Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2019/00477

 

2019 оны 02 сарын 19 өдөр  Дугаар 184/ШШ2019/00477  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Д-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ц, хариуцагч Ч.Д, түүний өмгөөлөгч Б.О, гэрч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 10 дугаар сард, сонины зарын дагуу, 2.000.000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн .... тоот хаягт байрлах газрыг худалдаж авсан юм. Тухайн үед хашааны бичиг баримт байгаагүй. 2014 оны 5 сарын 25-нд манайх хашаандаа очиж буухад Ч.Д нь хашааны бичиг баримтыг бүрдүүлж таны нэр дээр болгож өгнө гээд нэмж 2 сая төгрөг авсан. Тухайн үед тэтгэврийн зээл авч 2 сая төгрөгийг Ч.Дид төлсөн. Тэгээд гэрээнд гарын үсэг зурсан. 2014 оны 8 сард бичиг баримтаа авахаар тохирсон боловч бичиг баримт гаргаж өгөөгүй ба би өөрөө хөөцөлдөж байж 2015 оны 5 дугаар сард гэрчилгээгээ гаргаж авсан. Бичиг баримтыг би өөрөө хөөцөлдөж байж авсан учир 2 сая төгрөгөө буцааж авъя гэхэд ээж нь тэр мөнгийг би аваагүй, авсан хүнтэйгээ ярь гэсэн. 2015 оны 8 дугаар сард Ч.Дтой уулзаад 2 сая төгрөгөө авъя гэхэд өөр зүйл яриад одоо хүртэл надад өгөхгүй байна. Түүнээс хойш ээж, болон аав нь нас барсан тул би хэлж чадахгүй явсаар 2018 оны намар уулзах гээд ажил дээр нь очиход намайг ирлээ гэдгийг мэдээд зугтсан байсан. Иймд Ч.Доос 2.000.000 төгрөг, түүний хүү болох 1.800.000 төгрөг, нийт 3.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 10 дугаар сард зарын дагуу Ч.Дтой холбогдож, 22х11 хэмжээтэй хашааны газар эзэмших эрх, 3 см зузаан банзаар барьсан 2 тал хашаа, блокоор дутуу барьсан 7х5 хэмжээтэй барилгын хэсгийг нийт 4.000.000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Эхний 2.000.000 төгрөгийг 2012 оны 10 дугаар сард өгсөн, 2013 оны 5 дугаар сард хашаандаа буугаад 2013 оны 5 дугаар сарын 27-нд үлдэх 2.000.000 төгрөгийг төлсөн. Ч.Д нь 2013 оны 8 дугаар сард хашааны бичиг баримтыг гаргаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Би Ч.Д-оос гэрчилгээ гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч тэрээр өөр зүйл ярьдаг, эсхүл зугтчихдаг байсан. Түүнчлэн ээж, аав нь нас барсан учраас миний бие өнгөрсөн хугацаанд мөнгөө нэхэж авч чадаагүй юм. Иймд 2.000.000 төгрөг, түүний хүү болох 1.800.000 төгрөгийг хариуцагч Ч.Доос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2012 оны 10 сард иргэн Ш.Цтой гэрээ байгуулж, 4.000.000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн .... тоот хаягт байрлах 462 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, 7х5 хэмжээтэй 1000 ширхэг блокоор барьсан дутуу барилга, 3см зузаантай 2 тал хашаа зэргийг худалдахаар тохирсон. 2012 оны 10 сард 2.000.000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 27-нд 2.000.000 төгрөг авч 8 сард нь газар эзэмших эрхийн бичиг баримт хөөцөлдөж нэр дээр нь болгохоор тохирсон. 2015 онд манайд согтуу ирэхээр нь би газрын тухай яриагүй ба дараа ярья гээд явуулсан. Үүнээс хойш надтай огт холбоо бариагүй 5 жил болж байна. Миний хувьд бичиг баримт хөөцөлдсөн 150.000 төгрөгийн зардлыг Ш.Цд төлөх боломжтой, бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ц нь, газар эзэмших эрх шилжүүлж өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх үндэслэлээр, өөрөөс гарсан зардал гэх 2.000.000 төгрөгийг, мөн уг мөнгийг төлөхийн тулд Төрийн банкнаас авсан тэтгэврийн зээлийн 5 жилийн хүүгийн төлбөр гэх 1.800.000 төгрөгийг, нийт 3.800.000 төгрөгийг хариуцагч Ч.Доос шаарджээ.

Хариуцагч Ч.Д нь газар эзэмших эрх шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй ба газар эзэмших эрх шилжүүлэх зардалд 150.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрснөөр талууд маргасан байна.

Хариуцагч буюу худалдагч Ч.Д нь 2012 оны 10 дугаар сард, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Зээлийн ..... тоот хашааны зэргэлдээ орших, 22мХ11м буюу 242 м.кв талбай бүхий газар1эзэмших эрх, 7мХ5м хэмжээтэй дутуу барьсан блокон барилга, 3см-ын зузаантай банзаар барьсан хоёр тал хашааны өмчлөх эрхийг нэхэмжлэгч буюу худалдан авагч Ш.Цйн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч Ш.Ц нь дээрх эрх болон эд хөрөнгийн үнэд 4.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 7 дугаар тал/

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болох газар эзэмших эрх нь хариуцагч Ч.Дийн эзэмшлийнх биш байх боловч үүргийн эрх зүйн

___________________________________

1-     Нэхэмжлэгч нь 22х11 харьцаатай буюу 242 м.кв газрын эрх худалдаж авсан гэж, хариуцагч нь 462 м.кв газрын эрх зарсан гэж гэрээний зүйлийг зөрүүтэй тайлбарлажээ. Хариуцагчийн зөвшөөрч байгаа хэмжээ нь нэхэмжлэгчийнхээс их байгаа тул хариуцагч нь нэхэмжлэгчийн тайлбарласан 242 м.кв талбайг зөвшөөрсөн агуулгатай гэж үзэхээр тул нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсан хэмжээгээр тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үзсэн.

хувьд, өөрийн болон бусдын эзэмшлийн хөрөнгийг, хэн нэгний өмчлөлд шилжүүлэхээр аливаа этгээд, бусдын өмнө үүрэг хүлээж болохыг хуулиар хориглоогүй байна.

Өөрөөр хэлбэл хэн нэгэн этгээд нь өөр бусад этгээдийн өмнө, хуулиар хориглосноос бусад эд зүйлийг худалдахаар үүрэг хүлээж болдог ба харин уг үүргээ биелүүлээгүй бол нөгөө тал үүргээ гүйцэтгэхийг шаардах, гэрээнээс татгалзах, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрх үүсдэг байна.

Иймд гэрээний зүйл болох газар эзэмших эрх нь Ч.Дийн эзэмшилд шилжээгүй байсан нь талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Дээр дурдсанаар талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ 2012 оны 10 дугаар сард байгуулагдсан, улмаар гэрээний дагуу шаардах эрх худалдан авагч буюу нэхэмжлэгчид 2013 оны 5 дугаар сарын 27-нд үүссэн /сүүлчийн 2.000.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан/ байх боловч худалдан авагч буюу нэхэмжлэгч нь өнгөрсөн хугацаанд шүүхэд хандаж, зохих журмын дагуу нэхэмжлэл гаргаагүй байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. гэж заасан ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д: Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заажээ.

Ийнхүү нэхэмжлэгч Ш.Ц нь гомдлын шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнгөрөөсөн байх ба уг хугацаа хуульд заасан үндэслэлээр зогсоогүй, тасалдаагүй байх тул тэрээр 2012 оны 10 дугаар сард Ч.Дтой байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу түүний эсрэг шаардлага гаргах, гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч Ч.Дийн ээж, аав нас барсан тул түүнтэй уулзаж чадаагүй, шүүхэд хандаагүй гэх боловч энэ нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүйгээс гадна өмнө нь хариуцагч Ч.Дтой уулзаж байсан, түүнээс гэрээний үүргийг шаардаж байсан гэх өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй болно2.

Гэвч хариуцагч Ч.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан талуудын зарчимтай нийцэхээс гадна Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрсөн төлбөрийг түүнээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж

 

___________________________________

2-     Нэхэмжлэгч нь хариуцагчтай уулзаж үүргээ гүйцэтгэхийг шаардсан гэж, хариуцагч нь нэхэмжлэгчтэй уулзаагүй, худалдах-худалдан авах гэрээний талаар яриагүй хэмээн зөрүүтэй тайлбар гарган маргажээ. Энэ тохиолдолд, тогтоогдож буй үйл баримтын үр дагавар нь хэнд ашигтай байна, тэр тал нь зөрүүтэй тайлбараа нотолгооны бусад хэрэгслээр давхар нотлох үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нь хожим нэхэмжлэгчтэй уулзаж гэрээний үүргээ биелүүлэхийг зөвшөөрсөн үйл баримт тогтоогдвол хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тухайн цаг үеэс тасалдах учир уг үйл баримт нь нэхэмжлэгчид ашигтай юм. Иймд зөрүүтэй тайлбарыг нотлох үүрэг нь нэхэмжлэгчийн үүрэг болно.

үзэхээр байна.3  

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ч.Доос 150.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Цд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар дутуу төлсөн 28.800 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч Ш.Цос нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус баримтлан Ч.Доос 150.000 төгрөгийг гаргуулан Ш.Цд олгож, нэхэмжлэлээс 3.650.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 28.800 төгрөгийг Ш.Цос нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Ч.Доос 5.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Цд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР

 

 

 

 

  _________________________________

3-     Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д: Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалт нь үүрэг гүйцэтгэгчид эрх олгосон заалт болохоос үүрэг хүлээлгэсэн заалт биш тул эсрэг агуулгаараа үүрэг гүйцэтгэхээс татгалзаагүй бол үүргийг гүйцэтгэж болно гэж ойлгогдох юм. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэдий ч үүрэг гүйцэтгэгч төлбөр төлөхийг зөвшөөрч байвал хуулийн энэ зохицуулалтыг Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар төсөөтэй хэрэглэх боломжтой.