Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 961

 

 

 

 

 

 

 

2019           9.             26                                             2019/ДШМ/961                                  

 

Г.М, Т.Э, Н.Ч,

П.Д, Б.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч П.Дн өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч  А.Ганбат,          

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 520 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Д, Н.Ч, Т.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.М, Т.Э, Н.Ч, П.Д, Б.С нарт холбогдох 1808040761130 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ....... М, 1985 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,

            Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 170 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар,

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

 

            2. ..... Э, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн ....... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хооронд нь нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

            Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 3 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 106 дугаартай захирамжаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 25 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн;

           

3. ........ Ч, 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг, Ханжаргалангийн 4 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн;

 

4. ........ Д, 1985 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ТД85092138/, 

            Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 561 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 2 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 4 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1 жил 10 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

 

5. ....... С, 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ......... ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхэд, эхийн хамт Хан-Уул дүүргийн ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......../;

 

Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 01-ний үүрээр 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Саппоро” төвийн арын байрны буланд иргэн Ч.Сгийн араас хүзүүгээр нь боож унаган, түүний халаасанд байсан “Samsung S-6” загварын гар утас, бэлэн 130.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэж, 328.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.С нь эрүүгийн 1808040761130 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа сэжигтэн П.Дн ятгаснаар П.Дг дээрх гэмт хэрэгт оролцоогүй гэж өмнө өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэйгээр, зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М, Э, Ч, Д нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэрэгт,  

шүүгдэгч С-г гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М, Э, Ч, Д нарыг тус бүр 2 (хоёр) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-г 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуу) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нарт оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд биелүүлэхийг тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мын цагдан хоригдсон 89 (наян ес) хоногийг, шүүгдэгч Т.Э, Н.Ч нарын цагдан хоригдсон тус бүрийн 172 (нэг зуун далан хоёр) хоногийг, шүүгдэгч П.Дн цагдан хоригдсон 42 (дөчин хоёр) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий нэг ширхэг CD-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Д давж заалдах гомдолдоо: “...Би бие ээж, дүү хоёрын хамт гурвуулаа амьдардаг. Ээжийн минь бие муу, группт байдаг, өндөр настай хүн. Би өөрт холбогдох хэргийг үнэн зөвөөр хүлээж маш ихээр гэмшиж байна. Энэ байдлыг болон ар гэрийн амьдралыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Би 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 22 цаг өнгөрч байхад Д утсаар яриад “хороололд, буудалд байна” гэхээр нь очиход Дн эхнэр Нараа, бас С байсан. Бид нар архи уугаад Д эхнэртэйгээ муудалцаад Д, С бид гурав буудлаас гараад явсан. Дн эхнэрийн картнаас мөнгө авч, Саппоро ороод Э, М хоёртой таараад бид 5 архи авахаар дэлгүүр лүү явсан. ...Саппорогийн хойно байдаг бурхантай хөшөөний тэнд нэг залуу байсан. Тэр залууг “яагаад бурхны хөшөө рүү бие засаж байгаа юм бэ” гээд М маргаж байсан. Э бие засна гэж яваад, С цаанаас гарч ирсэн. М хохирогчтой ноцолдсон. Д надад хар өнгийн утас үзүүлсэн ба тухайн үед Д, М бид гурав байсан. С “юу болоод байгаа юм бэ” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт “би энэ хэрэгт оролцсондоо гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, гэм буруугаа хүлээж 82.000 төгрөг хохирогчид төлсөн зэргээс харахад миний гэм буруугийн талаар маргаагүй нь нотлогдож байна. Мөн шүүхийн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт, хувиараа барилгын ажил хийж гэр бүлээ тэжээдэг зэрэг миний ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээн чин сэтгэлээсээ гэмшиж байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Мтай “Саппоро” төвд таараад, удалгүй Ч, Д, С нарыг ирэхээр нь дөрвүүлээ дэлгүүр орж архи авах гэтэл хаалттай байсан тул би бие засах гээд салаад явсан. Тухайн үед би халамцуу байсан ч бүгдийг нь санаж байна. Камерын бичлэгт “Мтай цуг цэцгийн мандлын хажууд очиход бид хоёр дээр хохирогч эхний бичлэгт Сын араас хойш гарсан гурван залуутай ирж юм асууж зогсож буй бичлэг байгаа юм. Сэжигтний мэдүүлэг өгөхөд төлөөлөгч Төгөлдөр камерын бичлэгийг заан М бид хоёрыг “хохирогч чинь танихгүй байна” гэхээр нь Дг хамааралгүй болгох гэж, өглөө нь надаас гуйсан учир тэр хүн намайг таниагүй, мөн мөнгөтэй болох зорилгоор гэмт хэрэг үйлдэн гар утас авсан уу гэж асуухад би “тийм” гэж хариулсан.Мэдүүлэг аваад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваад Мыг олж ирж гээд явуулсан. Ч, Д хоёр, Мыг боож байхад нь Д утас мөнгийг нь авсан гэж хэлж байсан. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Мыг хайж олоод мэдүүлэг өгөх гээд орохдоо надад ”чи халааснаас нь утас авсан, би өөрөө хохирогчийн ханцуйнаас нь татсан” гэж хэлнэ гээд байцаагч дээр орсон. Дараа нь би орж байцаалт өгөөд гарч ирээд М, Д, Ч нарт хандан “хэлснээр чинь байцаалт өглөө, дахиж цагдаа дээр ирэхгүй, энэ хэргээсээ салгаарай, миний араас минь хөөцөлдөх хүн амьтан байхгүй” гэж хэлээд дахиж очоогүй. Учир нь, “хохирогчтой уулзаж хохирлыг нь төлөөд, чамайг хамааралгүй болгож өгнө” гээд байцаалт өгүүлсэн.

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөгч, ахмад Ганчулуун худал хэлэн хавтас хэргийг уншиж танилцуулалгүй гарын үсэг зуруулсан. Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр прокурор Р.Очирсүрэн нь Ч, Д бид гурвыг асуулт тавихад хариулалгүй, яллах дүгнэлтийг гардуулаад, цагдан хорьсон. Энэ өдрөөс хойш прокурор ирэхгүй, надад үнэнээ хэлэх боломж олдоогүй 60 хоног болоод 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр эхний шүүх хуралд орсон. Шүүх хурлын өмнө М “Дг боосон гэж хэлье” гээд Ч бид хоёрт хэлэхдээ “чи хамааралгүй гарах юм чинь Дг Ч, М бид гурваас гуйсан, хэрэгт холбогдолгүй болгочих” гэж хэлээд хэргээ задлаад батлан даалтад гарна гэсэн. Гэтэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Миний хувьд гүтгэсэн мэдүүлэг шүүхэд өгөөгүй, болсон зүйлээ л ярьсан. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр анхан шатны шүүхэд болсон зүйлээ мэдүүлсэн. Асуултад хариулсан учир мэдүүлэг хойно урдаа орсон байх. Би тэр өдөр хэн боож, хэн утас авсан гэдгийг мэдэхгүй, хараагүй, хамт яваагүй, “Саппоро” дээр үлдсэн. Ч, Д, М, С нар алга болоод би Саппорогийн Шөлөндөө-д орж унтсан. Шийтгэх тогтоолын 6 дугаар нүүрт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгийг өөрчлөн, намайг яллах үүднээс үг нэмж, хасан нэр өөрчилсөн байна. ...Мын мэдүүлэгт “Э согтоод би түүнийг аваад явж байсан” гэдэг. Үнэндээ бол би хүнээр түшүүлж явах хэмжээний архи уугаагүй, бүгдийг сайн санаж, мэдэж байна. Миний араас хөөцөлдөх хүн байхгүй болохоор тэгж хэлсэн байх. Би шүүхийн хэлэлцүүлэгт “...Ч, Д, С гурав явж байсан нь камерын бичлэгт байгаа. Харин би Ч, С, Д гурвыг хойшоо дэлгүүр явж, би бие засах гэж салснаас хойш хараагүй. Мөн бичлэгт би Мтай тэдний хойно явж байсан, энэ үед би Мтай таарсан. Дд хүн чанар гаргаад хохирогчийг боосон гэж худлаа ярьсан...” гэж хэлсэн. Ч “М, Д бид гурав дээрэм болох үед байсан. М яагаад бурхны хөшөө рүү шээсэн юм бэ гээд маргаж байсан. Э бие засах гэж явсан” гэж мэдүүлэг өгсөн. Д “...Э миний гуйлтаар худал мэдүүлэг өгсөн. М боосон, хохирогч өөрөө надад утас, мөнгө ав гэж өгөхөд Ч хажууд байсан. Тухайн үед Ч, М бид гурав байсан, Э байгаагүй. М, Ч, С бид 4 буудалд архи уугаад унтсан” гэж, С “...Э, М Ч, Д, М нар нэг хүнийг боосон зогсож байсан. Эг хараагүй, байхгүй байсан...” гэх мэдүүлэг өгсөн. ...2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эрүүгийн төлөөлөгч Ч, Д, С бид дөрвийг хорино гэсэн хэдий ч өдөр нь Сыг дагуулж гарч орж ирээд, 48 цаг саатуулахдаа Ч, Д бид гуравт “...эмэгтэй чинь банкны зээлтэй, нялх хүүхэдтэй барьцахгүй биз дээ, 48 цаг хэргийнхээ талаар сайн бодож хоноорой...” гээд хорьсон. Сын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгт “...Д, Ч, М, Э боосон...” гэдэг. Угтаа бол би байгаагүй төлөөлөгч Төгөлдөр өдөр нь авч гараад айлгасан байх. Хорино гэж, мөн камерын бичлэгт Ч, М, Д бид дөрөв байгаа учраас айж сандран намайг байсан гэж мэдүүлэг өгсөн байна. 2019 оны 1 дүгээр сарын 22-ний өдөр шүүх хуралд М, Ч хоёр намайг “мэдээгүй, оролцоогүй”-г минь гэрчилсэн. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр М, Ч, Д, С нар мөн “...Э байгаагүй, хараагүй цуг яваагүй Саппоро дээр үлдсэн...” гэж шүүх хурал, мөрдөн байцаалтад мэдүүлсэн байгаа. Хохирогч шүүх хуралд 3-4 хүн гэж таамагладаг ч харсан зүйл байхгүй. Олон удаагийн ял шийтгэлтэйгээр нь хүнийг дүгнэж болохгүй биз дээ. Би биеэр дөрвөн удаа ял шийтгүүлж шоронд суусан. Хэрвээ энэ хэргийг хийсэн бол аль болох үнэнээ хэлэн хэргээ хүлээж Эрүүгийн хуулийн хөнгөрүүлэх заалтыг хэрэглүүлж, эрт ял авч, 5-10 хоног олж авах гэж явах ёстой хүн. Гэтэл ийм хэрэг хийгээгүй учраас харамсалтай байна. Өмнө дээрмийн хэрэгт холбогдож байгаагүй, 5 удаа шүүх хурлаар орохдоо хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. 2015 оны 11 дүгээр сард Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдаж дахин эрүүгийн хэрэгт холбогдоогүй. Иймд эдлэх ялыг минь багасгаж, худал мэдүүлэг өгсөн үйлдэлд минь тохирох зүйл хэсгээр зүйлчилж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Шүүгдэгч Г.Мын хувьд 2 жилийн өмнө авто осолд орж аарцаг, нуруу, хөлөндөө хүнд гэмтэл авсан. Энэ нь хавтас хэрэгт өгсөн баримтаар тогтоогдож байгаа. Иймд түүний эрүүл мэндийн болон ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл ангид оногдуулах ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй хэмжээний ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Эгийн өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.Эгийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Т.Э тухайн дээрмийн гэмт хэргээс олсон мөнгөнөөс огт хэрэглээгүй. Анхнаасаа “Саппоро” дээр байсан, тэндээ үлдсэн гэдэг. Т.Эгийн оролцоо огт байдаггүй. Мөн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхдээ хэрвээ дээрмийн гэмт хэрэгт хамт оролцсон бол мөнгөгүй, хонох газаргүй “Шөлөндөө”-д орж унтахгүйгээр тэдэнтэй хамт буудалд орж, архи ууж хонох байсан. Биеийн байцаалт дээр боловсролгүй гэсэн байхад мэдсээр байж өмгөөлөгчгүй байцаалт авсан байдаг. Дн гуйлтаар гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлэг өгсөн. Мөн хохирогчийн “...намайг бөөлжөөд зогсож байхад хойноос боосон, тэгээд би утсаа гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг байдаг. Гэтэл Т.Э Дг хамгаалж гэмт хэрэг үйлдсэн болж мэдүүлэг өгөхдөө “би хохирогчийн халааснаас утсыг авсан” гэж хэлснээрээ тухайн мэдүүлгүүд нь зөрдөг. Анхан шатны шүүх камерийн бичлэгт буцаж ирж байхад хамт байсан гэх үндэслэлээр ял шийтгэж байгаа нь үндэслэлгүй. Иймд Т.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.Чийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд гэм буруу болон зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгч Н.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна. ...” гэв.

 

Шүүгдэгч П.Дн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...П.Дн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугийн талаар огт маргаж байгаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл ангид оногдуулах ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй хэмжээний ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Б.С нь худал мэдүүлэг өгсөн гэдгээр 1.500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн. Анхнаасаа гэм буруугийн талаар маргаагүй. Миний үйлчлүүлэгчийн ар гэрийн байдал хүнд. Иймээс 1.500.000 төгрөгийн торгох ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Ч.С мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тогтвортой мэдүүлэг өгдөг. Тухайн дээрмийн гэмт хэрэг болох үед гурваас дөрвөн хүн байсан гэдэг. Хохирогч Ч.С,  Б.С нарын мэдүүлэг, камерийн бичлэг зэргээр шүүгдэгч П.Д, Т.Э, Г.М, Н.Ч нарын бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэрэг хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүхээс тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон тул шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 1-ний шөнийн  04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро” төвийн арын байрны тэнд иргэн Ч.Сгийн араас хүзүүгээр нь боож унаган, түүний халаасанд байсан “Samsung S6” загварын гар утас, биед 130.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ч.Сгийн “...”Саппоро” төвийн арын байрны буланд бөөлжих гэж байхад араас боож унаган, халаас ухаад байсан. Тухайн үед 3-4 хүн байх шиг байсан. ...Миний “Samsung S6” гар утас, бэлэн 130.000 төгрөг алга болсон байсан. ...” /1хх 9-10/,

Б.Сийн 2018 оны 9 дүгээр сарын 24, 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрүүдэд гэрчээр өгсөн “...Д намайг Саппорогийн урд байж бай гэж хэлээд бузар жоохноо /Т.Э/, Ч, онгорхой өндөг /Г.М/, Д нар байрны хажуу талын жижиг явган хүний замаар хойшоогоо гарсан. Намайг араас нь удалгүй очиход тэр хэд нэг залууг цохиод унагаасан эд зүйлийг нь авч байсан. ...” /1хх 14-15, 225-226/,

Н.Чийн сэжигтнээр өгсөн  “...Онгорхой өндөг очоод уг залууг араас нь боож унагахад бузар жоохноо /Т.Э/ халаасыг нь ухаад гар утсыг нь авсан. Би харин газар унасан байсан бэлэн мөнгийг нь авсан. ...” /1хх 37-38/,

Н.Чийн яллагдагчаар өгсөн “...Намайг яваад очиход Э, М хоёр нэг залуутай бурханы хажууд бие заслаа гээд хэрэлдээд маргалдчихсан зогсож байсан...нөгөө залуу миний утас алга болчихлоо гэж байсан. ...Харин би явах гэж байгаад тэдний маргалдсан газраас 72.000-73.000 төгрөг олсон. ...” /1хх 74-75/,

Н.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...урагшаа явж байхад Д надад нэг хар өнгийн гар утас үзүүлсэн. ...” /3хх 8/,

Т.Эгийн сэжигтнээр өгсөн “...Онгорхой өндөг /Г.М/ нөгөө бие засаж байсан залуу дээр очоод араас нь боож унагахаар нь би халаасанд нь байсан гар утсыг авсан. Эргээд харахад Ч ирсэн газраас юм түүж байсан. ...” /1хх 33-34/,

Т.Эгийн яллагдагчаар өгсөн “...Ямар ч л байсан нэг залууг бурхан руу бие заслаа гээд М татахад нь би өмднийх нь халаасанд байсан “Samsung S6” загварын гар утсыг нь аваад булан эргээд яваад өгсөн. ...” /1хх 72-73/,

Г.Мын яллагдагчаар өгсөн “...Намайг гарнаас нь татаад хажуу тийш нь болгоход Э хажуугаар нь гарахдаа утсыг халааснаас нь аваад яваад явсан. ...” /1хх 76-77/,

П.Дн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хохирогч өөрөө миний утсыг ав гэж хэлсэн. Би утас, мөнгийг нь авч халаасандаа хийсэн. ...” /3хх 106/ гэх мэдүүлгүүд,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 39-40/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 20-21/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Б.С нь эрүүгийн 1808040761130 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа сэжигтэн П.Дн ятгаснаар өмнө өгсөн “...бузар жоохноо /Т.Э/, Ч, онгорхой өндөг /Г.М, Д нар байрны хажуу талын жижиг явган хүний замаар хойшоогоо гарсан. Намайг араас нь удалгүй очиход тэр хэд нэг залууг цохиод унагаасан эд зүйлийг нь авч байсан...” гэх мэдүүлгээсээ эрс зөрүүтэйгээр буюу “...П.Д надтай урд нь түрүүлээд явж байсан. Энэ хэрэгт холбогдоогүй...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Б.Сийн гэрчээр өгсөн “...Д надад ”Д бид хоёр урд нь ороод явсан, Ч, М, Э гурав ард үлдсэн” гэж хэлээрэй гэж гэхээр нь би тэгээд хэлчихсэн юм. ...Д нөгөө гуравт намайг хэрэгт оролцоогүй гээд хэлээрэй гэж хэлж байсан. ...” /1хх 225-226/,

Б.Сын яллагдагчаар өгсөн “...Д надад хэлэхдээ бид хоёр урд нь явж байсан, мэдэхгүй гэж хэлээрэй гэсэн. ...Би худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. ...” /3хх 223-224/,

П.Дн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Сор худал мэдүүлэг өгүүлсэн. ...” /3хх 106/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нарыг “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдсэн” гэмт хэрэгт, Б.Сийг “гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн.

 

Шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нарын бүлэглэн хохирогч Ч.Сгийн араас хүзүүгээр нь боож унаган, түүний халаасанд байсан “Samsung S6” загварын гар утас, биет 130.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Сын гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа өмнө өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэйгээр, зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д, Б.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жил 8 сарын хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Иймээс шүүгдэгч П.Д, Н.Ч нарын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Хэдийгээр шүүгдэгч П.Д, Н.Ч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаараа давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Э “...дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хохирогч Ч.Сгийн “...”Саппоро” төвийн арын байрны буланд бөөлжих гэж байхад араас боож унаган, халаас ухаад байсан. Тухайн үед 3-4 хүн байх шиг байсан. ...” гэж хэргийн талаар тогтвортой мэдүүлэг өгснөөс гадна тухайн үед хамт байсан Б.Сын гэрчээр өгсөн “...бузар жоохноо /Т.Э/, Ч, онгорхой өндөг /Г.М/, Д нар байрны хажуу талын жижиг явган хүний замаар хойшоогоо гарсан. Намайг араас нь удалгүй очиход тэр хэд нэг залууг цохиод унагаасан эд зүйлийг нь авч байсан...” гэж дээрх мэдүүлгийг давхар нотолсон мэдүүлэг, “...2018 оны 9 дүгээр сарын 1-ний шөнийн 04 цаг 09 минутын “Сайн” ломбардны бичлэгийг шүүхэд цагаан өнгийн өмд, цагаан өнгийн ханцуйтай цамцтай, хар өнгийн цүнхтэй 160-165 см өндөртэй, үсээ ардаа боосон эмэгтэй /Б.С/ уг “Аккорд” баарны хажуугаар явах ба 04 цаг 10 минут буцаад уг явган хүний замаас таван хүн / Г.М, Т.Э, Н.Ч, П.Д, Б.С нар/ гарч ирэх ба... 04 цаг 11 минут хохирогч Ч.С араас нь цамцны захаа янзалсан гарч ирж буй...бичлэг илэрсэн...” гэх камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд шүүгдэгч Т.Эг  “...дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй...” гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч Т.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хангах, хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, түүнээс үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Т.Эд холбогдох хэргийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Д, Н.Ч, Т.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 520 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Д, Н.Ч, Т.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН