Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0550/Э |
Дугаар | 2022/ШЦТ/935 |
Огноо | 2022-10-04 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Г.Төгсжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/935
2022 10 04 2022/ШЦТ/935
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч: Г.Төгсжаргал,
Шүүгдэгч: Н.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн .... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ... оны 12 дугаар сарын 23-ны өдөр... аймгийн .. суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, урьд хорих ялаар шийтгүүлсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. тоот захирамжаар хорих ялын эдлээгүй үлдсэн 7 сар 11 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 7 сар 11 хоногийн хугацаанд хязгаарлаж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосон байтал 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдөр шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Б" дэлгүүрт хяналт тавих зориулалт бүхий тоног төхөөрөмжийг санаатайгаар устгаж, гэмтээсний улмаас төрд 938.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн ...... дугаартай хэргээс:
Шүүгдэгч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 60-62 дугаар хуудас/,
Гэрч О.Рийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/
“Д-” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Цахим бугуйвч болон түүний иж бүрдэл үнийн задаргаа /хх-ийн 66 дугаар хуудас/,
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын зорчих эрх хязгаарлах ялын хяналтын системд төхөөрөмж салсан газрын байршлыг 47.969966883333335, 106.91757965 гэж заасан баримт /хх-ийн 18 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 120 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч Н.Уын мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/, .. аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 40-43 дугаар хуудас/, .. аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 13-15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Эт .. аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд заасныг баримтлан Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 7 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 7 сар 11 хоногийн хугацаанд хязгаарлаж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэхийг үүрэг хүлээлгэсэн байх ба тэрээр 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, Сүхбаатар дүүргийн .. хорооны нутаг дэвсгэр “Б” дэлгүүрийн орчим цахим бугуйвч болох хяналт тавих зориулалт бүхий тоног төхөөрөмжийг санаатайгаар устгаж, гэмтээсний улмаас улсад 938.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Сын “...2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад ялтан Н.Эт эрх үүргийг танилцуулан цахим бугуйвчыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зүүлгэн хяналтад оруулж зүүлгэсэн. Н.Эт эрх үүргийг нь танилцуулж, тус цахим бугуйвчийг хэрхэн хэрэглэдэг техникийн зааварчилгаа болон гарын авлагатай хүлээлгэн өгсөн. Мөн Н.Э нь зүүж байсан цахим бугуйвчаа тасдаж, Улаанбаатар хотоос гарч Архангай аймаг уруу явсан... Эийн хувьд 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 13 цаг 27 минутад бугуйвчийг унтрааж, цахим хяналтын системийн хяналтаас гарсан. Ялтны мэдүүлгээр 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр согтуу унтаад босоод ирэхэд Сүхбаатар дүүргийн ... автобусны буудал дээр цахим бугуйвч байхгүй байсан. Би юу болсныг санахгүй байна гэдэг юм...хамгийн сүүлд дээрх цаг хугацаанд байрлал 47.969966883333335, 106.91757965 буюу 7 буудлын автобусны буудлын орчимд сүүлийн GPS байршлыг зогсоосон... цахим бугуйвч нь дангаараа 780.000 төгрөг, дагалдах хэрэгсэл буюу соронзон цэнэглэгч нь 30.000 төгрөг, повер банк нь 120.000 төгрөг, цэнэглэгч 8.000 төгрөгийн эд зүйлийг Э нь хаяж үрэгдүүлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч О.Рийн “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны цахим хяналт удирдлагын төвийн техник хангамжийн инженер ажилтай. Энэ төхөөрөмж БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гарын цахим бугуйвч байгаа юм. Бугуйн ухаалаг цагны хэлбэртэй бөгөөд нэмэлт дагалдах хэрэгсэл, зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, соронзон цэнэглэгч 1 ширхэг, андройд цэнэглэгч 1 ширхэг зэргийг ялтанд хүлээлгэн өгдөг. Бугуйн цагны оосор тасрахад дахин ашиглах боломжгүй. Учир нь цагны оосрын завсраар ялтсан дамжуулагч явж цагтай холбогддог учраас тасалсан тохиолдолд дахин ашиглах боломжгүй... оосор тасарсан, дэлгэц хагарсан тохиолдолд засах арга байхгүй. Бусад зүйл эвдэрсэн тохиолдолд засаж, сэлбэж болдог бөгөөд үнийн тарифыг Бодь электроникс гаргаж манай байгууллагад өгсөн байдаг...ялтны зорчсон маршрутын зураглал нь хадгалагддаг бөгөөд хугацааг нь сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг,
