2017 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн А/153 дугаартай захирамжаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр, 2022 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн А/561 дугаартай захирамжаар дахин 5 жилийн хугацаатайгаар тус тус сунгуулсан байдаг. Хариуцагчийн маргаан бүхий А/2*** дугаар захирамжаар дээрх захирамжуудын аль захирамж, шийдвэрийг хүчингүй болгосон нь тодорхойгүй байхад шүүх хэт өрөөсгөл дүгнэлт хийж, өөрөө зөрчлийг арилгах эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...66.1.Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана...”, 66.3 дахь хэсэгт “...Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно...” гэж тус тус заасан бөгөөд Засаг дарга нь хэрэв хууль бус захирамж гаргасан бол ямар огноо дугаартай, ямар агуулга бүхий захирамжийг хүчингүй болгосон талаараа зөрчил арилгаж буй захирамждаа тодорхой заах талаар хуульд тусгайлан зохицуулсан байхад хариуцагчийн үндэслэлгүй гарсан захирамжийг шүүх зөвтгөх хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

            3.1.3. Түүнчлэн, нэхэмжлэгч компаниуд нь газар ашигласны төлбөрт 10 гаруй жилийн хугацаанд нийт 864 154 405 төгрөгийг төлсөн бөгөөд газрын гэрээ болон хуульд заасан үндэслэл журам, зориулалтын дагуу ашиглаж, гэрээний үүргээ зөрчиж байгаагүй ба газар ашигласны төлбөр болон тухайн газартаа зориулалтын дагуу барилга байшин бариулах ажил гүйцэтгэх гэрээ, холбогдох бусад гэрээнүүдийн дагуу нийт 1 200 000 000 төгрөгийн зардал гаргасан. Мөн 2011 оноос хойш Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу 2 удаа газар ашиглах эрхийн гэрчилгээгээ сунгуулсан байдаг. Хэрэв газар ашиглах гэрээний зөрчилтэй, Ойн болон Усны сан бүхий газар хууль зөрчиж газар авсан, олгосон үйлдэл байсан бол хариуцагч нь дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу хяналт хийж гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзаж, эрхийг дуусгавар болгох бүрэн боломжтой байсан. Гэтэл хуульд нийцсэн байна гэж шийдвэр гаргаж хугацааг сунгасны дараагаар 2024 оны 3 дугаар сарын 15-ний өдрийн А/2*** дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан зөрчил гаргаагүй, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй байхад хууль бус шийдвэр гарган нэхэмжлэгч компаниудын газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байхад шүүх тухайн маргаан бүхий захирамж нь үндэслэлтэй зөв гарсан байна гэж дүгнэсэнд гомдолтой байх тул Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 128/ШШ2024/0585 дугаартай шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “Ф” ХХК, “И” ХХК-иудын “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/2*** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна

3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

3.1. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... газар ашигласны төлбөрөө 10 жилийн хугацаанд төлж, гэрээ болон хуульд заасан үндэслэл журам зориулалтын дагуу ашиглаж, гэрээний үүргээ зөрчиж байгаагүй, .. маргаан бүхий захиргааны актад дурдагдаж буй Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Ойн тухай хууль болон Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх боловч ямар үндэслэлээр хангаагүй талаарх дүгнэлтийг гаргаагүй, дүгнэлт гаргах байцаагч нь хяналт шалгалт хийх эрх бүхий этгээд эсэх нь тодорхойгүй, ... газраа зориулалтын дагуу ашиглахаар холбогдох зардал гаргасныг хариуцагч байгууллага харгалзан үзээгүй ...” гэж тайлбарлан маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нар нь анх Нийслэлийн Засаг даргын 2011 оны 952 дугаартай захирамжаар[1] нэгж талбарын дугаар бүхий Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санзайн зуслангийн газарт зуслан, спорт аялал жуулчлалын зориулалттай 210306 м.кв талбайтай газрыг эзэмшиж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/153 дугаартай захирамжаар[2] газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/561 дугаартай захирамжаар[3] газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгасан байна.

3.3. Харин Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/2*** дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01/13-01/030-01 дугаартай дүгнэлтүүдийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/561 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслан, спорт талбай зориулалтаар 210306 м.кв газар ашиглах эрхийг “Ф” ХХК, “И” ХХК-д олгосон нь Газрын тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А/230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангаагүй болох нь тогтоогдсон гэжээ.

3.4. Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна”, 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж тус тус заасан байна.

3.5. Мөн Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ”, 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”,  40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, НЗД дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.

3.6. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглохоор заасан, мөн газар эзэмших эрх олгох эрх бүхий этгээдийн хувьд өмнөх шийдвэр нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн бол өөрөө уг хууль бус шийдвэрээ хүчингүй болгохоор хуульчилж заасан байна.

3.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Байгаль орчны газрын Улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Ойн сан, усны сан бүхий газрын онцгой болон эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд газар олгосон тухай” 01/13-01/030-01 дүгээр дүгнэлтээр[4] “... Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01119-А/561/2022 тоот шийдвэрээр “И” ХХК, “Ф” ХХК-д 1462200600 нэгж талбарын дугаартай 210138 м.кв талбай бүхий эзэмшил газар олгосон нь Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, Усан санд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх заалтыг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А/230/127 дугаар хамтарсан тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангаагүй байна” гэж дүгнэсэн байна.

 Нэхэмжлэгчээс маргаан бүхий актын үндэслэл болсон улсын байцаагчийн тус дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэл гаргаж маргаагүй буюу хүчин төгөлдөр тус дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийг шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй.

3.8. Мөн хэрэгт Ойн газрын 2024 оны 05 угаар сарын 06-ны өдрийн 01/302 дугаар албан бичигт[5] “... 1462200600 нэгж талбарын дугаар бүхий 210138 квадрат метр газар нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт Ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицолд хамааралтай буюу ойн сан бүхий талбайтай давхцалтай байна” гэх хариу, түүний хавсралт зургийн хамт, Усны газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/610 дугаар албан бичигт[6] “... Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайд байрлах, 1462200600 нэгж талбарын дугаар бүхий 210138 м.кв газар нь Сэлбэ голын урсац бүрэлдэх эх дээр байрлах бөгөөд Усны тухай хуулийн 22.2.1, 22.4 дэх заалт, Газрын тухай хуулийн 33.6 дахь заалтыг үндэслэн судлан үзэхэд Сэлбэ голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс дээр давхцалтай байна” гэх хариу, хавсралт зураг зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшил газар нь Сэлбэ голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс болон ойн сан бүхий талбайтай давхцалтай болох үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгчээс уг үйл баримтыг үгүйсгэж няцаах баримт нотолгоог шүүхэд гаргаагүй байна.

3.10. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгч нарт анх газар эзэмшүүлсэн өмнөх шийдвэрээ Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, Усан санд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх заалтыг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А/230/127 дугаар хамтарсан тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-г зөрчсөн болох нь Байгаль орчны газрын Улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Ойн сан, усны сан бүхий газрын онцгой болон эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд газар олгосон тухай” 01/13-01/030-01 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн газар эзэмших эрхийг цуцалсныг буруу гэж үзэх үндэслэлгүй.

3.11. Түүнчлэн маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэж заасныг үндэслэсэн байна.

3.12. Хэдийгээр нэхэмжлэгч нь газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нөхцөл байдал эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэх үндэслэл бодитоор бий болсон гэж үзэх үндэслэлгүй байх боловч шүүхээс дээр дурдсан Сэлбэ голын урсац бүрэлдэх эх дээр байрлах эх дээр байрласан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон энэ тохиолдолд нэхэмжлэгч уг газрыг эзэмшиж ашигласнаар ирээдүйд хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсэх нөхцөл байдал үүсэхгүй гэж үзэх үндэслэлгүй, ойн сан болон усны сан бүхий газар нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэй гэж үзэх хууль зүйн боломжгүй юм.

3.13. Мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн маргаан бүхий “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/2*** дугаар захирамж гарсантай холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/561 дугаартай захирамжийн хавсралтын 2 дахь хэсгийг (Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/153 дугаар захирамжаар сунгасан “Ф” ХХК, “И” ХХК-иудын 1462200600 нэгж талбарын дугаар бүхий 210306 м.кв талбай бүхий газрыг дахин 5 жилээр сунгасан) хүчингүй болсонд тооцсон байх тул нэхэмжлэгчийн “... Засаг дарга нь хэрэв хууль бус захирамж гаргасан бол ямар огноо дугаартай, ямар агуулга бүхий захирамжийг хүчингүй болгосон талаараа зөрчил арилгаж буй захирамждаа тодорхой заах талаар хуульд тусгайлан зохицуулсан байхад хариуцагчийн үндэслэлгүй гарсан захирамжийг шүүх зөвтгөн хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                   Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 100 дахь тал

[2] Хэргийн 99 дэх тал

[3] Хэргийн 86-87 дахь талууд

[4] Хэргийн 133-135 дахь талууд

[5] Хэргийн 143-144 дэх талууд

[6] Хэргийн 146-147 дахь талууд