Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0492

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0492

Улаанбаатар хот

 

 

“Бүрэн цутгамал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Гомбосүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 403 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Бүрэн цутгамал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 403 дугаар шийдвэрээр: Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан “Бүрэн цутгамал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын “Бүрэн цутгамал” ХХК-ийн жагсаал, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...“Бүрэн цутгамал” ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 403 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шуүхээс “Бүрэн цутгамал” ХХК-аас гаргасан Засаг дарга хууль бусаар жагсаал, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох, жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

“Бүрэн цутгамал” ХХК-аас 2016 оны 05 дугаар сарын 18-ний өдөр дүүргийн Засаг даргад хандан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны хашааны гадна 08:00-17:00 цагийн хооронд, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагаас 27-ны өдрийн 19:00 цаг хүртэл тус дүүргийн 2 дугаар хороо, Сант сургуулийн гадна замын эсрэг талд тус тус суулт хийхээр мэдэгдэл ирүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргаас 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1/1636 дугаар албан бичгээр Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны хашааны гадна хийх суултыг бүртгэж авсан бөгөөд мөн өдрийн 1/1637 дугаар албан бичгээр дүүргийн 2 дугаар хороо Сант сургуулийн гадна замын эсрэг талд хийх суултыг хоёр байгууллагын хооронд үүссэн харилцаа бөгөөд холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг зөвлөн хариуг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.Батдэлгэрт гардуулж өгсөн.

Мөн иргэн Б.Батдэлгэрээс 2016 оны 05 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд 11:00-19:00 цаг хүртэл тус дүүргийн 2 дугаар хороо, Сант сургуулийн гадна замын эсрэг талд суулт хийхээр 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн албан бичигт 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/1659 дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн.

Энэ нь “Бүрэн цутгамал” ХХК-аас хууль бусаар жагсаал, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан гэх үндэслэл болохгүй бөгөөд “Бүрэн цутгамал” ХХК-аас болон иргэн Б.Батдэлгэрээс дүүргийн Засаг даргад хандан жагсаал, цуглаан хийхээр ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авч тухай бүр хуульд заасан хугацаанд хариу өгч байсан нь тогтоогдож байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд жагсаал, цуглаан зохион байгуулах, зөвшөөрөл олгох эсэх асуудал нь зохицуулагдаагүй бөгөөд иргэдээс улс төр, нийгэм эдийн засаг, хүний эрх эрх чөлөөтэй холбоотой асуудлаар үзэл бодол, санал шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг бүртгэж авах эсэх асуудлыг зохицуулсан байдаг.

 Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг даалгуулах шаардлага нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар Засаг даргад эрх олгогдоогүй асуудлыг хөндсөн бөгөөд анхан шатны шүүхээс уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь эрх зүйн хувьд Засаг даргыг хууль бус үйлдэл хийхийг шаардсан асуудал болж байна.

Өөрөөр хэлбэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9.1 дэх хэсэгт “Гудамж талбайд жагсаал цуглаан хийх мэдэгдлийг сум дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэж жагсаал цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эрхийг тусгайлан зааж өгсөн бөгөөд энэ эрхэд нь шүүхээс халдан жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг даалгаж байгаа нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчээс уг шүүхийн шийдвэрийг ашиглан хэдэн ч удаа жагсаал, цуглаан зохион байгуулж, хууль зөрчих боломжийг бүрдүүлж байгаа хэрэг болно.

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан дүүргийн Засаг даргад хандан Сант сургуулийн удирдлагаас ирүүлсэн бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, Сант сургуулийн захиргааг гуравдагч этгээдээр татах хариуцагчийн хүсэлтийг шүүх хурлын шатанд авч хэлэлцээгүй нь дүүргийн Засаг даргаас “Бүрэн цутгамал” ХХК-д 2016 оны 1/1637 дугаар албан бичгээр болон иргэн Б.Батдэлгэрт 2016 оны 1/1659 дүгээр албан бичгээр тус тус хариу өгсөн албан бичигт дурдагдсан хоёр байгууллагын хооронд үүссэн харилцааг нотлох боломж олгоогүй, “Бүрэн цутгамал” ХХК болон Сант сургуулийн хоорондын шүүхээр шийдвэрлүүлж байгаа хэрэг маргааны талаарх асуудлыг тодруулах боломжийг бүрдүүлээгүй, нэхэмжлэгчээс хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах нэрийн дор сант сургуультай хамаатай шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлогыг анхаарч үзээгүй нь хэргийг нэг талаас харж шийдвэрлэх үндэслэл болсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

             Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 18, 2016 оны 05 дугаар 19-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Засаг даргад “...Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж, Сант сургуулийн гадна замын эсрэг талд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагаас 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг хүртэл цуглаан /суулт/ хийх” мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна. Уг албан бичигт хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/1637, 2016 оны 05 дугаар сарын 1/1659 дугаар албан бичгүүдээр тус тус хуульд заасан хугацаанд хариуг хүргүүлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэлтэй зөв дүгнэлт хийж,  “Жагсаал, цуглаан хийж журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д заасан цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй,  Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлийн 16 дахь хэсэгт “...үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, ...тайван жагсаал, цуглаан хийх...” гэж заасан Монгол Улсын иргэний үндсэн эрхийг хязгаарласан, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын асуудлаар цуглаан зохион байгуулахаар мэдэгдэл гаргасан байх тул хоёр байгууллагын хооронд үүссэн харилцаа гэж үзэх үндэслэлгүй байна” гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гудамж талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэж жагсаал,  цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эрхийг тусгайлан зааж өгсөн бөгөөд энэ эрхэд нь шүүхээс халдан жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг даалгаж байгаа нь хууль бус, анхан шатны шүүх дүүргийн Засаг даргад хандан Сант сургуулийн удирдлагаас ирүүлсэн албан бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, Сант сургуулийн захиргааг гуравдагч этгээдээр татаагүй, хоёр байгууллагын хооронд үүссэн харилцааг нотлох боломж олгоогүй” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...Засаг дарга хууль бусаар жагсаал, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох, жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг даалгуулах”-аар гаргасан байх тул шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Сүхбаатар дүүргийн Засаг даргын “Бүрэн цутгамал” ХХК-ийн жагсаал, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн “Жагсаал, цуглаан хийх тухай” мэдэгдлийг бүртгэхийг дүүргийн Засаг даргад даалгаж байгаа болохоос хариуцагчийг хуулиар эрх олгогдоогүй асуудлаар, хууль бус үйлдэл хийхийг шаардсан асуудал гэж ойлгогдохооргүй байна.  

Түүнчлэн давж заалдах гомдолд “Бүрэн цутгамал ХХК болон Сант сургуулийн хоорондын шүүхээр шийдвэрлүүлж байгаа хэрэг маргааны талаарх асуудлыг тодруулах боломжийг бүрдүүлээгүй, нэхэмжлэгчээс хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах нэрийн дор Сант сургуультай хамаатай шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлогыг анхаарч үзээгүй” гэсэн үндэслэлийг дурдаж байна.

 Жагсаалт, цуглаан хийх журмын тухай хуульд “жагсаал, цуглаан хийх газарт нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах...”, “жагсаал, цуглааны явцад аливаа хэлбэрээр хүч үл хэрэглэх, төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэ заалт зөрчигдөхөд хүрвэл нэн даруй таслан зогсоох буюу холбогдох байгууллагад мэдэгдэх”, “жагсаал, цуглааны үеэр гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаах, аливаа байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулах, дотоод хэрэгт нь оролцоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэхүү шаардлагыг чандлан сахиулах, жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, шахалт дарамт үзүүлэх болон бусад хэлбэрээр албадахгүй байх, Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх” үүрэгтэй гэж заасан тул “Бүрэн цутгамал” ХХК  дээрх хуульд заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй болохыг тэмдэглэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.    

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

            ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР