Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 361

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/02336 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б,

Хариуцагч Х яаманд холбогдох,

 

2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх нэг сарын цалин 1 444 590 төгрөгийг нөхөн олгуулах, ээлжийн амралтын 1 903 647 төгрөгтэй тэнцэх олговрыг нөхөн гаргуулах, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10 112 130 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б нь Х сайдын дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооны ажлын албаны даргаар ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/41 тоот тушаалаар хууль бусаар ажлаас халагдсаныг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс үндэслэлгүй халсан болохыг тогтоож эргэн ажилд нь томилох шийдвэрүүд гарсан. Дээрх шийдвэрүүдийн үр дүнд миний бие хуучин ажилдаа эргэн томилогдох шийдвэр гарсан.

 Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6 593 834 төгрөгийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийх шийдвэр хүчин төгөлдөр болсон. Мөн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн.

Миний бие сайдын орон тооны зөвлөх байгаагүй зөвхөн ажлын албаны дарга байсан гэдгийг шүүх баримтаар нотолсон тул цалин зогсоосон 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс халагдах тушаал гаргасан 2016 оны  8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх нэг сарын цалинг нөхөн олгох ёстой гэж үзэж байна. Энэ нь Хөдөлмөрийн Яаманд тухайн орон тоонд ажилласан сүүлийн 6 сарын дундаж болох 1 444 590 төгрөгөөр бодогдож зохих татвар шимтгэл хасагдан тооцогдох учиртай. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.5.6-д зааснаар ажлын 29 хоногоор амралтын хоногийг тооцож нөхөн олговор олгох ёстой. Ингэхдээ одоо мөрдөгдөж буй Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар баталсан "Ээлжийн амралтын олговор тооцох журам"-ыг баримтлан Хөдөлмөрийн яаманд бүтэн сараар ажилласан 2015 оны 10 дугаар сараас 7 дугаар сарыг дуусталх 10 сарын цалингийн дунджаас бодож олгоно. Миний цалингийн тооцоогоор дээрх 10 сарын дүн 14 113 230 төгрөгийг 10 сард хуваахад сард 1 411 323 байх ба сарын фонд өдөр 21,5-д хувааж өдрийн цалин 65 643 төгрөг болно. Ээлжийн амралтын хоног 29 хоног* 65 643=1 903 647 төгрөгтэй тэнцэх нөхөн олговрыг яамнаас нөхөн гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү.

Хариуцагч нь ажилд буцаан томилох хугацааг хойшлуулах зэргээр цаг хожиж чирэгдүүлэх замаар асуудлыг шийдүүлэх хөөн хэлэлцэх хугацааг дуусгах эрсдэл байгааг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалж шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Дээрх хугацааны цалин нь 2017 оны 2 дугаар сарын цалин /өмнөх шүүхийн шийдвэрт орсон календарийн 8-нийг дуусталх буюу ажлын 5 хоногийг хасч тооцоход/ 16,5 өдрөөр бодно 1 444 590/21,5*16,5 = 1 108 639 болно.  2017 оны 3 сараас 9 cap дуусталх 7 сарын цалин 1 444 590*7 cap = 10 112 130 төгрөг, нийт 1 444 590+1 903 647+10 112 130= 13 460 367 төгрөгийг яамнаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Бгийн гаргасан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс халагдах тушаал гарсан 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нэг сарын цалинг олгуулах, ...ажлын 29 хоногоор амралтын хоногийг тооцож 1 903 647 төгрөгийн нөхөн олговор олгуулах 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл бичилтийг хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болохыг илтгэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Х яамнаас 9 360 358 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх нэг сарын цалин 1 444 590 төгрөгийг нөхөн олгуулах, ээлжийн амралтын 1 903 647 төгрөгтэй тэнцэх олговрыг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Д.Бгийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Х яамны удирдлагад үүрэг болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 164 715.73 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Миний анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 1 болон 2 дугаар шаардлагад улс төрийн албан тушаалтантай адилтгаад сайдыг чөлөөлөгдсөн 7 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон цалин зогсоон, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр сайдын зөвлөхийн ажлаас чөлөөлөв гэсэн шийдвэр гарган, халах тухай урьдчилж мэдэгдээгүй ажиллуулчхаад тухайн сард цалин олгоогүй, мөн ээлжийн амралтын хуваариар 8 дугаар сарын 25-ны өдрөөс амралт эдлэх байсан ч амруулаагүй. Яамны бүтэц батлагдтал хөдөлгөөн хийхгүй гэсэн ажил олгогчийн санаачилгаар хүлээлгэж байгаад шууд ажлаас халсан. Ээлжийн амралтыг ажил олгогчийн санаачилгаар биеэр эдлүүлээгүй бол амралтын мөнгөтэй дүйцүүлэн нөхөн олговор олгох тухай Хөдөлмөрийн хуулиар зохицуулсан.

Хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч эрх зөрчигдсөн болохоо нотолсон гомдлыг тушаал хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн харьяалал буруу захиргааны хэргийн шүүхэд ханд гэж буцаасан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэхэд олгогдоогүй 1 сарын цалин ээлжийн амралтын тухай оруулсан. Энд шүүгч миний биеийг улс төрийн албан тушаалтан биш гэдгийг нотолж 7 сард сайдтай хамт халагдах ёсгүй байсан гэдгийг нотолсон. Ээлжийн амралтын болон холбогдох тооцоог хийх заалттай тушаал бүхэлдээ хүчингүй болсны үр дүнд шинэ нөхцөл байдал үүсч нэг сарын цалин ээлжийн амралтын асуудлыг нэхэмжлэх шаардлага үүссэн. Энд шүүхийн шийдвэрийн тасралтгүй байх зарчмын дагуу хугацаа хожимдуулсан үйлдэл гараагүй юм. Яагаад гэвэл миний биш хариуцагчийн хүсэлтээр маргаан үргэлжилсэн тул хөөн хэлэлцэх хугацаа хадгалагдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалт зөрчигдөөгүй.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 104 тоот шийдвэрийн үр дүнд Хөдөлмөрийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/41 тоот шийдвэр хүчингүй болсон бөгөөд миний биеийг улс төрийн албан тушаалтан биш байсан гэдгийг нотолсныг хариуцагч давж заалдах болон хяналтын шатанд хуулийн хугацаанд багтаан гомдлууд гаргаад байсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үйлчлэл эхлэх боломжгүйн улмаас Б/41 тоот тушаалын ээлжийн амралтын тооцоо хийхийг зөвшөөрсөн заалтын хэрэгжилт хүчинтэй эсэх, улс төрийн албан тушаалтантай адилтган нэр сарын өмнө цалин зогсоосон нь зөв буруу эсэхэд эцэслэн хариу гараагүй байсан тул би нэг сарын болон ээлжийн амралтын тооцоог тасдан 3 сарын дотор тусгайлан шүүхэд нэхэмжлэл урьдчилж гаргах боломжгүй байсан.

2016 оны 8 дугаар сард олгогдох байсан цалин 1 497 923 төгрөг, ээлжийн амралтын нөхөн олговор 1 903 647 төгрөгийг анхан шатны шүүхээс хасахаар шийдсэнийг хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр залруулж өгнө үү. Учир нь ээлжийн амралтыг одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар баталсан “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-аар тооцож олгоно. Мөн дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.А-д заасны дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож олгоно. Миний бие 2016 оны 5 дугаар сард 1 407 923 төгрөг, 6 дугаар сард 1 397 923 төгрөг, 7 дугаар сард 1 687 923 төгрөгийн цалин авсан бөгөөд 3 сарын цалингийн дундаж нь 1 497 923 төгрөг болж байгаа. 2017 оны 3 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл цалин 10 485 461 төгрөг, нэг өдрийн цалин 69 670 төгрөг болох бөгөөд нийт 15 036 586 төгрөгийн тооцоо гарч байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх нэг сарын цалин 1 444 590 төгрөгийг нөхөн олгуулах, ээлжийн амралтын 1 903 647 төгрөгтэй тэнцэх олговрыг нөхөн гаргуулах, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10 112 130 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх нэг сарын цалин 1 444 590 төгрөгийг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/41 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт  бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх шийдвэрлэж, нэхэмжлэгчийг улс төрийн албан тушаалтан гэж ажлаас чөлөөлсөн захиргааны шийдвэр хууль бус болохыг тогтоожээ.  

Нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь захиргааны актын хууль зүйн үндэслэлтэй холбоотой дагнасан шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бөгөөд захиргааны акт үндэслэлтэй эсэх талаар шүүх шийдвэрлээгүй байхад үүнээс өмнөх нэг сарын хугацааны цалин олгоогүйтэй холбоотой иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудлаар нэхэмжлэл гаргах боломжгүй тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд цалин хөлсний асуудлаар харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

Иймд захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээн авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 1 320 730 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.  

Нэхэмжлэгч 2016 оны 7 дугаар сарын 26-наас 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хугацааны цалинг гаргуулахаар шаардсан боловч хэрэгт 2016 оны 7 дугаар сард нэхэмжлэгчид цалин хөлсийг бүтэн олгосон тухай баримт авагдсан /хх-17, 18/ тул 2016 оны 8 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны буюу ажлын 19 өдрийн цалин хөлсийг 1 өдрийн 69 670 төгрөгөөр /сарын дундаж цалин хөлс 1 497 923 төг:21,5/  тооцон олгох үндэслэлтэй, шүүхийн шийдвэрт  уг өөрчлөлтийг нэмж оруулна.

Харин Д.Бд шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны олговрыг олгохоор шийдвэрлэсэн нөхцөлд ээлжийн амралтын олговрыг давхардуулан олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрийн хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй, энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

Хэрэгт  2016 оны 5, 6, 7 дугаар сард авсан цалин хөлс, түүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /хх-18/ авагдсанаас  тооцож, нэг өдрийн цалин хөлс 69 670 төгрөгөөр нэхэмжилсэн хугацааны нийт 161 ажлын өдрийн /2017 оны 2 сарын ажлын 15 хоног, 3 сарын 23 хоног, 4 сарын 20 хоног, 5 сарын 23 хоног, 6 сарын 22 хоног, 7 сарын 17 хоног, 8 сарын 23 хоног, 9 сарын 21 хоног/  олговор 11 216 870 төгрөгийг хариуцагч Х яамнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох  үндэслэлтэй байна.

Дээрхийг нэгтгэн нийт 12 537 600 /1 320 730+11 216 870/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/02336 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “9 360 358 төгрөг гэснийг” “11 216 870 төгрөг” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар  2016 оны 8 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 1 320 730 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ээлжийн амралтын олговорт 1 903 647 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагчаас 164 715,73 төгрөгийг” гэснийг “хариуцагчаас 215 551,6 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 105 770 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧИД                                                Э.ЗОЛЗАЯА

                                                                                                  А.ОТГОНЦЭЦЭГ