“Д-” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаа 2021 оны 10 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 938.000 /есөн зуун гучин найман мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн үнэлгээний тайлан,
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын зорчих эрх хязгаарлах ялын хяналтын системд төхөөрөмж салсан газрын байршлыг 47.969966883333335, 106.91757965 гэж заасан баримт,
Шүүгдэгч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “...ШШГА-ны ажилтан зүүн гарын бугуйнд бугуйвч зүүж өгсөн. Тухайн бугуйвчийг зүүж өгөхдөө “төхөөрөмжийг байнгын цэнэгтэй байлгах, оролдож болохгүй” гээд цэнэглэгч, повер банк зэргийг өгсөн. Би сар бүрийн 25-ны өдөр бугуйвчны төлбөр болох 39.500 төгрөгийг төлөх ёстой байсан. 2021.07.25-ны өдөр НШШГГ-т очиж бүртгүүлээд төлбөрөө төлсөн. Түүнээс хойш гэртээ байсан. Хааяа ажил хайж гардаг байсан. Ингэж явахдаа цэрэгт цуг алба хаасан Батдоржтой 7 буудалд таараад архи уусан. Архи ууж согтоод тасарсан ба нэг сэрэхэд автобусны буудлын хажуу талд ТҮЦ-ний ард унтаж байсан. Сэрэхэд биед байсан паск, дотор нь байсан повер банк, бэлэн мөнгө болон гарт зүүлттэй байсан бугуйвч байхгүй байсан.... Өөрийн буруутай үйлдэл болохоор хохирлоо төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Н.Эт шүүхийн шийдвэрээр зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх зорилгоор түүний гарын бугуйнд зүүсэн байсан цахим бугуйвч бүхий төхөөрөмжийг тэрээр 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Бүрэн плаза 2” дэлгүүрийн орчим санаатайгаар тасалж хаяж, үрэгдүүлэн устгасны улмаас улсад 938.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь тогтоогдсон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор Н.Эт байршил тогтоож, хяналт тавих зориулалт бүхий цахим бугуйвчыг хариуцуулан зүүлгэсэн байхад тэрээр хяналтаас зайлсхийх зорилгоор 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр цахим бугуйвчийг унтраасан, гар утас нь холбогдох боломжгүй болсон, оршин суух хаягтаа байхгүй байсан, улмаар хөдөө орон нутаг руу явж улмаар эрэн сурвалжилагдаж байсан зэргээс үзэхэд шүүгдэгчээс тухайн гэмт үйлдлээ ялаас зайлсхийх зорилгоор санаатайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал шүүгдэгч Н.Э нь байршил тогтоож, хяналт тавих зориулалт бүхий цахим бугуйвчыг эвдэж өөрөөсөө салгаж, хаяж устгасан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, гарах үр дагаврыг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас улсад зориуд хохирол учруулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуульд заасан “Эд хөрөнгө устгах” гэмт хэргийг тодорхойлохдоо эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, сэргээн засварлаж ашиглаж болохгүй болгосныг илэрхийлэх ба ийнхүү устгасны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдлийг илэрхийлдэг.
“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог.
Шүүгдэгчийн санаатай гэмт үйлдлийн улмаас улмаас үүссэн үр дагавар болох учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул шүүх шүүгдэгч Н.Эийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай талаар дүгнэлтээ гаргасан бол шүүгдэгч Н.Эээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Н.Э нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 938.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгчээс 938.000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч А.С /Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/-т олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Н.Эийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгч Н.Эт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Э нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 33 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу түүний цагдан хоригдсон хугацааны нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /33*8=264/ 264 цагийг хасч /450-264=186/ 186 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечилэн эдлэх хэмжээг тогтоов.
Улсын яллагчаас “....шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж, шүүгдэгчээс “...үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг тэмдэглэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс холбогдох хууль, журам, шүүхийн шийдвэрийг биелүүлэх болон нийгэмд биеэ зөв авч явах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Эийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийн цагдан хоригдсон 33 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /33*8=264/ 264 цагийг хасч /450-264=186/ 186 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечлэн эдлэх хэмжээг тогтоосугай.
4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Эээс 938.000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч А.С /Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар/-т олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Н.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН