| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0921/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/970 |
| Огноо | 2022-10-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/970
2022 10 13 2022/ШЦТ/970
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Улсын яллагч: Ц.Гэрэлбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Шүүгдэгч: Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн ...... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
... оны 01 дүгээр сарын 25-ны өдөр .. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эх дүүгийн хамт, 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь фейсбүүк цахим хуудсанд байх өөрийн "Ж-" гэх хаягтаа "доллар солино" гэсэн зар байршуулан улмаар 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... тоотоос зарын дагуу холбогдсон хохирогч М.Бт "2.480.000 төгрөгийг 800 доллароор сольж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн нэр дээрх "Х-" банкны 000 дугаартай дансанд шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн .... дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 дүгээр хуудас/,
Хохирогч М.Бын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 16 дугаар хуудас/,
Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
"Ж-" гэх хаягтай мессенжэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-25 дугаар хуудас,
“Х-” банк Мөнгөн шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 26 дугаар хуудас/,
Г.Гын “Х-” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 34-36, 39-42 дугаар хуудас/,
Бэлэн мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 44 дугаар хуудас/,
Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 45 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №.. дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь фейсбүүк цахим хуудсанд байх өөрийн "Ж-" гэх хаягтаа "доллар солино" гэсэн зар байршуулан улмаар 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... тоотоос зарын дагуу холбогдсон хохирогч М.Бт "2.480.000 төгрөгийг 800 доллароор сольж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн нэр дээрх "Х-" банкны 000 дугаартай дансанд мөнгийг шилжүүлэн авсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч М.Бын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,
Хохирогч М.Бын “...Би 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар баарны 2 тоотод байж байгаад фейсбүүк зараар доллар солино гэсэн "Ж-" гэх хаягтай хүнтэй чаат бичсэн. Тэгээд 800 доллар авахаар болсон. Тэгээд надад 000 гээд дансны дугаарыг өгсөн би тухайн данс руу 2.480.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд М- гээд хаягаа хэлж өгөөд хүлээсэн боловч над руу доллар хийгээгүй намайг блок хийгээд алга болсон...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Гын “...Би 2022 оны 04 дүгээр ард фейсбүүк хаягаараа хохирогчтой холбогдож доллар зарна гэж хэлээд 2480000 төгрөгийг өөрийнхөө Х- банк дахь 000 дугаарын дансандаа хүлээж авсан. Уг мөнгийг би хувийн хэрэгцээндээ зарцуулсан....” гэсэн мэдүүлэг,
"Ж-" гэх хаягтай мессенжэрт үзлэг хийсэн тэмдэглэл,
“Х-” банк Мөнгөн шилжүүлгийн мэдээлэлд “...... Б- гэсэн данснаас 000 Г- гэсэн данс руу М- гэсэн гүйлгээний утгатай 2.480.000 төгрөгийн зарлага....” гэсэн баримт бүхий тэмдэглэл,
Г.Гын “Х-” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ... дугаартай данснаас М- гэсэн гүйлгээний утгатай 2.480.000 төгрөгийн орлого орсон...” гэсэн дансны хуулга зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар Г.Г нь цахим сайтад “доллар солино” гэсэн зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч М.Бт “2.480.000 төгрөгийг 800 доллароор сольж өгнө” хэмээн худал хэлж төөрөгдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар хуурч хохирогчоос мөнгө авсан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж бодит байдлыг нууж төөрөгдүүлэн бусдыг хуурч “2.480.000 төгрөгийг доллароор солиулах” гэсэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч хохирогчид зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч, мөнгөн хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байдлыг илэрхийлдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Гыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нь өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн санал гаргаж, шүүгдэгчээс “...өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй...” болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Бэлэн мөнгө хүлээн авсан тухай “...Г.Гаас 20.000 төгрөгийн дэвсгэртээр нийт 124 ширхэг 2.480.000 төгрөгийг хүлээн авав....” гэсэн тэмдэглэл /хх-ийн 44/, Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай “...Г.Гаас 20.000 төгрөгийн дэвсгэртээр нийт 124 ширхэг 2.480.000 төгрөгийг хүлээн авч хохирогч М.Бт хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 45/ авагдсан байх ба хохирогч М.Боос “...ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 23/ гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Г.Гыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Г нь тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эх дүүгийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, “урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.
Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Гт ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, валют солих үйл ажиллагаа явуулахыг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар санал гаргасныг шүүгдэгч Г.Г танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ...” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан журмыг хэрэглэж улсын яллагчын саналыг хүлээн авах нь зүйтэй.
Тодруулбал шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн гэмт үйлдэл болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд прокурорын саналын хүрээнд Г.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, валют солих үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Гыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Г.Гт ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хууль зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу валют солих үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН