| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2022/0254/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/262 |
| Огноо | 2022-12-01 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******од холбогдох эрүүгийн 2215000000272 дугаартай, 163/2022/0254/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Булган аймгийн ******* суманд 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, ******* багийн **** гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 34 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: ГА88061779.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*******ыг 2022 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Булган аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн нутаг Туухай гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 25-09 ОРО улсын дугаартай Kia Frontier загварын тээврийн хэрэгсэл ашиглан 2.0759 м3 шинэс төрлийн мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000272 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Булган аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн нутаг Туухай гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 25-09 ОРО улсын дугаартай Kia Frontier загварын тээврийн хэрэгсэл ашиглан 2.0759 м3 шинэс төрлийн мод бэлтгэсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлнө гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг болсон гэх Булган аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн Туухай гэх газар нь ******* сумаас 12 километрийн зайтай байх ба ертөнцийн зүгээр ******* сумаас баруун урд зүгт байв. . ...Мод бэлтгэсэн газар нь эргэн тойрон цастай, шинэс мод ихтэй байв. Үзлэгийг сум дундын ойн ангийн шинжээч Ш.*******г оролцуулан хууль бусаар бэлтгэсэн модны хожуулд үзлэг хийж 37 кадр зураг авч бэхжүүлэв гэх гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-12 дахь тал/,
Модонд үзлэг хийсэн: Цагдаагийн хэсгийн кабон байрны хашаанд 1.22-2.54 метрийн урттай, 7-28 метрийн диаметртэй 70 ширхэг шинэс төрлийн мод байгааг жагсааж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь 2000 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэсэн, бага оврын, хөх өнгөтэй ачааны машин байв. Тээврийн хэрэгслийн урд хэсгээс эхлэн үзлэг хийв. Урд салхины шил бүрэн, их гэрэл дохио бүрэн, ...моторыг асааж үзэхэд хэвийн ажиллагаатай байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
Ойд бэлтгэсэн 70 ширхэг шинэс төрлийн мод, мод бэлтгэхэд ашигласан 25-09 ОРО улсын дугаартай Frontier загварын тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 23-29 дэх тал/,
Хөрөөнд үзлэг хийж, хураан авсан: Уг хөрөө нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн, JSN загварын, банкны таг нь ягаан өнгөтэй, манилын таг цэнхэр өнгөтэй цахилгаан хөрөө байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 20-22, 30 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжпэгч Х.Эрдэнэ-*******ын өгсөн: Би 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 6 цагийн үед ажил дээрээ байхад нэг иргэнээс дуудлага ирээд сумын цагдаа Шинэсайханы хамт ******* 1 дүгээр багийн нутаг Туухай гэх газарт очиход тус багийн иргэн ******* нь 25-09 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр хууль бусаар мод бэлтгээд гэр лүүгээ явж байхад нь саатуулан шалгаж, тээврийн хэрэгслийг нь сумын цагдаагийн хэсгийн кабон байрны хашаанд түр саатуулсан. …Тухайн иргэн нь мод бэлтгэх зөвшөөрөл огт аваагүй дур мэдэн талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас босоо мод огтолсон байсан. Иргэн мод бэлтгэх зөвшөөрөл огт аваагүй дур мэдэн талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас босоо мод огтлох эрхгүй. Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.*******ийн өгсөн: Тухайн үед ******* нь өвлийнхөө модыг татаад ирье гээд миний машиныг гуйж авч явсан. Тэгээд цагдаад баригдсан байсан. 25-09 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,
Гэрч С.*******ийн өгсөн: Тухайн үед ******* манайд ирээд аав *******ээс “машинаа өгөөч, модонд яваад ирье” гээд зөвшөөрөл аваад манай машиныг аваад явсан. Тэгээд би 11 цагийн орчимд машинаа авах гээд *******ын гэр лүү явж байтал сумын төвөөс байгаль орчны байцаагч Эрдэнэ-*******, цагдаа Шинэсайхан нар ирчихсэн *******ыг хууль бусаар мод бэлтгэсэн байна гэж хэлээд цагдаагийн хэсэг рүү аваад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,
Гэрч Б.*******ийн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 08 цагийн үед Булган аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн нутаг Ар булаг гэх газарт гэртээ байж байхад ******* ирээд надаас “машинаа өгөөч, модонд явах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай эхнэр бид хоёр зөвшөөрөөд машинаа өгөөд явуулсан. Манай хүү ******* машинаа авах гээд очиход ******* нь хууль бусаар мод бэлтгээд цагдаад баригдаж манай машиныг ******* сумын цагдаагийн кабон байрны хашаанд журамласан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,
Гэрч Я.ын өгсөн: Булган аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн нутаг Туухай гэх газарт 2022 онд талбайн тусгаарлалт хийгдээгүй байна. 2022 онд ******* 1 дүгээр багийн Ногоон балар, Хөшиг гэх газруудад талбайн тусгаарлалт хийгдсэн. …******* нь мод бэлтгэх эрхийн бичиг огт аваагүй. Цагдаагийн хэсгийн байрны хашаанд модтой машин нь байхаар нь очиж үзэхэд ургаа хуурай мод мөн шинэс гэх хуурай хар мод байсан. Тухайн үед түлшний зориулалтаар авсан гэж байсан. Хөх өнгийн 25-09 ОРО улсын дугаартай Пронтиер загварын тээврийн хэрэгсэл байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
Гэрч Г.гийн өгсөн: Манай нөхөр 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагийн үед Булган аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн Туухай гэх газарт ганцаараа мод бэлтгэх гэж яваад 16 цагийн үед ирсэн. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хөрш ******* ахын машиныг нь гуйгаад өмнөх өдөр нь бэлтгэсэн түлээгээ Туухай гэх газраас ачаад гэр лүүгээ тээвэрлэн явж байгаад цагдаад баригдсан. ...Хөх өнгийн 25-09 ОРО улсын дугаартай Пронтиер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн ба уг тээврийн хэрэгсэл манай хөрш ******* гэх хүний тээврийн хэрэгсэл байгаа юм. Манайх өөрийн машингүй болохоор хүний машин гуйж авсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,
Гэрч Б.ийн өгсөн: 25-09 ОРО улсын дугаартай Пронтиер загварын тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч 2018 оны 10 дугаар сарын дундуур Булган аймгийн ******* сумын иргэн Б.******* гэх хүнд зарсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,
Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай: Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн босоо, хуурай мод болно. Түлшний зориулалтаар бэлтгэсэн мод байна. Булган аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн нутгийн ойн сан, ойн мужлалаар хамгаалалтын бүсийн 1 дүгээр мужид орно. Энэ багийн “Туухай” гэх газарт талбайн тусгаарлалт хийгдээгүй. Бэлтгэсэн мод 1.22-2.54 м урттай 70 ширхэг бөөрөнхий мод бөгөөд эзлэхүүн нь 2.0759 шоо метр, экологи эдийн засгийн үнэлгээ 350,111 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 63-65 дахь тал/,
Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 350,111 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 1,050,333 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 70 дахь тал/,
Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компаний шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №222033 дугаартай: Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 89,600 төгрөг, 25-29 ОРО улсын дугаартай Kia Bongo Frontier загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 1,184,794 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 80-85 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед гэрийн ойролцоо байдаг Туухай гэх уул руу ганцаараа яваад өөрийн эзэмшлийн хөрөөгөөрөө хуурай мод харж байгаад унагааж цагаалж бэлтгэчихээд харьсан. Тэгээд маргааш нь манай гэрийн зүүн талд байдаг ******* гэдэг айлд очоод машиныг нь гуйгаад Туухай гэх ууланд бэлтгэсэн модоо ачаад манай өвөлжөө байдаг Улаан толгой гэх газарт буулгах гээд явж байсан чинь манай сумын цагдаа ирээд шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байна гээд намайг сумын цагдаа дээр авчирсан. Мод бэлтгэхдээ зохих албан тушаалтнаас эрхийн бичиг авдаг гэдгийг би мэднэ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102-103 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таниулж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Х.Эрдэнэ-*******, Б.*******, гэрч Я., Г., Б. нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэл болон мод, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Булган аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн нутаг Туухай гэх газрын ойгоос 25-09 ОРО улсын дугаартай Frontier загварын тээврийн хэрэгсэл ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр 2.0759 м3 мод бэлтгэснээр Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Б.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсхүл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авалгүйгээр улсын ойн сан бүхий газарт халдаж ургаа модыг тайрч бэлтгэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.*******ын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж буй өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 350,111 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 63 дахь тал/ учирсан нь Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 1,050,333 төгрөгийн /хавтаст хэргийн 70 дахь тал/ хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.
Уг хохирол, нөхөн төлбөр төлөгдөөгүй, шүүгдэгч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.*******оос байгаль экологид учирсан 1,050,333 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Хавтаст хэргийн 106-114 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймаг, ******* сум, ******* багийн Улаан толгой гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25-09 ОРО улсын дугаартай Frontier загварын тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон гэрч Б., иргэний нэхэмжлэгч Б.******* нарын мэдүүлгээр /хавтаст хэргийн 42 дахь тал/ Б.*******ийн өмчлөл, эзэмшлийнх болох нь нотлогдож байна.
Иймд хэрэгт мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 25-09 ОРО улсын дугаартай Frontier загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч Б.*******т үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 1,184,794 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон 70 ширхэг 2.0759 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 89,600 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******оос байгаль экологид учруулсан хохирол 1,050,333 /нэг сая тавин мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 25-09 ОРО улсын дугаартай Frontier загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч Б.*******ийн эзэмшилд үлдээж, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 1,184,794 /нэг сая нэг зуун наян дөрвөн мянга долоон зуун ерэн дөрөв/ төгрөгийг болон гэмт хэрэг үйлдэж олсон 70 ширхэг 2.0759 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгосугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД